Дархан хотод “Бохир Усны Менежментийн Төсөл” хэрэгжинэ
Азийн Хөгжлийн банкнаас 20 сая ам.долларын, эргэн төлөлттэй зээлийн хөрөнгөөр "Дархан хотын Бохир Усны Менежментийн Төсөл”-ийг хэрэгжүүлнэ.
Уг төслийн хүрээнд Дархан хотын цэвэрлэх байгууламжийг шинэчилж бохир усны зарим нэг дамжуулах шугам хоолой болон шахуургын станцыг сайжруулах ажил хийгдэхээр боллоо. Төслийн хэрэгжилт эхлэх гэж байгаатай холбогдуулж албаны хүмүүс оролцсон хурал болов. Цаашид Дарханд дэд бүтцийн ажлууд хийгдсэнээр хот үйлдвэржиж өргөжин тэлж иргэдийн ая тухыг хангасан, байгаль орчноо хамгаалсан таатай хот болох нөхцлийг бүрдүүлэхээр төлөвлөжээ.
Энэ төслөөр "Дархан-Ус суваг” хувьцаат компанийн чадавх нэмэгдэж иргэдэд илүү хүрч ажиллахад нь Азийн Хөгжлийн банкнаас дэмжлэг үзүүлэх юм байна.
Тус банкнаас Дархан-Уул аймагт 2003 оноос төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх судлагааг эхлүүлсэн. Анх орон сууцны санхүүжилтын төслийг хэрэгжүүлж нөхцлийг нь сайжруулахад ихээхэн хувь нэмэр оруулсан төдийгүй Монгол улсад анх орон сууцны зээлийн механизмыг бий болгосон. Үүний дараа Дархан хотод "ЖАЙКА” ОУБ болон Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Засгийн газраас ус хангамж бохир усны системийг сайжруулахад цогц арга хэмжээнүүдийг хийж иржээ. Төслийн удирдагч Стефан Рау:-"Хуучны технологитой цэвэрлэх байгууламжийг орчин үеийн үр ашигтай, байгаль орчинд ээлтэй технологи бүхий систем болгож өөрчлөх анхны загвар гэдгээрээ энэхүү төсөл нь ялгардаг. Төслийг хэрэгжүүлснээр хуучин системд хэрэглэж байсан технологийг үр ашигтай шилжүүлэн ажиллуулж болохыг батлаж харуулах болно.
"Дархан хотын бохир усны менежментийн төсөл”-ийг хэрэгжүүлснээр тус хотын дэд бүтэц сайжирч хүн ам амьдрах таатай нөхцлийг бүрдүүлнэ” гэлээ.
Б.Норовсамбyy