COVID-19:АНУ-ын эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйд хүрч болзошгүй
АНУ-д COVID-19-ийн халдвартай эмчлүүлж байгаа хүний тоо 88 мянгыг давсан нь цар тахал дэгдсэнээс хойших хамгийн их тоо боллоо. Цаашид энэ тоо улам нэмэгдэж болзошгүйг улс даяар анхааруулж, орны хүчин чадлаа нэмэхийг эмч нарт үүрэг болгожээ. Түүнчлэн Пеннсильвани мужийн ор долоо хоногийн дотор дүүрнэ гэдгийг мужийн эрүүл мэндийн тэргүүлэх ажилтан анхааруулсан байна. Сүүлийн үед шинж тэмдэггүйгээр халдвар авах нь ихэссэнийг АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн захирал, доктор Роберт Редфилд сэрэмжлүүлэв. Тэрээр “Энэ вирус 12-35 насныханд шинж тэмдэггүйгээр халдварлах нь ихэсч, нэг ёсны чимээгүй тахал нүүрлэлээ. Бид маскаа тайлаад гэртээ байхдаа ч халдвар авч болзошгүй” гэв. Шинж тэмдэггүй халдвар нь өвчнийг улам хүндрүүлж, эмнэлэгт хэвтүүлэхэд хүргэж байгаа аж.
Миннеаполис хотын нэгэн эмч хамгийн сүүлд COVID-19-ийн халдвартай таван өвчтөнг асарснаас хоёрыг нь асрамжийн газар луу шилжүүлж, 80 орчим насны нэг өвчтөн нь нөхрийн хамт нас барсныг харсан тухайгаа нулимс дуслуулан ярилаа. Харин “Миний асарч байгаа өвчтөнүүд хэрхэн шаналж байгааг хараад юу мэдэрснээ тайлбарлаж хэлж чадахгүй нь. Бид ор болон бусад хамгаалах хэрэгслийг нэмж болох боловч эмч, сувилагчийн тоог нэмэгдүүлж чадахгүй. Тиймээс ирээдүйд юу болохыг төсөөлөхөөс ч үнэхээр их айж байна ” гэж “Hennepin County” эмнэлгийн захирал, доктор Ширли Сие ярив.
Өнөөдрийн байдлаар COVID-19-ээр АНУ-д 12.9 сая хүн халдварлаж, 265 мянган хүн нас бараад байна. Энэ сар гарснаар Америкт 3.3 сая хүн халдвар авсан нь үнэхээр цочирдмоор дүн юм. Даваа гаригт гэхэд долоо хоногт дунджаар 196 мянган хүн халдвар авч байгааг Жонн Хопкинсийн их сургуулийн судалгаа харуулж байна. Мөн өчигдөр 2081 хүн цар тахлаар амиа алдлаа. Тиймээс зарим мужууд хоёрдугаар шатны хөл хорионд шилжжээ.
Тухайлбал, Луизана муж зоогийн газар, спорт заалын 50 хувийг хааж, сүм хийдийн 75 хувийг хязгаарлаж байгаагаа өчигдөр зарлалаа. Харин Нью Йорк муж өвчтөнг эмчлүүлэх яаралтай тусламжийн эмнэлгүүдийг шинээр нээжээ. Хойд Каролина муж өнөөдрөөс эхлэн гэрт нь гаднаас зочин байгаа л бол хүн бүр нүүрний хаалт зүүх журмыг хэрэгжүүлж эхэллээ. Улс оронд ийм хүнд нөхцөл үүссэн тул Талархлын баяраар ч гэртээ байхыг судлаачид зөвлөлөө.
Эх сурвалж:CNN
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих