📅

Н.Алтанхуягт МАХН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших боломж бий

🕔 2020/12/16 11:02
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгууль хэдхэн сарын дараа болох гэж байна.Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгчийн сонгуульд парламентад суудалтай дөрвөн намаас хэн хэн нэр дэвших вэ? гэдэг асуудал улс төрийн хүрээнд ид яригдаж буй билээ.АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших нь тодорхой бөгөөд өөр хувилбар ч ярих шаардлаггүй гэдгийг тус намын өнөөгийн удирдлагууд мэдэгдсэн юм.
МАН-ын хувьд ч Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх нэр дэвших магадлал хамгийн өндөр. Гэнэтийн нөхцөл байдал үүсвэл Сү.Батболд гэсэн "орлон тоглогчтой".
Харин УИХ-д суудалтай МАХН, ХҮН-ын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх вэ? гэдэг асуудал хэд хэдэн хувилбартай яригдаж байна.
ХҮН-ын удирдлагууд эдийн засагч, "Де Факто" институтын захирал Д.Жаргалсайхан, УИХ-ын гишүүн, Монголын Ногоон Намын дарга асан, "Датаком" компаний Захирал Д.Энхбат тэргүүтэй хүмүүстэй уулзаж, санал солилцсон тухай бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл МАХН Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд хэрхэн оролцох вэ? гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.
Хамгийн эхний хувилбар нь УИХ-ын гишүүн, МАХН-ын дэд дарга С.Ганбаатарыг дахин Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх.
Мөн Монгол Улсын Шадар Сайд асан Ц.Оюунбаатар, эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү нарын намынхаа гишүүдээс нэр дэвшүүлэх.
Түүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд МАХН-аас Монгол Улсын Ерөнхий Сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нэр дэвших боломж бий ажээ.
Н.Энхбаяр, Н.Алтанхуяг нар хамтарлаа гэхэд энэ нь гайхмаар шинэ зүйл биш агаад Н.Алтанхуягийг Ерөнхий сайд, АН-ын дарга байхад буюу 2014 оны 10 сарын 18-нд АН, МАХН 2024 он хүртэл хамтран ажиллах гэрээ байгуулж байсан билээ.
Хэдийгээр Э.Бат-Үүл, З.Энхболд нарын эсэргүүцэлтэй холбоотойгоор уг гэрээ цуцлагдаж, Шинэчлэлийн гэх тодотголтой Засгийн Газар огцорсон ч хэрэв уг гэрээ хэрэгжсэн бол улс төрийн нөхцөл байдал өнөөдөр МАН-д бус АН, МАХН-д илүү ашигтай байх байсан гэж улс төрийн хүрээнийхэн дүгнэдэг.
УИХ-ын 2020 оны сонгуулийн өмнө ч Н.Алтанхуяг МАХН, МУНН, ИЗНН-ын "Та, бидний эвсэл"-ээс нэр дэвшихээр санал солилцож байсан ч зарим нэг хүчин зүйлээс болж бие даан нэр дэвшсэн аж.
 
Э.Мягмар 
скачать dle 12.0

Санал болгох

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?