ДАРХАНЫ ХӨГЖЛИЙГ ТОДОРХОЙЛОХОД СУМДЫН ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЛАА
Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, аймгийн Засаг даргын орлогч дарга Т.Ганболдоор ахлуулсан ажлын хэсэг хамтран "Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөлд иргэдийн саналыг тусгах нь” сэдэвт 7 цуврал нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг Дархан-Уул аймгийн Төрийн бүх шатны байгууллагууд, ТББ, Иргэний нийгмийн зөвлөл, Дархан сумын багуудын ИНХ, ЗДТГ-аар дамжуулан иргэдэд танилцуулан санал авсан бөгөөд мөн цахим сайт, фейсбүүкээр дамжуулан санал авчээ.
Эдгээр саналуудыг нэгтгэн, салбар чиглэл бүрээр нь ангилан, хөтөлбөрийн төсөлд 8 бүлэг, 118 зорилтыг боловсруулсан юм.
Аймгийн Засаг даргын орлогч, ажлын хэсгийн ахлагч Т.Ганболд уг хөтөлбөрийн төслийг Иргэний танхимын нээлттэй хэлэлцүүлгээр дамжуулан Дархан, Орхон, Хонгор, Шарын гол, Хонгор сумын Салхит багийн иргэдэд танилцуулж, хамтран хэлэлцлээ.
Иргэний танхимын дээрх 7 цуврал хэлэлцүүлэгт нийт 360 иргэн оролцож, давхардсан тоогоор 300 гаруй саналыг гаргажээ. Үүнээс ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд анхаарах, төв болон хороолол доторх замыг засах, гэр хорооллын хөгжлийг дэмжих зэрэг саналууд дийлэнх хувийг эзэлжээ.Тухайлбал
ШАРЫН ГОЛ сумын 82 иргэн хэлэлцүүлэгт оролцож, давхардсан тоогоор 53 санал гаргав.
Дархан хотын статусыг эргэн сэргээж " Улсын зэрэглэлтэй хот” болгох асуудлыг нэн тэргүүнд тавих
Ажлын байрыг нэмэгдүүлэх
Дархан-Шарын гол чиглэлийн авто замыг хатуу хучилттай болгох
Уул уурхай, ашигт малтмал олборлолтод хяналт тавьж, нөхөн сэргээлтийг тогтмол хийлгэх
Эрүүл мэндийн салбарт анхаарал хандуулах. Тус суманд яаралтай эх барих эмч, шүдний эмчтэй болох
Сумдын усны эх үүсвэр, төвлөрсөн усан хангамж, ариутгах татуурга, шугам хоолой, цэвэрлэх байгууламжийг шинэчилж өргөтгөх
Шинээр байгуулагдсан 19 дүгээр цэцэрлэгийн дотоод тохижилт, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах
Сумын доторх замын засвар , Гэрэлтүүлэг нэмэгдүүлэх , сайжруулах
Хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх газруудыг байгуулах . / Номын сан, Кино театр, Цэцэрлэгт хүрээлэнтэй болгох/
Шарын гол сумын төв гудамж талбайд камерын хяналт тавьж гэмт хэргийн гаралтыг бууруулах
СӨХ байгуулж орон сууцны ашиглалт хамгаалалтыг сайжруулах
Хот тохижилт –ОНӨҮГазар байгуулах, санхүүжилтийн эх үүсвэрийг шийдэж өгөх зэрэг үндсэн хэд хэдэн саналыг гаргав.
ХОНГОР СУМ, ХОНГОР СУМЫН САЛХИТ БАГ-ийн 98 иргэн хэлэлцүүлэгт оролцож, давхардсан тоогоор 76 санал гаргав.
1.Үйлдвэрүүдийг сэргээх, ажлын байрыг нэмэгдүүлэх 5,58%
2.Жижиг дунд үйлдвэрийг дэмжих 3,78%
3.Шинээр сургууль, цэцэрлэг нэмж байгуулах 4,98%
4.Ногоон байгууламжийг бий болгох, эко орчин бүрдүүлэх 3,51%
5.Хот доторх зам засварлах 6,12%
6.Хоггүй хот болох 4,01%
7.Хүүхдийн тоглоомын талбай, саравч, сандал, сагсны талбай барих 5,32%
8. Гэрэлтүүлэг, хаягжилтыг сайжруулах 3,55%
9. Эмнэлгийн эмч нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх, хүнд сурталгүй болох4,26%
10. Эрүүл мэндийн үйлчилгээ, оношилгоог чанартай цогц болгох 2,56%
11. Өрхийн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах 3,11%
Хүүхэд залуучуудын цогцолбор байгуулах 5,43%
Залуучуудыг ажлын байраар хангах 3,38% гэх мэт саналууд дийлэнх хувийг эзэлсэн байна.
ОРХОН СУМ-ын 51 иргэн хэлэлцүүлэг оролцож, давхардсан тоогоор 34 санал гаргав.
Хог боловсруулах үйлдвэр барих
Сургуулийн дотуур байр шинээр барих
Сумын эрүүл мэндийн төвд боловсон хүчин нэмэгдүүлэх
Сургуулийн өргөтгөл засварын ажлыг шийдвэрлэх
Хүнсний ногооны үнийг тогтворжуулах
Төрийн албан хаагчдыг эрүүл мэндийн шинжилгээнд хамруулах
Цэцэрлэгийн барилгыг өргөтгөх
Ажлын байр нэмэгдүүлэх
Эмнэлгийн уурын зуухыг шинэчлэх
Морь барианы газа, наадмын талбай байгуулах зэрэг саналууд дийлэнх хувийг эзэлжээ.
Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг боловсруулах ажлын хэсэг иргэдийн саналыг нэгтгэн, ангилж, хөтөлбөрийн төсөлд тусган Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах бөгөөд, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж, эцэслэн батлах юм.