📅

“Хятад түлээ” буюу 177 тэрбумын импортын нүүрс хэний шахаа вэ?!

🕔 2023/08/24 11:36

“Хятад түлээ” буюу 177 тэрбумын импортын нүүрс хэний шахаа вэ?!

 

Хааяа бид төр засгаасаа “...Арай үгүй байлгүй дээ” гэсэн тогтоол шийдвэр сонсдог боллоо. Супер жишээ нь ...Хотын бондын 177 тэрбумаар Хятадаас нүүрс ачиж авчраад ирэх өвөл түлнэ” гэсэн Эрчим хүчний сайдын мэдэгдэл байна.

Сайд Б.Чойжилсүрэн НИТХ-ын 2023 оны наймдугаар сарын 9-ний хурал дээр очоод “...Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад заруулах 177.5 тэрбум төгрөгөөр сайжруулсан түлшинд хэрэглэж байгаа мидлингийг хагас коксоор сольж үйлдвэрлэнэ. БНХАУ-аас 115 мянган тонн хагас коксын түлшийг импортолно. Түүгээр 2023 оны арванхоёрдугаар сарын 15-наас хойш нэг жилийн хугацаанд сайжруулсан түлш үйлдвэрлэнэ. Ингэснээр агаарын бохирдлыг өнөөгийн түвшнээс хоёр дахин бууруулна. Улмаар ирэх жилээс 600 мянган тоннын хүчин чадалтай хагас коксжих нүүрсний үйлдвэрийг Багануурын нүүрсний уурхайг түшиглэн барина” гэж хэлсэн.

Өө бүр, тооцоо гаргачихсан, “...Төдөн тонныг ачиж авчирна” гээд ярьж байгаа юм. Ингээд л иргэд, олон нийт мэдэж, улмаар эсэргүүцээд эхэлсэн дээ. Нийгэм даяараа үүнийг нь “...Хэрэггүй ээ, болохгүй ээ” гээд эсэргүүцэв. Гэсэн ч гүрийчихэж байгаа аж. Ойрын үед туршилт явуулаад, удахгүй ачаад оруулаад ирэх бололтой.

Ер нь бол угаасаа нүүрсэн дээр амьдардаг монголчуудад “...Нүүрс импортолж авчраад түлнэ” гэхээр яагаад ойлгогдохгүй байгаа юм. Ядаж байхад дэлхийгээрээ нүүрснээс татгалзаад эхэллээ. Эрчим хүчний эх үүсвэрүүдийг ээлж дараалан нээсээр байна. Тэгэхээр төр засгийн нөхдүүд “...Нүүрс хэрэглээнээс нэгмөсөн гарахаас нь өмнө яаж экспортолж дуусгах вэ” гэж толгой гашилгаж суудаг гэж ойлгодог юм. Гэтэл “...Хятадаас оруулж ирье, түлье” гээд гүрэлзээд байгаа нь ойлгомжгүй байна.

 

Дээрээс нь таван жилийн тэртээгээс “...Хотын утааг багасгалаа, хорыг нь арилгалаа” гэж хашгичсаар ирсэн улстөрчид шахмал түлшний далимаар шахаа хийсээр ирсэн үү гэдэг эргэлзээг бий болголоо.

Угаасаа энэ сайжруулсан шахмал түлш нь мидлинг, тэгээд барьцалдуулагчаас бүтдэг. Бүтцийнх нь талаар “Тавантолгой түлш” компанийн ахлах зөвлөх, Монгол Улсын зөвлөх инженер Г.Бадамхатан өнгөрсөн жил “...Манай шахмал түлшний 95 хувь нь Өмнөговиос зөөж авчирч байгаа угааж баяжигдсан эрчим хүчний   нүүрс байдаг. Тодорхой хэмжээгээр тоос шороо механик хольцууд нь салсан нүүрс байгаа. Энэ нүүрсэн дээр холбогч бодис SB гэх Хятадад үйлдвэрлэсэн шахмал түлшний зориулалттай, цагаан шаргал өнгөтэй хуурай болисыг хэрэглэсэн. Үүнийг шахмал түлшиндээ хэрэглэхдээ шахмалын хольцыг  зуурах усанд хольж хэрэглэдэг учраас бага орцтой ордог” гэж байв.

 

Мидлинг буюу дээрх инженерийн хэлсэн эрчим хүчний нүүрсийг “Энержи ресурс”-ээс авдаг байв. Сүүлийн хоёр өвөлд мидлингээ хаанаас нийлүүлсэн нь тодорхойгүй. Утаа ихэссэн. Барьцалдуулагч буюу холбогч бодисыг Хятадаас авдаг. Бас шуудайгаа ч Хятадаас голдуу импортолдог. Тэгэхээр хотынхныг өвөл дулаацуулах шахмал түлш маань “хятад түлээ” болчихсон. Энэ түлээгээр Монголын төрийн “...Монголд үйлдвэрлэв” буюу үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлогыг цохиод унагачихаж байгаа юм. Зүй нь Монголын үндэсний үйлдвэрлэл, нарийсгавал ЖДҮХС, Хөгжлийн банкны жижиг, том төслүүд чухам ийм шахмал түлш үйлдвэрлэхэд ордог барьцалдуулагч хийгээд шуудайны үйлдвэрийг дэмжихэд зориулагдах учиртай юм. Хоёр жилийн өмнө “Тавантолгой түлш” компани, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Тэгэхэд “Тавантолгой түлш” компанийн захирал М.Ганбаатар нь  “...Манай компани 1000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүний mалаас илүү хувийг импортоор авдаг байна. Шахмал түлшний шуудайнд л гэхэд жилдээ 10 гаруй тэрбум төгрөг зарцуулдаг. Үүнийг дотоодоосоо авснаар дээрх хэмжээний мөнгө Монголдоо үлдэнэ. Гэхдээ сайжруулсан шахмал түлшний 25 кг-ын савлагааны уутыг хийх үйлдвэр Монголд өнөөдөр байхгүй” гэж байв. Гэвч энэ нь ажил хэрэг болж гүйцэлдэлгүй өнөөдрийг хүрчээ. Нэмээд нүүрсийг нь Хятадаас авчирна гэчихээр шахмал түлш маань 100 хувь хятад түлээ болчихож байгаа юм. Ер нь тэгээд бүх “орц”-ыг гаднаас авах нь яагаад ч сайн зүйл биш. Хятад хилээ хаахад монгол ногоо лангуун дээрээс алга болдог доо. Түүн шиг дүн өвлийн хүйтэнд хил хаагдвал хот тэр чигээрээ түлээ түлшгүй хөлдөнө л гэсэн үг.

 

Дээрээс нь Монголын эдийн засгийн сүйрлийн шалтгаан нь нүүрсний хулгай байсныг бид мэддэг болсон. Экспортлох нүүрсээ биржээр худалдаад арайхийн зогсоож байгаа гэх ойлголттой болж байна. Гэтэл нүүрс импортоор оруулж ирэх тухай энэ үйл ажиллагаа нь нүүрсний хулгай “нүүр”-ээ өөрчиллөө гэх хардлагыг бий болголоо. Тиймээс энэ ажлыг гардан хариуцаж, эр зориг гарган зүтгүүлээд байгаа Б.Чойжилсүрэн сайдаас “...“Хятад түлээ” буюу 177 тэрбумын импортын нүүрс хэний шахаа вэ” гэдгийг асуух ёстой, бүгдээрээ.

 

 

Б.ДАМДИН-ОЧИР

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?