📅

Үндсэн хуульд орох онцлох гурван өөрчлөлт

🕔 2023/05/03 09:18

Үндсэн хуульд орох онцлох гурван өөрчлөлт
Засгийн газраас боловсруулсан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг парламент удахгүй хэлэлцэх товтой байна.  Хуулийн төслийг МАН-ын бүлэг дэмжиж, ирэх зургадугаар сарын 20-ноос өмнө өөрчлөлтийг хийх нь зүйтэй гэж үзсэн. Харин АН хуулийн зарим заалт дээр зарчмын зөрүүтэй санал гаргасан бол ХҮН-ынхан яаралтай өөрчлөн баталъя гэдэг байр суурьтай байна. Тэгэхээр энэ хаврын улс төрийн бас нэг гол сэдэв нь яах аргагүй Үндсэн хуулийн өөрчлөлт байх нь. Эрх баригчид 2019 онд  Үндсэн хуульд томоохон өөрчлөлтийг хийж байв.   Үүний дараа 2022 онд буюу ердөө жилийн өмнө Үндсэн хуулийг өөрчилж, “давхар дээл”-тэй холбоотой заалтыг хүчингүй болгосон байдаг.  Харин энэ удаа ямар өөрчлөлт оруулж ирсэн нь анхаарал татаж буй. Засгийн газраас боловсруулсан Үндсэн хуулийн төслөөс гурван өөрчлөлтийг онцлоход,


1

УИХ-ын төлөөлөх чадварыг сайжруулна хэмээн үзэж гишүүдийн тоог нэмэх санал оруулжээ.  Тодруулбал, Үндсэн хуулийн хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д Улсын Их Хурал нэг танхимтай байна. УИХ-ын  гишүүдийн 76-г мажоритар, 76-г пропорциональ аргаар сонгоно” гэсэн өөрчлөлт хийхээр тусгажээ.  Үндсэн хуульд энэхүү өөрчлөлтийг оруулснаар ирэх сонгуулийн үр дүнгээр парламент 152 гишүүнтэй болох нь. 1992 онд Үндсэн хуулийг батлахад 120 гишүүнтэй байх санал гаргаж байсан ч нөгөө хэсэг нь 51 байх ёстой хэмээн үзэж, дундажлаад 76 гишүүнтэй баталсан.  Мөн 2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад гишүүдийн тоог нэмэгдүүлэх асуудал яригдсан ч АН-аас зарчмын зөрүүтэй санал гаргаж, байнгын хороон дээр энэ санал дэмжигдээгүй.  Харин энэ удаа парламентад суудалтай МАН, АН, ХҮН болон бусад улс төрийн намын төлөөлөл ч гишүүдийн тоог 152 байх дээр санал нэгдсэн гэдэг мэдээлэл бий. Төрийн ордонд ч энэ тухай яриа гарч, гишүүдийн тоо 152 болвол нэг өрөөнд хоёр гишүүн суух хуваарилалтыг хийнэ хэмээн яриад эхэлсэн билээ.

 


2

Үндсэн хуулийн төсөлд сонгуулийн тогтолцоог холимог болгох асуудлыг тусгажээ.   Ингэснээр парламентын сонгууль бүрийн өмнө хуулиа өөрчилж, тоглоомын дүрмийг дураараа зохиодог асуудал байхгүй болно гэж үзсэн байна.   Н.Энхболд гишүүнээр ахлуулсан ажлын хэсгээс мөн Сонгуулийн тухай хуулийг өргөн барьж, парламент хэлэлцэж эхэлсэн. Тус хуулийн төсөлд ч  сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахаар тусгаад байгаа юм. Хууль санаачлагчид гишүүдийн 50 хувийг санал хураалтаар, 50 хувийг жагсаалтаар сонгоно гэж танилцуулсан бол АН энэ харьцааг парламентыг тогтворгүй байдалд хөтөлж мэднэ хэмээн үзэж,  60:40 байх нь зүйтэй гэсэн санал гаргасан.   Үндсэн хуулийн төсөлд энэхүү заалт орж ирснээр Сонгуулийн тухай хуулийн хэлэлцүүлэг түр хойшилж,  Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг шийдсэний дараа түүнд нийцүүлэн өөрчлөх нөхцөл байдал үүсэх юм. 


3

Хүний үндсэн эрхийг хангахтай холбоотой асуудлыг хянах, хүний үндсэн эрхийн зөрчлийн асуудлыг хянах чиг үүргийг Үндсэн хуулийн Цэцэд хамаатуулахаар заажээ.  Тодруулбал, Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д Үндсэн хуулийн цэц Үндсэн хуульд заасан иргэний эрх, эрх чөлөөг зөрчсөн тухай маргааныг уул эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзэж байгаа иргэний өргөдлөөр  хуульд заасан үндэслэл, журмын дагуу магадлан шийдвэрлэж эцсийн шийдвэр гаргана” гэсэн өөрчлөлтийг оруулж ирсэн байна. Түүнчлэн төвлөрөлийг сааруулах хүрээнд төрийн эрх барих дээд байгууллага оршин сууж байгаа газрыг нийслэл гэнэ гэж хуулийн төсөлд тусгаад байна. Өмнө нь төрийн дээд байгууллага байгаа газрыг нийслэл гэнэ хэмээн Үндсэн хуулийн 13 дугаар зүйлд заасан байдаг.  Үүнээс үүдээд шүүх, прокурор өөр аймагт байрлах боломжгүй болсон асуудал байгаа учраас цаашид төвлөрлийг сааруулахын тулд төрийн байгууллагуудыг задлах ёстой гэсэн байр сууринаас уг заалтыг оруулжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 3. ЛХАГВА ГАРАГ. № 88 (7073)

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?