📅

Яагаад Монголд ийм байгаа юм бэ?

🕔 2023/05/25 14:49

Яагаад Монголд ийм байгаа юм бэ?

 

Чикаго хотын дүүрэг бүрд сүлжээтэй томоохон рестораны солонгос эзэн Мандахаас ажилд орох ярилцлагыг өөрөө биечилж авна гэжээ. Салбар хариуцсан менежер нь байсаар атал ингэж буй нь хүндэтгэл үү, хардлага уу? Солонгост очсон монголчууд ажил олгогчдийг бахдуулдаг ч бас хашраадаг нь олон гэсэн. Түүнээс болов уу?

Эсвэл салбар хариуцсан менежертээ итгэдэггүй юм уу? Чухам алин болохыг Мандах ойлгосонгүй. Оюутны виза нь зөвхөн сургуулийнхаа кампус дотор л ажиллах эрхтэй учир энэ мэт кампусаас гадуурх байгууллагууд оюутныг ажилд авахгүй байх магадлал бас бий билээ.

Харин уг ажилд зуучилж буй Сон “Чи юу ч болж байсан үнэнээ л хэлээрэй” гэж онцгойлон захижээ. Тэр өөрөө уг ресторанд үйлчлэгчийн ажлыг хагас цагаар хийдэг. Боломжийн цалин авдгаа ч ярьсан юм. Сон хэмээх энэ солонгос залуутай нэг анги төдийгүй оюутны байранд хамт амьдарна. Мандах товлосон цагт нь гүйгээд очив.

Хүйтэн хөшүүн царайтай 60 орчим насны туранхай эр сууна. Мэндэлсэнд, толгой дохих төдий хариу өгөв. Согтуу ч юм шиг харцаар өөдөөс нь хачин ширтэх ажээ. Мандах өмнөх сандалд нь суугаад, өөрийгөө товчхон танилцууллаа. Сургуулийнхаа цайны газарт тогоочийн туслах, аяга угаагч, зөөгч зэрэг ажил хийж байсан туршлагатай. Авч буй цалин нь амьжиргаанд нь тэр бүр хүрдэггүй учир ресторанд ажиллахыг хүсэж буйгаа ч хэлэв.

Харин эзэн босс “Аав, ээж нь монголдоо байдаг уу? Юу хийдэг вэ?” гэдгээс өөр юм асуусангүй. Тэгээд “Өнөө оройн 5 цагаас ээлжинд гарна. Тасалж болохгүй, хоцорч болохгүй, үйлчлүүлэгчийг гомдоож болохгүй. Ямар нэгэн зөрчил гаргавал рестораны хаалгыг гаднаас нь хаагаад, эргэж ирэхгүйгээр яваарай” гэж хүйтнээр хэлжээ. Гарч явахдаа рестораны үйлчлэгч хийхэд миний аав, ээжийн хаана байдаг, юу хийдэг нь ямар хамаатай юм, ямар хачин зүйл асуудаг юм бэ гэсэн эргэлзэж гайхасхийсэн бодол зурсгээд өнгөрчээ.

Ийнхүү Мандах хагас жил хүсэн хүлээж байсан ажилдаа хялбархаан орчих нь тэр. Долоо хоногт 28 цаг. Гол нь хичээлийн бус цагаар ажлынх нь хуваарийг зохицуулж өгчээ. Цагийн 8 доллар, дээр нь гарын мөнгө. Өндөр зэрэглэлийн ресторан учир гарын мөнгө нь цагийнхаа мөнгөнөөс хувь илүү. Өмнө сургуулийнхаа цайны газарт ажиллаад авч байснаасаа гурав дахин илүү цалин аваад эхэлжээ.

Мандах монголд байдгаа тэмтрэн сандарч буй аав, ээжээсээ мөнгө авахааргүй болж, бага ч гэсэн мөнгө хураах боломжтой болжээ. Сонд талархаж буйгаа илэрхийлж, цайлсанд, жаахан шоолонгүй инээгээд өнгөрөв. Үе хааяа шалгалтын үеэр бага зэрэг ядрах, нойргүйдэх ч ажил - сургууль, ажил – сургууль гэсэн хэмнэлд удалгүй даслаа. Сон ч мөн адил өглөө оройгүй мөхийтлөө гүйнэ.

Зуны амралтаар Монгол руугаа явсангүй. Долоо хоног бүр чатаар ээжтэйгээ ярьчихна. Аав, ээж нь “Бид эрүүл саруул байгаа хойно миний хүү ажил төрлөө бод” л гэжээ. Рестораны менежер зуны сард ажлын цагийг нь уртасгав. Хавраас эхлүүлсэн хуримтлал дээрээ зуныхаа цалинг нэмэрлэж, тэр жилийнхээ сургалтын төлбөрийн 70 гаруй хувийг хаав. Монголд аав, ээж хоёрынх нь нуруу жаахан ч болов амсхийсэн буй за.

Намар нь монголоос хоёр охин, нэг хүү шинээр оюутан болж иржээ. Өмнө нь дээд курсийн нэг охин байсан юм. Мандахтай хэдэн удаа тааралдаж, нэг удаа бүр хамт хоолонд орсон билээ. Одноо гэх даруухан тэр охин Мандахад таалагдаж, ойртож танилцахсан гэх авч, эвээ олсонгүй.

Шинэхэн ирсэн оюутнуудад бол Мандах хэдийнэ санхүүгийн талаар бие даасан, туршлагатай архаг оюутан болчихсон байлаа. Хоёр охины нэг нь зожиг гэж жигтэйхэн, монголчуудаасаа зугтаахаас холгүй юм болно. Хэн нэгнээс тус дэм авахааргүй боломжтой ч айлын хүүхэд бололтой. Нөгөө гэнэн цайлган охиныг Гэрлээ гэнэ. Мандахыг “Ах аа” гэсээр байн байн уулзана. Уг нь Мандах наснаасаа жилийн өмнө сургуульд орсон учир ахсаад байх юм байхгүй л дээ. Гэхдээ дүүтэй хүн шиг л хямд хүнс хаанаас авдаг, хаана үзвэр байдаг, банкны зээлийн кардтай хэрхэн харьцах гэх мэт шинэ тутам ирж буй хэн хүнд хэрэг болдог зүйлийг хичээнгүйлэн, төвөгшөөлгүй зааж танилцуулна. Тийн явахдаа ч дуртай. Нэг л мэдэхэд дээд ангийн Одноог дотуураа сэм сэмхэн сонирхдог нь тэр намрын навч мэт хагдарч, шив шинэхэн нахиа гөлөглөөд эхэлжээ. Тэгээд Гэрлээтэй дахин дахин уулзах боломжийг эрэлхийлнэ. Солонгос залуу Сонд ажлаа даатгах ч үе гарна.

Шинэ ирэгсдийн гуравдахь нь болох Сэргэлэн хэмээх залууг ээж нь дагаж хамт иржээ. Ер нь л бийлэгжүү гэр бүл ажээ. Сургуулийн дотуур байрыг шууд голж, холгүй байх хауз хороололд түрээслэв. Мөн улаан хүрэн өнгөтэй, спорт загварын хоёр хаалгатай гранд меркури хүүдээ авч өгөн, ерөнхийд нь төвхнүүлж өгөөд буцжээ. Сэргэлэн ирсэн даруйдаа Мандахтай танилцан ойр байхыг эрмэлздэг байв. Гэртээ урина, гэвч Мандах очиж амжихгүй л явлаа. Бас Сон тэр хоёрын өрөөгөөр үе үе орж ирнэ. Мандах түүнд найрсаг хандахад нь Сон дургүйцнэ. Түүнээ нуухгүй. Сэргэлэн “Энэ муу өмхий солонгос хоёр монгол уулзахад юундаа ярвалздаг юм” хэмээнэ. Сон харин түүнийг явсны дараа “Танай энэ монгол залуу тэнэг” гээд долоовор хуруугаа чамархайдаа хүргэн эргэлдүүлэхэд Мандах инээгээд өнгөрдөг билээ.

10 сарын сүүлийн өдөр болдог Сүнсний баяраар Сэргэлэн монгол оюутнуудаа гэртээ урив. Өнөөх зожиг охин ирээгүй учир Мандах Гэрлээ, Одноо хоёрын хамт тэрхүү өвөрмөц сонирхолтой баярыг тэмдэглэхээр Сэргэлэнгийнд зочлов. Унтлагын өрөө гуравтай, ливинг өрөө нь цэлийсэн уудам юм. Арын ярдад нь хэдэн сайхан яагаан, цагаан буйлаас сүр жавхаатай сүглийнэ. Ганц бие хүн яагаад ийм байр түрээсэлдэгт Мандах гайхна. Аргагүй л баян айлын хүү аж. Сэргэлэнгийн аав нь монголын улс төрд их нөлөөтэй, сайд дарга юм гэнэ билээ л гэж охидын нэг нь ирж явахдаа ярьжээ. Үүдээр оронгуут охид дуу алдацгаалаа. Гэрлээ бүр онцгой, хөөрөн баярлаж буйг Мандах анзаарчээ.

Ширээ дүүрэн виски, шампанск, вино, тоорт, элдэв жимс, амттан, ундаа. Ялимгүй халамцацгаагаад хүн чоно, чөтгөр, махчны элдэв янзын баг өмсөөд арын ярдад хөөцөлдөн гүйлдэж, хөгжилтэй сайхан байцгаалаа. Тэдэнд Вьетнам үйлчлэгч үйлчлэв. Тэр өдөр бүр ирж байшинг цэвэрлэдэг ажээ.

Шөнө дунд өнгөрч байхад Одноо гэнэтхэн орь дуу тавин уйлж гарав. Багаар амсаж байсан ч Сэргэлэн айхтар шахсан тул хоёр хундага виски уусан юм. Нөгөө хэд нь хэрхэхээ мэдэхгүй, дэмий л хүйтэн ус балгуулахаар оролдож, Гэрлээ нулимсыг нь арчин аргадав. Одноо хэсэг уйлаад, дотор нь жаахан онгойсон бололтой, “Би харимаар байна, намайг машинаараа хүргэж өгөөч” гэж Сэргэлэнг гуйв.

Сэргэлэн архи уусан учир машин барьж болохгүйг учирлаад, такси дуудуулав. Тэр завсраа Сэргэлэн Мандахыг Одноог хүргээд өгчих гээд нүдээ ирмэжээ. Таксинд суухынхаа өмнө Одноо Сэргэлэн рүү ихэд хачин харж байхыг Мандах анзаарсан юм. Одноогийн араас таксины арын суудалд суугаад, Гэрлээ рүү эргэж харвал тэр Сэргэлэнгийн гараас тас атгачихсан, толгойгоо мөрөнд нь наачихсан зогсож байлаа.

Маргааш орой ажлаа тарж байх үед Сэргэлэн утасдаж, “Та хоёр сайхан амарсан уу? Бид хоёр одоо л босож байна” гэжээ. Мандах “Одноог өрөөнд нь оруулж өгөөд гарсан” гэвэл, Сэргэлэн “За за, тийм юм гэж юу байсан юм” гээд шоолонгүй инээжээ. Тэр даруй Одноо руу залгавал “Толгой яг хагарах гэж байна. Би ёстой ууж үзээгүй юм аа. Өчигдөр орой тэгээд юу болсон бэ?” гэж хариу асуув. “Юу ч болоогүй, тэгээд тарцгаасан” гэснээс өөр юм хэлсэнгүй.

Түүнээс хойш нөгөө хэдтэйгээ дахиж уулзалдсангүй. Ер нь ч хүссэнгүй. Ажил сургууль гэсэн хэмнэл рүүгээ элдвийг бодож санахгүйгээр шуударчээ. Харин Сэргэлэн, Гэрлээ хоёр түүнээс хойш ямагт хамт байх болсныг сайн мэдэж байлаа. Өвлийн амралтаар нөгөө хэд нутаг явж, Мандах ажлаа хийсээр үлдэв. Амралт дуусаад, оюутнууд цуглахад Гэрлээ ирсэнгүй. Сэргэлэнгээс лавласанд мөрөө хавчаад л өнгөрөв.

“Сон Сэргэлэнд дургүйцээд байдаг нь учиртай юм даа” хэмээн Мандах бодох болсон байна. Одноотой нэгэнтээ таарсан ч Мандахын хувьд тэр хэдийнэ хэрсүү даруу охин биш болжээ. Одноог төгсөөд өөр муж руу шилжих үед л нэг уулзсан юм. Түүнээс дахиж сураг сонсогдоогүй билээ.

Мандахын анги өгсөх хэрээр, хичээл ч нэмэгдэж, улам завгүй болж байлаа. Тийн гүйсээр нэг жилийг онцын өөрчлөлтгүй өнгөрөөв. Дараа жил дахиад нэг охин нэмэгдэв. Одоо бол Сэргэлэн хэдийнэ архаг оюутан болжээ. Охиныг тэр дариу ивээлдээ авав. Түүнээс өмнө нэг хэсэг өндөр шар хүүхэнтэй, дараа нь нэг латино бүсгүйтэй байнга хамт яваа харагдсан юм. Нэг удаа өрөөнд нь хар хүүхэнтэй хөтлөлдчихсөн иржээ. Сон эзгүй байв. Мандахын нүдэн дээр үнсэлдэн үнгэлдэж, тарган байдсынх мэт ер бусын өвөрмөц тогтгор өгзөгнөөс нь базална. Мандах руу нүдээ ирмээд “Янзтай. Чи үзэхгүй юм уу?” гэнэ.

Мандах гурав, дөрөв дэх жилийнхээ төлбөрийг өөрөө төлөв. Аав, ээжийнх нь бие сайн бол заавал нутаг явахын хэрэггүй гэж шийджээ. Ээж нь хааяа хүүгээ санаж байна гэдэг юм. Онлайнаар долоо хоногтоо ядаж нэг удаа хүүгийнхээ царайг харахыг хүснэ.

Намрын нэг өдөр Сэргэлэн түүнрүү утасдаж, “Яаралтай манайд хүрээд ирээч. Надад хэн нэгний тусламж хэрэгтэй байна. Утсаар элдэв юм тайлбарламааргүй” гэв. Очсонд нэлээд халамцуу, “Би үхмээр байна. Амьдрах ямар ч сонирхол алга. Энэ амьдрал дэндүү утгагүй юм” гэсэн сууж байлаа. Тэр гар буу худалдаж авчээ. Түүнээ үзүүлж, баахан тайлбарлав. Бууныхаа гол төмрийг эрүүн доороо бариад, “Ингээд л хуруу хөдөлгөхөд энэ бүх утга учиргүй замхран алга болно. Тийм үү. Ингэхэд чи яах гэж, юуны тулд ингэтлээ сөхөрч унатлаа ажилладаг юм бэ?” гэв.

Тэд жаахан ярилцаж суулаа. Сэргэлэн аавыгаа монголын улс төрийг баздаг хүн гэж ярив. Энэ намар Засгийн газар солигдож, сөрөг хүчин гарчихаад аавыг нь оролдоод байна гэнэ. “Тэд яана надад огт хамаагүй. Шорондоо хатаана уу, одонгоо өгнө үү, ямар ялгаатай юм бэ? Ямар ч ялгаагүй” гэнэ.

Ярьж сууснаа, гэнэтхэн шүдээ хавираад “Ингэхэд ядуус та нар нэг талын их азтай улс юм. Нэг тийм зорилготой. Байртай болчих, мөнгөтэй болчих, тэгээд бас нэг муу ч хамаагүй сэг уначих гэсэн зорилготой. Түүнийхээ төлөө үхтлээ ажиллана. Үхтлээ гүйнэ. Тэгээд л болоо. Гүйцээ. Ханалаа, дараа нь яах юм? Байртай болчихлоо, машинтай болчихлоо. Тэгээд л үхнэ шүү дээ. Нэг бодлын их өрөвдөлтэй. Нөгөө бодлын нэг муу амьдралын зорилготой, түүндээ итгээд өөрийгөө хуураад аз жаргалтай амьдарч байгаа царай гаргаж чаддаг хүмүүс. Түй, май. Би түүнийг чинь ганцхан хуруу хөдөлгөх төдийд л төгсгөж чадна. Энэ хардаа, ганц гох дарах төдийд...” хэмээн буугаа гозолзуулна. Тэгэж тэгэж тасраад унаад өгөхөд нь Мандах бууг нь авч тэр арын талбайд буй модны дор, үртсэнд нуучихаад явжээ.

Хэд хоногийн дараа Сэргэлэн ажил дээр нь ирж хоол идээд гарахад бууг нь хаана нуусныг хэлж өгөв. “Нуусан чинь сайн болсон байна билээ. Баярлалаа” гээд гарчээ. Буугаа асуух л гэж ирсэн болов уу гэж Мандах таамаглаж байв.

Гэтэл удалгүй хотын Тв сувгаар хэдэн хар тамхичид баригдсан ба тэдний дотор монгол оюутан байгаа тухай мэдээ гарчээ. Сургуулиар л нэг шуугиан болж, Сэргэлэнг сургуулиас нь хөөлөө. Хамаг юмаа эмхэлж цэгцлээд буцахад нь хэдэн монгол оюутнууд гаргаж өгсөн юм. Хэдүүлэхнээ нэг хотод аж төрж байж, нэгнээ ийм хэрэгт орооцолдсонд монгол оюутнууд хэн хүнгүй л харуусаж байлаа.

Оюутны 4 жилийн амьдрал тийнхүү дуусаж байлаа. Мандах энэ хооронд айл гэрийн хооронд унаад байх боломжтой хуучин Мицибуши мираж машин 500 доллараар авч унажээ. Соны хамт ойр хавийнхаа газар, суурингуудаар аялж ч үзэв. Сайн суралцсан учир дөрөвдүгээр курсээс сургуулийнхаа захирлын нэрэмжит тэтгэлэг авав. Нэг польш охинтой дотносож ч үзэв. Бас бус юм юм л болжээ. Харин хоёр л зүйл өөрчлөгдсөнгүй. Ресторандаа тасралтгүй 3 жил хагас ажиллав. Рестораны байнгын үйлчлүүлэгчид Мандахыг маш сайн мэддэг больжээ. Бас Сонтой хоёул 4 жил нэг байрандаа амьдарсан байна. Тэр хоёр сайн ойлголцдог байлаа.

Сургуулийн төгсөлт болж, диплом гардуулах ёслол дээр сүлжээ рестораных нь том эзэн ёслолын хувцастай ирчихсэн зогсож байгааг Мандах харжээ. Анх ажилд орсноос хойш жилдээ нэг хоёр удаа л таарч байсан ба мэндлэх төдий өнгөрнө. Нэг удаа ажил нь ямар байгааг асууж байжээ. Ер тэдний салбараар тэр бүр ирдэггүй байсан юм. Баглаа цэцэг тэвэрсэн туранхай солонгос авгай түүнийг сугадаад налан зогсох нь гэргий нь бололтой. Тэр эмэгтэйг харин их л үзсэн царай санагджээ. Магадгүй ресторан дээр нь ирж очиж байсан биз ээ.

Төгсөлтийн ёслолын хамгийн баярт мөч болоход рестораны эзэн эхнэрээ дагуулаад Сон тэр хоёр луу ирэв. Догдолсон сэтгэлгээ ярьж ядан байх ажээ. Сон ч “Аав аа, ээж ээ” гэсээр өөдөөс нь ухасхийн тэврэлдэв. Солонгос эр, эм хоёр зэрэг зэрэг нулимс мэлмэрүүлж, “Хүүгээрээ маш их бахархаж байна” гэв. Энэ бүхнийг харсан Мандах мэл гайхжээ. Дөрвийн дөрвөн жил Сон тэр ресторанд яг л өөр шиг нь цалин авч, өөр шиг нь л ажиллаж байсан шүү дээ. Аавынх нь ресторан байсан аваас арай өөр байх ёстой биш үү? Сонд ямар нэгэн давуу эрх байгаагүй, бүр өчүүхэн ч байгаагүй шүү дээ. Яг л хэн нэгэн хөлсний цагаач шиг ажиллаж байсан. Бүр нэг удаа аргагүйн эрхэнд 30 минут хоцорчихоод, ажлаа алдахгүйн тулд менежерээ гуйж гувшиж байхыг нь Мандах мэдэх билээ. Гайхалтай сонин эцэг, хүүхдүүд, гэр бүл байх ажээ. Сэргэлэн хэрвээ тэднийг харвал шоолон, элгээ дарж унах биз.

Эцэг Сон ангайтлаа гайхан зогсох Мандах руу ирээд, “Чамд ч бас баяр хүргэе. Мандах аа. Чи гайхаж байх шиг байна. Аргагүй байх. Би хүүдээ нэг талаас жаахан хатуу хандсан байж магадгүй. Гэхдээ би хүүгээ хүчтэй, тэвчээртэй хүн болоосой л гэж хүссэн юм. Чи үүнийг ойлгоно оо. Би чамайг ч бас харж байлаа. Чи бас сайн байсан шүү. Та хоёр энэ хэдэн жилд нэг нэгнээ маш сайн ойлгож, итгэж, таньж чадсан. Та хоёр цаашид улам сайхан нөхөрлөөрэй. Энэ он жилүүдэд Мандах, чи миний хүүтэй адил санагдаж байв. Чамд сургуулиа амжилттай төгссөнд чин сэтгэлээсээ баяр хүргэе” гээд тэвэрчээ.

Төгсөлтийн ёслолын дараа Соны гэрт очицгоов. Гэтэл тэднийх Сон тэр хоёрын суудаг байсан дотуур байрнаас төдий холгүй, тунчиг тансаг харшид амьдардаг байжээ. Дөрвөн жилийн хугацаанд Сон нэг ч удаа гэр лүүгээ гүйж байсангүй. Мандахад аавыгаа өндөр шаардлагатай, хатуу, гэхдээ ухаантай, ээж нь аавынх нь үйлдэл бүхнийг машид хүндэтгэн дагадаг гэж ярьж байжээ. Хаана байдгийг нь асуухад “Эндээс их хол оо” гэдэг байв. Сон хааяа ээжтэйгээ дүрсээ хараад ярина. Анх хараад үзсэн царай санагдаад байсан нь ийм учиртай ажээ.

Өдий хүртэл Соны аав, ээжийг алс Солонгост л гэж тэр болтол Мандах итгэж явжээ. Сон бас зун, өвлийн амралтаар Мандах шиг явдаггүй, ажлаа л хийдэг байсан юм. Гэтэл Соны аав ээж нь дотуур байрнаасаа бараг явган гүйгээд хүрчих газар л амьдарч байсан байна шүү дээ. Нэг бодлын тэвчээр, хүйтэн хөндий сэтгэл. Хэрвээ Мандахын аав ээж ийм ойрхон амьдарч байсан бол яаж л өдөр бүр гүйж очин, эрхэлж байх байсан бол?.

Анх ажилд орохоор ярилцлага өгч байхад хөшүүн муухай ааштай санагдсан тэр солонгос хөгшин эр харин ч илэн далангүй, халуун бүлээн сэтгэлтэй нэгэн байв. Жаахан халамцаад, ширээний ард Мандахтай олныг ярьж суужээ.

“Би ганц хүүтэй хүн. Ганц хүүгээ амьдралаа өөрөө аваад явах чадалтай болгох гэж л энэ бүхнийг сэдэж хийсэн юм. Эс тэгвэл энэ маань хожмоо өөрөө л зовох болно. Бид ч сэтгэл түвшин энэ хорвоог орхиж чадахгүй. Хүү маань сургуулиа ч амжилттай төгслөө, тэр бол өөрийнх нь хүсэж суралцсан сургууль байлаа. Бас өөр нэгэн их сургуулийг амжилттай төгслөө. Тэр сургууль бол аавынх нь хүсэж оруулсан сургууль байлаа. Нэрийг нь Амьдралын их сургууль гэдэг юм. Чи ойлгож буй байх аа. Чи ч бас манай хүүтэй зэрэгцээд тэр сургуульд суралцсан, сайн ч суралцлаа. Би чамайг ажиглан харж явлаа. Чамд сайхан ирээдүй байгаа, хүү минь. Надад юу л байна, туршлага л байна. Би худлаа хэлэхгүй. Хэрвээ хэн нэгний туслалцаа дэмжлэг хэрэгтэй бол миний хүү Сонд хандаарай. Тэр чиний итгэлийг хэзээ ч хөсөрдүүлэхгүй байж чадна гэдгийг аав нь батлан хэлж чадна. Та хоёр сайн найзууд байж чадна аа. Чи намайг юу гэж бодох чинь хамаагүй. Би өөрийгөө хоёр хүүтэй л гэж бодож явна” гэж ярьжээ. Эхнэр нь тэр хоёрын дэргэд суугаад эр нөхрөө бахдал дүүрэн харцаар харж, “Хар л даа, би ийм эр нөхөртэй хүн шүү” гэх шиг Мандах руу тормолзоно. Мандахыг бас “Хүү минь” гэж дуудаж байв.

Сон хоёул хэд хоног тэднийд амарч, төгсөлтийн аяллыг Канад руу хийв. Тэр бүх зардлыг эцэг Сон гаргажээ. Мандах дөрвөн жил очоогүй эх нутаг руугаа, уулзаагүй ээж аав, дүү нар луугаа яарч байлаа.

О’Харагийн онгоцны буудал дээр аав, ээж, хүү Сонууд түүнийг гаргаж өгөв. Халуун дотноор тэврэлдээд эргэх гэтэл эцэг Сон гараас нь татаад, “Багыг нь аавдаа өгөөрэй. Томыг нь монголдоо очоод задлаарай” гээд том бага хоёр хайрцаг өгөв. Ээж нь мөн “Ээждээ өгөөрэй” гээд бүр жижигхэн хайрцаг өгчээ.

Мандах эх орондоо нүүр дүүрэн инээмсэглэсээр буув. Тэр сайн суралцсан, хаана ч хэнд ч гологдохооргүй мэргэжилтэн болсон. Бас ажиллах, бүтээх урам зориг дүүрэн байв. Гол нь тэр энэ хорвоод сайн санаатай, сайхан сэтгэлтэй атлаа хүчирхэг байдгийг харж мэдэрсэн, тиймээс амьдралд юу ч болж байсан нугаршгүй хэмээн өөртөө бат итгэлтэй байсан юм. Энэ амьдралд эцэг Сон шиг хүчирхэг хүмүүс байдгийг тэр нүдээрээ харсан билээ.

Аав, ээждээ эрхэлж, нялхарч хэд хонов. Эцэг Соны өгсөн том хайрцагтайг нээсэнд “Эрхэм хүндэт гүн дотнын Мандах минь ээ. Бидэнтэй хамтран зүтгэж, бидний бүтээсэн бизнес, соёлын орон зайг өөрийнхөө давтагдашгүй үнэ цэнээр баяжуулж, бидний ажилд үнэлж баршгүй тус болсон төдийгүй бидний зүрх сэтгэлд мартагдашгүй дотно дурсамж үлдээв. Дөрвөн жилийн турш бидэнтэй хамтран итгэлтэй, идэвх зүтгэлтэй хөдөлмөрлөсний тань хөдөлмөрийн хуримтлалыг сайхан сэтгэлийн үүднээс хүлээн авна уу?” гэсэн захидлын хамт 4 526 доллар байжээ. Захидлыг уншаад даруй Сон руу залгаж ярьжээ.

Мөн жижиг хайрцгийг аав нь нээсэнд “Эрхэм хүндэт Таны хүү Мандах болон миний хүү Сон хоёрын нөхөрлөл та бид хоёрыг ч мөн эчнээгээр сайн анд нөхөр болгосон гэдэгт итгэлтэй байна. Таны адил хүмүүс орчлон дэлхий дээр олон байдагт гүнээ талархаж явдаг билээ. Танд аз жаргалыг чин сэтгэлээсээ хүсэн ерөөсөн Сон” гэсэн захидлын хамт дарсны бөглөө онгойлгогч гарч иржээ. Нэн тансаг нарийн хийцтэй, үнэ цэнэтэй эд байлаа. Харин ээжид нь сувдан шигтгээтэй цагаан алтан ээмэг, бөгж, зүүлтний хослол иржээ.

Мандах намраас гадаадын хөрөнгө оруулалттай нэгэн компанид ажилд оров. Компани нь улс дамнасан худалдаа, гэрээ хэлцэл хийх зэрэг ажлын шаардлагаар харьяа Яамтай харьцана. Нэг удаа компанийн худалдаа эрхэлсэн захирал нь ихэд бухимддуу Мандахын өрөөнд орж ирэв. Яамны асуудал хариуцсан газрын дарга зүй ёсоороо явах ажлыг зориуд гацааж, ингэснээр компанид нь багагүй хэмжээний хохирол учирхаар болжээ. Ердөө л авлига. Ил тод нэхээгүй ч үйлдэл нь тодорхой. Цагдаа, шүүх, АТГ гэж явбал цаг алдана. Цаг алдвал компани хэдэн зуун саяар тогтохгүй том хохино. Тэгэхээр тэр хэрчээ, цавчээ гэж өхөөрдөж нэрлэдэг тогтчихсон хувийг нь өгөөд л ажлаа амжуулахаас аргагүй болсон байлаа.

Тиймээс яамны газрын даргатай нууцаар уулзах газар, цагийн тохироо хийлгэхээр Мандахыг явуулахыг хүсжээ. Захирал нь сүүлийн долоо хоногийн турш өдөр бүр яамаар эргэлдсэн учир хүмүүст сэжигтэй харагдаж магадгүй хэмээн болгоомжилж байгаа ажээ. Мандах бол шинэ хүн учир хэн ч анзаарахгүй. Захирал нь газрын даргатай маш нууц газар уулзаад өнөөх нэхэж буй авлигыг нь өгч, ажлаа бүтээх юм гэнэ. Тэрхүү болзооны талаар утсаар ярьж огтоос болдоггүй аж. Гагцхүү Мандах газрын даргатай уулзаад хаана хэрхэн уулзах талаар биеийн хэл, далд утга бүхий яриагаар ойлгуулах юм байна. Ийм мэт тусгай хэл яриа нэгэнт бий болжээ. Түүнийг ээ “Чад хэл” гэдэг гэнэ. Чад нь Төв Африкийн авилгалд идэгдэн уруудаж доройтсон нэгэн улс билээ. Өөрөөр хэлбэл авлигалын орчинд ойлголцдог тусдаа хэл монголд нэгэнт бий болжээ. Үүнийг сонсоход Мандахад эх орондоо биш, харь гаригт ирсэн мэт санагдаж байлаа.

Ингээд Мандах яаманд очиж, газрын дарга Б.Сэргэлэн гэсэн өрөөний хаалга татаад орж явчихав. Гэтэл тэнд жилийн өмнө хар тамхины хэргээр сургуулиасаа хөөгдөөд нутаг буцахад нь гаргаж өгч байсан Сэргэлэн сууж байх нь тэр.

Эхлээд Мандах нүдэндээ итгэсэнгүй. Сэргэлэн ч инээд алдсаар, гараа алдлан босож ирэн, түүнийг тэврэн авав. Мандахийн хариу тэврэлт хүйтэн, ёс төдий байгааг өөрөө анзаарчээ. Компанийн ажилтны хувьд уулзалт нэн амжилттай болов. Сэргэлэн түүнийг ямар ажлаар явааг нь мэдмэгц, бугуйн дээр нь гараа нөхөрсгөөр тавьж, “Ямар ч асуудалгүй” хэмээн инээгээд, шүүгээнийхээ нүдийг татжээ.

Сэргэлэнтэй уулзаж суухад ч, гараад ажил руугаа явж байхад ч “Яагаад, яагаад Монголд ийм байгаа юм бэ? Үүнийг яах ёстой юм бэ? Монголчууд бид үүнийг яагаад ямар ч асуудал байхгүй мэт үзэж байна вэ? Бүр дасан зохицсон мэт байх нь гашуун биш гэж үү? Бид эвлэрэх ёстой юу? Эсвэл...???” гэсэн нэг асуулт Мандахын цээжний гүнээс хариу нэхэн хангинаж байлаа.

Б.Номинчимэд

2020.12.10

скачать dle 12.0

Санал болгох

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?