📅

Сайжруулсан түлшний хурц үнэрт толгой өвдөж сэрдэг гэв

🕔 2020/11/06 10:37
Сэрүү унаж, шөнөдөө хасах градустай жиндүүхэн хонодог болжээ.Нийслэлийн 220 гаруй мянган айл өрх сайнтай, муутай хэлүүлсээр ирсэн сайжруулсан шахмал түлшийг хэрэглээд хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж байна.
Анхны жилдээ сайжруулсан шахмал түлшний хүрэлцээ хангамж муу байгаа гэдгийг өмнө жил иргэд хэлж байсан. Харин энэ жил нүүрсний цэг, болон хангамжийн баазыг нэмэгдүүл, зуны улиралд ч нөөцөлж байгаа талаар мэдээлж байсан. Тэгвэл бодит байдал дээр сайжруулсан шахмал түлшний хүрэлцээ хангамж нөөц ямар байгааг сурвалжиллаа.
 
“Түлш зарим цэгүүдэд хомсдолтой байна” 
Бид эхлээд  Дарь-Эхийн дунд буудалд байрлах нүүрс борлуулах цэгийг зорисон юм. Баянзүрх дүүргийн XVII  хорооны иргэн “Нүүрсний чанарыг сайжруулмаар байна. Сүүлийн үед маш муу, нунтаг, шороотой нүүрс ирж байна. Нүүрснийхээ чанарыг сайжруулахгүй бол утаагүй болгоно гэж яриад хэрэггүй байх.
Дизель түлш шиг үнэр үнэртээд, толгой тархи өвдөөд сэрдэг. Коксжих зэрэглэлийн нүүрс болохоор өөрийнх нь шинж чанараас шалтгаалж бага зэргийн үнэртэй юм. Одоо дөнгөж арваннэгдүгээр сар гарч байна шүү дээ. Агаарын чанарын индексээр утаа буурлаа гээд л мэдээллээд байдаг. Бодит байдал дээрээ хэвээрээ шахуу л байна шүү дээ” гэв. 
Баянзүрх дүүргийн II хорооны иргэн Л.Гантулга  “Манай гэр 805-р ангийн ойролцоо байдаг.  Гэрийн ойролцоо шахмал түлш алга. Зарим үед шуудайн ёроол нунтаг ихтэй, түлэхэд тортог их гардаг ч илчний хувьд маш сайн байна. Бариад авахад л тогооны хөө бариад авсан юм шиг л  гар хөө болно. Манайд зургаан шуудай түлш долоо хоногтоо хангалттай хүрдэг. Энэ цэгээс түлш авахад дараалал ихтэй л байдаг. Чанарын хувьд сайн муу гэж хэлж чадахгүй байна. Өмнө жил түлэхэд знс их гардаг нь үнэн, үнэр нь муухай нь үнэн. Хүйтэрч байгаа учраас нүүрс түлэхдээ сойлтуураа хаахгүй унтаж байгаа. Эрдэлээс ингэж л сэргийлж байна” гэсэн юм.
Иргэн С.Мандахнаран “Сайжруулсан түлш хэрэглээд угаартах вий гэж айж байна. Хүйтэрч багйаа болохоор яах аргагүй түлж байгаа. Заримдаа нүүрсний чанараас шалтгаалж байх шиг байна. Хааяа гайгүй, хааяа толгой өвтгөсөн, саарал угаар их ялгарна. Долоо хоногт зургаан шуудай нүүрс яагаад ч хүрэхгүй байна. Хүйтэн өдрүүдэд хоёр гуудай нүүрс түлж байна. Тэгэхээр нэг өрхөд долоо хоногт зургаан шуудай нүүрс хангалтгүй байна. Үүнийг нэмэх асуудлыг цааш нь хүргэмээр байна. Ес эхлэх болоогүй байхад их нүүрс түлж байна” гэдгийг хэллээ.
 
“Борлуулалтын цэгт өдөрт 10-20 тонн шахмал түлш нийлүүлдэг” 
Харин тус борлуулалтын цэгийг хариуцагч Л.Болдсүрэн “Манайд өнөөдөр есөн тонн шахмал түлш ирсэн. Манай цэг 24 цагийн үйлчилгээтэй учраас түлшний хангамж тасардаггүй. Зарим өдөр 10 тонн шахмал түлш ирдэг. Энэ нь нэг борлуулалтын цэгийн хэмжээнд хангалттай гэж бодож байна. Харин нийт иргэдийн хэрэгцээний хувьд цэг бүрийн хүргэлтээс шалтгаалж янз бүр байгаа байх” гэсэн юм.
Дараагийн борлуулалтын цэгийн борлуулагч Ч.Алтантуяа “Өдөрт 10 тонноор түлш ирдэг. Голдуу 25 кг-аар шуудайлсан ирдэг учраас амар байдаг. Борлуулагч нар өглөө 8:00 цагаас оройн 23:00 цаг хүртэл ажиллаж байгаа. Зарим өдөр их эрт дуусчихдаг, зарим өдөр хангалттай хүрэлцдэг. Шуудайны ёроолд нунтаг ихтэй байна гэж иргэд хэлж байгаа. Энэ нь ачилт, тээвэрлэлтийн явцад үүссэн байж магадгүй” гэв.
Энэ бол хотын ердөө нэг захын хэдхэн борлуулалтын цэг дээр үүсэж буй нөхцөл байдлын жишээ. Нийслэлийн хэмжээнд сайжруулсан түлш борлуулах нийт 545 цэг болгож нэмсэн гэдгийг албаныхан дээр дурдсан. Нийслэлийн иргэд бид олон жил дарлуулж, толгойны өвчин болоод байсан утаанаасаа салцгааж, цээж тэнэгэр амьсгалах болсон нь сайшаалтай хэрэг.
 
“Чанар стандартад хяналт хэрэгтэй” 
Тэгвэл сайжруулсан түлшний чанар, стандартад ямар хяналт шалгалт тавьдаг талаар тодруулахад, “Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар”-ын дарга Ш.Цолмон “Шахмал түлшинд НМХГ, Агаарын бохирдолтой тэмцэх газраас 14 хоног тутам хяналт шалгалт хийдэг. Нүүрсний чанар тогтвортой байгаа. Хариуцлагын үүднээс хяналтын шинжилгээ байнга хийлгэж байна. Улаанбаатар хотод манай улсын хүн амын 50 хувь нь амьдарч байна. Үүнээс 220 мянган гэр хорооллын айл өрх байна. Энэ айл өрх бүрд очиж байгаа түлшний чанар сайн байх ёстой. Тиймээс тогтмол хяналт хийж байгаа юм. Нүүрс байгалийн түүхий эд учраас өөр өөр шинж чанартай байж болно. Шинж чанарыг нь тогтвортой барихын тулд тогтмол шинжилгээ хийх ёстой. Бид өөрсдөө шинжилгээ хийлгэхээс гадна мэргэжлийн хяналт, онцгой байдлаас манай дээр байнга ажиллаж байна” гэсэн мэдээллийг өгсөн юм.
Мөн тэрээр “Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар “Тавантолгой” түлш компанитай хамтраад сайжруулсан түлшний нөөц бүрдүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр ажиллаж байгаа. Өмнө жил Нийслэлийн хэмжээнд 389 борлуулалтын цэг ажилласан бол энэ жил 545 болж нэмсэн. Мөн өмнө жил 21 хангамжийн бааз ажилласан бол энэ жил 30 цэг  болсон. Нийт 94 мянган тонн сайжруулсан түлшийг нөөцөлсөн. Сайжруулсан түлшээ сайн картаараа түлшээ авна. Засгийн газрын тогтоолоор алслагдсан хороонуудад нэмэлтээр сайжруулсан түлш түлж байгаа хороонууд бий. Эдгээр айл өрхүүдэд борлуулалтын цэгийг нэмэгдүүлэх, хангамжийн баазыг нэмэгдүүлэх, хэрэглэх заавар өгөх зэрэг ажлууд хийгдэж байгаа” гэдгийг онцоллоо.
“Тавантолгой түлш” компанийн хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал “Тавантолгой түлш компани сайжруулсан түлшийг үйлдвэрлэх зорилттой боловч иргэдээ угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэгчдэд үйлчлэх албыг шинээр байгуулан ажиллаж байгаа. Энэ алба нь Нийслэлийн зургаан дүүргийн 200 гаруй мянган айл өрхийн хэрэглэгчдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх үүрэгтэй. Өнөөдрийн байдлаар 927 хяналтын ажилтан ажиллаж байгаа. Нэг хяналтын ажилтан 200-220 орчим айл өрхийг өдөр тутам хянаж байгаа” гэв.
 
Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн явц, мөн сайжруулсан шахмал түлш борлуулах цэгүүдэд түлшний хүрэлцээ хангамж  ямар ч асуудалгүй, өдөрт 2500-3000 тонн нүүрс үйлдвэрлэж байгаа гэсэн тайлбарыг албаныхан өгсөөр байна.
 Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?