📅

МӨНГӨ ба ХҮЛЭЭЛТ

🕔 2016/09/09 11:31

Хямрал хэцүү ч түүнийг гэтлэх эдийн засаг, бизнесийн шинэ арга зам нээгддэг гэж эдийн засагчид хэлдэг. Хямралыг боломж гэж харсан хөрөнгө оруулагчид цөөнгүй байгаа нь "Инвест монголиа” чуулга уулзалтаас тодорхой харагдаж байлаа. Уг чуулга уулзалтын үеэр монголчууд уул уурхай, банк санхүү, эрчим хүч, дэд бүтэц, хууль эрх зүйн орчин гээд хөрөнгө оруулагчдын сонирхсон бүхий л мэдээллийг өгсөн. Харин тэдэнд тодорхойгүй байгаа зүйл нь Засгийн газрын хямралыг давах хөтөлбөр байсан юм.

 

Өөрөөр хэлбэл, биднийг ямар бодлого нөхцөл байдал угтах вэ гэдэг нь л чухал гэсэн байр суурьтай байв. Иймд төр засгийн бодлого шийдвэрийг ажиглаж хөрөнгө оруулахад таатай орчин бүрдэх эсэхийг харж сууна. Монголын занарын холбооны гүйцэтгэх захирал, эдийн засагч Ч.Хашчулуун "Хөрөнгө оруулагчдад төрийн зөв бодлого хэрэгжүүлбэл мөнгө орж ирэх хүлээлт байна. Хамгийн гол нь Засгийн газар шуурхай ажиллах шаардлагатай байгаа юм. Хямралыг гэтлэх хөтөлбөр, бодлого баталж тодорхой дүр зураг гаргах шаардлагатай” гэж байр сууриа илэрхийлсэн билээ. Монголд орж ирж буй хөрөнгө оруулалтын 90 орчим хувь нь уул уурхайн салбарт ногддог. Энэ байдал одоохондоо өөрчлөгдөөгүйг хурлын уур амьсгал баталж байв. Хуралд оролцогчдын дийлэнх нь уул уурхай, хайгуулын салбарыг сонирхож байсан юм.

 

Мөн аялал жуулчлал, үйлчилгээ, банкны салбарыг сонирхож буй нь ажиглагдсан. Бас барилга, дэд бүтэц тэр дундаа нөхөн сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийх сонирхол нэмэгджээ. Ялангуяа, өмнийн говийн салхи, нарны эрчим хүчний нөөцөд анхаарлаа хандуулж байсан юм. Дашрамд хэлэхэд энэ хуралтай зэрэгцээд Дэлхийн банкны Монголын эдийн засгийн талаарх тойм гарсан. Уг тоймд энэ оны эхний долоон сард төсвийн зардал нэмэгдэж алдагдал нь огцом өссөнийг онцлон дурдав. Тэгээд Засгийн газар шаардлагатай арга хэмжээ даруй авахгүй бол оны эцэст төсвийн алдагдал ДНБ-ий 18 хувьд хүрэхийг анхааруулсан байна. Мөн төсвийн эрсдлийг удирдахын тулд авч хэрэгжүүлж буй арга хэмжээг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Үүний зэрэгцээ гадаад эдийн засгаас ирэх эрсдэл өндөр байгаа тул төсөв, мөнгөний тодорхой бодлого боловсруулах шаардлагатай байгааг сануулжээ. Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Тайхюн Ли "Төв банкинд тулгараад байгаа сорилт нь төсвийн шинжтэй үйл ажиллагаанаас тусгаарлаж гадаад валютын нөөцөө хамгаалах явдал. Бодлогын хүүгээ өсгөсөн нь валютын ханшийн хэлбэлзлийг бууруулахад дэмжлэг болсон.

 

Гэхдээ төсвийн зардал нь төв банкны санхүүгийн эх үүсвэрээс хамаарсан хэвээр байсан тохиолдолд мөнгөний хумих бодлогын үр нөлөө сул болно” гэв. Энэ бүгдээс үзэхэд хямралыг гэтлэх төлөвлөгөө, ажлын хурд хоёр нэн тэргүүнд шаардлагатай байгаа ажээ.

 

Ж.Арвин

Монголын үнэн

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?