Төгрөгийн хямралд төгсгөл ирлээ
Төгрөгийн хямралд төгсгөл ирлээ. Монгол мөнгөний ханш чангарч, доллар тэргүүтэй валютын үнэ уралдан уруудаж эхлэв. Төгрөг түрж, бусад нь ухарч буй нь энэ. Шил шилээ даран Монголыг чиглэх шинэ мөнгөний чимээ, шийдвэр нь хүлээгдэж буй сайн түншийн сургаар ханш ийн дээшилжээ.
Хоёрдугаар сарын 19-нд Сангийн яам, Монголбанк Олон улсын валютын сантай хамтрах болсноо зарласан. Энэ мэдэгдлээс нэг өдрийн дараа Монголбанкны төгрөгтэй харьцах ам.долларын ханш гурав орчим төгрөгөөр суларсан юм. Үүнээс хойш төгрөг тасралтгүй хүчээ авч, ам.доллар завсаргүй суларсаар энэ сарын 12-ны байдлаар 2461.32 төгрөгт хүрээд байна.
Эргэн сануулахад, "ноён” долларт хяналтаас гартлаа "галзуурсан" үе бий. Манай макро эдийн засагт тодорхойгүй байдал нүүрлэсэн энэ оны эхээр ам.долларын ханш бүх цаг үеийн дээд цэгт тулсан. Хэдийгээр Монголбанкны зарласан ханш 2500 төгрөг даваагүй ч валютын захууд үүнээс өндөр үнээр ам.доллар арилжсан юм. Ийн "сагсуурч” явсан ам.долларын ханш одоо 30 төгрөгөөр сулраад байна. Ингэснээр 2012 оноос эхлэн чангарч, 2016 оноос хяналтаас гарч, хямралд хөтөлсөн "ногоон”-ы ноёрхол намжиж эхэллээ.
Сайн мэдээ гэвэл, намжиж буй нь зөвхөн ам.доллар биш. Төгрөгтэй харьцах бусад валютын үнэ цэнэ ч буураад байна. Сүүлийн хэдэн жил гадаад валютын ханшид дарлуулсан монгол төгрөгийн ханш дийлэнх валютын эсрэг хүчээ авч буй юм. Төгрөг, юанийн хослолоос ягааны ханш хэрхэн суларч, монгол мөнгөний үнэ сүүлийн хэдэн өдөр яаж ахиж буйг та харж байна. Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтрах болсноо мэдэгдсэнээс хойших нэг сарын хугацаанд юанийн ханш таван төгрөгөөр хямдарчээ. 360 төгрөгийг даваад байсан юань одоо 350 төгрөгт хэлбэлзэж байна.
Төгрөгийн ханш өснө гэдгийг шинжээчид онцолсон
Урд хөршөөс гадна хойд "айлын” валютын ханш ч суларч, тав давсан хувиар урууджээ. Бас хөгшин тивийн "хатуу” валют ч манай төгрөгт хөл алдан "жижгэрч” байна. Төв банкны ханшийн муруйгаас еврогийн ханш төгрөгийн эсрэг хэрхэн савлаж, суларч буйг үзэж болно. Бас иенийн ханш ч уруудлаа. Японы мөнгөн тэмдэгт энэ хэдэн хоногт бараг 10 орчим хувиар буурчээ. Ерөөс буурах хөдөлгөөн төгрөгтэй хослох дийлэнх валютын ханшид ажиглагдсан. Товчхондоо, төгрөгийн хүчгүйдэлд төгсгөл ирж буй нь энэ. Тэгвэл өргөн хэрэглээнийхээ дийлэнхийг хилийн чанадаас зөөдөг, өр төлөх хугацаа нь өдрөөс өдөрт ойртож буй Монгол Улсад үүнээс өөр сайн мэдээ гэж юу байх билээ. Тэр тусмаа ам.долларын жолоо атгадаг Америкийн төв банк хэзээ мөдгүй "ногоон”-ы нийлүүлэлтээ хумихаар зэхэж буй энэ үед ханш суларч байгаа нь онцгой үзэгдэл. АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ энэ сард багтаан өсгөх сургаар голлох валютуудтай харьцах ам.долларын ханш сүүлийн хэдэн өдөр дараалан чангараад байна.
Зөвхөн Монголд төдийгүй дэлхий даяар хүчирхэгжиж буй ам.доллар манай гарагийн хамгийн нөлөө бүхий валют хэвээр. Энэхүү валютын ханш олон улсын зах зээлд олз, гарзын аль алийг нь агуулан чангарч байна. Харин манайд сайнаас илүү саарыг дагуулж буй нь үнэн. Сүүлийн жилүүдэд огцом чангарсан ам.долларын ханш Монголын эдийн засгийн гол сорилтын нэг болоод буйг шинжээчид хэлдэг. Үүнийг ч эдийн засгийн статистик үзүүлэлтүүд батална. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр ам.долларын ханшийн зөрүүнээс болж зөвхөн бизнес эрхлэгчид өнгөрсөн онд бараг нэг их наяд төгрөгийн алдагдал хүлээсэн байна. Мөн Монголын төр ам.доллараар үнэлсэн зээл, түүний хүүгийн төлбөрт энэ онд гэхэд таван их наяд давсан төгрөг төлөхөөр хүлээгдэж байгаа. Үүнээс үзэхэд, ам.долларын ханшийн хөдөлгөөн манай халааснаас гарах мөнгөний хэмжээг тодорхойлох нь.
Тиймээс төлбөрийн тэнцлийн дарамтад өртөхгүйн тулд бодлого тодорхойлогчид зарим арга хэмжээг авахаар төлөвлөж буйгаа дуулгасан. Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлэх "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд орж ирэх 440 сая ам.долларыг Монголбанкны валютын нөөц нэмэгдүүлэхэд зарцуулахаар болсноо Сангийн сайд Б.Чойжилсүрэн мэдэгдсэн.
Нэгдүгээр сарын байдлаар Монголбанкны гадаад валютын албан нөөц 1.117 тэрбум ам.долларт хүрээд байгаа. Энэ нь импортын таван сарын хэрэгцээг хангахуйц хэмжээ болохыг Төв банкнаас мэдээлсэн юм. Өмнөх оны сүүлийн саруудад гадаад валютын албан нөөцийн уналт тогтворжсон. Энэ нь 2016 оны сүүлчээс манай экспортын гол түүхий эд болох зэс, нүүрсний үнэ сэргэсэнтэй холбоотой.
Бас манай гадаад худалдааны үзүүлэлт ашигтай байгааг мартаж болохгүй. Тэрчлэн энэ сарын дундуур төлөх товтой байсан Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондыг солихоор олон улсын зах зээлд шинэ бонд гаргасан нь төлбөрийн тэнцлийн дарамтыг бууруулж байна. Засгийн газраас гаргасан 600 сая ам.долларын "Хуралдай” бондын 476 сая ам.доллараар Хөгжлийн банкны Евро бондын 82 хувийг сольсон. Үлдсэн 124 сая ам.долларын бовдыг хөрөнгө оруулагчдад шинээр санал болгосон юм.
Олон улсын санхүүгийн корпорациас ханшийн тоймыг энэ сард таницуулсан. Тус байгууллагын зүгээс Олон улсын валютын сангийн хөтөлбөрөөс гадна "Оюутолгой” зэрэг олборлогчдын борлуулалт сайн байгаа нг. Монголыг чиглэх валютын урсгал нэмэгдэх үндэс болно гэж дүгнэж байна. Тиймээс валютын ханш тогтворжих хандлагатай гэж таамаглажээ. Өөреөр хэлбэл, төгрөгийн ханш тогтворжих нь. Шинжээчид ч ирэх саруудад төгрөгийн ханш тогтворжих, цаашлаад өснө гэдгийг онцолсон. Шил шилээ дарсан шинэ мөнгө, сайн мэдээнүүд монгол төгрөгийн ханш хүчээ авч, бусад валют эрчээ алдахад хүргээд байна.
Г.БАЙГАЛ
[ЗГМ]