Төрийн тэргүүн “COP-26” уулзалтад оролцоно
Дэлхийн удирдагчдын чуулах "COP-26" дээд хэмжээний уулзалт улс орнуудын анхаарлын төвд байна. Учир нь энэ уулзалтаар хурдтай өөрчлөгдөж байгаа дэлхийн уур амьсгалын талаар улс орны төрийн тэргүүнүүд ямар бодлого баримталж ажиллах нь тодорхой болох юм. Өнгөрсөн долоо хоногт уг хурлын урьдчилсан хэлэлцүүлэг цахим хэлбэрээр болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцсон. Улмаар энэ сарын 30-наас ирэх сарын 5-ны хооронд Шотландын Глазго хотноо болох "COP-26" дээд хэмжээний уулзалтад Ерөнхийлөгч өөрийн биеэр оролцох бөгөөд ЕТГ-ын холбогдох албаныхан, Ерөнхийлөгчийн байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого хариуцсан зөвлөхүүд оролцох мэдээлэл байна.
Энэ удаагийн уулзалтаар улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд хэрхэн дасан зохицох талаар төлөвлөгөө гаргах болов уу. Энэ нь хүн төрөлхтний гамшгийн эрсдэлийг бууруулахад үр дүнтэй хэмээн олон улсын судлаач, ажиглагчид үзэж байгаа юм. Түүнчлэн дэлхийн дулаарлыг сааруулах, хорт утааг бууруулах, эрчим хүч үйлдвэрлэх ногоон арга хэлбэрийг бий болгох талаар ахиц дэвшил гарна гэсэн хүлээлт байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд саяхан болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцохдоо Монгол Улс цөлжилтийн эсрэг тэрбум мод тарина хэмээн амласан. Түүнийгээ хэрэгжүүлэх үндэсний хөдөлгөөнийг өрнүүлсэн нь эх орны өнцөг булан бүрт эх орон байгаль дэлхийгээ хайрлах, авран хамгаалах нэг зорилгын төлөөх эв нэгдлийг бий болгож, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, бүх салбарынхныг хамраад байгаа юм.
Өнөөдөр Монгол орон дэлхийн дулаарал,уур амьсгалын хүчтэй нөлөөнд орж, газар нутгийнх нь 80 хувь цөлжсөн, хурдтай цөлжиж буй 11 орны нэг, усны нөөцөөр “үнэмлэхүй хомсдолтой” 24 орны нэг, жилд 1383 гаруй булаг, шанд, нуур цөөрөм ширгэж, ган зудын гамшигт өртөх эрсдэл нэмэгдсэн гэсэн судалгааг байгаль орчны байгууллагуудаас гаргаад байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.26 ДАВАА № 210 (6687)
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих