Өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байна
Энэ сарын 19-ний өдөр Аймгийн Засаг даргын нийгмийн бодлого, төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбат тэргүүтэй ажлын хэсэг газар дээр нь ажиллаж эм тариа, орны асуудлыг шийдвэрлэсний үр дүнд өнөөдөр эм тарианы хомстолд орохгүй байгаа талаар холбогдох албаныхан мэдээлж байлаа. Мөн өрхийн эрүүл мэндийн төв уртасгасан буюу 19.00 цаг хүртэл ажиллаж байгаа учраас Хүүхдийн тасагт хандахаасаа өмнө өрхийн эрүүл мэндийн төвийг зорьж анхан шатны эмчилгээ авах хэрэгтэйг эмч нар зөвлөж байсан юм. Хүүхдийн тасгийн үйл ажиллагаатай танилцаж ачаалал ихтэй ажиллаж байгаа асрагч, сувилагчийн нийгмийн асуудалд анхаарал хандуулж нүүрс, 2 өрөөнд давхар цонх хийх төсвийг шийдвэрлэхээр боллоо.
Эмч мэргэжилтнүүдийн зүгээс эцэг эхчүүдэд гэр орондоо чийгтэй цэвэрлэгээг хоёр цаг тутамд хийх, ариун цэвэр сайн сахих, олон нийтийн газар онц шаардлагагүй бол бага насны хүүхдийг авч явахгүй байх, амны хаалт хэрэглэж хэвших зэрэг зөвлөмжийг өгч байгаа юм. Иймд эцэг эхчүүд, иргэд та бүхэн дээрх зөвлөмжийг мөрдөх шаардлагатай байна.
Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ