Говь-Алтайн сумдад хөөрч, буух зурвас байгуулжээ
Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд Иргэний нисэхийн ерөнхий газар, аймаг, орон нутаг, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 20 орчим хөөрч, буух зурвас байгуулаад байна. Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, аймгийн Засаг дарга нартай “Хамтын ажиллагааны гэрээ” байгуулж, ерөнхий зориулалтын нисэхийн зурвас байгуулах газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах, зурвас байгуулах санхүүжилтийг орон нутгийн төсвөөс шийдвэрлэхээр тогтсон юм.
Тиймээс энэ дагуу Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын төсвөөр Алтай сум, Бугат сумын Тахийн талд ерөнхий зориулалтын агаарын хөлгийн хөөрч, буух зурвас байгуулж, өчигдөр Ажлын хэсэгт хүлээлгэн өгчээ.
Өдгөө Бугат сум нь аймгийн төвөөс 210 километрт, Алтай сум нь 360 километрт оршдог, өндөр уулс, даваа бартаа ихтэй, ялангуяа өвөл, хаврын улиралд зам, даваа хаагдаж аймгийн төвтэй холбогдоход хүндрэл үүсдэг учраас орон нутгийн иргэд баяртайгаар хүлээн авчээ. Ийнхүү хөөрөх, буух зурвас байгуулснаар олон бэрхшээлийг саадгүй гэтлэхээс гадна иргэд агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээ авах боломж бүрдэж байгаа юм.
Цаашид 21 аймгийн 116 байршилд ерөнхий зориулалтын агаарын хөлгийн зурвас байгуулахаар төлөвлөсөн бөгөөд эхний ээлжинд Дорнод аймгийн Баяндун, Халхгол, Хэнтий аймгийн Галшар, Биндэр, Дадал зэрэг сумдад хөөрч, буух зурвас байгуулахаар ажиллаж байгаа юм байна.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих