Ц.Сандуйг албан тушаалаас нь огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/ дахь МАН-ын бүлгийн гишүүд Ц.Сандуйг НИТХ-ын даргын албан тушаалаас нь огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ.
Тус бүлгийн гишүүд Ц.Сандуйг огцруулах болсон шалтгаанаа: "Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН түүхэндээ байгаагүй хамгийн бага саналыг нийслэлээс авсан. Энэ үзүүлэлт нь Ц.Сандуйгийн зохион байгуулсан "60 тэрбумын бичлэг”-тэй холбоотой. Иймд Ц.Сандуй хариуцлагаа хүлээж НИТХ-ын даргын албан тушаалаасаа огцрох шаардлагатай” гэсэн агуулгатай шаардлагад гарын үсэг зурж байгаа ажээ.
Холбогдох хуулийн дагуу НИТХ дахь нийт 45 төлөөлөгчийн гуравны хоёр (3/2) нь хурлын даргаа огцруулах бичигт гарын үсэг зурснаар Ц.Сандуй албан тушаалаасаа огцрох нөхцөл бүрдэх юм.
Гарын үсэг цуглуулах ажиллагаа энэ долоо хоногийн даваа гаригт эхэлсэн гэх бөгөөд одоогоор НИТХ дахь МАН-ын бүлгийн 20 гаруй гишүүн огцруулах бичигт гарын үсгээ зураад байгаа аж.
Үүн дээр НИТХ дахь АН-ын бүлгийн 11 төлөөлөгч гарын үсэг зурснаар огцруулах гишүүдийн саналын тоо огцруулах хэмжээнд хүрэх юм байна. Ц.Сандуй нь Нийслэлийн МАН-ын даргын албан тушаалыг давхар хашдаг.
Намын дүрмээр сонгуульд ялагдсан үүрэг, хариуцлагаа хүлээж уг албан тушаалаа өгөх ёстой. Хэдий тийм ч намынх нь нөхөд төрийн албан тушаалаасаа давхар огцорх ёстой гэж үзэн, уг санаачлагыг гаргажээ.
Үүнээс гадна МАН-ын гишүүд, дэмжигчдийн дунд Ц.Сандуй нарыг нам унагаасан гол гэмтнүүдээр тодруулах хүмүүс олон байгаа нь нууц.биш. Тиймээс Ц.Сандуйг нам, төрийн ажил албанаас нь огцруулах нь өнөө маргаашгүй биелэх бололтой.
Г.Гэрэл
http://gereg.mn/news/17655/