📅

Дарханы АН-ын даргаар ажиллаж байсан Л.Наранбаатарын улс төрийн соёлыг харуулсан оймс

🕔 2016/04/02 17:14

Энэ долоо хоногийн содон сэдэв оймс шидэлт, онцлох хүн нь шидэгч Л.Наранбаатар байв. Дарханы АН-ын даргаар ажиллаж байсан Л.Наранбаатар Эдийн засгийн форумын хаалтын үгийг хэлж байсан УИХ-ын дарга З.Энхболд руу оймс шидэж, "хөөрхөн” шуугиан дэгдээв. Тэр спикерийг "Эдийн засгийн алуурчин” хэмээн цоллож, огцрохыг шаардахдаа оймсоороо хүч нэмэгдүүлсэн нь Wikipedia-д ортол нь алдаршуулав.

 

 

Л.Наранбаатар "Энэ хүмүүс сүүлийн 20 гаруй жил Монголын төрд байна. Монголын ард түмнийг сайн сайхан амьдруулна гэдэг ч өөдөлсөн юм алга. Ийм ялзарсан улс төрчдийг ард түмэн хуучирсан оймс шиг солих цаг болсон” хэмээн оймс шидсэн шалтгаанаа тайлбарлажээ. Харин яагаад гутлаа шидээгүй вэ гэсэн сэтгүүлчийн асуултад "Энэ гутлыг манай эхнэр эр цэргийн баяраар бэлэглэсэн  Тийм үнэ цэнэтэй бэлгийг ийм хүн рүү шидэхгүй гэсэн хариултыг өгчээ.

 

Л.Наранбаатарын үйлдлийг хууль хяналтынхан үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн хэлбэр хэмээн үзжээ. Тиймээс ч 20 мянган төгрөгийн торгуулиас өөр шийтгэлгүй үлдэв. Харин жиргээчид түүнийг "үндэсний баатар” болгон өргөмжилсөн юм. "Зоригтой залуу”, "чамайг дэмжиж байна”, "ард түмэн, залуус чинь чиний талд байна”, "эр зоригоо мохоож болохгүй шүү”, "оймс шидсэний төлөө элдэв дарамтад орохоос сэргийлээрэй”, "браво, залуус дуугарах цаг болсон” гэхчлэнгээр  түүнийг дэмжсэн комментууд сөргөөс олон байв. Товчхондоо Л.Наранбаатар ардчилсан, чөлөөт нийгэмд үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлжээ, хуулийнхан ч ингэж үзсэн.

 

Харин нөгөө талаар оймсны хэрэг улс төр дэх соёлыг харуулав. Оймсны бай болсон УИХ-ын дарга З.Энхболд "Ийм өвчтэй хүмүүс бас ордог юм уу, энд. Сонгууль ойртсоны шинж. Манайд ийм мэдрэлийн өвчтэй хүмүүс зөндөө байдаг юм шдээ” хэмээн ундууцаж, улс төрийн соёлын "хичээл” дээрээ 5:0-дуулав. Спикер Л.Наранбаатарын үйлдэлд ундууцах биш наргиан болгоод орхисон бол илүү "гоё” харагдах байлаа. Үзэл бодлоо илэрхийлсэн хүнийг "мэдрэлийн  өвчтэй” хэмээн индрээс зарлах шаардлага үнэндээ байгаагүй.

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ч индэр ашиглаж, улс төрийн соёлгүй зан гаргасан. Тэрбээр Эдийн засгийн форумыг нээж хэлсэн үгэндээ "босоо Ганбаа нь ч хэвтээд өглөө” хэмээн бусдын нэр хүндэд бүдүүлгээр халдсан.

 

Нэг үйл ажиллагааны нээлт, хаалтын үг, үйлдлээс Монголын улстөрчдийн улс төрийн соёл ямархан байгааг олон нийт харлаа. Хүний нэр хүндийг юман чинээ боддоггүй, асуудалд ул суурьтай ханддаггүй гэхчлэнгээр олон сөрөг талыг нэрлэж болохоор байна.

 

Гудамжинд явж буй энгийн иргэнээс бид хотын соёлыг хүсдэг. Хогоо саванд, шүлсээ амандаа байлгахыг шаарддаг. Харин төрийн тэргүүнд байгаа хүмүүсээс улстөрчдийн зангараг, улс төрийн соёл шаардах нь зүй ёсны хэрэг. Тэд сайнаар үлгэр дууриал болдоггүй юм гэхэд муугийн жишээ байх ёсгүй.

 

В.Хэрлэн

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?