📅

“ЗАСАГ ДАРГЫН 2017-2020 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР”, “АЙМГИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ 2017 ОНЫ ЗОРИЛТ”

🕔 2017/03/29 13:16

“ЗАСАГ ДАРГЫН 2017-2020 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР”, “АЙМГИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ 2017 ОНЫ ЗОРИЛТ”

 

ТӨР НИЙГМИЙН ТҮНШЛЭЛ-2017” зөвлөгөөний үеэр аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого, хөтөлбөр төсөл хариуцсан орлогч А.Түвшинбат "ЗАСАГ ДАРГЫН 2017-2020 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР”, "АЙМГИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ 2017 ОНЫ ЗОРИЛТ”-ыг танилцууллаа. Илтгэлийг бүрэн эхээр нь хүргэе. 
"Төр, нийгмийн түншлэл” зөвлөгөөнд оролцогч та бүхэнд энэ өдрийн амгаланг айлтгая. 
Аймгийн Засаг даргаас нийгмийн салбарт хэрэгжүүлж буй бодлого нь нийгмийн салбарын бодлого, менежмент, чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бөгөөд боловсролын үйлчилгээг төрийн бодлогод нийцүүлэн иргэдэд тэгш, хүртээмжтэй хүргэж, соёл урлаг, спортыг дэмжин хөгжүүлэхээр, эрүүл мэндийн салбарын менежмент, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, нийгмийн хамгааллыг сайжруулахаар тусгасан бөгөөд нийгмийн бодлогын чиглэлээр дараах хөтөлбөрүүдийг шинээр боловсруулан батлуулж, та бүхэнтэй хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 
Нийгмийн салбарт шинээр хэрэгжих хөтөлбөрүүдийг дурьдвал:
1. "Эрүүл Дарханчууд” дэд хөтөлбөр (аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 29 дүгээр тогтоолоор батлагдсан)
2. "Дарханы иргэд оюунлаг, авъяаслаг” дэд хөтөлбөр 
3. "Залуучуудын боловсрол, хөгжил” дэд хөтөлбөр 
4. "Спортлог Дарханчууд” аймгийн дэд хөтөлбөр 
5. "Багшийн хөгжил” дэд хөтөлбөр 
 6. "Ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд хөтөлбөр” 
7. "Хүний хөгжил” дэд хөтөлбөрүүдийг тус тус батлуулахаар иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүд оролцсон ажлын хэсгүүд ажиллаж байна.

"Эрүүл Дарханчууд” дэд хөтөлбөр

Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх "Эрүүл Дарханчууд” дэд хөтөлбөр нь 2017-2020 оныг дуустал хэрэгжихээр батлагдсан. Хөтөлбөрийн зорилго нь: хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг, тэдний эрэлт, хэрэгцээнд тулгуурлан аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, нотолгоонд суурилсан оношилгоо, эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлэх, зохистой удирдлага, санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх замаар тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах явдал юм.

Тус дэд хөтөлбөр хэрэгжсэнээр аймгийн иргэдэд үзүүлж байгаа тусламж, үйлчилгээний хүртээмж сайжирна.


"Дарханы иргэд оюунлаг, авьяаслаг” дэд хөтөлбөр

Хотын иргэн хүнийг санаачлагатай бүтээлч, өөрийнхөө амьдралыг өөрөө залан жолоодох чадвартай, хот орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулдаг, оюунлаг, тасралтгүй суралцдаг, шинэлэг амьдралын төлөө тэмүүлдэг арга ухааныг өвлөн авсан иргэд болгох үйл явц дэлхийн нийтийн чиг хандлага болсон өнөө үед "Загвар хотын иргэн” хүний хэв шинжийг бүрдүүлэх, төлөвшүүлэх үйл явцыг эхлүүлэх зорилгод тус дэд хөтөлбөр чиглэж байгаа юм. 
Хөтөлбөрийн зорилгод нийцүүлэн дор дурдсан зорилтуудыг дэвшүүлж байна. 
1. "Загвар хотын иргэн” байх чадвар, чадамжуудыг шинэ байдлаар томъёолж боловсруулах, иргэдэд таниулах сурталчилах
2. Иргэдэд "сайн хотын иргэн” буюу "загвар хотын иргэн” байхад шаардагдах чадвар чадамжуудыг суулгах
3. Даяаршиж буй дэлхий ертөнцийн чиг хандлагад нийцүүлэн хотын удирдлагаас дэлхийн хотуудын чиг хандлагад тохирохуйц "сайн хот” "сайн амьдрал”-ыг цогцлоон бүтээх, хотынхоо соёл, зан үйл, хөгжлийн стандартуудыг бий болгоход санаачлагатай ажиллаж амьдардаг бүтээлч иргэдийг төлөвшүүлэх явдал юм.

Энэхүү дэд хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дэлхийн хотуудын чиг хандлагад торхирохуйц "сайн хот” "сайн амьрал”-ыг цогцлоон бүтээх, хотынхоо соёл, зан үйл, хөгжлийн стандартуудыг бий болгоход санаачлагатай ажиллаж амьдардаг бүтээлч иргэд төлөвших эхлэлүүд тавигдсан байна. 
Мөн хотын удирдлагуудаас "Хот төлөвлөлт”, "Хотын шинжлэх ухаан технологийн инноваци”, "Хотын эдийн засгийн хөгжил”, "Хотын харилцаа” зэрэг хотын иргэдийн сэтгэл ханамжид тулгуурласан хотын хөгжлийн шинэ үе шатыг бий болгох юм. 
"Залуучуудын боловсрол, хөгжил” дэд хөтөлбөр
Аймгийнхаа өсвөр залуу үеийг эрүүл чийрэг, эрдэм боловсролтой болгож, эх оронч, хүнлэг энэрэнгүй үзлээр хүмүүжүүлэх, шинэ орчин нөхцөлд бие дааж аж төрөх чадварыг эзэмшүүлэн хөгжүүлэх, эдийн засаг, нийгэм эрх зүйн орчин бүрдүүлэх зорилгод тулгуурлан энэхүү дэд хөтөлбөрийг боловсруулж байна.
Дэд хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтыг тодорхойлж байна. 
• Залуучуудын боловсрол, эрүүл мэндийн чанар хүртээмжийг дээшлүүлж, залуучуудын нийгэмд өрсөлдөх чадварын үнэлэмжийг нэмэгдүүлнэ.
• Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын чиглэлд хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, ажилгүйдлийн түвшинг бууруулахад эерэг нөлөө үзүүлнэ.
• Хөдөөгийн залуучуудын нийгэм соёлын асуудалд Сумын соёлын төв, боловсролын байгууллага, эрүүл мэндийн төвийн байрыг түшиглэн залуучуудын чөлөөт цагийг бүтээлчээр, өөрийгөө хөгжүүлэхэд чиглэсэн олон хэлбэрийн ажлуудыг өөрсдийнх нь санал санаачлагад тулгуурлан зохион байгуулна.

"Спортлог Дарханчууд” аймгийн дэд хөтөлбөр

Биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийг хүн амын амьдралын хэв маяг, эрүүл аж төрөх ёсны салшгүй нэг хэсэг болгох, биеийн тамир, спортын хөгжлийн түвшинг олон улсын жишигт хүргэж хөгжүүлэх, материаллаг баазыг бэхжүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршино. 
Зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг тодорхойлж байна. Үүнд: 
• Тамирчдын спортын амжилтыг дэлхийн түвшинд хүргэх, залгамж халааг бэлтгэх. 
• Биеийн тамир, спортын салбарт төрийн болон төрийн бус байгууллага, спортын холбоод, салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, байгууллага, аж ахуйн нэгжийн биеийн тамираар хичээллэгсдийн тоог нэмэгдүүлэх арга хэмжээг авах.
• Спортын амжилтыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх
• Биеийн тамир, спортын салбарын материаллаг баазыг нэмэгдүүлэх.

Дээрх зорилтуудыг хэрэгжүүлснээр Биеийн тамир, спортын салбар нь олон улсын стандартад нийцсэн орчин үеийн цогцолбор ордонтой болж, аймагтаа олон улсын чанартай спорт, биеийн тамирын арга хэмжээнүүдийг зохион байгуулах боломж бүрдэнэ.
Мөн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн залгамж холбоо бэхжиж, спортын амжилт ахина.
Аймгийн хүн амын 50 хувийг бие бялдрын түвшин тогтоох сорилд хамруулж, биеийн тамираар хичээллэгсэд болон хамрагдагсадын тоог ахиулна.
Спортын амжилт, түүхийг өгүүлсэн баримтын сантай болно.

"Багшийн хөгжил” дэд хөтөлбөр

Суралцагч бүрийг хөгжүүлэхэд чиглэсэн багшлах арга зүйд тулгамдаж буй асуудлыг судлан илрүүлж, шийдвэрлэх арга замыг сонгон, ажлын байран дээрээ тасралтгүй хөгжих таатай нөхцөл бүрдүүлэх, хүүхдийг хөгжүүлдэг багш төлөвшүүлэх, тэргүүн туршлага түгээх, нэр хүндийг нь өсгөхөд дэд хөтөлбөрийн зорилго оршино.
Хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэхээр дор дурдсан зорилтуудыг дэвшүүлж байна.
• Суралцагч бүрийг хөгжүүлэхэд чиглэсэн багшлах, сургах арга зүйд тулгамдаж буй асуудлыг судалж шийдвэрлэх арга замыг тодорхойлох
• Багшийн мэргэжил, ур чадвараа хөгжүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх.
• Суралцагч бүрийг хөгжүүлэх арга барилтай багшийг төлөвшүүлэх.
Ингэснээр дараах үр дүнд хүрнэ. Үүнд: 
Суралцагч бүрийг хөгжүүлэх ур чадвартай багшийн мэргэжил дээшлүүлэх хэрэгцээний судалгааг хийж, багшийг хөгжүүлэх чиг хандлага, эрэлт хэрэгцээнд тулгуурласан сургалтыг зохион байгуулж, зорилтот бүлгийн хэрэгцээг хангасан байна.
Мэдээлэл, туршлагаа харилцан солилцдог, өөрсдийгөө хөгжүүлдэг мэдээллийн цахим сүлжээ байгуулан ажиллуулах замаар багш хамтдаа хөгжих нөхцөл, боломж бүрдсэн байна.
Ажлын байран дээрээ мэргэжлийн ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх боломжийг бүрдүүлсэн багшийн хөгжлийн төвүүдийг мэдээ, мэдээллээр хангах, мэдээллийн санг бүрдүүлэх, баяжуулах, ном, гарын авлага, цахим хичээл, цахим сургалтын хэрэглэгдэхүүнээр дэмжсэн байна.
Суралцагч бүрийн авьяасыг нээн хөгжүүлэх чиглэлээр тэргүүний, туршлагатай зөвлөх зэрэгтэй багш нарын "Зөвлөн туслах баг" бүрдэж үйл ажиллагаа явуулдаг болсон байна.
Шилдэг, тэргүүний багш нарын чуулга уулзалтыг тогтмол зохион байгуулж туршлагыг нийтийн хүртээл болгох арга хэлбэрүүдийг дэмжих үйл ажиллагаанууд хийгднэ.
"Ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд хөтөлбөр”
Хөтөлбөрийн зорилго нь: 
1. Ахмад мэргэжилтнүүдийн хүсэлтэд тулгуурлан тэдний ажил, хөдөлмөрт оролцох оролцоог нэмэгдүүлж, мэдээллийн сан үүсгэх 
2. Ахмад мэргэжилтний мэдлэг, ажлын дадлага туршлагыг өсвөр хойч, залуу үеийнхэнд өвлүүлэх, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, хөдөлмөрийн дадал олгох чиглэлээр ажиллуулж орлогын дэмжлэг үзүүлнэ. 
3. Мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөрт хамруулах 
4. Ахмад настны тухай шинэ хууль 2017-07-01-ээс хэрэгжихтэй холбогдуулан тодорхой төслүүд хэрэгжүүлнэ.
Энэ дэд хөтөлбөрийн хамрах хүрээ нь:
• 60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай эмэгтэй 
• Монгол улсад хууль ёсоор байнга оршин суудаг ахмад настан байна. 
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр:
• Сургалтын арга хэмжээнд хамруулж ахмадуудыг хөгжүүлэх, хандлагыг нь өөрчлөх
• Түр ажлын байраар хангаж орлогыг нь нэмэгдүүлэх
• Санхүүгийн дэмжлэг, хөнгөлөлттэй зээлд хамруулж байнгын ажлын байраар хангах.
Эрүүл мэнд , нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа үзүүлэх чиглэлээр
• Зорилтот бүлгийн ахмад настнуудад эрүүл мэнд, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа үзүүлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ.
Харьяалалгүй ахмадуудын асуудлыг шийдвэрлэх
Ажиллаж байсан аж ахуй нэгж, албан байгууллага нь дампуурсан буюу татан буугдсан, өөр орон нутгаас шилжиж ирснээр харьяалах байгууллага, аж ахуйн нэгж байхгүй 7 мянга орчим ахмадуудын харьяаллын асуудлыг шийдвэрлэнэ. 
Энэхүү дэд хөтөлбөрийг хэрэгжүүлснээр :
• Ахмадууд түр болон байнгын ажлын байраар хангагдах нөхцөл бүрдэж орлого нэмэгдсэн байна. 
• Хөтөлбөрт хамрагдсан ахмадуудын мэдээллийн сан бий болно. 
• Ахмад настны хөдөлмөр эрхлэлт нэмэгдэнэ. 
• Зорилтот бүлгийн ахмад настны амьдрах орчин, ахуй дээшилсэн байна. 
• Аж ахуй эрхлэх, бичил бизнес эрхлэх хүсэлтэй ахмадуудын бизнес санааг хөгжүүлсэн байна. 
• ахмадуудын харъяалалын асуудал тодорхой тоо тодорхой түвшинд шийдэгдсэн байна.

Аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан нийгмийн салбар дахь бүтээн байгуулалтын ажлаас 2017 онд хийгдэх ажлуудаас товч дурдвал:
2017 оны 03 сарын 17 нд Дархан сумын 5 дугаар багт 25-р цэцэрлэг шинээр ашиглалтанд орж, сургуулийн өмнөх боловсролын 100 хүүхэд хамрагдлаа. Мөн Дархан-Уул аймгийн ЗДТГазар болон Дэлхийн Зөн Олон Улсын Байгууллагатай хамтран 804.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дархан сумын 5-р багт "Хүүхэд хөгжлийн ордон”-ы барилгын ажлыг 2017 оны 4-р сард бүрэн дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. "Хүүхэд хөгжлийн ордон” бүрэн ашиглалтанд орсноор аймгийн хүүхэд багачууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх шинэ орчин нэмэгдэж байна.
Цаашид Шарын гол сумын 2-р цэцэрлэгийн барилгын өргөтгөлийн ажлыг 100.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэснээр 35 хүүхэд хүлээж авах 2 анги нээх боломж бүрдэнэ. 
 Мөн Хонгор сумын 14-р сургуульд 10.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хоёр ангийн сандал ширээг бүрэн шинэчлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Япон улсын "Өвсний үндэс” төслийн хүрээнд Хонгор сумын 14-р сургуулийн дотуур байрны засварын ажлыг 160.0 сая төгрөгөөр, Дархан сумын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хичээлийн байрны дулааны шугамын шинэчлэлтийн ажлыг 180.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тус тус хийж гүйцэтгэхээр төлөвлөлөө. 
 Дархан сумын "Од” цогцолбор сургуулийн барилгын дээвэр засварын ажлыг 100.0 сая төгрөг, 18-р сургуулийн барилгын дулааны узелийн ялтсан дулаан солилцуурыг 40.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэчлэхээр төлөвлөсөн.
"Донбоскогийн тэтэгэлэгт хөтөлбөр”-ийг ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчид, Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулийн оюутнуудын дунд 2017 оноос эхлэн хэрэгжүүлнэ. 
Дархан сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар "Бид ирээдүйн олимпийн эзэд” төслийг 2016-2017 онд хэрэгжүүлсэн бөгөөд тус ажлын хүрээнд 57.2 сая төгрөг, "Авьяас” хөтөлбөрийн хүрээнд 2013-2016 онд нийт 40.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, Дархан сумын "Энэрэл цогцолбор” сургуулиас 2017 онд Австри улсад зохиогдож буй Өвлийн пара олимпын анхны аварга төрлөө. 
Иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлдэг өрхийн эрүүл мэндийн төвүүдийг 2 газар шинээр байгуулахаар судалгааны ажил хийгдэж байна.
Иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлдэг өрхийн эрүүл мэндийн төвүүдийн удирдлагууд аймгийн Засаг дарга, Эрүүл мэндийн газрын даргатай байгуулсан гурвалсан гэрээг дүгнэж, 2017 онд хамтран ажиллахаар боллоо.
Дархан сумын 6, 7 дугаар багт төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах /багийн төв, цагдаагийн хэсэг, өрхийн эмнэлэг/ ажлын хүрээнд 6 дугаар багт 80.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинээр барилга барих, 7 дугаар багт төрийн үйлчилгээ явуулах байр худалдан авахад 160.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийхээр тус тус төлөвлөсөн бөгөөд Орон нутгийн өмчийн газарт гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтын ажил хийгдэж байна.

Нэгдсэн эмнэлгийн харьяа "Сэтгэц наркологийн төв”-ийн барилгын дээвэр засварын ажлыг 54.0 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн ба гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил хийгдэж байгаа юм.

Иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг нээлттэй, хүртээмжтэй, чирэгдэл хүлээгдэлгүй авах эрхийг хангах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор "Шилэн эмнэлэг” төслийг өөрсдийн цахим орчин, техник технологийн нөөц бололцоондоо тулгуурлан хэрэгжүүлэхээр тус тус төлөвлөлөө.

Төрөлх хотоо, аймаг орон нутгаа хөгжүүлэх их үйлсэд төр, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагаа нэн чухал гэдгийг илтгэлийнхээ төгсгөлд онцлон тэмдэглэе.

Анхаарал тавьсанд баярлалаа

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?