Hэр дэвшигчдийг шүүх хурал өнөөдөр болно
Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр /2020.06.11/ 11.00 цагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон юм.
Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3 /Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.
Мөн Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйл /худал мэдүүлэх/-ийн 21.2-1, 22.1 дүгээр зүйл /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Номтойбаяр, Б.Ган-Эрдэнэ, Б.Нямдаваа, Н.Ууганбаяр, М.Нямдэмбэрэл, Н.Алтансувд, Н.Баттөгс, Б.Шижиржаргал, Д.Батмөнх нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр 14.00 цагт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон юм.
Шүүх хуралдааны мэдээллийг бид эргэн хүргэх болно.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих