📅

ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТИЙН ШИНЭЧЛЭЛЭЭР МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН 8 ОРНЫ ТООНД БАГТЖЭЭ

🕔 2018/02/28 07:29
 ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТИЙН ШИНЭЧЛЭЛЭЭР МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН 8 ОРНЫ ТООНД БАГТЖЭЭ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Манай улсын санхүүгийн салбарын 95 орчим хувийг банкны салбар эзэлдэг. Тэгвэл санхүүгийн салбарын дийлэнх хэсгийг  бүрдүүлдэг Монголын банкны салбарынхан 34 орноос тогтвортой санхүүжилтийг хэрэгжүүлж, шинэчлэл хийсэн үзүүлэлтээр амжилт гаргасан 8 орны тоонд багтжээ.

Тодруулбал Монголын банкууд зээл, санхүүжилт олгох үйл ажиллагаандаа тогтвортой санхүүжилтийн зарчмуудыг тусган амжилттай хэрэгжүүлсэн гэсэн үнэлгээг авсан байна. 
Олон улсын тогтвортой санхүүжилтийн холбооноос  "Тогтвортой санхүүжилтийн хэрэгжилтийн тайлан”-г жил бүр  гаргадаг. Тус холбоо нь   Дэлхийн банкны гишүүн байгууллага болох Олон улсын санхүүгийн корпорацийн дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд гишүүн орнуудын банк санхүүгийн салбарын зохицуулагч байгууллагууд болон банкны холбоодод тогтвортой санхүүжилтийн бодлого зарчмуудыг боловсруулах, хэрэгжүүлэхэд нь  дэмжлэг өгч ажилладаг юм.
Өнөөдрийн байдлаар  дэлхийн 34 орон тогтвортой санхүүжилтийг дэмжих чиглэлээр банк санхүүгийн салбарт холбогдох бодлого шинэчлэлтүүдийг хийж эхэлжээ. Эдгээр орнуудын банкны салбарын нийт хөрөнгө нь дэлхийн хөгжиж буй орнуудын банкны салбарын нийт хөрөнгийн 85 орчим хувь буюу 42.6 ам. доллартай тэнцэж буй аж. Зарим орон бусдаасаа эдийн засгийн хөгжлөөр  өндөр хэдий ч тогтвортой санхүүжилт хэрэгжүүлэхэд  жигд амжилт гарган ажиллаж байгааг ОУСК-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч Туен Нгуен өнөөдөр хэвлэлийн бага хурлын үеэр онцлов.

 ОУСК-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч Туен Нгуен ярихдаа, "Бангладеш, Бразил, Хятад, Колумб, Индонези, Монгол, Нигери зэрэг орнууд тогтвортой санхүүжилтийг хэрэгжүүлж, шинэчлэл хийхэд амжилт гаргалаа. Эдгээр орнууд дэлхийн хөгжиж байгаа бусад орнуудад үлгэр жишээ болохуйц шинэчлэлийг хийсэн. "Тогтвортой санхүүжилтийн хэрэгжилтийн тайлан” судалгаа нь  гурван үндсэн үзүүлэлтийг чухалчилсан юм. Эхний үзүүлэлтэд тухайн орон тогтвортой санхүүжилтийг хэрэгжүүлэхдээ байгаль орчин, нийгэмд үзүүлэх эрсдлийг хэрхэн тооцсоныг үндэслэсэн бол хоёрдугаарт,  санхүүгийн салбартаа ногоон зээлийг хэрхэн дэмжиж ажилласныг тооцсон.  Харин гуравдугаарт, тогтвортой санхүүжилтийн зарчмуудыг хэрэгжүүлэх эрх зүй,  бодлогын таатай орчин бүрдсэн эсэхэд үнэлэлт өгсөн юм. Тогтвортой санхүүжилтийн зарчмуудын санаачилгад Монгол Улс 2014 оноос нэгдэж  байгаль орчин, нийгэм, эдийн засагт ээлтэй Ногоон зээлийн санхүүжилтийг бий болгоход анхаарч ажиллаж ирсэн" гэлээ.

Мөн үеэр манай улс ногоон зээлийн санхүүжилтийн асуудлыг Дэлхийн уур амьсгалын санд тавьж, санхүүжилт авч, зээлийн хөшүүрэг бий болгоход анхаарч Ногоон зээлийн сан байгуулахаар ажиллаж байгааг Монголын Банкны Холбооны Гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат  дуулгав.

Монгол Улс тогтвортой санхүүжилтийн чиглэлээр Нигери, Камбожи улстай хамтран ажиллахаар болсон бол Киргиз, Мяньмар улсуудад зөвлөгөө өгч ажиллах юм байна.

Дашрамд дурдахад, ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Монголын банкууд активын чанарын үнэлгээ хийлгэсэн бөгөөд энэхүү сорилтыг амжилттай давсан гээд өнгөрөгч оны хувьд банкны салбарынхан амжилт бүтээлээр арвин үдсэнийг салбарынхан тодотгож байв.
 
Б.Заяа
Гэрэл зургийг Т.Чимгээ

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?