С.Мөнхчулууныг батламжлах эсэхээс У.Хүрэлсүхийн ам, ажлын зөрүүхарагдана
Хотын даргыг тодруулах НИТХ-ын хурал өнгөрсөн долоо хоногт болж, улс төрд "шинэ салхи” оруулав. Учир нь эрх баригч намаас Хотын даргад С.Амарсайханыг, харин түүний оронд Р.Дагвыг томилуулах чиглэл өгч, НИТХ хуралдсан байдаг. Гэвч заалнаас нэр дэвшсэн С.Мөнхчулуун гишүүдийн олонхийн саналыг авч, Хотын даргаар сонгогдлоо. Намын "төв хороо”-ны шийдвэр ийнхүү нийслэл дээр хана мөргөлөө.
Одоо НИТХ-ын гишүүдийн олонхийн саналыг авсан С.Мөнхчулууныг Ерөнхий сайд У.Хүрэлсүх батламжлах учиртай. Тэгж байж Нийслэлийн Засаг дарга С.Мөнхчулуун тамга, тэмдгээ гардан авч, ажилдаа орно. У.Хүрэлсүхийн хувьд С.Мөнхчулуун захиалсан хүн нь биш. Тиймээс батламжлах уу, үгүй юу гэдэг нь улс төрийн хүрээнд анхаарал татаж байна.
МАН-ын дарга У.Хүрэлсүх шударга ёс ярьж, улс төрд шинэчлэлийг эхлүүлээд байгаа. Тэгвэл одоо Нийслэлийн Засаг даргыг батламж эсэх асуудал дээр түүний ам ажлын зөрүүг харж болох юм. С.Мөнхчулуун нь НИТХ-ын дарга С.Амарсайхантай өрсөлдөж, таван хүний саналын зөрүүтэй Хотын даргаар сонгогдсон. Түүний ажлын түүхийг харахад ч энэ албан тушаалд тохирохгүй гэх асуудал байхгүй. Тиймээс У.Хүрэлсүх С.Мөнхчулууныг батламжлахгүй бол улс төрийн зорилготой гэж харахаас өөрцгүй.
С.Мөнхчулууныг Нийслэлийн Засаг даргаар сонгосон НИТХ-ын тогтоолыг өнөөдөр Ерөнхий сайдад хүргүүлэх учиртай. Харин Ерөнхий сайд хурлыг тогтоолыг хүлээж авснаас хойш тав хоногийн дотор шийдвэр гаргах хуулийн заалттай юм. Нэг удаа буцаах эрх Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бий. Тиймээс энэ удаагийн нүүдэл У.Хүрэлсүхийг хэн болохыг харуулна.
Зууны мэдээ
Т.Батсайхан