С.Баярцогтын Швейцарь дахь дансыг битүүмжилж магадгүй
-"Мөсөн уулын орой” гэгдэх С.Баярцогтыг Швейцарийн албаныхан үргэлжлүүлэн шалгаж байна-
Монголоос анх оффшор хөрөнгөтэй гэдэг нь илэрсэн С.Баярцогтыг олон нь ч хүнийг энэ зам руу уруу татсан, гол "толгойлогч” нь гэдэг. Тиймдээ ч түүнд уруу татагдаж, заавраар нь их хэмжээний хөрөнгө эхнэр хүүхдүүдээсээ хүртэл нууж оффшорт байрлуулсан дагалдагчдаасаа "Оффшорын загалмайлсан эцэг” хэмээх хоч юмуу хүндэтгэл юмуу цол гуншин авчихаад байгаа. Өдгөө түүнийг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум үргэжлүүлэн шалгаж буйгаа аж. Үүнээс гадна түүнийг Швейцарийн эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан шалгаж байгаа гэнэ. Тэд Монгол Улсын Сангийн сайд асан С.Баярцогтыг хууль бус аргаар хөрөнгө хураасан, мөнгө угаасан байж болзошгүй гэх гэмт хэрэгт сэжиглэн шалгаж байгаа юм байна.
Хэрвээ С.Баярцогт хууль бусаар хөрөнгөжиж түүнийгээ оффшорт нуусан бол энэ дансыг нь Швейцарийн зүгээс битүүмжилж магадгүй юм байна. Сангийн сайд асан С.Баярцогт Швейцарийн нийслэл Цюрих хот дахь тус улсын хамгийн том банк "Кредит Сюйссе”-д 1 сая ам.долларын нууц данстай болох нь тогтоогдсон. Өдгөө энэ дансны эзэмшигч нь Хятад улсын иргэн Лео Шиу хэмээх хүн болчихоод байгаа. Мөн энэхүү Лео Шиу хэмээх хятад эр нь бодит хүн эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Ямартай ч, Монгол Улсын сайд асан С.Баярцогтыг мөнгө угаасан гэх хэрэгт сэжиглэн шалгаж буйг Швейцарийн өдөр тутмын томоохон сонинд нийтэлжээ. Тодруулбал, С.Баярцогтыг хууль бус хөрөнгө Швейцарийн банкинд байршуулж, тэндээс буцаан татсан гэж сэрдэж байгаа аж. Монгол Улсын хувьд иймэрхүү гэмт хэргээрээ гаднын өндөр хөгжилтэй орнуудын дунд нэлээд алдаршсан юм. Тиймээс энэ төрлийн гэмт хэрэгт С.Баярцогтыг сэжиглэж байгаа аж. С.Баярцогтын хувьд Оюутолгойн гэрээг Монгол Улсад "ашиггүй” хийснийхээ төлөө хувь хүртсэн гэгддэг.
Гэхдээ гаднынхан энэ мэтээр Монголын бохир улстөрч, хууль бус этгээдүүдтэй тэмцэж, Монгол Улсад туслахыг оролдож байхад Монголын төр засгийн зүгээс ямар ч алхам хийдэггүй, үхээнц царайлж буйд туйлын их гайхширдаг гэнэ. Мөн Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн зүгээс С.Баярцогтын 1 сая ам.долларын нууц хөрөнгийг "мөсөн уулын орой” хэмээн тодорхойлж байсан нь үнэхээр үнэн байв. Саяхан Монголын нэр бүхий 40-өөд хүний нэр дээрх нууц хөрөнгүүд ил болсон нь мөсөн уулын их бие гэлтэй. Тэгэхээр энэ уулын алсаас үзэгдэх орой нь С.Баярцогтын 1 сая ам.доллар байж. Олон улсад оффшорт нууж буй хөрөнгүүдийг голдуу хууль бус гэж үздэг бөгөөд үнэхээр ч татвараас зугтаалгаж нуусан эдгээр хөрөнгөнүүдийн дийлэнх нь хууль бус хөрөнгө байдаг юм.
Ялангуяа манайх шиг иймэрхүү ядуу буурай орнуудын хувьд ихэвчлэн улстөрчдийн эх орноосоо урвасныхаа хөлсөнд авсан мөнгө болон эх орноосоо хулгайлсан хөрөнгүүд байдаг юм байна. Мэдээж нэг хүн нэг данстай байна гэсэн ойлголт байхгүй учраас Швейцарьт нэг биш нэлээд хэдэн данстай байх нь элбэг байдаг аж, яг саяхны баримтаар нэр бүхий 40-өөд хүний нэг нь данстай байхад нөгөө нь долоон данстай байсан шиг. Өдгөө оффшор хөрөнгийг мөсөн уул, эзнийг нь мөсөн хүн гэх нэр томъёо олон улсад түгжээ. Эргийн гадна хэмээх оффшор гэдэг үгнээс болов уу, эсвэл зөвхөн мөнгө л боддог хүйтэн сэтгэлтэй хүмүүсээс нь болов уу юутай ч тэгж нэрлэдэг болж. Тэгэхээр "топ мөсөн хүн” болох С.Баярцогтын нууц хөрөнгийн эх сурвалжийг Швейцарийн зүгээс тогтоож, гэм буруутай бол дансыг нь хааж, Монголын зүгээс дахиж ийм үйлдэл гаргуулахгүй байхад анхаарах бололтой. Нөгөө талаас Монголоос татвараас зугтаалган оффшорт аваачиж нуусан нууц хөрөнгөний сүлжээний "анхдагч” эзэн С.Баярцогтыг л сайтар шалгаж байж гэмээнэ энэ сүлжээг бүхлээр нь илрүүлэх боломжтой хэмээн харж байгаа бололтой юм.
Жаргал
http://undesten.mn/index.php?newsid=10864