Үүргээ биелүүлдэггүй, хэрэглэгчдээ дорд үзсэн “Мандал даатгал”-д хатуу хариуцлага тооцъё
Жолоочийн хариуцлагын даатгалын компани ямар үүрэгтэй вэ. Замын хөдөлгөөнд оролцож байх үедээ санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас явган зорчигч болон бусад этгээдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд учруулсан хохиролд жолоочийн хуулиар хүлээх санхүүгийн хариуцлагыг даатгалын компанид шилжүүлж, жолоочийн хохирогчийн өмнө хүлээх санхүүгийн хариуцлагыг нөхөн төлөх зорилготой. Гэтэл Даатгалын компаниуд дотроо нэлээд томд тооцогддог "Мандал даатгал” ХХК хүлээсэн эрх үүрэг, хариуцлагаа умартжээ.
Тус даатгалын компаниас болж хохирох, итгэл үнэмшлээ алдсан иргэд цөөнгүй бий. Нэгэн жишээг тодруулахад жолооч Н.М нь машинтай шүргэлцэсний улмаас "Мандал даатгал”-руу утас цохиж, улмаар хуудсан дээр тэмдэглэсэн 4-5 дугаар луу залгахад бүгд эрх нь хаагдсан, холбогдох боломжгүй гэх хариуг өгчээ.
Түүнчлэн 24 цагаар үйлчлэх 70076006 үйлчилгээний дугаар луу нь залгахад мөн л орох ярианы эрх нь хаагдсан байж. Ингээд даатгалын компанитайгаа холбогдож чадаагүй жолооч арга буюу нөгөө жолоочтойгоо тохиролцон хоёр тийшээ салжээ.
Энэ мэт гэнэтийн осол гаргасан жолооч нар яарч сандран даатгал руугаа залгахад өөдөөс нь боломжгүй гэх хариуг сонссоор итгэл алдаж байгаа тухайгаа жолооч нар хэлж байна. Уг нь тус даатгалын уриа нь "Та даатгуул бид бусдыг хариуцна” гэх сүржин уриатай юм билээ. Жолооч санаатай осол гаргахгүй, гэнэтийн осол аваарт өртсөн тохиолдолд тухайн даатгалын компани бэлэн байдалд байх ёстой. Гэтэл мянга мянган жолоочийн эд хөрөнгө, амь насыг даатгачихаад ийм хариуцлаггүй байж болох уу? Эсвэл компани хохирлын мөнгө олгохоос зугтаж байна уу.
Уг нь жолооч тээврийн хэрэгслээ хаана, хэнд хандаж даатгах нь хувь хүний сонголт. Даатгалд хамрагдснаар сайн тал байгаа хэдий ч манайд хэдхэн даатгалын компани үйл ажиллагаа явуулж байгаа нь нэг ёсондоо сонголт байхгүй, албан хүчээр тэдгээрт даатгуулж байна. Түүнчлэн энэ хэдхэн компани жолооч нарын даатгалын мөнгөөр хагартлаа ашиг олж байгаа гэдгий хэн ч үгүйсгэхгүй.
Ер нь "Мандал даамгал”-ын тухайд өмнө нь нэг биш удаа хэл аманд орж, жалаач нарыг хохироож байсан түүх бий. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Хилчин хотхонд хоёр машин мөргөлдөж зогсоолд байсан машины хойд гупер мөргөж эзэмшигчид нь эд хөрөнгийн хохирол учруулсан осол болсон байдаг. Буруутай тал даатгалын компаниа дуудаснаар даатгалын компаний ажилтан "Та нар цагдаагаас тодорхойлолт хийлгээд, бичиг баримтаа бүрдүүлээд манай засварын газруудад янзлуулчихаарай” гээд яваад өгчээ.
Осол болсны дараахан хохирогчид "Мандал даатгал”-д шаардлагатай бичиг, баримтаа бүрдүүлэн өгсөн байна. Гэвч хохирлууд нь сүйдтэй ч их мөнгө биш тус бүрдээ 100 гаруй мянган төгрөг байсан бөгөөд "Мандал даатгал” ажлын өдрүүдэд багтаан мөнгийг шилжүүлнэ” гэсээр хэдэн сар болсон байдаг.
Бас нэгэн жишээ дурьдахад эдийн засагч Д.Жаргалсайхан гуай грашнаасаа машинаа алдсан байдаг. Тэрбээр "Мандал даатгал”-д жилд сая төгрөгөөр машинаа бүрэн даатгуулдаг байсан байна. Хэрэв машин нь эрсдэлд орсон тохиолдолд 100 хүртэл сая төгрөгийн нөхөн төлбөрийг даатгагч тал гаргаж өгөх байжээ. Харамсалтай нь "Мандал даатгал”-ынхан "нөхөн төлбөр өгөх боломжгүй” гэх шийдвэр гаргасан байдаг.
Мөн хоёр, гурван жилийн өмнө нийтийн тээврийн хэрэгслээр зорчих үнэмлэх захиалж буй оюутнууд "Мандал даатгал”-д даатгуулсан байх заалттай байсан нь оюутнуудын дургүйцлийг хүргэж эцэстээ Шударга өрсөлдөөн хэрэлэгчийн төлөө газраар шийдэгдэж байв. Энэ мэт хэрэглэгчдээ үл хүндэтгэсэн, үүргээ биелүүлдэггүй Мандал даатгал зэрэг компаниудад холбогдох байгууллагууд нь хариуцлага тооцоосой гэж хүсэж байна.
"Мандал даатгал” компанийн хувьд өмнө нь "Мандал женерал даатгал” нэртэй байсан. Санхүүгийн зохицуулах хорооноос компанийн уг оноосон нэрийг "Мандал даатгал” болгон өөрчилсөн байдаг. Уг даатгалын компанийн 39.24 хувийг "UMC capital” ХХК, "Голомт файненшил групп” ХХК 40.85 хувь, "Мандал даатгал” ХХК үлдсэн 19.91 хувийг эзэмшдэг аж.
Эх сурвалж: Fact.mn