Нийгэм, эдийн засгийн хүндрэл нь эрдэмтдийн үгийг сонсдоггүйгээс үүдэлтэй гэв
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хүндрэл нь эрдэмтэн, мэргэдийнхээ үгийг сонсож, судалгаанд тулгуурласан шийдвэр гаргадаггүйтэй холбоотой гэдгийг өчигдөр буюу энэ сарын 18-нд болсон "Эрдэмтдээ сонсъё” уулзалтад оролцогчид онцлов.
БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газраас зохион байгуулсан энэхүү уулзалтад байгаль орчны салбарын 40 гаруй эрдэмтэн оролцлоо.
Улс орны тогтвортой хөгжлийг хангах, газар, усны нөөцийг оновчтой зөв ашиглах, хамгаалах, эдийн засгийн хөгжлийн түлхүүр болгоход эрдэмтэн судлаачдын удалгааны үр дүн, туршлага, санал зөвлөмж, оролцоо нэн чухал гэдгийг БОАЖ-ын сайд Д.Оюунхорол уулзалтын эхэнд онцлов.
Тэрбээр, "Ус, агаар, хөрс, ургамал, амьтан гээд орчны аливаа үзэгдэл юмс өөр хоорондоо нягт уялдаа холбоотой, өөрийн хууль зүй тогтолтой байдаг тул байгал орчны салбарын бодлого, үйл ажиллагаа шинжлэх ухаанч хандлагыг шаарддаг. БОАЖЯ ерөнхий чиг үүргийн яам болсноор газар, ус, ойн нөөцийг байгалийн унаган төрхөөр нь хадгалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх асуудлаар салбар дундын бодлого, зохицуулалтын хэрэгжилтийг хангах, тогтвортой хөгжлийн бодлогод манлайлан оролцох үүргийг хүлээж байгаа. Үүнтэй зэрэгцэн бидэнд өвөг дээдсээс өвлүүлсэн өв соёлоо сурталчилсан тогтвортой аялал жуучлалыг хөгжүүлэх менежмент хийх нь чухал байна. Дэлхий нийтээр ногоон хөгжлийн бодлогод тулгуурлан улс орныхоо тогтвортой хөгжлийг хангах зорилт тавин ажиллаж буй өнөө үед манай улс дэвшилтэд технологийн эрин үе рүү хөл нийлүүлэн алхана” хэмээв.
Уулзалтын үеэр ШУА-ийн Газар зүй, геологийн бага чуулганы дарга, МУИС-ийн профессор, академич Д.Амарсайхан, "Эрдэмтдийн судалгааны үр дүн, санаа бодол үргэлж тухайн цаг үеэсээ түрүүлж байдаг. БОАЖЯ эрдэмтдийн үгийг сонсож, санал бодлыг нь шийдвэр гаргах төвшин ашиглах гэж байгаа явдал бол шинэлэг, зөв алхам гэж үзэж байна. Бид цаашид өөрсдийн ажлын уялдааг сайжруулж, хамтран ажиллах нь зүйтэй” гэв.
Мөн ХААИС-ын багш доктор, профессор Ш.Баранчулуун, "2045 он хүртэл хугацаанд уур амьсгалын нөлөөгөөр мөнх цас, мөсөн голууд, газрын доорх мөнх цэвдгүүд хайлах үйл явц тасралтгүй явагдах төлөвтэй байна. Үүнээс хамаарч 2050 оноос манай орны гадаргын болон газрын доорх усны төвшин эрс багасаж, усны хомстолд орно гэсэн таамаглал гарч ирсэн. Иймээс усны нөөцийг хуримтлуулах, нөөцлөх асуудлыг одооноос эхлүүлэх шаардлагатай байна. Ингэснээр бид ирээдүйн усны хомстол дутагдлаас сэргийлэх болно” хэмээв.
Ч.Ариунболд
Эх сурвалж: "Монцамэ” агентлаг
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих