Эрх баригчдын “Хонгил нураана” гэж ярьсаар баталсан Шүүхийн хуулийн өөрчлөлтүүд
Парламент Шүүхийн багц хуулийг намрын чуулганы хугацаанд хэлэлцэн баталлаа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд шүүх эрх мэдлийг зохицуулах хууль олон нийтийн анхаарлын төвд байж ирсэн. 2019 онд ҮАБЗ-ийн хэмжээнд хуулийн өөрчлөлтийг санаачлан, парламентаар батлуулж, хэрэгжүүлсэн. Улмаар эрх баригчид Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлахдаа ч шүүх эрх мэдэлтэй холбоотой заалт нэмэв. Түүний дараа Ерөнхийлөгчийн зүгээс Шүүхийн хуулийн төслийг парламентад өргөн мэдүүлэв. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ч ажлаа аваад удаагүй байхдаа Шүүхийн хуулийн төслийг парламентаар хэлэлцүүлэхээр хувилбараа оруулж байсан. Гэвч УИХ дээрх хоёр хуулийн төслийг хэлэлцээгүй, буцаасан. Харин УИХ-ын нэр бүхий 13 гишүүн Шүүхийн багц хуулийг өргөн барьснаар, ийнхүү хэлэлцэж баталлаа. Шүүх эрх мэдлийг хэрхэн өөрчилж, хуульчлах вэ гэдэг нь мэдээж өргөн хүрээтэй асуудал байв. Үүний хажуугаар улс төрийн эрх ашиг ч яригдаж байсан. Өмнөх хуулиар шүүх эрх мэдлийг ҮАБЗ-ийн гурван гишүүн “атгаж” шинэ хонгил үүсч байна гэх асуудал яригдаж байсан. Харин одоо эрх баригч нам өөрийн эрх мэдлийг бэхжүүлж, хууль шүүхийн байгууллагыг гартаа оруулж эхэллээ гэх байр, суурийг ч зарим хуульч илэрхийлээд байна. Ямартай ч МАН-ын баталсан Шүүхийн хуулийн онцлох заалтуудыг хуульчийн тайлбартайгаар хүргэж байна.
1.Нийт шүүгчийн чуулган хуралдуулах
Хуульчийн тайлбар:
-Монгол Улсын бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн, шүүгчийн чуулган дөрвөн жилд нэг удаа хуралдах эрх зүйн орчинг бүрдүүлж өгсөн. Чуулганаар Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүнд орох шүүгч гишүүнийг сонгох, шүүх эрх мэдлийн хүрээнд дагаж мөрдөх хууль тогтоомжийг боловсронгуй болгох саналаа хэлэлцэж, УДШ-д уламжлах, шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журмаа батлах, ШЕЗ болон ШСХ-ны үйл ажиллагааны тайланг сонсох зэрэг шүүхийн үйл ажиллагаатай холбоотой асуудлуудаа хэлэлцэн шийдвэрлэж байх юм.
2.Шүүхийн үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх
Хуульчийн тайлбар:
-Хуулиар хамгаалагдсан төрийн болон албаны, хувь хүн, хуулийн этгээдийн нууцад хамаарахаас бусад шүүх хуралдааныг цахимаар болон телевизээр дамжуулж болохоор, мөн шүүх хэрэг, маргааныг хэрхэн шийдвэрлэсэн талаар нууцад хамаарахаас бусад мэдээллийг олон нийтэд мэдээлж байна.
3.Шүүгчийн хариуцлага
Хуульчийн тайлбар:
-Шүүгчийн сахилгын зөрчилд хариуцлага хүлээлгэх, ингэснээр шүүгч өндөр ёс зүйтэй байх асуудал юм. Өөрөөр хэлбэл, шүүгчид хориглох 40 гаруй зөрчлийг хуульд дэлгэрэнгүй тодорхой тусгаж өгч байгаагаараа онцлог. Сахилгын шийтгэлийн төрлийг тодорхойлж, үүнтэй холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацааг уртасгаж тусгалаа. Тухайлбал, огцруулах шийтгэл оногдуулах сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш хоёр жил, зөрчил гаргаснаас хойш таван жил өнгөрсөн бол, огцруулахаас бусад сахилгын шийтгэл оногдуулах сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг жил, зөрчил гаргаснаас хойш хоёр жил өнгөрсөн бол тус тус сахилгын шийтгэл оногдуулахгүй байхаар зохицуулж өгсөн.
4.Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг сайжруулах
Хуульчийн тайлбар:
-Шүүгч мэргэшсэн, хараат бус, өндөр ёс зүйтэй, хариуцлагатай байх талаар ярьдаг. Үүнтэй холбоотой олон ч зохицуулалт тусгалаа олсон. Үүний зэрэгцэн шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдал үүн дотор ялангуяа эдийн засгийн баталгааг давхар сайжруулж байж баланс барих учиртай гэж үзэж байгаа. Өнөөдөр шүүхийн хөрөнгө оруулалтын төсөв сүүлийн долоон жилд зогсонги байдалтай байгаа. Шүүгч нар УИХ-аас тогтоосон 2.7-3.3 сая төгрөгний цалин авдаг. Үүн дээр хуульд заасан шүүгчээр ажилласан тав дахь жилээс эхлэн хоёр хувийн нэмэгдэл авдаг. Мөн шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг алдагдуулсан хууль тогтоомж гаргахыг хориглосон, шүүхийн төсвийн урсгал зардлын хэмжээг төсвийн хэмнэлтээс бусад тохиолдолд өмнөх жилийнхээс бууруулахгүй байх зохицуулалтыг тусгасан.
5.Шүүгчид хөндлөнгөөс нөлөөлөх
Хуульчийн тайлбар:
-Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, Улсын Ерөнхий прокурор зэрэг албан тушаалтан нь шүүгчтэй албан ажлаар уулзах тохиолдолд тэмдэглэл хөтөлж, тухайн байгууллагын нууцын асуудал хариуцсан албан тушаалтанд өгч байх, түүнчлэн Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан, алдагдуулсан шинжтэй шийдвэр гаргасан. Эсвэл Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, УДШ-ийн ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор ийм шинжтэй үйл ажиллагаа явуулсан бол ШЕЗ нэн даруй хуралдаж ҮХЦ-д хүсэлт гаргуулах саналыг УДШ-ээр уламжлуулан хүргүүлж, шийдвэрлүүлэхээр тусгаад байна.
6.Эхийн одонгоос өөр шагнал авахгүй
Хуульчийн тайлбар:
-Яг шүүгчийн тухайд онцлог хязгаарлалт нь энэ юм. Өөрөөр хэлбэл, эхийн алдраас бусад хэлбэрээр Төрийн одон медаль авахгүй. Гавьяат хуульч болох гэж хэрэг маргаанд нөлөөлдөг зүйл байна. Тодорхой улстөрчийн хэргийг цагаатгаж, дараа нь шагнал авсан асуудал хүртэл өмнө нь гарч байсан. Улсын Дээд шүүхийн шүүгч нар өөрсдөө ийм санал гаргаж, татгалзсан юм. Үүнийг хүлээн авч, хуульд оруулж ирсэн юм.
Т.Батсайхан
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих