Хошууч генерал Б.Баярмагнай: Би иргэний дайны галыг өрдөж, цуст хядлага явуулахыг хүсээгүй
Иргэдийн нэрлэж заншсанаар Б.Баярмагнай генерал. Тэрээр Хүчний байгууллагуудын дээд тушаалын офыцеруудаас үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, Төрийн удирдлага, тогтолцоог эсэргүүцэж, үгээ хэлсэн бараг анхны хүн. Монголын үндэсний фронтыг тэргүүлэн тайван жагсаал зохион байгуулсан тэрээр одоо Баянзүрх дүүргийн 23-р тойрогт бие даан нэр дэвшээд буй. Түүнтэй цөөн хором товч ярилцсанаа хүргэе.
- Та яагаад УИХ-д нэр дэвшихээр болов?- Цэргийн албанд орохдоо өргөсөн тангараг миний нэг насны минь тангараг. Цэргийн бид бол Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг гадны зэвсэгт халдлага, түрэмгийлэгчдээс хамгаалах үндсэн чиг үүрэгтэй бэлтгэгдэж, сургагдсан цэргүүд. Цэргийн тангарагаа өргөчихөөд 25 жил тасралтгүй үүргээ гүйцэтгэж, эх орондоо ХАРИЙН ДАЙСНЫГ алхуулахгүйн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэлээ.ГЭТЭЛ эргээд хартал харийнхан бидэн рүү зэвсэг барьсан цэргүүд биш, санхүүгийн луйварчидаа илгээн зоосонд дуртай ДОТООДЫН ДАЙСНУУДААР халхавч барин нэвтэрч Монголчууд бидний хэдэн үеэрээ хайрлан хамгаалж ирсэн эх орны минь газар нутгийг тал талаас нь онгичин уудалж, хамаг үнэтэй байгалийн баялагийг маань хомхойлон авч Монгол улсыг маань зэвсгийн хүчээр биш дааж давшгүй өрөнд оруулан мөнгөний хүчээр эзлэн авахыг санаархаж байна шүү дээ. Энэ бүхнийг зүгээр хараад суугаад байлтай нь биш дээ. Бидний өвөг халуун амь, бүлээн цус энэ газар шороонд шингээстэй бий. Тэд бидэнд өргөн уудам газар нутгийг бүх баялагтай нь хөх тэнгэртэй нь хамт үлдээсэн юм шүү. Энэ их өвийг бид хойч үедээ энэ хэвээр нь өвлүүлэх ёстой юм. Эрх мэдэлд хүрэх замаар өөр өөрийн гэмт хэргээ хаацайлахыг хүссэн хүмүүстэй, тэднийг хамгаалж байгаа сүлжээ тогтолцоог би эсэргүүцэн тэмцэж байна. Одоо л бид сайхан ирээдүйн эхлэлийг тавьчихвал та бидний үр хүүхэд, хойч үе маань эх орондоо амар тайван амьдрах юм.
- Цэргийн дээд тушаалын офицер яагаад ингэж үзэл бодлоо зоригтойгоор илэрхийлэх болов?- Улс төр надаар оролдоод эхэлчихлээ шүү дээ. Зэвсэгт хүчин бол үндэсний аюулгүй байдлын Дархлаа... Мөнгө, эрх мэдэл хоёр үндэсний аюулгүй байдлын дархлааг дарангуйлаад байна. Улсаа орноо батлан хамгаалдаг тусгай чиг үүрэгтэй мэргэжлийн салбартаа улс төрийн томилгоог тэсэж чадахгүй тэсэрсэн хүн нь - Би. Энд нэг зүйл цохож хэлэхэд, манай генерал, дарга нар улс төрийн намын нөлөөлөл, шахалтаар томилгоонд ордог болсон. Салбар бүрт л ийм байгааг та бүхэн ч харж л байгаа байх. Сонгуулийн дараа шахааны хүмүүс албан байгууллагуудад шургалдаг даа. Бусад байгууллагууд ийм хууль бус үйлдэлд автаж болдог юм байна гэж муйхраар бодъё л доо. Гэтэл хүчний байгууллагад ийм зүйл байх ёсгүй. Бид бол эх орноо хамгаалахын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа энгийн цэргүүд. Нам болоод улс төрөөс хэзээд ангид байх ёстой.
- Гэхдээ та одоо улс төрд орохоор зэхэж байна шүү дээ. Яагаад?- Чимээгүй хохирогч байснаас ил тод золиос болоё. “Бидэнд хамаатай бүхний өмнө дуугаа хураах мөчөөс бидний амьдралын төгсгөл эхэлдэг” хэмээн ялгаварлан гадуурхалтын эсрэг тэмцэгч Мартин Лютер Кинг хэлсэн байдаг. Тийм шүү дээ. Зэвсэгт хүчний салбарт чимээгүйхэн хохирогч болж, тэсэж тэвчиж яваа хүмүүсийн өмнөөс бүүр цаашлаад эх орны минь үндэсний аюулгүй байдлын дархлаа болсон батлан хамгаалах салбарыг дарангуйлж байгаа бусармаг эрх ашгийг эсэргүүцэж хэн нэг нь сөрөн зогсох ёстой. Би Цэргийн хүн. Албандаа 25 жил тасралтгүй зүтгэлээ. Жагсаалын цэргээс жанжин штабын дэд дарга хүртэл цэргийн сургуулийн сонсогчоос хошууч генерал хүртэл албаа гүйцэтгэж явсан нь миний бахархал. Үндэсний эрх ашгаа дээдлэх, эх оронч байх гэж юу болохыг яс махандаа шингэтэл мэднэ. Б.Баярмагнай гэдэг хүн үхэн үхтлээ үзэл бодолдоо үнэнч, эх оронч хэвээрээ л дуусах болно. Буруу зүйлийг буруу гэж хэлэх ёстой шүү дээ.
- Монголын үндэсний фронт гэж байгууллага сүр дуулиантайгаар гарч ирсэн. Тэргүүн нь та. Таныг фронтыг орхисон гэж иргэдийн зарим нь ойлгодог. Тухайн үед юу болсон бэ? Одоо та МҮФ-д байгаа юу?- Би яг одоо ч МҮФ-ын тэргүүн Б.Баярмагнай. Улс оронд үүсээд байгаа өнөөгийн нөхцөл байдлыг эсэргүүцэж, МҮФ жагсаал зохион байгуулсан. Тэнд би тангараг өргөсөн цэргүүдийг удирдаагүй, үзэл бодолдоо хөтлөгдсөн энгийн иргэдийг удирдаж байсан. Ийм их байгалийн баялагтай өргөн уудам газар нутаг дээр цөөхөн Монголчуудыг үгээгүй ядуу амьдруулж байгаа Төрдөө гомдсон иргэдийн асар их уур бухимдал бөөгнөрч байсан. Тиймдээ ч жагсаал хүчтэй болсон. Гэхдээ иргэдийн уур хилэн, гомдол бухимдалыг далимдуулаад иргэний дайны нөхцөлд хүргэж болохгүй шүү дээ. Иргэдийн уур хилэнгээр дайны гал өрдөж, “тоглох” эрх надад байхгүй. Өөр хэнд ч байх ёсгүй юм. Энэ ямар аюултай гээч. Хичнээн их цус урсаж, хэдэн хүний амь нас эрсдэх вэ? Уурлаж улайрсан хүмүүс юу хийх вэ??? Цэргийн хүний хувьд би шийдвэр гаргаж, болзошгүй нөхцөл байдлаас сэргийлсэн. Би цуст хядлага явуулахыг хүсээгүй. 1970-аад оны Кампожийн “улаан кхмер”-үүдийн цуст хувьсгал шиг зүйлийг эх орон, элгэн түмэндээ хийхгүй. Зөвхөн энэ шийдвэрээс минь л намайг ойлгох нэг нь ойлгоно биз ээ. Тухайн үед эсэргүүцлийн жагсаал маань зорилгодоо хүрсэн. Монголын үндэсний фронт ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдөж чадсан. УИХ-ын даргад шаардлагаа хүргүүлсэн. Харин дараа нь би тэргүүний хувьд жагсаалыг албан ёсоор тарааж, намжаасан. Одоо би үндэсний фронтоо тэргүүлэн үйл ажиллагааг нь хэвийн тайван үргэлжлүүлж байна.
- Та 2016 онд УИХ-д бие даан нэр дэвшиж байсан. Одоо ч бие даан нэр дэвшиж байна? Яагаад аль нэг нам барааддаггүй юм бэ?- Энэ улсын төлөө зүтгэх л гэж байгаа бол аль нэг нам, бүлэглэлийн эрх ашиг гэж байхгүй. Яг одоогийн байдлаар улс төрд шийдвэр гаргах түвшинд манай улсад урлаг, спортынхон, эрх мэдлээр ашиг сонирхолоо хамгаалсан бизнесийнхэн, уул уурхай газрын баялаг “сонирхогчид” буюу тодруулбал эх орондоо хэзээ ч үйлдвэрлэдэггүй зөвхөн ухаж, зардаг Монголоо гэх сэтгэлгүй Монгол улсын харьяат УИХ-ын гишүүн иргэд, төсөв “олборлогчид” буюу төрөөс төрсөн тэрбумтнуудаас бүрдэж байна. Сүүлдээ энэ хэд маань хоорондоо харилцан тохиролцоод хамтраад ашиг сонирхолоо хамгаалах чадвартай боллоо шүү дээ. Тэгвэл бид яах юм бэ??? Иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлж, цаашлаад үндэстнийхээ ашиг сонирхолыг хамгаалдаггүй төлөөллөөр иргэд бид удирдуулж яах юм бэ.... Салбарын сайд нь эсрэг кноп дараад сууж байдаг намын даалгавар биелүүлэгчээр бид яах юм бэ??? Дахин хэлье. Аливаа улсын Зэвсэгт хүчин бол тухайн үндэстний аюулгүй байдлын-Дархлаа байдаг. Гэтэл өнөөгийн энэ тогтолцоо эрх мэдэл, ашиг орлогодоо шунасан цөөн хэдхэн хүнд боломж олгож, үндэсний эрх ашиг, аюулгүй байдлын дархлаагаа дарангуйлж байна. Энэ чинь байж боломгүй зүйл. Миний хувьд үндэстнийхээ эрх ашгийг хамгаалж, аюулгүй байдлын дархлаагаа дэмжинэ.
-Бие даагчид улс төрийн шийдвэр гаргахад ганцаардана гэж сонгогчдын зарим нь үзэж байна. Таны хувьд яагаад ийм итгэлтэйгээр дахин бие даан нэр дэвшиж байна вэ?- Бие даагчид эрх нь хязгаарлагдмал, юу ч хийж чаддаггүй, ганцаарддаг гэдэг худлаа. Энэ бол өмнө нь бие даан гарч ирсэн хүмүүсийн чадваргүйтэй холбоотой. Тэднээс болж, намын ашиг сонирхолд захирагдахгүй гэжэрх мэдэл, шударга бус тогтолцооны эсрэг гарч ирсэн бие даагчдын талаар сөрөг ойлголт гарч ирсэн байх. УИХ-ын гишүүн гэдэг бол 27 эрхтэй. Хууль санаачлах эрх жирийн хүнд байдаггүй. Энэ эрх УИХ-д, Засгийн газар гэсэн бүхэл бүтэн институцид бий. Тэгэхээр бүх шатанд хариуцлага нэхэж, шаардлага тавьж ажиллах эрхтэй. Мөн Их хурлын гишүүд ажлаа тасалдаг, хуралдаа суудаггүй, хуулиа санаачилдаггүй, энэ үлбэгэр, сулбагар, арчаагүй байдлаас болж, УИХ-ын гишүүдийн нэр хүнд ч унасан. “Төрийн сүлд өршөө” гэж сүүн цацлаа өргөдөг ард түмэн Төрдөө итгэлгүй болж байна шүү дээ. Иргэнийг төлөөлнө гэж төрд сонгогдсон хүмүүс нь хуулиар өөрсдийгөө хамгаалан боловсон хулгай, дээрэм хийгээд сууж байна. Түүнийгээ тендэр гэж нэрлэсэн байна. Хамгийн сүүлд ёс зүйн зөрчил гаргасан гишүүнийг эгүүлэн татна гэсэн хуулийн төсөл санаачилж оруулсан нь уналаа. Би үүнийг дахиад санаачилна. Би зэвсэгт хүчинд 25 жил тасралтгүй зүтгэхдээ нэг ч өдөр ажил таслах байтугай, хоцорч үзээгүй. Тийм учраас би хэрэв энэ сонгуульд сонгогдвол үүргээ бүрэн биелүүлэх боломжтой гэж үзэж байна.
- Иргэд танд итгэл хүлээлгэвэл та юу хийж чадах юм бэ?- УИХ-ын хэмжээгүй эрх мэдлийг хязгаарлана. УИХурал хууль тогтоох дээд байгууллага. Гэтэл тэд гүйцэтгэх засаглалыг томилж, бүүр томилгоогоороо дамжуулан удирдаж байна. Хууль тогтоох дээд байгууллагын гишүүн нь давхар засгийн газрын гишүүн хийдэг. Энэ буруу тогтолцоог хална. Бас УИХ-ын гишүүнийг эргүүлэн татдаг болгох хуулийг дахин санаачилна. Иргэдийг 4 жилийн турш хохироогоод сууж байдаг загварыг болиулах хэрэгтэй. Иргэдийн эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, боловсрол гээд энэ улсад хийж хэрэгжүүлэх шаардлагатай ажил их байна. Би мөрийн хөтөлбөртөө тусгасан байгаа. Тухайлбал иргэдээ жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэг оношлогоонд үнэ төлбөргүй хамруулмаар байна. Энэ хорт хавдар гэдэг өвчин хамрын ханиад шиг түгээмэл боллоо. Яагаад вэ? Эргээд л нөгөө үндэсний аюулгүй байдал, хүнсний аюулгүй хэрэглээ алдагдсантай холбоотой. Манай мэргэжлийн хяналтын лабораторийн багж 6000 хорыг таньдаг бол МУ-д батлагдсан 15000 хор байна. Тэгэхээр бид таньж, мэддэггүй учраас 9000 төрлийн хорыг идэж байна. Үр дүнд нь иргэд эрүүл мэндээрээ хохирч өвчилж, хорт хавдар түгээмэл өвчлөл болж. Иргэдээ хамгаалья, улсаа хөгжүүлье гэвэл хийх зүйл үнэхээр их байна. Миний нэр дэвшиж буй Баянзүрх дүүрэг бол цэргийн гэр бүлийн тойрог. Би Баянзүрхчүүдийнхээ амьдралыг сайн мэднэ. Би мөрийн хөтөлбөртөө Монгол Улсын хэмжээнд хэрэгжүүлэх 4 чиглэл, нийслэл хотынхоо хэмжээнд хэрэгжүүлэх 3 чиглэл, БЗД-ийн хэмжээнд хэрэгжүүлэх 3 чиглэл, 23-р тойрогт багтаж байгаа 17-н хороондоо хэрэгжүүлэх 3 асуудал, нийт 14 багц асуудлаар мөрийн хөтөлбөрөө дэвшүүлсэн. Энэ 14 багц асуудал нь Монгол Улсын хэмжээнд зайлшгүй шаардлагатай шийдвэрлэх ажлууд гэж ойлгож болно. Олон шинэ санаачлагуудыг оруулсан. Мэдээж би үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах чиглэлийн салбартай миний амьдрал холбоотой учраас энэ талын бодлогыг хэрэгжүүлэхэд түлхүү оролцоно гэсэн бодолтой явна даа.
- Тань шиг УИХ-ын эрх мэдлийг хязгаарлахын тулд УИХ-д нэр дэвшиж байгаа хэдэн хүн байгааг мэдэхгүй юм. Юутай ч танд амжилт хүсээд, ярилцлагаа өндөрлөе.- Баярлалаа. Танд ч амжилт хүсье.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих