Зохиолч Доржзовдын Энхболд: ШАР ХӨВИЙН ЗЭРЭГЛЭЭ /өгүүллэг/
Лог шар нэг их удаанаар хэнгэнэтэл амьсгал татсанаа бөмбөгнөтөл гунганав. Хариуд нь гялаан цагаан хэмээх сүрлэг том ат суль үмхлэх зуураа сүү гашлам чичрүүлэн гунганахад Гажидмаагийн сэтгэл жигтэйхэн ээдэрч учир зүггүй мэгшин уйлмаар, аль эсвэл хөмхийгөө зуугаад дусал нулимс ч унагалгүй барайчихмаар нэг л хачин болоод явчихав. Цээжинд нь ямар нэг юм зангирчихаад ер тавьсангүй. Дэмий л ингэж ижилддэг мал байдгаа даа гэж бодоод лог шарынхаа бандгар гуян дээр тэнзэн ташуураар падхийтэл гуядав. Лог шар түүний нь хариуд лаадага лаадага алхаж явснаа тэмээн сүргийн захад ирмэгц санаа амрах мэт зогтусан, хүүгэтэл цагхаалаад шээж эхлэв.Тэрхэн зуур гялаан цагаан, бага цагаан, өндөр хөх, буурал өвдөгт, идэр бор таван бүдүүн ат сүргээс тасран нүүгэлтэн наашилсаар ирж Лог шарыг тойрон үнэрлэцгээв. Гэтэл Лог шарын өрөвлөг бууралтсаныг үзээд Гажидмаа гайхан мэлэрч орхив.
Гялаан цагаан, Идэр бор хоёр энэ хэдээсээ нэг ах. Ингээд бодохоор хэдэн ат нь хорин тав зургаа хүрчихжээ. Гэхдээ тэмээ яг л хүн шиг бууралтдагийг анх удаа анзаарч мэдэв. Цаг хугацаа гэгч мөн ч хурдан өнгөрч одох юм даа. Саяхан л энэ хэд тайлаг байж, аав нь анх хомнож сургаад жинд явж байсан даа. Гэтэл одоо аав нь ч алга, ижий нь ч алга. Харин хүү нь байна. Нас нь найм өнгөрөөд одоо хэдхэн сарын дараа естэй болно. Гэтэл Гажидмаа хань бараа татаад сургуульд өгч чадсангүй. Ирэх намраас л хэцүүднэ. Захирал хэтээсээ амаргүй хүн.
- За яая гэхэв энэ жил орхизноё. Харин энэ жил л гэдгийг мартаж болохгүй шүү гэж тун айхтар хэлсэн дээ. Хүү нь сургуульд ороод эгч шигээ сүрхий сураад байж чадах юм уу, үгүй ч юм уу бүү мэд. Багаасаа баахан эрхэлчихсэн болохоор байранд сууж барахгүй л байх даа гэж бодогдоно.
- За хар хүү гуай морь харж гүйцэв үү? Яагаад ч юм нэг жаахан аальгүйтмээр санагдаад Гажидмаа лог шардаа ингэж хэлжээ. Лог шар нь хүзүү сунган ижил хэдээ үнэрлэн шээсээр л зогсоно. Ер энэ хэдэн атны бие гэж уул, бөх гэж хөгжим юм. Нэгэнтээ сумын төвд хотоос урлагийн бригад ирэхэд Гажидмаа нэг хачин хөгжим үзэж билээ. Их л бүдүүн бараг эр хүнэрхүү хэлбэр төрхтэй тэр хөгжим үнэхээр л эр хонгор дуутай эд байсан даа. Нэр нь л таагүй. Конторбаас гэж байгаа. Тийн хэлэхийг нь дуулаад ангийнх нь охид ам хамраа ханцуйгаар таглан годгонолдож "Паах баас байхдаа ч яахав дээ" гэлцэн аальгүйтсэн. Гажидмаа ч аальгүйтсэн л байх. Харин унаа мориныхоо зоо хондлойг ханцуй нударгаараа илбэн арчих хүн шиг хөгжмөө алгаар илбэн байсан хөгжимчин тийн маяглахад нь уурласангүйгээр барахгүй бусдын харц хариулан Гажидмаа руу ирмэж билээ. Тэгээд л тэр хоёр бүжгэн дундуур гараад явчихсан юм даа.
Лог шар шээж дуусчээ. Гажидмааг цангинатал хэд гуугачуут тэмээ нь хумигдаж хэдэн хөгшин ингэ түүчээлэн гэрийн зүг дуулгавартай нь аргагүй алхалж гарав. Тийн цувах сүргийн дундаас хэдэн бүдүүн атных нь бөх сүмийн ганжир мэт сугсалзаж харагдана. Харахад нүд дүүрээд аргагүй л нэг хөгжим дөө. Хэдэн жилийн өмнө энэ хэдэн сугсалзсан сайхан бөх юу ч үгүй шалчийж, эргүүлээд гөвчихсөн уут шиг болж билээ. Мөн ч бэрх өвөл тохиож билээ. Гэвч гэрээ ачаад явахад хацар нүүр рүү зүү шивэх мэт часхийлгэх хар жавраас сүргээ нөмөрлөөд л хэдэн сумын нутаг дамнан алхалж онд орцгоосон. Хэдэн биеэ үзүүт л гунганан сүжирцгээнэ. Сүргээсээ тасраад амихнаараа салхидчих нь бий. Гэхдээ л сураг тасрана гэж үгүй. Гурав хоноод л усандаа суналзан орж ирцгээнэ. Харин зун шавар шалбааг дэлгэрэхэд л нэг авах нь алга болцгооно. Тийм үедээ ч холд яваа хүн мэнд мэдэж захидал ирүүлэх адил бууж мордсон хүн бүр ямар нэгийг хэлж ирнэ.
- Танай хэдэн ат тэнд тэгж явна. Энд ингэж явна. Тэр нь тийшээ хараад тэгж зогсож харагдана лээ гэхчилэн ярина. Тийм л мал даа. Гажидмаа хүүдээ яарах тул лог шараа шавдуулан шир шир алхууллаа, Тэмээ нь лог шарын тавир том алхаанд түрэгдэх мэт яаруухан урагшилна. Харуй бүрий болоотхоор хүү нь айж эхэлнэ. Эхийнхээ дэргэд л хэсүүрхэж өвөөгийнхөө гаансанд тамхи нэрэн таахалзахаас нялх амьтан чинь айлгүй ч яахав. Одоо борцоо дэвтээж гурилаа элдчихээд тэмээ харагдаасай хэмээн гадаа бөртийтөл зогсож байгаа. Торомтой ингэндээ явахаараа тэмээн дээрээ унтаж ташуур гээдэг гэмтэй. Тэр Гажидмаад ганц тэнз үлдэж хүү нь гэрээ харах болсон хэрэг, Гажидмаагийн аав тээр жил жингээс ирэхдээ "Цана гээч юманд ийм таяг хэрэглэдэг юм гэнэ, Yгүй тэр хотынхон ер яасан дундардаггүй сониуч саваагүй улс байдаг юм. Мань мэтдээ бол энэ цагираг шиг юмыг нь аваад хаячихвал боломжийн аятайхан ташуур болмоор эд шиг санагдаад" гэсээр нэг их саваа шиг савх мод авчраад өөрөө нэг хоёрыг л барьсан байх. Ааваасаа хойш түүнийг бараандаа хураагаад мартчихсан нь чухам хэрэг болж билээ. Хүү нь унаа тэмээнийхээ бөхийг тэвэрч үүрэглээд өвөө эмээ хоёрынхоо ташуурыг гээсний дараа Гажидмаа гэнэт мөнөөх савх модыг санаж бараагаа ухаж ухаж гаргаж өгсөнсөн. Хүү нь ч ёс шиг гээсээр, саяхнаас тэр их савх мод ч дууссан.
Намбайтал хивэн цувж явсан сүргээс жоотгонуур нэрт шар ингэ захлан гараад саариганан гүйх гэхээр нь Гажидмаа нэг сайн цангинатал зандраад ижилд нь нийлүүлэв. Тэр мөн ч жоотгонодог амьтан даа. Ботго тормоо ч тоохгүй. Хөгшин залуу атанцар бууранцар л байвал дагаад саариганадаг мал. Малд ч бас ийм хэтрүү амьтан байдаг аж. Нэрийг нь мөн ч онож өгсөндөө. Ботго байхдаа л тэгж харагдаад байсан хэрэг. Сааж байгаад нүд рүү нь харахад аль нэг эр сүвтэй юм руу сүүмийтэл ширтчихсэн ивлэж байдаг амьтан. Тийм ад дүүрэн малыг чинь юу ч гэхэв дээ.
Сультай элсэн хоолой гаталсан тэмээн сүрэг нь одоо хайрга шир ширхийлгэн алхална. Энэ бол замын зунд орсны тэмдэг. Гажидмаа ийш тийш хараачлан лог шараа үе үе падхийтэл гуядан шавдуулж өнчин дэрст гэгдэх хотгорыг өнгөртөл өтгөрч эхэлсэн бүрийн дундуур гэр нь аяга хөмөрчихсөн мэт бараантан үзэгдэв. Тэгтэл гэрийн нь гадаа нэг лүглэгэр юм байх ч шиг үгүй ч шиг оргив. Хичээж харах тусам нүдэнд нь ус гүйгээд сайн ялгарч өгсөнгүй. Гэр өөдөө ойртох тусам харуй бүрий өтгөрч төдөлгүй гэр нь үзэгдэхээ болив. Тийнхүү харанхуй наашлан наашилсаар агдлан тэврэх мэт эргэн тойрон харанхуйд уусаад гагцхүү тэмээн сүргийнх нь шир ширхийн алхлах чимээ үлдэн хэсэг зуур явтал гэнэт хажууханд нь гал дүрэлзэн хүү нь гэрийнхээ чигийг мэдэгдэв. Мөнөөх гэрийн гадаа байх ч шиг үгүй ч шиг оргиод байсан юм нь өндөр ачаатай машин байжээ. Хамар амыг нь хөлдөж орхих вий хэмээн гайгүй хичээнгүйлэн туурга берзээнтээр бүтээсэн юмсанж. Гажидмаа түүнийг нь мэдээгүй тул харанхуйд тэмтчиж яваад хөглөрсөн туурганы үзүүрт бүдэрч унав. Гэвч цухалдсангүй. Хол ойрын чимээ сонсгох гийчин ирсэнд аминдаа хөөрөн дэгдэгнэж орхижээ. Хүү нь тосож ирүүт л,
- Ижий манайд хүн ирсэн гэж мэдээжийн зүйл шулганаад халуун саванд цай хийгээд тавьчихсан, хоолоо гал дээрээ хийчихсэн. Арай л гаргаагүй байгаа. Та ороод дулаацаж бай. Би лог шарыг тушиж тавьчихаад торомнуудаа уячихая тэгэх үү ээжээ хэмээн урсгалаа. Хүү нь ч бас хүний бараанаар хөөрч баярлаж орхижээ. Тэгээд лог шарыг хөтлөөд гүйгээд явчихав. Тэмээн сүрэг хэвтшээ эрцгээн үнэрлэн холхилдсоноо тус тусын хэвтрээ олж түрүүчээсээ намс намсхийтэл хэвтэж эхлэв. Уяулж сурсан торомнууд нь л зэлэн дээрээ бараантана. Хээлтэй ингэнүүд хэвтэшээ засан пад падхийтэл дэвслэнэ. Гажидмаагийн зүрх гэнэт гижигдэн цохилож ямар улс ирээ юм бол гэж бодогдов. Гэр өөдөө алхалангаа үс гэзгээ сандрангуй илж янзлаад алчуураа тайлан авч жимбийтэл боогоод тэмээн дээр хэлхийн унжиж орхисон хормой хотоо тэгшлэн бүсээ чангалав. Тэгээд тоос товрог болсон байх вий гэж бодон нүүрээ хэдэнтээ шувтран арчаад үүднийхээ сурнаас татлаа.
Галын өмнө том том дөрвөлжин хээтэй хүрэн улаан цамц өмсөж ханцуйг нь шуусан идэр насны шар хүн гурил тасдаж суулаа. Тэрээр ер хэзээний энэ айлын гэрийн эзэн мэт өөриймсөг хэнэггүй нэгэн ажээ. Энэ байдлыг нь үзээд Гажидмаагийн дотор сэрхийн, авгай нь эзгүй айлд шөнө дөлөөр ороод оччихсон мэт гэрэвшин ичингүйрч орхив. Хаалга онгойх чимээнээр мөнөөх хүн өлийн харснаа
- Аа та юу? Сайн явав уу. Бузгай жаварлаг байдаг шүү, даарав уу. За дулаац дулаац би одоохон цай аягалаатхая гэнгүүт босон харайж шургуулганаас аяга гарган цай аягалав. Гажидмаагийн дотор бөглөрч хачин жигтэйхэн бадайрч “Сайн явлаа" гэхээс өөр үг унагаж чадсангүй. "Юүхэв ээ би өөрөө аягалаад уучихая" гэж хэлмээр байсан авч чадсангүй. Илүү нэг л үг хэлбэл нулимс нь сад тавьчих гээд байжээ. Ер эр нөхөр нь нэг хоёр сар эзгүй яваад ирсэн мэт ээл дулаан санагдахын сацуу хэнд ч юм, магадгүй энэ хэнэггүй эрд ч юмуу цөхөртлөө гомдож явснаа гэнэт мэдэв. Алчуураа их л удаан тайлж орон дээрээ тавиад аягатай цайг авч гараа дулаацуулахын тулд хоёр алган дээрээ ёроолыг нь ээлжлэн бөмбөрүүлсээр шимж уулаа. Мөнөөх эр эрэгнэг дээрээс тавагтай боорцог авчрангаа ам хуурай байсангүй.
- Намайг Шархүү гэдэг л дээ. Аймгийн баазынх. Танай суманд жаал гурил будаа хүргэхээр явтал энэ хойно гэнэтхэн тэрэгний бөгс эвдрээд хамт явсан тэрэг маань чирч танай гадаа авчирсан нь зол боллоо. Тэгээд яахав, аяны хүн айлын эрхээр гэгчээр хоол хийгээд л сууж байна гэчихээд хүнгэнүүлэн инээж,
- Тоглосон юм тоглосон юм. Ганц орой ч бол гараа амраагаад аваг гэж саналаа. Ер нь жолооч бид чинь хоолыг муугүй хийдэг юм шүү дээ. Олон жил хээр хөдөө хоол цайгаа аялуулсаар явтал гарт орчихдог юм. Харин танай Тулга сүрхий эр юм гээч гурилыг мөн сайн зуурч байдаг шүү гээд давхарлан тавьсан гурилаа тасдаж эхлэв. Гурил таслах гэж ёстой л жиргэж өгдөг эр ажээ. Заазуур жирс жирсхийгээд бүхэл тэвхгэр гурил гоймон адил жиргэгдэн үлдэнэ. Гажидмаа түүнийг хараад л суумаар санагдав. Гэр нь урд урдахаасаа илүү гял цал болчихсон ч юм шиг, халуу дүүгээд сайхан ч гэж юүхэв. Ёстой л "ёох" гэж хэлээд унаад өгмөөр санагдав. Уг нь өдийд чинь юун ингэж суухтай манатай. Хотон дотроо л тормоо эрээд тэмтчиж явдаг шүү дээ. Тэгээд л шөнө дөлөөр орж ирмэгц хүүтэйгээ гангар гунгар хийсээр хоолоо хийж лааны гэрэл сүүмэлзүүлэн хоолоо идээд хэвтэнэ. Гэтэл энэ орой хүү минь айж бий болов уу яаж байгаа бол гэж огт бодогдсонгүй, тормоо уячихаад л ороод ирнэ биз дээ гэж бодов. Хүний хань бараа гэдэг ийм байдаг ажээ. Манайх чинь сайхан айл байна шүү гэж яагаад ч юм бодогдоод ирэв. Дутуу юм алга. Хүлээн авагч, оёдлын машин, эрээн авдрууд, тэр авдар шигээ эрээлж будсан ор, дээр нь дэвссэн хивс. Урьд нь яагаад ч юм энэ бүхнээ нарийн сайн анзаарч хардаггүй байсан мэт санагдана. Гэр нь ч нэг л цэлийж цайвартаад ч байх шиг. Тэгээд унь тоононыхоо хээг харах гэсэн шиг дээшээ өлийснөө “Хүүе манайх чийдэнтэй болчихож" гэж хэлчихээд учиргүй баярлан алгаа хооронд нь үржээ.
- Аа хунлятрын гэрэл оруулсан юм, сайхан байгаа биз.
- Сайхан юмаа.
- Таныг Гажидмаа гэдэг шиг билээ.
- Тийм тийм. Хүү маань бүхнээ ярьж амжаа байлгүй дээ.
- Тэгсээн. Yе үө мод толгойгоо зуугаад подхийтэл завилаад авах юм. Тэгээд л бид хоёр чинь хөврүүлж алдаж байлаа шүү дээ. Сумын уурын зуухны галч Намжил хар тайлагаа өгчих гээд, их шалдаг бололтой юм. Мань эрд үнэ өртөг нь нэг л боломжийн бус санагдсан бололтой юм. Бас Даш гэдэг хүний хүү Дариймаа гэдэг хүүхнийг гуйгаатахсан чинь цаад Дариймаагийн нь аав ээж юу гэсэн юм дээ нэг л болж бүтэхгүй үг хэлээд Дашийн хүү нь өгсөн захидлаа буцаагаад авчихсан бололтой юм.
- Өө тэр ч бүр энүүхэнд, надад эрхэлчихсэн юм. Алийв та одоо тухал тухал. Би даргиулчихая гээд Гажидмаа бүсээ тайлж дан тэрлэгээ эрэлхийлбэл
- Тэрлэгээ эрээд байна уу цаад орны чинь хөл рүү тавих шиг болно лээ бид хоёр чинь гэр цэвэрлэхдээ л тааруу юм. Хавийн шүүрдэхээс арай л анги байдаг шүү гэснээ "За эмэгтэй минь одоо гэрээ мэддээ" гэсээр босож баруун хойморт гарч завилав. Гажидмаа тэрлэгээ сольж өмсөөд цай аягалж барилаа. Тэгээд гал дээрээс хоолоо гаргаж байтал хүү нь орж ирээд баруун орныхоо дэрэн доогуур юуг ч юм эрэн ухаж ухаж,
- Ээжээ энийг хараа, Шархүү ах өгсөн юм гэв. Гажидмаа хүү рүүгээ хармагц "Хүүе яавлаг" гэж алин цагийн мартагдчихсан охин хонгор аалиар дуу алдаад үсэрч очоод шүүрээд авах хорхой ассан нүдээр ширтэв.
- Май. Энэ нь таных. Энэ нь минийх.
- Яах нь вэ. Миний хүү өөрөө л ид.
- Өөр зөндөө бий. Би уутанд хийгээд хошлонгоос зүүчихсэн. Хөлдөхөөрөө мууддаггүй юм гэж Шархүү ах хэлсэн юм. Тийм ээ ахаа гэлээ.
- Ммг.
Тэр гурав их л жаргалтайгаар хөлсөө чийхруулан хооллоцгоогоод шагай хамав. Шархүү санаатай санамсаргүй алин болох нь бүү мэд ёс шиг хожигдох ажээ. Хуруу гар нь барвийгаад хүрз шиг атлаа сандчин чичигнэж хам хум шүүрэхдээ долоо наймыг л авна. Илүү багтааж чадахгүй, заримдаа андарганаасаа хождож тэвдэхдээ мөнөөх атгасан хэдийгээ ч савируулан алдаж эх хүү хоёрыг оройжин хөгжөөв. Гажидмаа сэтгэлийн угаас ингэж инээж хөхрөлгүй удсан санагдана. Заримдаа нугалан суусан өвдөг нь Шархүүгийн өвдгийг шүргэхэд ч юм уу, аль эсвэл Шархүү сандарч тэвдэж самардаж явахдаа хуруу гараараа биеийг нь шүргэхэд агзасхийн жирвэлзэнэ. Энэ тоглоомд Гажидмаа нэг хүү нь хоёр удаа хожив. Гажидмаагийн залхуу гэнэтхэн учир тоймгүй хүрч хэдэнтээ эвшээлгээд,
- Ёох бүр ядарч орхилоо. Миний хүү одоо унтацгаая. Шархүү ах нь ч ядарч байгаа. Алив ижий нь орыг нь засаад өгье гэсэнд,
- Аа ээж, одоо ганцхан л тоглочихоё л доо тэгэх үү гэж тоглоомын амтанд орсон хүү нь шаллаа. Тэгтэл Шархүү нэг л эервүү зөөлөн инээмсэглэснээ "Маргааш бас нөгөөдөр тэрний цаад өдөр тоглоё. Ах нь үнэндээ ядраад байна тэгэх үү Тулгаа гэж эвтэйхэн гуйсанд хүү хөөрөн баярлаж "За тэгье, яг тоглоно шүү" гээд морь харахаар гарахдаа Шархүүг бараадлаа. Орондоо ороод хэвттэл нэг хоёр эвшээлгээд л мөнөөх их нойр нь хаашаа ч юм нисэн одож гэнэтхэн учир зүггүй гиюүрч тэгснээ "Шархүү босоод ирвэл яанаа" хэмээн анх удаа хирдхийн бодов. Төдөлгүй баруун орны зүгээс хүүгийнх нь хурхирах сонсодсонд "Муу хүү минь бүр ядарч орхилоо доо, хамжаа дэмжээ байхгүй, нэгдлийн энэ олон малтай цаашдаа яанадаа” хэмээн бодогдоход хаврын их хавсрага нүүрээд нь маналзах шиг болов. Гэнэтхэн хоймрын ор зөөлөн шажигнаж Шархүү юү юүгүй босоод ирэх шиг болсонд нүдээ тас аньчихав. Тэгснээ чимээгүй болчихоор нь сэмхэн сүүрс алдаад нүдээ нээвэл тоононы сүүмгэр туяа халхлан ханхайтал зогсож байх нь тэр.
- Гажидмаа цаашаа хэвтэхгүй юу гэсэн тасалданги дууг нь сонсоод Гажидмаа алив нэгийг эргэцүүлж амжсангүй хана руугаа эргэн зайчилтал шүлс гудхийтэл залгих чимээтэй зэрэгцэн ялимгүй хөлс, басхүү машинд суухад л үнэртдэг цаанаа л нэг аяг зөөлөн таатай ч гэмээр үнэр үнэртүүлсээр хөнжлийнх нь сэжүүр доогуур шургаад ороод ирэв. Хэн хэн нь дуугарсангүй. Шархүү хоолойгоо зөөлөн зассанаа нэг гараа Гажидмаагийн бэлхүүс доогуур шургуулан тэвэрч өөр рүүгээ эргүүлэв. Гажидмаа уртаар санаа алдсанаа өндийж дан тэрлэгээ тайллаа. Хаа хамаагүй холын хол одон гаригт оччихоод түүндээ учиргүй хөөрөн хөөрөн дэгдэгнэж гүйх мэт жигтэй бадайрч хамаг л ухаан санаа нь нэг алдран нэг буцаж ирэн хөлд орж яваа хүүхэд шиг учир зүггүй хөөрлөө. Хэдэн ингэний нь дэлэн чандайтлаа чинэрэн саамширч гүйлдэн ирснээ, өөрсдөө ивлэн сүү нь дуслах адил болов.
- Шархүү
- Аа
- Хүү сэрчих вий дээ.
Гэвч түүнээ хэлэв үү үгүй юү өөрөө мөн л Шархүүгийн ааш авирт шингэн ороод ухаан санаа бүдэгрэн эзгүй загийн төгөл дунд Шархүүтэй хоёулхнаа айл гэр болон тоглож суугаа балчирхан охин мэт болж байлаа. Тэгтэл өөрөө ч мөн хүн Жоотгонуур, Жоотгонуур Гажидмаахан болчихсоноо ухааран ичиж хөнжлийн сэжүүрээр нүүрээ нууснаа "Одоо яая гэхэв дээ, хэнээсээ ч ичиж нуугдах билээ дээ" хэмээн бодоод тайвширч цээжээ ялимгүй гарган сэрүүцэв. Гэрт анир гүм болж Шархүүгийн зүрх луг луг цохилох нь мэдэгдээд хотонд тэмээн сүрэг нь нэгэн зэрэг ичиг ичиг гэх адил шивэр шивэр хивэх нь тодхон дуулдав. Орчлонгийн энэхэн чөлөөнд юу болоотхов гэх шиг говийн шөнийн хурц одод тооноор нь шагалзана.
- Шархүү!
Цаадах нь зүүрмэглэж байсан бололтой давхийн цочиж "Аан" гэлээ.
- Битгий унт л даа.
- Өө за заа би зүүрмэглэчихэж, одоо унтахгүй ээ, давгүй.
- Хоёулаа гарах уу?
- Морь хармаар байна уу?
- За яршигдаа гэснээ Гажидмаа хөнжлийн сэжүүрээр амаа даран нугдганан инээгээд Шархүүгийн ихэд үсэрхэг суга руу гараа хийн гижигдэж "Yгүй ээ би чамд Жоотгонуур, Идэр бор хоёрыг үзүүлэх гэсэн юм” гэлээ.
- Тэмээ юмуу?
- Тийм, нэг нь ингэ, нөгөө нь харимал ат байхгүй юу.
- Аа. Тэд яахав дээ ямар алга болчих юм биш маргааш л үзье.
Гажидмаагийн урам жигтэйхэн суларч "Нээрэн тийм л дээ. Шархүүд юу нь сонин санагдах билээ" хэмээн сулбуухан бодтол Шархүү гэнэт сэргэн түүнийг тас тэвэрч нугалсан хөлийнх нь тахим руу бадируун хөлөөрөө их л өөриймсөг жийн тэнийлгээд шанхыг нь илбэн сөхөж хацар дээр нь удаанаар үнэрлэн үнссэнээ улмаар тэндээ халуун оргиулан озтол Гажидмаагийн хаахнаас гараад байгаа нь үл мэдэгдэх халуун сайхан хүсэл оргилон бадраад нүдээ анилаа. Нэг мэдсэн үүр цайж байв. Тооноор нь сандарч цочсон бөөн бүгээн адуу дэргэтэл хатиран ороод ирэх мэт цайвар гэгээ садран цутгаж гэрийн доторхи тавилга тодорч эхэлмэгц Шархүү нэгэнтээ суниагаад түүнийг ихэд халуун дотноор тэврэн үнэрлэн таалснаа босоод явав. Гажидмаа хоромхон зуур дугхийн нүднийхээ хорыг гаргуут босож цайгаа чаналаа. Yе үе дуу аялмаар ч шиг, бие нь ихэд хөнгөрч шөнөжин унтаагүй хир нь ядарсан шинж даанч үгүй оргиод орж гарч шалвалзлаа. Шархүү хоймрын ор дүүргэн гараа алдалчихаад унтаж байна. Гүйн очуут өвөр рүү нь хүйтэн гараа шургуулан эрхлэж наадмаар санагдсан их хүслээ ичиглэн шоолчихоод торомтой ингээ шувтарахаар гарлаа. Лог шар нь тушаатайгаа тэмтэчсээр яваа гялаан цагааны хажууд ирээд хэвчихэж. Жоотгонуур Идэр борын нөөлөг их илчинд халууцсан аятай бөөрийг нь налаад байдгаараа тарайчихсан хивж хэвтэнэ. Өөрөө ч мөн л ийм байсан байхдаа. Идэр бор үе үе ихэд янцаглан цатгалдаж хэвтэнэ. Харвал хоймрын ор дүүргэн унтаж хэвтээ Шархүү шиг Хөөрхий амьтан, юундаа ингэж ханаж цаддаг байнаа. Өнөөдрөөс хэдэн хоног уяж сойж уналгүй болохгүй нь. Өөх тосыг нь жоохон ч атугай дундруулж хайлуулж хом бөхийг нь нимгэлж, өгөхгүй бол хур хүчиндээ хуурамч цатгалдаад шинэ ногоо идэж шалихгүй чихэлдэхнэдээ, Буур нь хэдхэн хоногийн өмнө ороондоо галзууран алдаж байсандаа гэмших мэт нүд анилдуулан хоосон шүд хяхатнуулан сүргээс зайдуу хавчигнан чичрэн хэвтэнэ. Шартчихсан хүн шиг. Түүнд одоо Жоотгонуур ч тэр ер юү ч байсан хахь хамаагүй болсон бололтой. Хээлтэй ингэнүүд нь ихэд чихэлдэн янцаглалдаж сүүжилдэхийг үзвэл түрүүчийн ботго юү юүгүй цухуйх нь бололтой.
Гажидмаа гэнэтхэн "Yгүй ер эдэн шиг нэг төрөхсөн" гэж бодогдоод явчихлаа. Эхчүүдийг асрах гэрт эмнэлгийн асрагч сувилагч нараар асруулж тойлуулан шөл ууж төрсөн эхчүүдтэй дэвэн дэлхийн юм хамж шимэн ярьсан шиг хэд хонохсон. Тэгтэл сувилагч орж ирээд л "За эхчүүдээ хүүхдээ хөхүүлэх цаг боллоо. Учир тоймгүй нялуурцгаагаад хөхүүлэх цаг хэтрүүлбээ. Амныхаа самбайг зүүцгээ авчихваа та нар, хүүхдэд ханиад хүрчихнэ шүү" гэж чухам өөрөө төрүүлээд өгч байгаа юм шиг л ихэмсэглэнэ шүү дээ. Тэр ч бас сайхан. За тэгээд л эхчүүд энд тэндгүй л хүүхдийнхээ өлгийг задлан тайлж нэг мэдсэн мөнөөх их таван ханат нялх хонгор үнэрээр халгиж орхино. Мөн ч таатай даа. Нээрэн нэг хүүхдийн булбарай зулай үнэрлэхсэн, би ч жилийн жилд л баахан ботгоны өрвөлөг л үнэрлэх юм шив дээ" хэмээн хөл алдсан бодол хөврүүлсээр хэдэн торомтой ингээ дор нь шувтарчихав. Түвэгсээд ч байх юм байсангүй. Торомтой ингэ нь бараг ширгээд чүү ай хоёр гурван цайны сүү л өгөв. Цайгаа сүлж энэ хоёрыгоо сэрэхээр л нэгмөсөн уухаас гэж бодоод ороо хураав. Шархүү энэ сэжүүрээс л сөхсөн байхдаа гэж санагдаад урьд шөнийх нь хөлгүй их жаргал цэнгэл бас л дутуудсан мэт санагдаж дотроо жуумалзан Шархүүг ширтээд "За гайгүй ээ" хэмээн шивнээд инээмсэглэн эргэв. Тэгтэл ч тэмээ нь босоцгоон холхилдоод эхэлцгээсэн тул гарч билчээрт нь гилчихээд загийн ганц хоёр өгөр хожуул хормойлсоор ирвэл нөгөө хоёр нь сэрчихсэн хоёр том хүн шиг дүнгэр дүнгэр ярьж хэвтэв. Тус тусынх нь аяганд өрөм тос үйгээд цайг нь аягалан орны нь өмнө тавилаа. Хүү нь сурснаараа орон дээрээ дөрвөн хөллүүт хөнжлөө хэдрээд цайгаа оочсоноо "Ижий надад яавлаг өгөөч" гэлээ.
- За заа цайгаа уучих. Дараа нь тожигнуулна биз. Шархүү орон дээрээ өндийгөөд хувцсаа эрж бөгтөгнөв.
- Цайгаа уучихаад аажуу уужуу босооч дээ.
- Сураагүй юм чинь эвгүй оргиод байна шүү. Босоё доо.
- Цайлж хэвтрээ хангаад босохгүй дээ. танай төвийнхөн ч нээрээ яарч адгаж босоод л хагас хугас цайтай л ажил руугаа шогшоод сурчихсан байдаг байхаа даа.
- Yгүй нээрээ, би одоо юундаа ч яарах билээ. Тухтайхан шиг цайлаад л босдог хэрэг үү дээ гэж Гажидмаа руу шунал дундраагүй харцаар ширтэн инээмсэглэтэл мөнөөх айхавтар харц нь энгэр заамны нь завсраар шургаад ороод ирэх болоод Гажидмаа дэмий л захаа тэмтэрч тэгшилж янзаллаа.
Нар дээр хөөрч жавар гэсэж уясаад ирэхээр Шархүү хөлдүү төмөр дүн дан хийлгэн машинаа ухаж төнхөж гарлаа. Байсгээд л "Тулгаа хүү минь нагтнаа аваад аль" гэнэ. Тэгснээ “Ээ хөөрхий наадах чинь дорцоов байна шүү дээ. Чи ер нь жолооч болж нэг л барахгүй нь ээ дээ" гээд инээж дуулдана. Гажидмаа дуу аялан орж гарангаа тогоо дүүрэн борцтой будаатай цай чанаж, илүү гэртээ ороод ганц гүзээ цагаан тосоо гарган ирж булангаас нь их л томоор эмтлэн авлаа. Ингэ нь ид ширүүн ботголж, шилэрсэн ингэний хойноос зүг чиггүй жонжуулж жонжуулж ботгыг нь дүүрч ядарсаар ирээд цайнд үйж уухад ядаргааг гаргууд тайлж амсхийлгэдэг идээсэн билээ. Харин энэ удаа эргэлзэж тээнэгэлзэлгүй хагалж орхив. Харамссан ч үгүй. Басхүү гэртээ оруут зүүн хоймрын авдраа уудлан ингэний нэрмэл гарган шар тос хийгээд зуухны хүхээн дээр тавьчихаад гэрээс гарч "Хөөе, жолооч нар цайгаа уу" хэмээн авдрынхаа мухраас хурган дээлээ гаргаж нар салхи амтлуулан хэцэн дээрээ тохож байгаа хүний адилаар сэтгэлийн гүнээс нургиулан дуудав. Хариуд нь их бага хоёр эр хүн хоёр өөр өнгөөр "За за одоохон очлоо” гэхийн сацуу өглөө ижлээс нь барьж уясан идэр бор гэнэтхэн жоотгонуурыг үгүйлэв үү, аль эсвэл эзнийхээ тэрхүү эервүү наалинхай дуунд уярч гуниглан сүүрслэж байгаа нь тэр үү хэнгэнэтэл гунгалан бурантагных нь үзүүрээс чангааж сарвайх уяа загаа тойрон эргэлдэв. Шархүү яаруу давчуу цайлж, халааж өгсөн архийг хам хум уунгуут түргэлэн гарч дахиад л мөнөөх төмрөө тожигнуулж эхлэв. Ер хичнээн ч удсан юм бүү мэд Гажидмаа "Энэ чинь хүний хүн, явуулын хэрмэл эр, тэгэхээр бушуухан л явахсан гэж яаралгүй яахав дээ” гэсэн гашуун бодол төрөөд хоолой нь юунд юм торж нулимс нь гилтэлзэн гарч иртэл "Байтлаа хүүхэд шиг уйлах нь үү дээ" гэж өөрийгөө зэмлэн унан алдсан нулимсаа ханцуйгаар шудруут тэмээндээ явъя даа хэмээн бодож гэрээс гарав. Нар баруун тийш нилээн хэвийжээ. Шархүү Тулга хоёр нэг том бөөрөнхий төмөр машиныхаа хажууд салгаад тавьчихсан доторхийг нь ухаж төнхөж байна. Yзвээс тэр нь дахин хэрэглэгдэхгүй болтлоо эвдэрчихээд доторхи жижиг сажиг юмных нь аль л бололцоотой гайгүйг нь түүж байх бололтой.
Нар жигтэй таатайхнаар ээсэн ээвэр дулаан өдөр байсанд "Ер нь өнөөдөр хүүгээ явуулъя байз" гэж бодогдоод ирэв, Салхинд гараад ирэг. Дандаа л гэрийн мухар сахиж байх гэж юу байх вэ. Муу хүү минь бүр уйдаж гансарч орхио, хээр гадаа явж. цангинатал дуулаг гэж санаад хүүгээ дуудав.
- Миний хүү, идэр бороороо яваад тэмээгээ хураагаад ир.
- Аа ээж, та явчих л даа. Би зөндөө их ажилтай байна шүү дээ.
- Ээжийнх нь бие зарайгаад халуураад байхад чи тоох ч үгүй юм. За яахав, яахав. Би хээр хөдөө халуурч дагжиж яваад тэмээ малаасаа унаад үхээд өгье л дөө. Аль тэр тохом гаргаад тохоод аль.
Хүү эхийнхээ царай өед аймсран харснаа "Ээжээ та амьсгаадаад байна шүү дээ" гэсэнд "Харин тэгээд яагаав. За за бушуул" хэмээн зандарчээ. Хүү нь ч гэр рүүгээ год харайн оров. Гажидмаа машин доогуураа хэвтээд юм оролдон байгаа Шархүүг нэгэнтээ хараад гуниглан сүүрс алдуут идэр бор руугаа очин бурантагийг нь тайлан хөтөлсөөр гэрийн хаяанд авчран сөглөж хэвтүүлтэл хүү нь үстэй дээлээ өмсөж дулаалчихсан тохмыг нь тэвэрч түүртэж бүдэчсээр гарч ирэв.
- Ижий би яваад ингээ хураагаад ирье. Харии нэг яавлаг аваад явъя тэгэх үү гэжээ. Гажидмаа "Эвий минь дээ" хэмээн дотор сэтгэлдээ дуу алдаж өөрийн үйлсгүй муухай санаагаа зүхсээр,
- За яахав дээ миний хүү. Хоолоо хийгээд байж бай. Торомныхоо хөлдүүсийг арилгаарай гэсэнд хүү тоосонгүй.
- Ээж би харин өнөөдөр бууз л идмээр байна. Та хөмлөн зоодой шулж байгаад амттай бууз хийгээрэй. Тэгээд та хоёр хоолоо идэлгүй намайг хүлээж байгаарай. Би ааруул өвөртөлчихсөн. Тээр хараа.
- За тэгвэл өөрөө мэддээ, явбал яваад ир. Ээж нь сайхан бууз хийгээд хүлээж байя битгий их оройтоорой. Тэмээгээ ширүүхэн алхуулаад ирээрэй.
Хүү мордоод "чүү" хэмээн давчихад харвал гарт нь ташуур байсангүй.
- Миний хүү хүлээгээрэй. Гажидмаа ийн хэлчихээд гэр рүүгээ гүйж ороод үлдсэн ганц тэнзээ барин гарч ирэв.
- Ээжээ надад дээс л өгчих.
- Барь барь миний хүү. Хээр билчээр дээр хүн хар таарвал муухай. Хүү үг дуугүй инээмсэглэн ташуурыг авч гуядтал идэр бор хаашаа явахаа сайн мэдэж байгаа бололтой тэртээ өмнө этгээдэд сүүмэлзэгч их бага хайрханыг чиглэн хамар шуухитнуулан тэшлээ.
- Миний хүү! Мэдээтэй яваарай унаа чинь авч шуугих вий.
- За аа ээжээ.
Гажидмаа хотныхоо хөлдүүсийг хүрз малтуураар гялав цалавхийтэл цэвэрлэчихээд илүү гэрээс мах оруулан гурилаа зуурав. Төдөлгүй Шархүү ч орж ирэв.
- Машин тэргээ ашгүй янзалж гүйцэв үү.
- Гүйцэхтэй мантай юм болжээ. Шинийг л тавихаас биш бүр болшгүй болчихож.
Гажидмаа зуухан дээрээс бүлээсгэсэн ус авч Шархүүгийн гар дээр хийж өгөөд томхон шиг загийн хожуул авчирч гал руугаа хийчих санаатай гарав. Тэгтэл зууханд багтчихмаар жижгэвтэр юм үгүй болжээ. Бас л түлээ үүрэх ажилтай болох нь хэмээн сэтгэлдээ дэмий нэг үглээд үлдсэн хожуулуудын хамгийн жижгийг чулуун дээр бяцлаж хагалах санаатай өргөх гээд даасангүй, дэмий жаал оролдоод аргал хормойлон орвол Шархүү түүнийг хармагц учрыг ойлгосон бололтой юм ч хэлсэнгүй зөрөөд гарчээ. Тэгтэл ч гадаа заг бяцлах дуулдлаа. Гажидмаа ч тэссэнгүй гартал мөнөөх даагддаггүй бүдүүн бүдүүн хөх загнуудыг толгой дээрээ сэгнийтэл өргөснөө "Сүй сүй” хэмээн чулуун дээр буулгана. Тэр тоолон заг нь ёолох мэт чихраад тас тас үсрэнэ. Гажидмаагийн нар ганц гарчээ. Болж хуна золигуудыг их элэг бариад даагдахгүй байдаг билүү та нар. Хоромхон зуурын дотор гадаах загийг нь бутлаж дуусгаад явган сууж гар дээрээ овоолоод босохдоо Гажидмааг харж инээмсэглэн "Маргааш нэг номхон ат аваад үлдэх юм шүү хэдүүлээ түлшээ базаанаа" гэлээ.
Гажидмааг хараахан төрөөгүй байгаа нялх ботгоны өөвийсөн өрвөлөг, бамбагар зөөлөн тавхай сэлтийг сэтгэлдээ эргэлдүүлэн хар цагаан хоёр өнгийн түүдгээр эргүүлэгтэй уяа томж суутал үе үе түүний зүг нүд буландан харж баруун хоймор ном уншин сүүжилдэж хэвтсэн Шархүү тэссэнгүй босож ирээд араас нь тэврэн авч гэдрэг нь дарав.
- Хүүе л дээ, хүн хүрээд ирнэ гэснээ инээд алдан өндөлзөв.
- Чи ер нь сайхан хүүхэн юмаа. Харах тусам улам л сайхан болоод байх юм.
- Мөөн, өөр юу гэмээр санагдах юм, Аймаг орны хүүхнүүд ч харин сайхан байдаг байх шүү.
- Миний хувьд ч тэр сайхнууд нь хүртээлгүй шүү дээ. Ер нь бол байдаг л байлгүй дээ, Миний хувьд ч ямар азаар машин маань энд ирж эвдэрвээ гэж бодоод учиргүй баярлаж байна даа. Гэхдээ би улсын хойшлуулашгүй ажилтай, чи эндээ нэгдлийн энэ олон малтай, бид хоёр яаж ч болсонгүй нэг үйлийн үр ургууллаа даа.
- Хүрээд ир л дээ. Хүү бид хоёр чамд аль байдгаа л зориулна гэж хэлэн алдаад хэлээ хазан тэслээ. Мөнөөх хөгжимчин яалаа мөн л ийм үг хэлж байсан. Хааяа нэг үзэгддэг тоо бүртгэгч ч ялгаагүй, холхиж байснаа л тэсэлгүй сум руугаа яардаг. Энэ Шархүү ч эгээ адил. Тэгэхээр тэр үйлийн үр гээч нь чухамдаа би өөрөө юм байна. Яая ч гэхэв дээ. Гоёо шиг л гав гашуун үйлийн үр чигээр өтлөх учиртай юм байхдаа. Шархүү түүний тахим цээжээр гараа оруулан сэвхийтэл өргөж орон дээр нь тавиут тэртэй тэргүй сулран чирэлдсэн бүсийг нь тайлж эхлэв.
- Хүн хүрээд ирнэ шүү дээ.
- Энэ эзгүй элсэн дунд хэн л ирэв гэж. Эсвэл чамд ирдэг хүн байдаг юм уу. За хэлчих нээрэн байдаг уу.
- Байтлаа хардах нь шив дээ. Надад хэн л ирэхэв дээ. Энгүүн яваа тэмээ малын эрэлчин алийг хэлж мэдэх билээ, гэнэтхэн ороод ирэхэд нь орон дээрээ жарвайтал хэвтэж байвал муухай.
- Энд бас сайхан байна шүү. Нам гүм, хэн ч байхгүй. Бид хоёр л байх шив дээ.
- Чи төв суурины хүн удахгүй уйдна л даа.
Шархүү хариуд нь юм хэлсэнгүй харин суганых нь товчийг имэрч мултлаад энгэрийг нь задгайлж эхэлсэнд,
- Шархүү байзна би хоймроор гээд Гажидмаа үгээ ч гүйцээсэнгүй нөмгөн хэвээр босож хоймрынхоо орыг хонхойлж эхэлжээ. Тэр хоёр хэсэг зуур зүүрмэглэж орхижээ. Гажидмааг зүүдэндээ цочин тийрээд сэртэл гал нэгэнт зогсоод гэрт зэвэр даажээ. Тооноодоо харснаа "Хүүе хүү минь ирэх болчихжээ" хэмээн уулга алдаад дан тэрлэгээ шүүртэл цээж нь хөлөрчихсөн унтаж байсан Шархүү ч цочин сэрж ухасхийв. Хоёул яаран гүйлдэж ор дэрээ хураагаад буузаа хийжээ. Гурвуул өвдөг өвдөгөө нийлүүлэн сууж мөн л шөнө дөл болтол шагай хамлаа. Хүү ташуурыг нь гээчихээд ирсэн авч Гажидмаа загнаж аашилсангүй. Ээжийнх нь бие сайжирч инээж хөхөрч байгаад хүү нь ч баярлаж ташуур гээсэн гэмэрхлээ мартагнан шагай хамж суусан хэвээр үүрэглэв. Гажидмаа орыг нь засаж хүүгээ унтуулаад эргэтэл Шархүү тоононы дор санжиганах гэрлийн унтраалгыг чадхийтэл даржээ. Нэг л мэдсэн тав зургаа хоногт Гажидмаагийн бие хөшүүн залхуутай байдаг нь оргүй болж арилаад зүйрлэвэл намар орой бороонд таана монгол нялхарсан их тал цэмцийн ногоорохын адил хөнгөн цолгиун болж орхив. Юуханд ч гэлээ инээд нь хүрч үе үе гижигдүүлсэн мэт тасхийтэл инээх авай. Мөнөөх засварын улсуудыг ирээд хоргүйхнээр шоглон наргихад ч савыг нь огт хоосон буцаасангүй.
- Тийм, тэгсэн юм. Танай Шархүүг мөн сайн аргамжлаа даа. Харин та нар очуут л дарга даамлууддаа хэлээд нааш нь ойр ойрхон явуулж байгаарай гэж хэлэх мөртлөө тас тасхийтэл инээсээр байжээ. Оройхон хирд тэд тэргийг нь засаж өгөөд аймаг руугаа буцацгаав. Шархүү маргааш нь сум руу явахаар шийдэж хонолоо. Тэр шөнө ер бусын богинохон шөнө байсан бөгөөд аймгийн төвд суугч царай зүс бие бялдараар өөрөөс нь хахь хамаагүй дор атлаа тэн хэмжээгүй их аз жаргалын эзэн болсон Шархүүгийн атигар давжаахан хүүхэнд тэсэлгүй атаархсан атаархал дарагдаж сэтгэл санаа цэлмэн "За боллоо" гэж бодогдож амжаагүй байтал үүр цайж эхлэв.
- Шархүү чиний авгай нээрэн тийм царай муутай юм гэж үү?
- Чиний хаана ч хүрэхгүй.
- Тэгээд яагаад суучихсан юм бэ? Салж болохгүй юм гэж үү дээ, Шархүү би чамд дасчихлаа би яах юм бэ? Чи намайг хайрлаач дээ.
- Яараад л суучихсан юм. Чамайг энд ингээд байж байх юм гэж мэдсэн биш дээ. Авгайгаасаа салж чаддаг юм гэхэд хүүхдүүдээсээ салж чадахгүй хүн шүү дээ би. Тэд маань одоо зам ширтээд бэтгэрч байгаа. Манай бага гэж яана, намайг чинь ёстой дагиж өгдөг эр шүү дээ.
Гажидмаа хөнжлийнхөө сэжүүрээр нүүрээ дараад гашуунаар мэгшин уйлав. Шархүү түүнийг өөр рүүгээ шахан аргадаж тэврэх гэхээр цээж рүү нь гараар тулан цахдаж гэдийв. Шархүү ч аргадах гэж дахиж хүчилсэнгүй. Тэгэхээр нь яв яв хэмээн дохиж түлхвэл босоод явжээ. Тийнхүү хэнэг ч үгүй босоод явчихна чинээ санаагүйдээ гэнэт учиргүй харамсан нулимсаа шудран арччихаад босож араас нь очин баахан ноололдов. Нар юү юүгүй мандах дөхжээ. Гажидмаа анх удаа гэрэлт халуун нарыг сэтгэлдээ ад үзэн зандарсан авч нэгэнт өнгөрчээ. Орчлон хорвоо, түүнийг гэрэлтүүлэн гийгүүлэгч ээлт наран би чамд ямар буруутай үйл хийсэн билээ дээ гэх адил зүүн уулын араас цухуйж торгон утас мэт ширхэг нь тооноор гулган орж ирээд жаазтай зурагных нь буланд амсхийх аятай гялтайж байлаа...
... Шархүү бүхээгтээ орж хаалгаа хапхийтэл хаав. Тэгээд түлхүүрээ түлхэхийн өмнө гэрийнхээ үүдэнд бөртийн зогсох хоёрыг харлаа. Хүү нь эхийнхээ гэдсэнд шахан наалдаад нулимс тунасан нүдээр ширтэж байна. Энэ нь тунасан нулимсны цаадах сэргэлэн хар нүд юуг хэлнэв. Ингээд л хаашаа ч хамаагүй яваад өгөхсөн гэж байгаа ч юм болов уу, эсвэл энэ муухай дуутай хүйтэн төмөр тэрэг байгаагүй бол Шархүү ах энд л байж байх байсандаа гэж өгүүлнэ үү бүү мэд. Тэрээр сайртаж хагарсан могжгор гараараа эхийнхээ хормойг хумиж базсаныг нь л зэгсэн сайн анзаарч харав. Энэ л жижиг бор гараар шагайг бөөн бөөнөөр нь хамж байсан. Хөөрхий дөө. Харин тэр хүү юү ч захисангүй. Хүүхдүүд нь ийш тийшээ явах бүрд нь ааруул ээзгий ч юм уу үгүйдээ л гэхэд гоёо захиж бөөн шагшаан шулганаан болдог энэ хүү тэгсэнгүй. Гажидмаагийн нүдэнд мөн л нулимс гялтайж харагдавч түүнээ унагахгүйсэн хэмээн хүчилж байгаа бололтой мушийтал инээмсэглэн хүүгийнхээ түнжгэр зулайг зөөлөн бор алгаараа илж зогсоно. Хэдхэн цагийн өмнө энэ л дулаан алгаар өөрийнх нь цээжийг ингэж л халуу оргитол илж агдлан тэвэрч тоононы бүдэгхэн туяанд цээжээ цайвартуулан аяглаж байсансан. Ийн бодтол дахиад л нэг хономоор санагдан тэсэлгүй шүлсээ гүд хийтэл залгив. Боломжийн л хүүхэн дээ. Харин эхнэрийн Дорлигийнд өгөөрэй гэсэн яавлагийг яаж ч болсонгүй эднийд өгчихөв байна. Хожим мэдчихээд цамнаад унахааргүй нэг аятайхан шалтаг олж хэлэх юм шүү. Сум орох замдаа л бодоод олчихдог хэрэг хэмээн бодсоноо нойр дутуугийн эрхээр өөрийн эрхгүй эвшээж орхижээ. Тийн эвшээтэл нүдэнд нь ус урсах мэт болоод тэрхүү урссан их үер хүү эх хоёрыг хамаад явчих шиг болсонд нүдээ нухаад харвал тэр хоёр гэрийнхээ үүдэнд зогссон хэвээр л байжээ, Шархүү нэгэнтээ тамшаалж тамхиа асаангуут түлхүүрээ түлхэж тэргээ хэд хүчтэй хаазлан нургиулж аваад хөдөллөө. Тэр яваад өгөв. Тэрхүү сүр бараатай машины зогсож байсан газарт түүний талын талд ч хүрэхгүй, хонхойж хоосорсон хөлдүү төмөр ямар нэг олон нүдтэй амьтан "Намайг ингээд орхичихлоо гэж үү" хэмээн гайхах адил онгойж харласаар үлдэв.
- Өө золигдоо, энэнийгээ зайлуулчихаарай гэж хэлэхээ мартчихсан байна шүү дээ. Бид хоёр яагаад ч даахгүй байхдаа хэмээн Гажидмаа харамсан бодсоноо "Yгүй ер нь тэмээ мал үргэлж туйлаад байхгүй болж гэм нүдний буланд өртөсгээд байж байг дээ хэмээн цайруулан уужирлаа. Машины дуу холдон холдсоор Шар хөвийн дөрөлжөөд мацан гарч харагдсанаа зэрэглээнд сэмрэн сэмэрсээр алга болов. Хотонд гялаан цагаан гэнэт хэнгэнэтэл гунганалаа. Ижил хэдэн атаа үгүйлж дээ. Бүгд эр сүвтэй атлаа ингэтлээ ижилддэг мөн сонин амьтад шүү.
- Ингэсгээд ижий нь тэмээ рүүгээ явъя даа. Миний хүү борцтой гурилтай хоол хийгээрэй. Ижийгээ оройтвол гал гаргаарай.
Хүү нь хариу дуугарсангүй, харин эхийнхээ хормойг шүүрэн угзарч юунаас ч юм нүдээ нуух адил нүүрээ даржээ.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих