Пакистаны сүмд халдлага үйлдсэний улмаас олон хүн амиа алджээ
ИСЛАМАБАД. /Dawn/. Пакистаны баруун хойд нутгийн Хайбер-Пахтунхва мужийн Пешавар хотын сүмд дэлбэрэлт болсны улмаас 59 хүн амиа алдаж, 157 хүн шархадсан гэж тус улсын "Dawn" сонин эмнэлгийн төлөөлөгчийн мэдэгдлээс эш татан мэдээлэв.
Пакистаны Үндэсний аюулгүй байдлын албаныхны мэдээлснээр, уг сүмд үд дундын мөргөлийн үеэр амиа золиослогч этгээд тэсрэх бөмбөг дэлбэлсэн байна. Дэлбэрэлт болох үед сүмд 500 орчим хүн байсны ихэнх /300 орчим/ нь цэргийн болон цагдаагийн алба хаагчид байжээ.
Халдлагын хариуцлагыг Пакистанд хориглосон "Tehreek-e-Taliban Pakistan" (Пакистаны талибуудын хөдөлгөөн) өөртөө хүлээсэн гэж "Geo TV" сувгаар мэдээлсэн байна.
Пешаварын эрх баригчид хотын бүх эмнэлэгт эмнэлгийн тусламж үйлчилгээний чиглэлээр онц байдал зарлаж, мөн аврах байгууллагуудад яаралтай тусламжаа эрчимжүүлэхийг даалгасан байна.
Хэт давруу үзэлтнүүдийн “ТТР” бүлэг Пакистаны Засгийн газартай 2022 оны зургаадугаар сард байгуулсан түр эвлэрлийн гэрээгээ цуцалж буйгаа 2022 оны 10 дугаар сард мэдэгдсэний дараа Хайбер-Пахтунхва мужийн байдал эрс хурцаджээ.
Д.ОдонЭХ сурвалж: "Монцамэ" агентлаг
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих