Монголын Засгийн газрын өр ДНБ-ий 90 хувийг давахаар байгааг Дэлхийн банк анхаарууллаа
Засгийн газар төсвийн тодотголоор дамжуулан, хумигдсан орлогоо нэмэгдүүлэхийн тулд хэд хэдэн татварыг нэмэгдүүлэх санал оуулж ирсэн ч, МАН улстөрийн шийдвэр гаргаан буцааж татахад хүрээд байгаа. Тэгвэл уг шийдвэртэй зэрэгцэн Дэлхийн банк манай эдийн засгийн талаарх тайлангаа гаргажээ. Оны эхний 7 сард төсвийн зардал жилийн 33 хувиар өсч, төсвийн алдагдал огцом байгааг тоймд онцолсон байна. Төсвийн гадуурх зардалууд, орлогын тасалдал зэрэг нь дээрх төсвийн алдагдлын огцом өсөлтөд нөлөөлж байгаа гэж үзсэн байна.Хэрэв Засгийн газар шаардлагатай арга хэмжээ авахгүй тохиолдолд Дэлхийн банкны төсөөллөөр 2016 оны эцэст төсвийн алдагдал ДНБ-ий 18 хувийг давахаар байна. Засгийн газрын өрийн өнөөгийн хандлага үргэлжилбэл Засгийн газрын баталгаатай бондыг оруулж тооцсон ЗГ-ын нэрлэсэн өрийн ДНБ-д эзлэх хувь 90 хувийг давахаар байгааг мөн уг тайланд дурьджээ. Мөн уг тайланд Дэлхийн банк өсөн нэмэгдэж буй төсвийн эрсдлийг удирдах зорилготой ЗГ-ын авч хэрэгжүүлж арга хэмжээг дэмжиж байгаа илэрхийлжээ. Гэвч өсөн нэмэгдэж буй төсвийн болон гадаад секторын эрсдлийг бууруулахад төсөв, мөнгөний нэмэлт дорвитой бодлогын тохиргоо шаардлагатай байгааг сануулжээ.
Дэлхийн банкны Монгол улс дахь суурин төлөөлөгч ноён Жеймс Андерсон "Төсвийн гадуурх зардлуудыг оруулж тооцсон төсвийн нөхцөл байдлын талаарх танилцуулга нь итгэл төрүүлэхүйц нэгдмэл төсвийн бодлого хэрэгжүүлэхэд чухал алхам болсон” гэдгийг онцлов. Мөн тэрээр "Гэхдээ төсвийн алдагдал болон ЗГ-ын өр нэмэгдэж байгаа нь төсвийн тогтвортой байдлыг бий болгоход цаашид зохих арга авч хэрэгжүүлэх шаардлага байгааг илтгэж байна” гэжээ.Төвбанкнаас ЗГ-т ихээхэн хэмжээний санхүүгийн эх үүсвэрийн дэмжлэг үзүүлснийг уг тайлан мөн онцлоод хэрэв уг байдал үргэлжилвэл макро эдийн засгийн эмзэг байдлыг нэмэгдүүлэх эрсдэлтэйг анхааруулжээ. Дэлхийн банкны Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч ноён Тайхюн Ли "Tөвбанкны эн тэргүүнд тулгараад буй сорилт нь мөнгөний бодлогыг аль болох төсвийн шинжтэй үйл ажиллагаанаас тусгаарлаж, валютын нөөцөө хамгаалах явдал юм” гэдгийг анхааруулсан. Мөн тэрээр "Төвбанк сүүлд бодлогын хүүгээ өсгөсөн нь валютын ханшийн хэлбэлзлийг бууруулахад дэмжлэг болсон. Гэхдээ хэрэв төсвийн зардал нь үргэлжлэж, төвбанкны санхүүгийн үүсвэрээс дэмжлэгээс хамаарсан хэвээр байсан тохиолдолд мөнгөний хумих бодлогын үр нөлөө сул байх болно” гэдгийг сануулсан.
Мөн уг тайлангаар дамжуулан Дэлхийн банк уул, уурхайн бүтээгдэхүүний экспортын бууралт, ихээхэн хэмжээний гадаад зээлийн эргэн төлөлт нь 2017 онд төлбөрийн тэнцэл болон төсөвт нэмэлт дарамт учруулахаар байгааг сануулсан. Төсөв болон макро эдийн засгийн зохистой бодлого нь дээрх дарамтыг бууруулах боломжтойг онцолсон.Төсвийн бодлогод тохиргоо хийгдэх хугацаанд бага, дунд орлоготой иргэдийг хамгаалахад анхаарах хэрэгтэйг мөн уг тайлан сануулсан.
Ноён Андерсон "Төсвийн зардлыг бууруулах, орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ авах шаардлагатай боловч тодорхой бодлого хэрэгжүүлэхдээ ядуу иргэдийг хамгаалах асуудлыг анхаарах ёстой. Одоогийн нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг ядуу иргэдэд илүүтэй чиглүүлж, сайжруулах замаар нийгмийн хамгааллын системийг ядуу иргэдийг хамгаалахад илүү үр дүнтэй болгох боломжтой” гэдгийг сануулсан байгаа юм.
Эх сурвалж: Шуурхай.мн