МАН, АН-ын тохирсон саналыг “Шударга ёс” эвсэл зөвшөөрсөнгүй
Сонгуулийн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор хийв. УИХ дахь нам, эвслийн бүлгүүдийн төлөөлөл оролцсон ажлын хэсэгт таван зүйлээр санал нэгджээ. Нэгдүгээрт, 48:28 буюу одоогийн холимог тогтолцоог хэвээр хадгалахаар болжээ. Хоёрдугаарт, Монгол Улсын нутаг дэвсгэр нэг тойрог байсныг бүсчилсэн таван тойрог болгох. Гуравдугаарт, санал өгсөн сонгогчдын 28 хувийн босгогүй болгох. Дөрөвдүгээрт, УИХ, аймаг нийслэлийн ИТХ-ын сонгуулийг нэг өдөр зохион байгуулах. Тавдугаарт, техникийн тооллогыг хэсгийн хороодын 50 хүртэл хувьд хийхээр болжээ.
Гэвч УИХ дахь нам, эвслийн бүлгүүдийн төлөөлөл бүрэн оролцсон гэх ажлын хэсгийн дүгнэлтэд МАХН-МҮАН-ын "Шударга ёс” эвслийн бүлэг, ИЗНН санал нэгдэхгүй гэдгээ хэлсэн. Ажлын хэсэг Сонгуулийн гурван хуулийн төслийг зэрэг хэлэлцэж, зөвшилцөлд хүрсэн гэх тайлбарыг өгсөн ч УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын өргөн мэдүүлсэн Сонгуулийн хуулийн төслөөс ажлын хэсгийн дүгнэлтэд оруулаагүйг эвслийн бүлгийн гишүүд шүүмжлэв. Тиймээс УИХ-ын гишүүн О.Баасанхүү хуулийн төслөө тусад нь хэлэлцүүлэх горимын саналыг гаргав.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "Намын бүлгүүд зөвшилцөж байгаа гэдэг тайлбарыг байнгын хорооны дарга өгсөн. Гэвч "Шударга ёс” эвслийн бүлэгтэй зөвшилцөлд хүрсэн зүйл байгаагүй.Зөвхөн хоёр намын зөвшилцлөөр энэ хууль батлагдах нь. Зөвшилцлийн үндсэн дээр МАН болоод 22 намын төлөөлөл уулзаж хар машины хамт 100 хувь хяналтын тооллого явуулна гэж ярьж, тохирсон. Гэтэл 50 хувьд нь хяналтын тооллого явуулна гэжээ. Энэ бол сонгуулиар АН хар машинаар 50 хувь, МАН санал тооллогоор 50 хувийн санал авна гэдэгтэй адил сонсогдож байна. Мөн 28 суудлыг бүсчилнэ гэдэг бол зарчимгүй асуудал. Монгол Улсыг таван бүс болгоод, эцэст нь бүсийг төлөөлсөн таван нам бий болгох гэж байна. Ингэснээр цаашид Монгол Улсыг нэгдмэл улс биш таван жижиг хан улс болгох санаа явж байна” гэв. Хэлэлцүүлэг өнөөдөр үргэлжилнэ.
Д.Гэрэлцэцэг
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин