📅

Аймгийн Засаг дарга А.Энхболд FM 104.5 радиогийн “ААВЫН ХАЙР” нэвтрүүлэгт оролцлоо

🕔 2016/06/06 13:07

ЭВИЙ МИНЬ ГЭЖ ТА ХҮҮГЭЭ ЭВИЙЛЭХДЭЭ ЭРХЛҮҮЛЖ ӨСГӨСӨН Ч ТА МУУ ХҮН БОЛГООГҮЙ

ХАЙРТАЙ ГЭДЭГ ҮГИЙГ ҮРГЭЛЖ ХЭЛЭЭГҮЙ Ч

ХАРЦНААС ТАН МЭДЭРДЭГ

БИ ААВТАЙ ХҮН... 

Гэр бүлийн радио 104.5-ын "Аавын хайр” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболд оролцож аавынхаа тухай болон гэр бүлийнхээ тухай ярилцаа. Энэхүү нэвтрүүлгээрээ гэр бүлийн ноён нуруу болсон аав хүний талаар ярилцаж тэднийг ямар чухал хүн болохыг дурсдаг билээ. Бас олон сайхан аавууд нэвтрүүлэгт маань зочилдог. Энэ удаад нэвтрүүлгийн хүндтэй зочноор аймгийн Засаг дарга ноён Агвааны Энхболд оролцож байна.

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Бидний урилгыг хүлээн авч эрсэн баярлалаа.

-          За баярлалаа. Гэр бүлийн радио 104.5-ын хамт олон та бүхнийг энэ сайхан "Аавын хайр” нэвтрүүлэгтээ урьж оролцуулсанд талархаж буйгаа илэрхийлье.

IMG 0889

 

Та өөрийнхөө тухай болон гэр бүлийнхээ талаар танилцуулаач?

-          Миний сэтгэл их хөдөлж байна. Би Дархан хотод төрж өссөн. Дархан хот байгуулагдсаны 55 жилийн ой 2016 онд тохиож байна. 55 жилийн түүхэндээ Дарханд төрж өссөн Засаг дарга, хотын захирагч байгаагүй, анхны хүн болсондоо өөртөө туйлын их баяртай байгаа. Үүнийгээ дагаад маш том үүрэг хариуцлага надад оногдож байна. Өнөөдөр энэ сайхан хотдоо аавынхаа тухай ярих болсондоо маш их баяртай байна. Миний хүүхэд насны дурсамж энэ хоттой салшгүй холбоотой. Монгол орны маань өнцөг булан бүрээс илгээлтийн эзэд ирж, энэ хотыг байгуулж байсан гэдгээрээ онцлогтой. Миний аав ээж хоёр сургуулиа төгсөөд Дархан хотод ирсэн.

Дарханд ОХУ, Болгар, Чех, Герман, Польш Унгар гэсэн зургаан улсын тусламжтайгаар үйлдвэрүүд байгуулагдсан байдаг. Тэр үед жинхэнэ томоохон бүтээн байгуулалтууд бий болж, сум бүрт газар тариалан, атрын аян өрнөж байсан. Хөдөлмөрчдийн дундаас ч олон сайхан Хөдөлмөрийн баатрууд төрсөн жинхэнэ ажил хөдөлмөр өрнөсөн, үйлдвэрийн залуус бужигнасан, олон орны мэргэжилтнүүд зааж сургасан үе байсан гэдэг. Энэхүү Найрамдлын сайхан хотод би төрснөөрөө маш их бахархдаг. Бидний хэлдгээр Шинэ хорооллын гуравдугаар байранд төрж өссөн. Тэнд миний хүүхэд насны дурсамж өнгөрсөн. Мөн Шинэ хороолол буюу одоогоор 11 дүгээр багт орших 9 дүгээр сургуулийг төгссөн. Миний бодлоор эргээд харахад хүн гэдэг дурсамжаараа л амьдардаг юм шиг. Ямар нэг эд хөрөнгийг цуглуулахаас илүүтэйгээр гэр бүл, найз нөхөдтэйгээ өнгөрүүлсэн сонирхолтой, гунигтай, сэтгэл хөдөлгөсөн дурсамжтай мөчүүдээрээ тэжээгдэж, сэтгэлээ баясгаж байдаг. ингээд Дарханчуудтайгаа дурсамжаа хуваалцаж яриад сууж байгаа нь таатай байна.

Эхнэр хүүхдээ танилцуулаач. Анх аав болж байсан дурсамжаас тань хуваалцмаар байна?

-          Эхнэр, дөрвөн хүүхэдтэй. Миний эхнэр Дарханы унаган охин. Хонгорзул гэж сайхан эмэгтэй байгаа. Хамгийн бага хүүхэд маань хүү. Одоо 10 сартай учраас гэртээ хүүгээ асарч байна. Миний хүүхдүүд бүгдээрээ Дархан хотод төрж, өссөн. Том охин маань оюутан болсон. Багаасаа зурах, дуртай байсан сонирхлынхоо дагуу Их Британид Хувцасны загвар зохион бүтээгч мэргэжлээр суралцаж байна. Энэ жил төгсөнө.

Эхнэрээ хөл хүнд болсон гэдгийг мэдээд ямар сэтгэгдэл төрж байв?

-          Маш их уярч байсан. Залуу ч байж. Залуу байсан гэхээр одоо өндөр настай болоогүй л дээ. Гэхдээ одоог бодвол 20 настай залуу байлаа. Өнөөгийн залуусыг харж байхад амьдралыг үзэж, тунгааж бас мэргэжил мэдлэгээ сонгож байж гэр бүл зохионо гэдэг болж. Бидний үед арай өөр байлаа. Сэтгэлийг хамгийн түрүүнд тавина. Охинтой боллоо гээд хязгааргүй их баярласан. Түүнээс хойш одоо дөрвөн хүүхдийн аав болсон байна. Амьдралыг арай өөр нүдээр харна. Эргээд бодоход амьдралдаа алдаж, оносон янз бүрийн л асуудлууд байна. Бидний хэлдгээр хуучин Дарханд Төрөх эмнэлэг байдаг байсан. Тэнд том охин минь төрсөн. Тэр үеийн удирдлагуудын буруу шийдвэрээр хувьчлагдаж одоо өөр үйл ажиллагаа явагддаг болсон.

Хүүхэд бүр зан араншингийн хувьд ондоо. Нэг хүүхэдтэй байх, хоёр гурав дахь хүүхдүүд төрөхөд аав хүний гэр бүл дэх үүрэг улам ихэснэ. Хариуцлага нэмэгдэх байх. Би нэг охинтой. Охиноо төрсний дараа л аав хүний сэтгэлийг ойлгож эхэлдэг юм шиг. Түүнээс өмнө бол юу ч боддоггүй байж гэж бодогддог. Энэ тухай таны бодол?

-          Би дээр дурдсандаа залуу насандаа гэр бүлтэй болсон. Ганц бие явах, гэр бүлтэй болох, дараа нь аав болох маш их ялгаатай. Аав болсон хүнд маш том үүрэг хариуцлага ирдэг. Насны хувьд ямар нэгэн өөрчлөлтгүй ч ухаан нь тэс өөр хүн болж хувирдаг. Өчигдөрхөн доргиж цэнгэж явсан бол маргааш нь аав боллоо гэж бодоход маш их ухаарал ирдэг. Би одоо аав боллоо шүү. Үр хүүхдээ тэжээж, боловсролтой хүн болгох хэрэгтэй. Эхнэрээ сайхан асарч халамжлах ёстой, гэр бүлээ авч явна. Энэ бүхнийг хийхийн тулд ажиллаж хөдөлмөрлөх хэрэгтэй гээд маш том үүрэг хариуцлагатай болдог. Ер нь маш их ухаан тэлж өөрчлөгддөг гэж би өөрийнхөө амьдралаас харж байна даа.

"Аавын хайр” нэвтрүүлэгт аавууддаа зориулж хүүхдүүд нь мэндчилгээ дэвшүүлдэг уламжлал болсон нэг хэсэг байдаг. Тэдгээр мэндчилгээг сонсож байхад нэг зүйл ажиглагддаг. Ааваасаа хол, хамт байх боломж хомс байдаг хүүхдүүд ихэвчлэн мэндчилгээ өгдөг. Энэ нь аавууд гэр бүлээ тэжээхийн тулд цаг наргүй ажилладаг, нөгөө талаас гэр бүлдээ зарцуулах цаг шаардлагатай байна гэдгийг харуулж байна. Энэ асуудалд таны байр суурийг сонсмоор байна?

-     Мэдээж аав хүнийг юутай ч зүйрлэх аргагүй. Монгол хувцсаар зүйрлэвэл аав хүн дээл нь. Яагаад гэвэл дээл цас бороо, салхи шуурга бүгдээс хүнийг хамгаалж байдаг. Тэр утгаараа аав хүн үр хүүхдээ сайн сайхан амьдралд хүргэхийн төлөө бүх эрсдэлийг өөртөө үүрдэг. Аав хүний сэтгэл, ухаан гэдэг үр хүүхдийнхээ эрүүл энх, сайн сайхны төлөө зүтгэж өөрийгөө бүхний хойно тавьдаг, асар их хаттай хүмүүс юм.

Та гэр бүл, хүүхдүүддээ цаг зав хэрхэн гаргадаг вэ?

-          Цаг зав гаргахыг, хамт байхыг их хичээдэг. Хааяа ажлын шаардлагаар цаг гаргаж чадахгүй байх тохиолдол байна.

Удирдах албан тушаалд ажиллахаар цаг зав их бага байдаг байх?

-          Заавал удирдах албан тушаалд ажиллахдаа биш, аль ч салбарт жолооч, багш, эмч, цахилгаанчин, гагнуурчин гээд ямар ч ажил эрхэлсэн бүгд л тухайн ажилдаа цаг  их зарцуулдаг. Гэхдээ бүгд л үр хүүхэд, гэр бүлдээ цаг заваа зарцуулахыг боддог. Тийм ч учраас Дэлхийн гэр бүлийн өдрийг тавдугаар сарын 15-ны өдөр Аз жаргалтай гэр бүл уриан дор тэмдэглэхийг анх удаа санаачилж, Дархан хотдоо иргэдэд чиглэсэн, тэднийг оролцуулсан арга хэмжээг зохион байгууллаа. Тэр өдөр иргэдийг тайван амгалан орчинд гэр бүлийн өдрийг тэмдэглүүлэхийн тулд Дархан хотын төв хэсгийн авто замын хөдөлгөөнийг хориглосон. Ялангуяа одоо танай радиогоор бидний ярилцлагыг сонсож буй хүмүүсийн ихэнх нь жолооч нар байгаа. Тэд зарим нэг талаар бухимдалтай хүлээж авсан байх. Яагаад гэвэл нэг өдрийн ч гэсэн орлого нь тасалдах асуудал гарсан байх. Гэхдээ тавдугаар сарын 15-ны өдөр бүтэн сайн өдөр тохиосон учраас зоримог шийдвэр гаргасан. Энэ өдөр авто машин барьдаг, хөдөө явдаг хүмүүс гэр бүлдээ цаг зарцуулна шүү дээ. Би өөрөө тэр өдөр замаар алхаж ажлаа амжуулсан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч манай аймагт ажлын тайлангаа тавьсан. Энэ үеэр авто замын голоор айх аюулгүй дугуйгаа унаад явж буй олон хүүхдүүдтэй, хүүхдээ тэрэгтэй нь түрээд явж буй аав, ээжүүдтэй таарсан. Ингээд гэр бүлдээ, дотны хүмүүсдээ нэг өдөр ч болов цагаа зарцуулж байгаа юм. Энэ өдөр Дархан 50 цогцолборт урлагийн тоглолт хийх, олуулаа нийтийн биеийн тамираар хичээллэх зэрэг олон ажлуудыг зохион байгуулсан. Дарханчууд маань идэвхтэй оролцсон.

Мөн Дархан марафонд 1700 орчим, Аз жаргалтай гэр бүл өдөрлөгийн өглөөний Нарны алхалт хийхэд 800 орчим иргэд идэвхтэй оролцсон. Энэ бүгдээс бид гэр бүл үр хүүхдүүддээ цагаа өөрсдөө зохицуулж гаргах хэрэгтэй. Мэдээж бүгд л ажилтай. Ажилтай, завгүй гээд байвал гэр бүлдээ цаг зарцуулж чадахгүй. Тэгэхээр хувийн зохион байгуулалттай байж, гэр бүлдээ цагаа зарцуулах ёстой. Би ч тэрийг маш их эрхэмлэдэг. Аль болох үр хүүхдүүдтэйгээ тоглох, хамт ном уншихыг хичээдэг. Хүүхдүүддээ үлгэрийн ном их авдаг. Орой унтахад нь уншиж өгнө. Дунд охин маань эхлээд ном уншиж өгөхөд сонирхохгүй байсан. Одоо том болоод тавдугаар ангид орсон чинь нэгдүгээр ангийн дүүдээ үлгэр уншиж өгдөг болсон. Ингээд бодохоор миний хийж байсан үйлдэл зөв болж гэж бодож байгаа. Яагаад гэвэл миний охид ирээдүйд ээжүүд болно. Тэр үед үр хүүхдүүддээ ном уншиж өгнө. Ингэхээр сайн үйл удамшиж байна гэсэн үг. Дээр нь хүүхдүүддээ хуруундаа хийгээд тоглодог үлгэрийн баатруудтай, жижиг үлгэрийн тайзтай тоглоом авсан. Тэр тайзан дээрээ ардын үлгэр ярьж өгөхөөс гадна өөрөө үлгэрээ зохиогоод жүжигчилсэн тоглолт үзүүлдэг. Сүүлдээ зохиосоор байгаад ярих үлгэргүй болчихсон.

13288397 10204876137503206 281430538 o

 

Хамт байгаа ч байхгүй байгаа юм шиг аавууд бас байна. Удирдлага бариад суучихдаг, эсвэл өөр юм хийгээд хүүхдүүддээ төдийлөн анхаарал тавьдаггүй хүмүүс байдаг?

-          Би бол тэгж хэлмээргүй байна. Аав хүн бол гэр бүлийн ноён нуруу, түшиг тулгуур. Аав хүн бол маш их орон зайг эзэлдэг. Тэр хүн тухайн үедээ телевизороор дуртай зүйлээ үзэлгүй яахав, дуртай ажлаа хийлгүй л яахав. Гэхдээ гэр бүлийн радиог сонсож байгаа манай Дарханчууд бодож л байгаа байх. Аав нь гэртээ байхгүй хоёр хоноход ямар байдаг билээ. Маш их үгүйлэгддэг шүү дээ. Аав нь зүгээр сууж байсан ч сайхан байдаг. Тэгэхээр нэг, хоёр өдөр долоо хоног, сараар томилолтоор явдаг аавууд байдаг. Тэдний хүүхдүүд бол сайн мэднэ. Аав нь байхгүйд ямар байдаг билээ. Орон зай нь хоосордог.

Солонгос улс руу, говь руу эрчүүд маань мөнгө олохын тулд ажил хийхээр их явж байна. Нөгөө талаар үр хүүхэд, гэр бүл орхигдоод байдаг. Тиймээс таны бодлоор алийг нь нэгдүгээрт тавих ёстой вэ?

-          Дээр би хэлсэн. Ер нь бол аавууд эрсдэлийг үүрдэг. Олон үүргүүдийн нэг бол гэр бүлээ тэжээх ёстой.

Гэтэл гадаад руу маш удаан хугацаагаар явж байна. Үүнээс болоод эхнэр нөхрийн харилцаанд ч ан цав сууж салахад хүрч байна?

-          Ингээд яривал улс орны эдийн засаг, ажлын байр гээд олон асуудлууд сөхөгдөнө. Энэ талаар их зүйлийг ярих болно. Ер нь Монгол улсын хувьд ч, дэлхийн хэмжээнд санхүү эдийн засгийн байдал хүнд байна. Сүүлийн үед үнэхээр хямралтай хэцүү байна. Ажлын байр нь хэд билээ, авдаг цалин ямар билээ. Орон нутгаа удирдаж байгаа удирдлагууд, төр засгийн зүгээс бодлогын түвшинд ажлын байр нэмэгдүүлэх ёстой, цалин хөлсийг нь амьдралаа аваад явах хэмжээний нэмэгдүүлэхийг төлөвлөж ажил хэрэг болгох ёстой. Тэр хүмүүст буруу өгөх арга байхгүй. Яагаад гэвэл энд ажлын байр нь алга. Хань үр хүүхдийнхээ хажууд халуун дулаан байхыг хүсдэггүй аав хүн гэж мэдээж үгүй. Тэр хүн өөрийнхөө төлөө яваагүй. Гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө нэг сайхан байртай, авто машинтай болоё, үр хүүхдээ сургуульд оруулъя, хүнээс дутахгүй мэдлэг эзэмшүүлье гэдэг сэтгэл нь байгаа учраас холыг зорьж байна. Гадаадад авдаг цалин нь арай өндөр байна. Тэгэхээр амьдралын төлөө гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө явж байгаа учраас үр хүүхдүүд нь бас аав минь намайг тоохгүй, анхаарал хандуулахгүй байна, ирэхгүй байна гэж бодох бус ойлгох нь чухал. Аавын сэтгэлд үр хүүхдээ гэсэн маш том ухаан, сэтгэл, хайр явж байдаг. Үүнийг сайн ойлгож аавуудыгаа хайрлаарай гэж хэлмээр байна.

Таны аавын талаар яриагаа үргэлжлүүлье. Агваан гэж их сайхан бөх хүн байсан гэж сонссон?

-          Миний аав их сайхан Монгол эр хүн. Дарханчууд мэднэ. Намайг Дарханчууд Агвааны Энхболд гэж нэрлэдэг. Энхболд гэхээс илүү Агвааны Энхболд гэдгээр нь илүү олон хүн танина. Би ийм сайхан ааваараа овоглосон. Аав хүний нэр бол бүх үр хүүхэдтэй нь хамт явдаг. Тиймээс аавынхаа нэртэй, ааваараа овоглосон их сайхан бахархалтай зүйл хийхийг хүсдэг. Аавынхаа захиас, ухааныг өвлөж, үр хүүхдэдээ удамлуулж, зөв хүн явж олон сайхан хүнд ухаарал хайрлаж сайхан амьдаръя гэдэг л хүсэлтэй. Миний аавыг Дарханчууд бөх гэдгээр нь сайн мэднэ. Үндэсний бөхийн спортоор хичээллэдэг, арслан цолтой, ухаантай дөлгөөхөн, гүндүүгүй сайхан эр хүн байсан. Архангай аймгийн Жаргалант сумын харьяат. Залуу, халуун насандаа Дархан хотын бүтээн байгуулалтад гар бие оролцож явсан. Худал хэлж, хулгай хийж болохгүй зөв хүн байгаарай, олонтойгоо яваарай гэж надад захидаг байсан. Аавынхаа тэр сургаал хүмүүжлээр захиасыг нь биелүүлж сайн явж, Дархан хотын захирагч, аймгийн Засаг дарга болсон нь аавын минь бас надад олгосон хүмүүжлийн ач гэж боддог. Хүмүүжил гэдэг бол ямар ч боловсролоос илүү үнэтэй зүйл. Тэгэхээр аавынхаа хэлсэн сургаалыг үр хүүхдүүддээ ч өвлүүлэн хүмүүжүүлэхийг хичээдэг. Аливаа ажлыг сэтгэлээсээ хийх, сэтгэлээсээ хандах гэдэг маш том ухаан. Сэтгэлээсээ хандсан зүйлийн ард заавал зөв зүйл байдаг. Энэ бол миний аавын надад өгсөн том хүмүүжил, том ухаан юм.

Сэтгэлд хоногшиж үлдсэн, аавтайгаа өнгөрүүлсэн бага насныхаа дурсамжаас хуваалцаач?

-          Маш олон дурсамж бий. Аав минь ярьж байсан нэг дурсамжийг сөхөхөд би дөрөв, таван настай байсан гэдэг. Эрэгтэй хүүхэд болохоор их хөдөлгөөнтэй байсан. Бидний нэрлэдгээр хуучин хорооллын Үйлчилгээний төвд дундаа сарлаг унасан хүүхэдтэй усан оргилуур байдаг. Тэр үед усан оргилуурын ус нь дүүрэн байдаг байж. Аав дэлгүүрт дугаарлаад зогсож байтал гэнэт хүмүүс шуугиад эхэлсэн гэнэ. Энэ хүүхдийн аав, ээж нь байна уу гээд л. Эргээд харсан чинь хүү нь байхгүй байсан гэнэ. Аав дэлгүүрээс сандарч гаран усан оргилуур дээр очсон чинь би оргилуурын усанд ороод живж байсан гэдэг. Жаахан байсан болохоор тэр ус надад далай шиг л байсан байх.

Дархан Морин хуур, Хараа, 7 дугаар ресторан гээд хэдхэн ресторантай байсан. Тэр үед их сайхан хоол ундтай, төрөл бүрийн амттан зардаг газар байсан санагдаж байна. Миний аав эдгээрийн нэг болох Хараа ресторан байрладаг байрны нэгдүгээр давхарт Орон сууцны удирдах газрын Үйлдвэрчний эвлэлийн дарга, ерөнхий нягтлангаар ажиллаж байсан. Ээж минь тэр үеийн гуравдугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажилладаг байлаа. Тус цэцэрлэгийг нэг үе Дарханы Хүүхэд гэр бүлийн барилгаар ашиглаж байсан. Бид 2008-2012 онд ИТХ-ын төлөөлөгчдийн хамтын шийдвэрээр албан байр байснаас цэцэрлэгийн зориулалттай байсан нь зөв гэсэн  шийдвэр гаргаж, одоо цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж байна.

Миний ээж Л.Мааяа гэж хүн байсан. Тэрбээр Монгол Улсын Багшийн Дээд сургуулийг Сургуулийн өмнөх боловсрол мэргэжлээр анх төгсөгчдийн нэг. Гуравдугаар цэцэрлэгийн анхны эрхлэгчээр ирж байсан гэдэг. Би ч тэр цэцэрлэгт өссөн.

Аав маань мөн л надад дурсамжаа ярьж билээ. Ажлаа хийгээд сууж байтал цэцэрлэгээс хүүхэд чинь алга болчихлоо гээд бөөн юм болжээ. Хоёр, гурван цаг хайгаад цагдаад мэдэгдээд аргаа бараад аавд мэдэгдсэн байгаа юм. Гэтэл багш нь хүүхдүүдээ гадаа тоглуулж байхад нь би сэмхэн хашаа давж яваад ойрхон байрлах 1, 38, 39 дүгээр байрны хажуугаар явж, тоглосон юм шиг байгаа юм. Орой болохоор сандраад ганц мэддэг аавынхаа ажил руу очсон байгаа юм. Аав тэр үеэр нь цагдаа нартай намайг баахан хайж байгаад олохгүй аргаа бараад нэг ажлаараа ороод гаръя гээд очсон чинь өрөөнийх нь үүдийг нүдэж байгаад онгойлгохгүй болохоор үүдэнд нь уйлсаар байгаад халтар болсон царайтай нөхөр унтаж байсан гэдэг. Иймэрхүү хөгжилтэй дурсамжууд олон бий. Эргээд дурсахад сайхан байдаг.

Ааваасаа олон зүйлийг суралцаж, хүмүүжсэн гэж ярилаа. Үүнтэй адилхан хүүхдүүддээ юуг зааж, сургахыг эрхэмлэдэг бэ?

-          Нэг зүйлийг би эрхэмлэдэг. Аав минь ч захидаг байсан. Миний хүү зөв сэтгэлтэй байх ёстой, хүнд муу санаж болохгүй гэж сургадаг байсан. Хамт их цагийг өнгөрүүлнэ. Хамт хөдөө нутаг руу нь явна. Барилдахад нь дээлийнх нь захыг мушгиад сууна гээд байнга л хамт явж байдаг байсан даа. Дарханчууд намайг аавын чиргүүл гэж нэрлэдэг байсан.

Хүүхэд аавтайгаа хамт явж, хийж буй ажилтай нь танилцаж, бусадтай хэрхэн харьцаж байгаагаас илүү их нийгэмшдэг юм шиг санагддаг. Эр хүн гэж ямар байх ёстой талаар илүү их ойлголттой болдог болов уу?

-          Аавыгаа их дагаж, ааваасаа суралцана гэдэг бол эрэгтэй хүүхдүүдэд илүү хамааралтай асуудал л даа. Аав шигээ сайхан бяр чадалтай, олон найз нөхөдтэй болно л гэж бодож явдаг. Залуу байхад омголон, би мэдэж байна та ямар их үглэдэг юм бэ гэх мэтчилэн зарим үгсийг нь сонсохгүй үл ойшоох асуудал их гаргаж байсан. Одоо ингээд эргээд харахад зарим үгс нь бодогддог. Тэр үед би ойшоогоогүй байж болно. Гэхдээ хүнд бэрхшээлтэй, сорилттой үед аавын минь хэлж байсан миний хүү хичээгээрэй, хүнийг ингэж бодвол алддаг юм шүү, зөв яваарай, ажил, амьдрал гэр бүлээ хайрлаарай, өглөө эрт босоорой гэх мэтчилэн хэлж байсан үгс нь орой руу ордог. Тэгэхээр хүн ер нь хүүхдэдээ хэлж байх ёстой юм байна. Тухайн үед миний охид, хөвгүүд сонсохгүй байж болно. Хэзээ нэгэн цагт амьдралд нь бэрхшээл тулгарахад аав минь тэгж хэлж байсан шүү, би хаттай байх ёстой, би үүнийг чадна зорьсондоо хүрнэ гэдэг ч юм уу заавал нэг өдөр хэлсэн үг нь толгойд бодогддог.

Амралтын өдрөөрөө гэр бүлтэйгээ цагийг хэрхэн өнгөрүүлдэг вэ?

-          Сүүлийн үед залуус ихэвчлэн аав ээжээрээ хүүхдээ өсгүүлдэг болчихсон байна. Бидний хувьд хүүхдүүдээ өөрсдөө өсгөсөн. Миний бага гурван хүүхэд тав, нэгдүгээр анги, 10 сартай гэхээр эхнэр минь сүүлийн арваад жил гэртээ хүүхдүүдээ өсгөлөө. Тэр хүнийг харахаар үнэхээр хайрладаг. Хүүхдүүд маань өвдөнө, хичээл номонд нь хүргэж өгнө гээд хүнийг хүн болгоно гэдэг чинь маш хэцүү шүү дээ. Өмнө нь монголчууд таваас дээш долоо найман хүүхэдтэй их сайхан өнөр өтгөн байж. Гэхдээ гурав дөрвөн хүүхэд гэлтгүй, нэг хүнийг ч өсгөнө гэдэг асар том хөдөлмөр. Тэгэхээр бид хүүхдийг минь төрүүлсэн, үр хүүхдээ авч явж байгаа ээжүүдээ, эхнэрүүдээ, гэр бүлээ хайрлаж хажууд нь тулахгүй байхын аргагүй. Хажууд нь байж өвдөхөд нь үр хүүхдээ харж, их ажилтай ч гэсэн шөнө хуурайлахад нь хүүхдээ харж унтуулж байгаад өөрөө маргааш нь ажилдаа явдаг байх жишээтэй. Үргэлж хажууд байж 100 хувь сайн аав байгаад хүүхдүүдээ өсгөе гэвэл бас худлаа л даа. Ажлаа хийнэ, улс төр гэдэг их цаг зав зарцуулна. Тэгэхээр энэ их ажлын хажуугаар аль болох хамт байгаагүй хугацаагаа нөхөж, тэднийгээ халамжлахыг хичээж явдаг. Ер нь бол аав ээждээ эсвэл хадам аав ээж ах дүү нартаа өгч харуулаагүй. Эхнэр бид хоёр хоёулаа л дөрвөн сайхан хүүхдээ өсгөж, хүмүүжүүлж байна. Сургуульд оруулж, эрдэм номтой болгож гарыг нь ганзаганд хөлийг нь дөрөөнд хүргэхийн төлөө гэж манай монголчууд ярьдаг үүний төлөө л зүтгэж явна.

Эцэг эхчүүд үр хүүхдээ өөрсдөө гараар өсгөж хүмүүжүүлнэ гэдэг маш чухал шүү.

-          Тийм ээ. Ер нь бол хүн өөрийнхөө хүүхдийг хажуудаа байлгаж өсгөх нь чухал. Хүүхдэд аав ээжээс илүү үнэ цэнэтэй зүйл гэж үгүй. Өвөө эмээ дээрээ өссөн хүүхдийг аав ээжийгээ хараад тэмүүлээд явчихлаа гээд ярьдаг. Гэхдээ энэ нь өвөө эмээдээ хайргүй гэсэн үг биш шүү. Хүүхдүүд, ялангуяа эрэгтэй хүүхэд ааваасаа суралцана. Би л гэхэд аавынхаа сайхан монгол ухаан, ёс заншил, зөв амьдрахын ухааныг авсан. Энэ ухааныг нь үр хүүхдэдээ хүргэхийн төлөө, өөрийнхөө хүүхдүүдийг өсгөж, хажууд нь байж, зөв залж, зааж сургахын төлөө л явах ёстой гэж хэлэх байна.

Манай нэвтрүүлэг сонсогчдодоо гэрийн даалгавар өгдөг. Дарханы залуу гэр бүлүүдэд, ялангуяа аавуудад та энэ удаагийн гэрийн даалгаврыг өгөөч?

-          За баярлалаа. Энэ их сайхан санал байна. тавдугаар сарын 15-ны өдөр Гэр бүлийн өдрийг тохиолдуулан төвийн хэсгийн авто замын хөдөлгөөнийг хаахад тайван сайхан орчин бүрдэж байгааг нүдээрээ харлаа, мэдэрлээ. Иймд Дархан-Уул аймагт сар бүрийн 17-ны өдрийг архигүй өдөр болгон согтууруулах ундаа худалддаггүйтэй адил сарын нэг өдөр бид төвийн хэсгийн авто замын хөдөлгөөнийг хаах гэж байна. Тэр бол гэр бүлдээ зориулах өдөр юм гэж хэлэх байна. Авто машинаар орлого олдог хүмүүс байгаа. Тэдгээр хүмүүс нэг удаа ойлгооч. Мэдээж амьдрал хүнд хэцүү байгааг би ч мэдэрч байна. Гэхдээ тэр өдрийг аавууд гэр бүлдээ зориулж, сайхан хотынхоо гудмаар чөлөөтэй алхъя гэж уриалмаар байна. Тэр өдөр хүүхдүүдээ тоглуулж, Дархан 50 цогцолбор, Миний Монгол соёл амралтын хүрээлэн, Морин хуур, Бурхан багшийнхаа сэрэг дүр зэрэг газруудаар зугаалах боломж байна. Тэр өдрийг гэр бүлдээ зориулаач гэдэг даалгаврыг л би өгье.

Тэр өдөр удахгүй тодорхой болох юм байна?

-          Тиймээ. Удахгүй шийдвэр гарна. Бид судалгаагаа явуулж байна. Мэдээж гэнэт нэг өдөр гаргана гэвэл хэцүү л дээ. Иргэдээсээ асууна, саналыг нь сонсоно. Олуулаа ярилцана, зөвлөлдөнө. Үүний үр дүнд шийдвэрээ гаргана гэж Дарханчууддаа хэлье. Намайг дэмжээрэй та бүхэн минь. Аавууд минь гэр бүлдээ нэг өдрийн зарцуулъя гэж хэлэх байна.

Маш их баярлалаа.  Ярилцлагын төгсгөлд танаас асууж амжаагүй, мөн танд хэлэхийг хүссэн зүйл байна уу?

-          Намайг ийм сайхан "Аавын тухай” нэвтрүүлэгт оролцуулсан Батмөнх эрхлэгчтэй Гэр бүлийн радио 104,5-ын хамт олон болон хөтлөгч найруулагч Баатар, Энхцэцэг та гуравт маш их баярлалаа. Тэгээд энэ нэвтрүүлгийг бас санаачилж ивээн тэтгэдэг Амгалан гэж хүн байдаг юм байна. Энэ хүн их сайхан зөв зүйлийг санаачилсан байна. Түүний санаачлагыг дэмжин та бүхэн их сайхан нэвтрүүлэг хийдэг юм байна. Аавынхаа тухай ярихад сайхан байлаа. Аав хүн гэдэг бол их түшигтэй уул шиг хүн юм. Аавыгаа хайрлаж яваарай. Дараа нь ямар нэг харамсал, гуниг тээхгүйгээр тухайн цаг үед нь л хайрлаж яваарай гэж би Дарханчууддаа хэлэх байна.

Бидэнтэй аавынхаа тухай болон гэр бүл, үр хүүхдүүдийнхээ тухай халуун, дотно яриа өрнүүлсэнд танд маш их баярлалаа. Таны ажил үйлс, зорилго, амьдралд тань аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье.

-  Баярлалаа. Нэвтрүүлгийн төгсгөлд нэг зүйлийг хэлье. Тавдугаар сарын 15-ны өдөр Гэр бүлийн өдрийг Дарханчууд маань сайхан тэмдэглэж өнгөрүүллээ. Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дарханчуудад ажлын тайлангаа танилцуулж, давхацсан сайхан арга хэмжээнүүд боллоо. Дархан 50 цогцолборын талбайг тухайн үеийн ИТХ-ын төлөөлөгчид, аймгийн удирдлагууд зөв шийдвэр гаргаж ямар нэгэн барилга барилгүй, иргэддээ зориулан ногоон байгууламж, амрах орчин бүхий нийтийн эзэмшлийн талбай болгон байгуулсан байдаг. Дарханыхаа зүрх болсон газар буюу Дарханыхаа нэрээр нэрлэгдсэн тус цогцолборт Дархан хотынхоо тугийг мандууллаа. Энэ нь юуг үгүйлж байна гэхээр Дарханаараа омогшиж, Дарханыхаа хөгжлийн төлөө хамтдаа байж ногоон орчинд иргэд нь амьдарч, гэр бүл нь бат хайраар дүүрэн сайхан хот болгохын төлөө хамтдаа хотоо хөгжүүлье.

Баярлалаа.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?