📅

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам “толгойгүй” болох нь

🕔 2017/05/31 09:12

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам “толгойгүй” болох нь

Өнгөрсөн хаваржин боловсролын салбар доргисон. Ялангуяа тусгай сургалттай Ерөнхий боловсролын сургуулийнхан чих нэлээд халууцуулж, бачимдаж ядсан сурагчид болоод эцэг эхчүүд нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны явуургүй үйл ажиллагааг шүүмжилж, сайдыгаа хүртэл огцрохыг шаардаад авсан. Үнэндээ энэ салбар нуугдсан идээ, бээрэндээ идэгдчихээд буйг олон хүн шүүмжилдэг. Тусгай гэлтгүй жирийн ЕБС-ийнханд ч учир нэлээд бий. Гол савнаасаа халихаараа үер болдог шиг энэ хавар тэрхүү идээ, бээр савнаасаа халиж нэгээхэн хэсэг нь ил гарахад ямар их дуулиан, шуугиан, хэл ам үүсч болдогийг 29 дүгээр сургуулийн жишээ бэлхэнээ харуулна.

 

Сурагчдын эрх хэрхэн зөрчигддөгийг, сургуулийн багш нар хэрхэн өөрсдийгөө өмгөөлдгийг өнгөтөөр харуулсан явдал маргааны сэдвээс буугаагүй байтал нууцлалын гэрээ хүртэл байгуулсан нь багш, менежер нь шалгалтын материалаа хээв нэг задруулж, олон нийтийн сүлжээгээр тараалаа. Тодруулбал 2016-2017 оны хичээлийн жилд 5, 9, 12 дугаар ангийг сурч төгсч байгаа сурагчдаас авах улсын шалгалт энэ сарын 22-ны өдрөөс эхлэн өчигдрөөр дуусгавар болсон. Харамсалтай нь, жил бүр уламжлал мэт гардаг шалгалтын материал задруулсан хэрэг энэ жил ч мөн давтагдаж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд  Ж.Батсуурь "толгой”-гоороо хариуцлага хүлээхээр болж байна.

 

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус үндэслэн  Жамъянсүрэнгийн Батсуурийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэгт ажлаас огцруулах тухай саналыг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн мэдүүлэв. Тэрбээр энэхүү асуудлаа Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн бөгөөд "Ж.Батсуурь нь ажиллах хугацаандаа эрхлэх асуудлын хүрээний салбарыг нэгдсэн удирдлагаар хангах, төрийн бодлого боловсруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүргээ хангалтгүй биелүүлж, албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан гэж үзэж байна” хэмээн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат саналаа өргөн мэдүүлэх үеэрээ хэлээд, УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлж өгөхийг хүссэн байна.

 

Уг нь, Боловсролын үнэлгээний төвөөс шалгалт зохион байгуулах удирдамж, шалгалттай хичээл бүрээр сэдэв, даалгаврыг боловсруулж, тухайн аймаг, орон нутаг, дүүргийн БСУГ, БХ-ийн дарга нартай нууцлалын гэрээ байгуулж, улмаар сургууль бүрийн ахлах ангийн менежерүүдээр нууцлалын баталгаа гаргуулан ажилладаг аж. Мөн шалгалтын сэдэв даалгаврыг тухайн шалгалт эхлэхээс 2 цагийн өмнө БСШУСЯ-ны боловсролын мэдээллийн нэгдсэн систем /www.esis.mn/ -д байршуулан, зөвхөн нууцлалын баталгаа гаргасан сургалтын менежерүүд тусгай эрхээр татан авч, тухайн сургууль өөрөө улсын шалгалтыг зохион байгуулж, сурагчдын дүн оноог боловсролын мэдээллийн нэгдсэн системд шивж оруулах байдлаар ажилладаг байна.

 

 

Гэвч энэ сарын 25-ны өдөр зохион байгуулагдсан 12 дугаар ангийн математикийн хичээлийн шалгалтын материалыг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 49 дүгээр сургуулийн сургалтын менежер П.Өлзийхишиг нь нууцлалын баталгаа гаргасан үүрэг, хариуцлагаа зөрчиж, сэдэв даалгаврыг шалгалт эхлэхээс өмнө задалж олон нийтийн цахим хэрэгслээр тараасан юм. Баригдсан нь энэ. Баригдахаасаа өмнө хэдэн ч удаа ийм үйлдэл гаргасныг таах аргагүй ч энэ бол дээр дурдсан боловсролын салбарт бугшсан бас нэгэн идээ яах аргагүй мөн билээ.

 

 Жилийн жилд ярьж, хэлдэг ч хэрэгжилт нь амьдрал дээр хэрхэн буудгийг яруу тодоор харуулсан энэ үйл явдлын хариуцлагыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат салбарын сайдад нь үүрүүлж байгаа нь хэд хэдэн хүчин зүйлтэй холбоотой байж мэдэх юм. Учир нь зөвхөн математикийн шалгалтын материал тараагүй гэдгийг ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын менежерүүд баталж байх шиг. Сургалтын менежерүүдийн групп дээр нийгэм, англи хэлний шалгалтын материалын эхний нүүрний зургийг хүүхдүүд өөр хоорондоо явуулсан гэх мэдээлэл тэнүүчилж байна.

 

Түүнчлэн 29 дүгээр тусгай дунд сургууль, 116 дугаар сургуулийн сурагчид өөрсдийн эрх нь зөрчигдөж байгааг мэдээлсээр байтал дорвитой арга хэмжээ авч чадахгүй байгаа нь түүнийг албан тушаалаас нь буулгахад нөлөөлсөн биз ээ. Ямартай ч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамыг толгойлох "толгойгүй” болох нь. Засгийн газрын тэргүүн нь сайдыг нь хариуцлага алдсан хэмээн огцруулахаар шийдээд байгаа бол Дэд сайд нь элчингээр томилогдож, албан тушаалаа өгөөд байгаа юм.

 

Эх сурвалж: 24 tsag.mn Б.Өрнөх

 



скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?