Д.Халиун: Хожсон мөнгөөрөө мастерт суралцана
УИХ-ын хаврын чуулганаар батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хуулийн хүрээнд иргэд худалдан авсан бараа үйлчилгээнд төлж буй НӨАТ-ынхаа 20 хүртэлх хувийг буцаан авах, мөн сугалаанд оролцох боломжтой болсон билээ. Иргэд ч НӨАТ-ын буцаан олголт болон сугалаанд оролцохоор худалдан авалтын баримтаа ebarimt.mn-д идэвхтэй бүртгүүлдэг болсон. Мөн хууль хэрэгжиж эхлээд хэд хэдэн азтан тодроод байгаа билээ. Тэгвэл өнгөрсөн сарын 28-нд явагдсан НӨАТ-ын сугалааны тохиролд 20 сая төгрөг хожсон иргэн болох ХБК-ийн оюутан, ҮДБЭЧ-ийн хөгжимчин Д.Халиуны сэтгэгдлийг хүргэе.
-Юуны өмнө азтан болсонд нь баяр хүргэе! Хаанаас, хэдэн төгрөгний худалдан авалт хийж азтан болов?
- За баярлалаа. Би "Саран” гэдэг нэртэй жижиг супермаркетаас 15000 төгрөгийн худалдан авалт хийж азтан болсон.
-Худалдан авалт хийсэн баримтаа ebarimt.mn сайтад бүртгүүлсэн байсан уу. Азтан болсон гэдгээ хэзээ мэдсэн бэ?
-Би НӨАТ-ын хууль хэрэгжиж эхэлснээс хойш худалдан авалтын баримтаа идэвхтэй бүртгүүлж байсан. Азтан болсон баримтаа ч бас бүртгүүлсэн байсан. Гуравдугаар сарын 1-нд ebarimt.mn рүү дэлгүүрээс худалдан авалт хийсэн баримтуудаа бүртгүүлэхээр ороод өөрийгөө азтан болсныг мэдсэн.
- Одоо таны дансанд сугалаанд хожсон 20 сая төгрөг чинь орсон уу?
-Гуравдугаар сарын 25-нд буюу сугалааны тохирол явагдсанаас хойш ажлын 13 дахь хоногт миний дансанд орсон.
-Сугалаанд хожсон мөнгөөрөө юу хийхээр төлөвлөж байгаа вэ?
- Би Хөгжим бүжгийн коллежийн дөрөвдүгээр курст сурдаг, энэ жил төгсөнө. Мөн ирэх жил АНУ руу мастерын зэрэг хамгаалахаар явна. Тийм болохоор сугалаанд хожсон мөнгөөрөө мастерт суралцах гэж байгаа.
Эх сурвалж: customs.gov.mn