Хятадын агаарын тээврийн салбарт 16 жил осол эндэл гараагүй
Хятадын иргэний агаарын тээврийн салбар өнгөрсөн 2018 оны эцэс гэхэд нийт 60 сая цаг аюулгүй үйлчилгээ үзүүлсэн байна. Энэ нь сүүлийн 16 жилд ямар нэг осол эндэгдэл гараагүй гэсэн үг.
Зөвхөн 2018 онд гэхэд Хятадын онгоцууд 11 сая цаг аюулгүй зорчсон нь 2017 оныхтой харьцуулахад 8.9 хувиар өссөн үзүүлэлт аж. Харин иргэний агаарын тээврээр үйлчлүүлэгчдийн тоо 2017 оныхоос 10.9 хувиар өсөж, 610 саяд хүрчээ.
Хятад улс өнгөрсөн онд нийт 8.1 тэрбум юанийг онгоцны тоног төхөөрөмж, техник хэрэгслийг сайжруулахад зарцуулжээ. Одоогоор тус улс 10 сая ба түүнээс дээш тооны зорчигчид хүлээн авах хүчин чадалтай 37, 30 саяас дээш тооны зорчигчдод үйлчлэх хүчин чадалтай 10 онгоцны буудалтай байна.
Хятадын иргэний агаарын тээврийн салбар нийт 4206 чиглэлд үйлчилгээ үзүүлдэгээс 3420 нь дотоодын, 786 нь олон улсын чиглэлүүд аж. Зөвхөн өнгөрөгч онд гэхэд Хятадын иргэний агаарын тээврийнхэн олон улсын 167 чиглэлд шинээр үйлчилгээ явуулж эхэлжээ.