📅

СҮНС, ШҮНШИГ ХУРСАН НОЁН УУЛЫГ ХЭН ХАМГААЛАХ ВЭ

🕔 2016/12/08 09:12
 СҮНС, ШҮНШИГ ХУРСАН НОЁН УУЛЫГ ХЭН ХАМГААЛАХ ВЭ

Сэлэнгэ аймгийн Мандал, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутгийг дамнан оршдог Ноён уул байгалийн үзэсгэлэнт тогтоц, ашигт малтмал, биологийн төрөл зүйлийн арвин их сан хөмрөгтэй. Түүгээр ч зогсохгүй хоёр мянга илүү жилийн тэртээх Хүннү гүрний түүх соёлын өв дурсгалыг хадгалан үлдээсэн хосгүй үнэт газар. Тиймдээ ч Монголын ард түмэн үеийн үед Ноён уул хэмээн нэрийдэж ирсэн биз.

Эрдэмтэн судлаачдын дүгнэлтээс харахад, Хүннүгийн хаадын булш бунхныг газрын хөрснөөс доош 17-70 метрийн гүнд байршуулж, хөдөөлүүлсэн байдаг. Ноён уул өөрөө мөнх цэвдэгтэй, дэлхийн дунджаас 5000 дахин их хүнцлийн агууламжтай. Үүнийг тус бүс нутагт ажилласан Германы эрдэмтэд судалж тогтоогоод толгой сэгсэрч байсан гэдэг. Хүнцэл бол Наполеон Бонапартын амийг авч одсон "хаан хор”юм. Амьд биетэд үзүүлэх хор нөлөөгөөр юутай ч харьцуулшгүйн сацуу бурхан болоочдын шарилыг муутгалгүй, тэр чигээр нь хадгалж чаддаг гайхалтай бодис ажээ.

Хоёр мянган жилийн тэртээ оршин тогтнож асан Хүннү гүрэн ихэс дээдсийн цогцсыг ийнхүү хүндэтгэн оршуулахын зэрэгцээ хэдэн зуун, мянган дамнуулан хадгалах аргыг мэдэж байснаараа ямархуу чадамжтай, ёс суртахуунтай Төр байсныг харуулдаг.

Богд хаант Монгол Улсын үед Ноён уулын орчмоор алтны судал илэрч, хятад худалдаачид газар ухан, олборлолт явуулж байсан түүх бий. 1920-оод оны эхээр эрдэмтэн П.К.Козловын экспедиц Монголд ирж, мөнөөх уулын орчимд зургаан булш малтаж "Ноён уулыг тойроод 212 язгууртны булш байна” гэж тогтоосон байдаг. Хүннүгийн үеийн олдвор гэдгийг анх ингэж мэдэж, энэ олдвороороо П.К.Козлов ч алдаршсан юм. Үүнийг сонссон VIII Богд Жабзундамба хутагт яаралтай зарлиг буулгаж, Засагт ханы Ноён уулаас алт хайх, олборлохыг зогсоож байсан баримт түүхийн хуудаснаа үлджээ.

Социализмын үед ч нам төрийн удирдлагууд Ноён уулын булш бунханд хүндэтгэлтэй хандаж, олборлолт, ашиглалтын талаар ямар нэгэн үйл ажиллагаа явуулж байсангүй. Гэтэл өнөө цагт уламжлал, ёсзүй, үнэт зүйл бүхнээ уландаа гишгэсэн нийгэм ирэв үү гэлтэй лоббичдын хүчээр Ноён уул, Гацууртын ордыг сэндийчих асуудал дахин дахин тавигдсаар удаж байна.

Ноён уул руу хүрзээ чиглүүлэн зогсож буй "Сентерра Гоулд”-ынхан өмнө нь Бороогийн 50 тонн алтыг татваргүй авч гарсан гэдгийг монголчууд хэдийнэ мэдэх болсон. Өдгөө энэ л аргаараа өвөг дээдсийн онголсон шүтээн буй Ноён уулын гүйдэл суудлын гагнаас болсон цэг дээр эзэмшлээ тогтоожээ. "Сентерра Гоулд”-ын ТЭЗҮ-ээр бол, Гацууртын ордыг арван жилийн турш ашиглах, ингэхдээ ердөө 10 хувийн ашиг олохоор төлөвлөжээ. Энэхүү 10-хан хувийн ашгаас Монгол Улс 34 хувийг нь хүртэх эрхтэй.

Байгаль дэлхий өөрөө хэдэн мянган жилийн турш хадгалж гамнаад ирсэн энэ гайхамшигт газар руу алтанд шунасан хүйтэн гар шургалсан нь түүх соёлоо дээдэлдэг Монгол түмэнд таалагдсангүй. Жирийн иргэдээс эхлээд Их хурлын гишүүд, эрдэмтэн судлаачид хүртэл хоолойгоо цуцтал ярьж, хөлөө цуцтал тэмцэл цуглаан хийсэн ч эрх баригчид хүлээж авсангүй өдийг хүрэв. Ноён уулын асуудал УИХ, Засгийн газрын хэмжээнд хэд хэдэн удаа яригдаж, УИХ-аас хоёр ч удаа буцсаны эцэст гурав дахь удаагаа өнгөрсөн өвөл "Сентерра Гоулд”-д очих хаалга нээгдсэн.

Хэнтийн нурууны төгсгөл Ноён уулаас Хараа голд цутгадаг олон гол, горхи эх аван урсаж буй. Ургамал, амьтны аймгийн баялаг нөөцтэй Ноён уул, Гацууртын орд орчимд уул уурхайн үйл ажиллагаа явуулснаар түүний өвөрт буй түүх соёлын дурсгалд шууд болон шууд бусаар нөлөөлөх бодит эрсдэлтэй.

Одоогоор Ноён уулын олдвортой эн зэрэгцэхүйц Хүннүгийн үеийн өв дэлхийд алга. Гэтэл эдгээр булш бунхан Ноён уулаас хол зайтай гэх эрх баригчдын үг үнэнээс төө зөрж байгаа юм. Гацууртын ордын ТЭЗҮ-д онилогдсон алтны судал бүхий хагалбар үе үеийн эрдэмтэн судлаачдын олж илрүүлсэн булш бунхант бүс буюу Ноён уулын хатан, ноён оргилын яг голд нь оршиж буй юм.

Хүн, байгаль хоёр далд шижмээр холбоотойг шинжлэх ухаан нотолчихоод байгаа энэ цагт эрдэмтэн судлаачид, иргэд олон нийт бүү хэл удган, бөө нар хүртэл эсэргүүцэлд нэгдсэн нь  зөв зүйтэй ч юм шиг. Үүнийг дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгчээр зүдэрсэн ард түмний аргаа барсан үйлдэл, эсвэл хувийн эрх ашгийн төлөөх бус, үнэт зүйлсээ хамгаалах монголчуудын далд ухамсраар зуун зуун дамжиж ирсэн эсэргүүцэл гэлтэй.

Гацууртын ордод лиценз эзэмшигч "Сентерра Гоулд” компанийн удирдлагууд Монголын улстөрчдөд лобби хийж байгаа гэдгээ ил цагаан зарлаж, улсаар нь доромжилж суусан цаг саяхан. Ер нь "Сентерра Гоулд” мэтийн хар мөртөй корпорациудын дохио зангаагаар хэдий болтол Монгол Улс хөдөлсөөр байх вэ!

"Сентерра Гоулд” компанитай холбоотой шүүхийн маргаан одоо хүртэл үргэлжилсээр л байна. Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх өнгөрсөн тавдугаар сарын 19-нд Гацууртын орд дахь тус компанийн лицензийг түр түдгэлзүүлэх шийдвэр гаргасан ч Давж заалдах шатны шүүхээс анхан шат руу буцаагдан шүүх хурал хэд хэдэн удаа хойшлогдоод байгаа юм.

Ноён уул бол жирийн нэгэн газар биш сүнс шингэж, шүншиглэсэн газар. Египетийн пирамид, Төмөр хааны бунхан гэхчлэн өвөг дээдсийн булш бунхнаар оролдоод хаант улсаараа сүйрч асан эмгэнэлт, гашуун сургамжит түүх ч олон бийг энд дурьдахад илүүдэхгүй биз. Тиймээс сүнс, шүншиг хурсан Ноён уулаа хамгаалах нь монгол хүн бүрийн үүрэг ажгуу.

Зууны мэдээ
Б.Баяр


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?