📅

Монголоо шулсан МИАТ

🕔 2020/07/31 14:27
Ковид-19 цар тахлын нөлөөнөөс болж дэлхий нийт эдийн засгийн хүнд байдалтай тулгарсан. Манай улсын хувьд ч ялгаагүй. Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх гуравдугаар сард “Засгийн газраас хоёр чиглэл барьж ажиллаж байна. Эхнийх нь Монгол хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалах хоёрдугаарт эдийн засгийн нөхцөл байдалд анхаарч байгаа.” хэмээж байв.
Тэгвэл түүний энэ үг өнөөдөр ажил хэрэг болохдоо аль алиныг ч хэрэгжүүлж чадаж байгаа эсэхэд хүн бүр эргэлзэж байна. Тухайлбал, Монголчууд хамгийн олноороо ажиллаж, сурч, амьдарч буй БНСУ-аас л гэхэд иргэд ирэхдээ тусгаарлалтын 1050000 төгрөгөөс гадна “тэнгэрт хадсан” тийзийн үнэ төлж, ирж байна. Буцах хүсэлтэй иргэдийн ихэнх нь анх хоёр талын тийзээ авчихсан. Гэтэл МИАТ-ийн нислэг зогсчихсон. Хэрвээ тусгай үүргийн онгоцоор ирэх бол өмнөх тийзээ буцаагаад дээр нь мөнгө нэмж шинэ нислэгийн тийз авна. Тиймээс иргэд 1.8 саяас 2 сая орчим төгрөгөөр тийз авч байна.
Хэдхэн хоногийн өмнө МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөр “МИАТ компани 2020 оны төлөвлөгөөнд 1200 орчим нислэг үйлдэхээр төлөвлөсөн бол өнөөдрийн буюу эхний зургаан сарын байдлаар 533 нислэг үйлдсэн. Үүний 250 нь Ханбогд чиглэлийн дотоодын нислэг, 21 нь тусгай үүргийн, 70 нь каргоны нислэг байна. Энэ нь бид төлөвлөснөөсөө 54 хувиар бага нислэг хийсэн гэсэн үг. Энэ оны гуравдугаар сард Сөүлийн чиглэлд тусгай үүргийн нэг нислэг 1000 ам.долларын ашигтай нисэж байсан байна. Гэтэл дөрөвдүгээр сард 3000 ам.долларын алдагдалд орж эхэлсэн. Тавдугаар сард 35 мянган долларын алдагдалтай болсон байна. Харин Токио руу нэг нисээд ирэхэд алдагдал гуравдугаар сард 21 мянган ам.доллар байсан бол дөрөвдүгээр сард 26 мянган ам.доллар болж өссөн байх жишээтэй. Яагаад ингэж байна вэ гэхээр манай нийт нислэг 54 хувиар буурсан учраас нэгж нислэгт ногдол зардал өсөж, үйл ажиллагааны зардлаар МИАТ компани алдагдал хүлээгээд байна. Зардал өсөөд байгаа шалтгаан нь жилийн турш хийсэн нислэгүүддээ зардлаа хуваадаг байсан бол цөөхөн нислэг явагдаж байгаа учраас нэгж нислэгт ногдох зардал нь өсөж байна. Дээрээс нь гадаад улсын нисэх буудлууд дахь нислэг цөөрсөн учраас газрын үйл ажиллагааны зардал огцом өссөн. Гуравдугаарт, бидний нислэг үйлддэггүй чиглэл дэх газрын үйл ажиллагааны зардал өндөр байдаг. Тогтмол бус нэг удаагийн гэрээгээр зохицуулагддаг учраас үнэтэй. Дээрээс нь сул зогсолт их байгаа. Манай нислэг очлоо гэхэд ажилтнуудаа дуудаж аваачиж ажиллуулдаг, амралтын өдрийн нислэг хоёр дахин нэмэгддэг гэх мэтчилэн үнийн өсөлт үүнд нөлөөлж байгаа. МИАТ компани алдагдалтай хэр нь яагаад нисээд байгаа юм бэ гэдэг асуулт зүй ёсоор гарч ирнэ. Нэгдүгээрт, төрийн өмчит компанийн хувьд УОК-ын шийдвэрийн дагуу ажиллаж байна. Хоёрдугаарт, бидний хувьд үйл ажиллагааны зардлын алдагдал байгаа. Шууд зардлаа орлогоороо нөхөөд байгаа учраас нислэг хийж байгаа.” гэсэн.
Гэлээ гээд тэд монголчуудаа л шулах үүрэгтэй биш. Мөн ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг “Унгар, Чех, Малайз, Польш, Турк, Солонгосын тал шууд нислэгээ сэргээх хүсэлт тавьсан. Дэлхий даяар иргэний нисэхийн салбарын олон компани хүнд байдалд орж, зарим нь дампуурч байна. Энэ цаг үед хямд нислэг хийж байгаа авиа компани үндсэндээ байхгүй. Тухайн компаниудын тавьж буй үнийн саналыг үндэсний агаарын тээврийн компанийн үнийн саналтай харьцуулж үздэг. Ингэхэд манай улсын үндэсний агаарын тээвэрлэгч хямд байдаг.” гэх тайлбарыг өгсөн.
Дээрх нөхдийн ярианаас үзвэл монголчууддаа хамгийн хямдаар үйлчилж байна гэж байгаа ч цаад утгаараа бол дотоодын өөр нислэгийн компанийн хүсэлтийг ч хүлээж авахгүй байгаа гэдгийг хүн бүр өдгөө мэддэг болсон. “Хүннү Эйр” гадаадад гацсан иргэдээ авч ирье гэж хэд, хэдэн удаа хүсэлт тавьсан ч зөвшөөрөөгүй. Бүр  Германд онгоцоо их засварт оруулчхаад, эргэж ирэхдээ иргэдээ авч ирэх санал тавьсан ч Улсын онцгой комисс зөвшөөрөөгүй байдаг. Уг нь тус компани ямар нэгэн ашиг шингээхгүйгээр нислэгийг шууд зардлаар буюу шатахуун, навигац, нисэх буудлын, буулт, хөөрөлтийн хураамж, нисгэгчийн цалин, импортын зардлаа гаргаад нислэг хийх хүсэлт тавьсан. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд гаднын улсаас иргэдээ авчрахад оролцъё гэсэн санал, санаачилга гаргасан байдаг. Харамсалтай нь төр зөвшөөрөөгүй. Тэдэнд уг нь АН-ын Сэбү арал болон Манила, Австралид гацсан монголчууд хандаж байжээ. Харин “Хүннү эйр”-т Батлан хамгаалах яамнаас хүсэлт ирүүлэхэд УОК-оос зөвшөөрч Афганистанаас цэргийн алба хаагч нарыг авч ирсэн.
МИАТ-аас гадна ийн нислэгийн үйлчилгээ үзүүлэх компани бүр цаашлаад улс орнууд ч байхад манай төр, засгаас зөвшөөрөл олгохгүй байна нь МИАТ иргэдийг шулж байна гэхээс өөр тайлбар олдохгүй л болов уу. Үнэхээр төлбөрийг нь харж ганц МИАТ хямд гэж үзээд байгаа бол нислэгийг чөлөөтэй буюу агаарын хилээ нээчихвэл иргэд өөрсдөө сонголтоо хийх боломж ч гарна гэдгийг тэд мэдэх учиртай. Гэвч хилээ нээхгүй хэвээр.
МИАТ тусгай үүргийн нислэг үйлдлээ гээд нэг талдаа хоосон явж байна уу гэвэл  бас л үгүй. БНСУ руу л гэхэд нислэг дүүрэн явж байгаа. Бусад буюу Франкфурт чиглэлд ч ялгаагүй. Тийм байтал Төрийн өмчит компани алдагдалд орсоор байна гэж гоншигнож байгаа нь иргэдээ биш ашгаа бодож байгааг нь харуулж буй бус уу.
Уг нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Гадаадад амьдарч байгаа иргэддээ Ерөнхий сайдын хувьд миний сэтгэл маш их санаа зовж байна. Бид хязгаарлагдмал нөөцтэй, бүх улс орон руу онгоц нисгэх боломжгүй. Бүх иргэдээ татан авчирна гэж худлаа ярьж чадахгүй. Дэлхийн өнцөг булан бүрт асгасан шагай шиг тарсан 150-160 мянган монгол иргэд амьдарч байна. Тэд жаргал хөөж яваагүй юм шүү, амьдрал хөөж явсан. Тэр хүмүүс ар гэр, үр хүүхдээ тэжээж байгаа. Хүний нутагт очиж боолын хөдөлмөр ч хамаагүй эрхлээд, хэдэн төгрөг олох гэж гэр бүл, үр хүүхдээ орхиод явсан. Хамгийн хүнд хүчир ажлыг тэд маань хийж, олсон мөнгөө эх орон руугаа явуулдаг. Түүгээр нь ар гэрийнхэн нь амьдардаг, байрын мөнгө, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлдөг. Энэ иргэдээ бид хүний нутагт хаяж болохгүй. Тиймээс Монголын төр нэн түрүүнд өндөр настан, нялх хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, эрүүл мэндийн шалтгаанаар явсан иргэдээ татна. Зарим улс орнууд хилээ хаасан учир жишээ нь Европын орнууд руу онгоц нисэх аргагүй бэрхшээл байгаа. Монгол хүн эх орноо зорих эрхтэй, энэ бол Үндсэн хуулийн хүрээнд хийж байгаа ажил.” гэж хэлсэн юм шүү. Тэгэхээр үнэхээр иргэнээ бодож байгаа бол Төрийн өмчит компанидаа татаас өгөөд ч болов гадаадад гацсан иргэдээ шулж биш урьж авч ирэх цаг нь болсон л баймаар. Тэд чинь хагас жил ГАЦЧИХААД байна.
Эх сурвалж: Erennews.mn
скачать dle 12.0

Санал болгох

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?