Х.Алтанзагас: Дуу цахилгаантай борооны үеэр модны доор орохоос зайлсхийх хэрэгтэй
НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Сургалт, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Х.Алтанзагастай ярилцлаа.
-Ойрын өдрүүдэд усархаг бороотой, үер усны аюултай гээд сэрэмжлүүлээд байгаа. Ер нь ийм үед иргэд юуг анхаарах ёстой вэ?
-Иргэд хамгийн түрүүнд Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээллийг сайтар сонсдог байх хэрэгтэй. Сүүлийн мэдээллээр үер усны аюулаас болж таван том хүн, дөрвөн хүүхэд амь эрсэдсэн харамсалтай явдал боллоо. Ер нь газар хөдлөлтөөс бусад байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх боломжтой байдаг. Иргэд олноороо амралт зугаалгаар явдаг энэ үед бага насны хүүхдийг хараа хяналтгүй үлдээх, гол усанд ойртуулах явдал их гардаг. Харин томчууд архидан согтуурах нь элбэг учир маш хариуцлагатай л байх хэрэгтэй. Мэдээж үер нам дор газар бууна. Тиймээс иргэд маань аль болох өндөрлөг газар амьдарч, гэр орон сууцаа барих хэрэгтэй.
-Өндөрлөг газар байх хэрэгтэй гэлээ. гэтэл өндөрлөг газар бараадах, мод бутаас доор суух нь аянганд цохиулах эрсдэлтэй гэж ярьдаг талтай…?
-Дуу чимээ, аянга цахилгаантай бороо орох үед зайлшгүй мэдэх хэрэгтэй хэд хэдэн зүйл байдаг. Хотод амьдарч буй иргэд хамгийн түрүүнд нөмөр газар олж хорогдох нь чухал байдаг. Харин хөдөө орон нутагт амьдарч байгаа иргэд аль ч нөхцөлд модны доор орж нуугдахаас зайлсхийх хэрэгтэй. Учир нь мод цахилгаан татах аюултай. Харин энэ үед хүн газарт биеэ хүргэлгүйгээр хоёр хөлөө ойртуулж, толгойгоо аль болох тонгойлгох хэрэгтэй. Учир нь аянга буувал ойр хавийн газарт цахилгаан тардаг учир биеэ газарт хүргэж болохгүй. Харин төв суурингийн иргэдийн хувьд гар утсаа дуу цахилгаантай бороотой үед унтрааж байх хэрэгтэй.
-Замд явж байх үед гэнэт маш хүчтэй дуу цахилгаантай бороо орвол эрсдэлээс энгийн байдлаар хэрхэн биеэ хамгаалах талаар зөвлөхгүй юү?
-Иргэд хамгийн эхэнд метал эд зүйлсэд хүрэхгүй, долгион дамжуулах шугамын утас, шонгуудаас хол байх хэрэгтэй. Мөн тухайн хүн автомашинтай явж байх үед дуу цахилгаантай бороо орвол машинаа замаас гарган, хөдөлгүүрийг унтраах хэрэгтэй. АНУын эрдэмтдийн гаргасан нэгэн сонирхолтой судалгаа бий. Аянга цахилгаанаас автомашины дугуй бус метал кузов нь зорчигчийг цахилгаанаас хамгаалдаг. Аянга машин дээр буусан тохиолдолд кузов дээр бүрхүүл үүсч, цахилгаан цэнэг нь дугуйгаар дамжин газар луу дамждаг. Өөрөөр хэлбэл дугуй нь тусгаарлах бус дамжуулах үүрэг гүйцэтгэдэг. Гэхдээ ийм үед жолооч машины ямар нэг метал эд ангид хүрч болохгүй.
-Өвлийн улиралд жолооч нар наад зах нь хүрзтэй явах ёстой байдаг. Үүнтэй адилаар зуны цагт аялал зугаалгаар замд гарах бол жолоочид хувийн хэрэгслээ хэрхэн хангавал зохих вэ?
-Юуны өмнө ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээг сайтар мэдэж байх хэрэгтэй. Дан ганц жолооч гэлтгүй иргэн бүр дулаан хувцас, хувийн бэлтгэлээ сайтар хангасан байх хэрэгтэй. Болзошгүй аюулаас сэргийлж хүрз, гэрэлтүүлэх хэрэгсэл, хамгийн чухал нь шатахуун, хоол хүнсний нөөцтэй байх хэрэгтэй.
-Үер болохын өмнө ямар нэгэн төлөв шинж ажиллагддаг уу?
-Монголчуудын эртнээс уламжилж ирсэн аргууд байдаг. Тэнгэрийн байдал, үүл салхины чиглэл, мал амьтны ааш, хөдөлгөөнийг ажиглах гэх мэт.
-Ямар нэг байдлаар үер усны аюултай учирвал тэр үед яах ёстой вэ. Ялангуяа хөдөө орон нутгийн айлууд?
-Хөдөө орон нутгийн иргэд үерийн үед гэрийн хаяагаа шууж, тогоогоо хөмрөх хэрэгтэй. Яагаад вэ гэвэл тогоогоо хөмөрснөөр ширүүн ирж буй их усыг зүсэж зайлуулдаг давуу талтай. Гал түймэр гарахад ч энэ аргыг хэрэглэдэг. Нэг жишээ дурдъя л даа. Нэг гэрийн эзэгтэй цай хоолоо хийчихээд, тогоогоо гэрийнхээ хаяанд гаргаад хөмөрсний дараагаар маш хурдан ирсэн талын түймэр тогоонд хүрч тойроод гэрээс нь хэдхэн метрийн зайд зөрж аврагдсан байдаг. Энэ мэтчилэн монгол арга ухааныг иргэд маань мэддэг, хэрэгжүүлдэг байх хэрэгтэй. Түүнчлэн бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, тусгай хэрэгцээт хүмүүсийг хамгаалах, цахилгаан бараа хэрэгслүүдээ салгах, гэр хорооллын айлууд үерийн усны аманд буухгүй байх шаардлагатай. Сүхбаатар дүүргийн хувьд үерийн зам дээр зөвшөөрөлгүй буусан 400 гаруй айл бий. Энэ нь сүүлдээ иргэдэд өөрсдөд нь л аюултай болохоор нэн даруй нүүх бас хашаа гэрээ тойруулж далан, зурвас татах шаардлагатай байна.
-Тэгвэл өөрийгөө эрсдэлд оруулахгүйгээр үерт өртсөн нэгнийг хэрхэн аварч болох бол?
-Үерт автсан хүнийг 10 минутын дотор бүрэн аврах боломжтой. Тухайн хүн өөрөө сайн сэлж чаддаг, анхны тусламжийн талаар мэдэгдэхүүнтэй байх нь чухал. Судалгаанаас харахад усанд амь насаа алдсан хүмүүсийн 90 хувь нь сэлж чаддаг хүмүүс байдаг. Тэгсэн хэрнээ амь насаа алддаг нь сэтгэл хөөрлөөс үүддэг. “Би сайн сэлдэг, чаддаг” гэсэн бодлоос болж өөрийн болон бусдын амь насыг эрсдэлд оруулдаг. Тиймээс сайн сэлдэггүй, анхны тусламж үзүүлэх чадвар дутмаг бол өөр хүнээс тусламж хүсч, мэргэжилтнүүдийг дуудах шаардлагатай. Нөгөөтэйгүүр усанд амиа алдаж буй хүмүүсийн тодорхой хувийг согтууруулах ундаа хэрэглэсэн хүн эзэлдэг. Яагаад гэвэл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орох үед хүний хөлийн шөрмөс татдаг. Тиймээс аль ч үед эрсдэлтэй учир усанд ам гарч болохгүй.
-Үерийн улмаас нэгэнт хохирол амсч, гамшигт өртөсний дараа энэ байдлаас хурдан гарахын тулд ямар арга хэмжээг авч ажиллах ёстой вэ?
-Юун түрүүнд тухайн хүмүүст ойр хавийнхан нь тусалж, сэтгэл санаагаар дэмжиж аюулгүй газар очих. Үер болсны дараа хөрсний бохирдол маш ихээр үүсдэг. Үүнийг дагаад халдварт өвчин тархдаг. Иймээс усыг сайтар буцалгаж хэрэглэх, тухайн үед байсан хоол хүнсийг устгаж, сав суулгыг ариутгаж цэвэрлэх хэрэгтэй. Хамгийн том асуудал гэр хороололд амьдарч буй иргэд ихэвчлэн үерийн аюулд өртдөг учир муу усны нүх, бие засах газрыг нэн түрүүнд холбогдох байгууллагын хүмүүстэй хамтарч сайтар ариутгах шаардлагатай. Дашрамд дурдахад СБД, БЗД-ийн завьт болон хөдөлгөөнт эргүүлийнхэн жил бүрийн зургадугаар сарын 15наас есдүгээр сарын 15н хүртэл сэрэмжлүүлэх үйл ажиллагаа явуулдаг. Иймээс ард иргэдийг нийслэл, дүүргийнхээ Засаг даргын захирамжийг биелүүлж, амралт зугаалгаар явахдаа бага насны хүүхдийг хараа хяналттай байлгаж, болзошгүй үер усны аюулаас өөрийгөө болон гэр бүлээ хамгаалахыг сэрэмжлүүлж байна.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих