Энэ сарын 24-нд дуут дохиог ажиллуулна
Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гаригт улс орон даяар гамшиг, ослын дуут дохиог ажиллуулж, гамшгийн үеийн бэлтгэл сургуулилт хийдэг. Энэ жил уг өдөр 24-нд тохионо.
Дуут дохио 16 цагт дуугарах бөгөөд энэ үеэр иргэд гэр болон албан тасалгаанаасаа задгай талбайд гарч зогсох ёстой юм. Энэ нь гамшиг ослын үед өөрийнхөө болон бусдын амь насыг аврахад анхаарах зүйлийг үзүүлдэгээрээ онцлог юм.
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолын хавсралт
ГАМШГИЙН АЮУЛЫН ТУХАЙ ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИО ДАМЖУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийг бүх нийтэд үнэн зөв, шуурхай хүргэх, удирдлагын мэдээллийн нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг тогтоосон дохиогоор ажиллах арга ажиллагаанд сургаж дадлагажуулах ажлыг зохион байгуулахад энэ журмыг дагаж мөрдөнө.
1.2. Гамшгийн аюулаас хүн ам, эд хөрөнгийг урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааны үе шатанд гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, байгууллага, сайн дурынхны хүч хэрэгслийг ашиглах болон иргэд, олон нийтийг гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргүүдэд шилжүүлэн ажиллуулах зорилгоор онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийг зохион байгуулна.
1.3. Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийг Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.4-т заасны дагуу дамжуулна.
1.4. Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо, аж ахуйн нэгж, байгууллага нь хүн ам, нутаг дэвсгэр, үйл ажиллагааныхаа онцлогт тохирсон зарлан мэдээлэл дамжуулах хэрэгсэлтэй байна.
Хоёр. Гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэл, түүний ангилал
2.1. "Гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэл" гэж хүн амд учирч болзошгүй гамшгийн аюулын тухай дохио, сэрэмжлүүлэх мэдээллийг төвлөрсөн мэдээллийн хэрэгсэл, тусгай хэрэглээний холбоо, орон нутгийн болон олон нийтийн радио, телевиз, мэдээлэл, харилцаа холбооны бүх төрлийн хэрэгсэл (цаашид "зарлан мэдээллийн хэрэгсэл" гэнэ)-ээр нэн даруй хүргэхийг хэлнэ.
2.2. Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийг дараахь байдлаар ангилна:
2.2.1. гамшгийн аюулын тухай дохио;
2.2.2. сэрэмжлүүлэх мэдээлэл.
2.3. "Гамшгийн аюулын тухай дохио" гэж аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, алан хядах ажиллагаа, дэлбэрэлтийн улмаас үүссэн гамшгийн хохирлыг бууруулж, хүний амь нас, эрүүл мэнд, мал, амьтан, хүрээлэн буй орчин, эд хөрөнгийг хамгаалах зорилгоор бий болсон нөхцөл байдлыг зарлан мэдээллийн хэрэгслээр богино хугацаанд оновчтой хэлбэрээр мэдээлэхийг хэлнэ.
2.4. "Сэрэмжлүүлэх мэдээлэл" гэж мэргэжлийн байгууллагын дүгнэлт, мэдээллийн үндсэн дээр болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор зарлан мэдээллийн хэрэгслээр урьдчилан мэдээлэхийг хэлнэ.
2.5. Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийг төрлөөр нь дараахь байдлаар ангилна:
2.5.1. бүх нийтийн;
2.5.2. хэсэгчилсэн.
2.6. "Бүх нийтийн зарлан мэдээлэл" гэж засаг захиргаа нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжид үүссэн буюу үүсэж болзошгүй гамшгийн тухай мэдээллийг орон даяар зарлан мэдээллийн хэрэгслээр хүргэхийг хэлнэ.
2.7. "Хэсэгчилсэн зарлан мэдээлэл" гэж сум, дүүрэг, аймгийн нутаг дэвсгэрт буюу түүний зарим хэсэгт үүссэн буюу үүсэж болзошгүй гамшгийн тухай мэдээллийг зарлан мэдээллийн хэрэгслээр хүргэхийг хэлнэ.
Гурав. Гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэл дамжуулах хүч хэрэгсэл
3.1. Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийг дараахь техник хэрэгсэл, сүлжээ, хүн хүчийг ашиглан дамжуулна:
3.1.1. төвлөрсөн зарлан мэдээллийн хэрэгсэл (дуут дохионы хамт тэмдэг, дохио, бичиг, дуут мэдээлэл хэлбэрээр);
3.1.2. тусгай хэрэглээний холбоо (радио, телефон суваг болон мэдээллийн сүлжээгээр дуу, бичиг хэлбэрээр);
3.1.3. олон нийтийн болон орон нутгийн радио, телевизийн сүлжээ (дуут дохионы хамт дуу, бичлэг болон хөдөлгөөнт үсгэн мэдээлэл хэлбэрээр, телевизийн мэдээллийг дохионы хэлний орчуулгатай гаргах, бичгэн мэдээллийг хараагүй хүнд зориулж нэвтрүүлэгч унших);
3.1.4. цахилгаан холбооны сүлжээ (дуу, бичиг хэлбэрээр);
3.1.5. радио холбооны сүлжээ (онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага болон үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын хэмжээнд радио сувгаар тэмдэгт, дохио, дуу, дүрс болон бусад хэлбэрээр);
3.1.6. үүрэн телефон холбооны сүлжээ (тусгай зарлан мэдээллийн сувгаар бүх хэрэглэгчдэд нэгэн зэрэг нэгдсэн мессеж хэлбэрээр);
3.1.7. цахим мэдээллийн сүлжээ (олон нийтийн мэдээллийн сайтуудын эхний нүүрэнд нэгэн зэрэг нэгдсэн цахим хэлбэрээр);
3.1.8. аймаг, нийслэл, сум, дүүрэг, аж ахуйн нэгж, байгууллагын зарлан мэдээллийн хэрэгсэл, дотоод холбооны төхөөрөмж, мэдээллийн дэлгэц, төрөл бүрийн дохиоллын хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, чанга яригч;
3.1.9. бие холбоочин (зарлан мэдээллийн хэрэгсэл байхгүй, эсхүл гэмтэл гарч сэргээх боломжгүй болсон тохиолдолд тухайн байгууллагын дотоод журамд зааж бие холбоочин томилно).
Дөрөв. Гамшгийн тухай зарлан мэдээлэл дамжуулах зохион байгуулалт
4.1. Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага улс орны хэмжээнд зарлан мэдээллийн сүлжээг шинээр байгуулах, өргөтгөл, шинэчлэл хийх, бэлэн байдлыг хангах, сүлжээн доторхи харилцан ажиллагаа, техникийн үйлчилгээг хийх ажлыг Мэдээлэл, харилцаа холбооны улсын алба, Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран зохион байгуулна.
4.2. Мэдээлэл, харилцаа холбооны улсын алба нь зарлан мэдээллийн сүлжээг байнгын бэлэн байдалд байлгаж, шугам, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг өргөтгөх, шинэчлэх, гамшгийн үед гарч болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцож чухал шаардлагатай тоног төхөөрөмжийг нөөцөд авч, үйлчилгээний зориулалт болон газрын байршлыг өөрчлөх, түр зогсоох үед онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад урьдчилан мэдэгдэнэ.
4.3. Гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэл дамжуулах шийдвэрийг дор дурдсанаар гаргаж, нэн даруй зохион байгуулна:
4.3.1. сум, дүүрэг, аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт буюу түүний зарим хэсэгт үүссэн болон үүсэж болзошгүй гамшгийн үед тухайн шатны гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн байгууллагын санал, дүгнэлтийг үндэслэн сум, дүүрэг, аймаг, нийслэлийн Засаг даргын шийдвэрээр зарлан мэдээллийн хэрэгслээр;
4.3.2. аймаг, нийслэл болон хэд хэдэн аймаг, дүүргийн нутаг дэвсгэрт үүссэн буюу үүсэж болзошгүй гамшгийн үед гамшгаас хамгаалах улсын алба, мэргэжлийн байгууллагын санал, дүгнэлтийг үндэслэн гарсан Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр зарлан мэдээллийн хэрэгслээр;
4.3.3. шаардлагатай тохиолдолд онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд, онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргын шийдвэрээр тус газрын Шуурхай удирдлагын ерөнхий зохицуулагч зарлан мэдээллийн хэрэгслээр энэ журмын 2.5-д заасан төрлүүдээр гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийг хүргэж, шуурхай удирдан зохион байгуулна.
4.4. Гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэлд тухайн бүс, нутаг дэвсгэрт үүссэн буюу үүсэж болзошгүй гамшиг, газар орны зааг, учирсан хохирлыг арилгах үйл ажиллагаа, үргэлжлэх хугацаа, иргэд болон нийтээр мөрдөж ажиллах горим, бусад шаардлагатай мэдээллийг зарлан мэдээллийн хэрэгслийг ашиглан нийтэд мэдээлж болно.
4.5. Гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэл дамжуулсан үед онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь харьяа салбар нэгж, олон нийтийн болон орон нутгийн радио, телевиз, мэдээлэл, харилцаа холбооны албан мэдээлэл дамжуулах үйл ажиллагаанд хяналт тавьж шуурхай удирдлагаар хангаж ажиллана.
Тав. Бусад зүйл
5.1. Онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас жил бүрийн 3 дугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагийн 16.00 цагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дадлага, сургалт хийж, бэлэн байдлыг хангаж ажиллана.
5.2. Төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал гамшгийн тухай зарлан мэдээллийг хүлээн авмагц тухайн байгууллагад мөрдөх журам, батлагдсан төлөвлөгөөний дагуу байгууллага болон харьяа нэгжийнхээ хэмжээнд өөрийн зарлан мэдээллийн хэрэгслээр тодорхой давталттайгаар зарлан мэдээлэх ажлыг зохион байгуулна.
5.3. Гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэл, сэрэмжлүүлэх мэдээллийг саатуулах, дамжуулахгүй байх, мэдээллийг бизнесийн болон хувийн зорилгоор ашигласан байгууллага, албан тушаалтан, иргэнд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих