НЭГ ХҮНИЙ ЭРХ АШГААС ДОР УИХ
УИХ-ын чуулганы хуралдаан долоо дахь удаагаа хойшиллоо. Эрх баригч хүчний хагарлаас үүдэлтэйгээр парламент гацаанд орчхоод байна. УИХ-ын дарга нь таван хуулийн заалтаар халхавч хийн, өрөөндөө нуугдчихав. Энэ зуур УИХ-ын даргыг ёс зүйн хариуцлага хүлээлгэх асуудал өндрөө аваад байна. Түүнд өдөр бүр хугацаатай шаардах бичиг хаяглагдах болов. Парламентын 40 гишүүн түүнийг хурал удирдах эрхгүй хэмээн үзэж, жагсаал хүртэл зохион байгуулав. Гэвч эрхэм спикер суудлаасаа буух хүсэлгүй байна. Энэ байдлыг харж сууж тэвчээгүй Төрийн тэргүүн чуулганд Үндэсний аюулгүй байдлын талаар мэдээлэл хийхээр тов зарласан ч мөн л бүтэлгүйтэв. М.Энхболд даргыг суудлаасаа буух хүртэл энэ байдал үргэлжлэнэ гэдгийг Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Л, Болд, Ж.Батзандан нарын гишүүд мэдэгдээд байна.
Тэгвэл тэд ийнхүү төрийн ажлын гацааснаас үүдэн дараах асуудлууд шийдлээ хүлээсээр байна. Хамгийн түрүүн УИХ Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх ёстой байгаа юм. Учир нь уг хуулийг ирэх оноос өмнө хэлэлцэж баталж чадахгүй бол алтны татвар төлдөг компаниуд 5 хувиар татвар төлөх үү гэдэг нь тодорхой бус болно. Татвар төлөх эрх зүйн үндэслэлгүй болж байгаагаас алтны компаниуд алтаа тушаахгүй байдал үүсвэл Монгол Улсын валютын нөөцөд шууд нөлөөлөх эрсдэл бий болоод байна.
Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох асуудлыг УИХ-д өргөн барьсан ч хэлэлцүүлээгүй өнөөдрийг хүрлээ. Хуульд 30 хоногийн дотор Засгийн газрын гишүүнийг томилох заалттай. Гэвч парламент хуулийн заалтыг мөрдсөнгүй. Түүнчлэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан болон Зам, тээврийн хөгжлийн сайдаар Я.Содбаатарыг огцруулах асуудлыг Засгийн газраас өргөн барьсан ч УИХ хэлэлцэж чадахгүй байна. Ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс Төрийн албаны тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Хууль хэрэгжихтэй холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн дүрэм батлах тухай, төрийн зарим байгууллагын албаны ангилал, зэрэглэлийг тогтоох тухай зэрэг тогтоолууд батлагдах ёстой байгаа.
Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгалагддаг. Гэвч УИХ эрх мэдлээ хэрэгжүүлж чадахгүй байна. Нэг хүний эрх ашгаас дор УИХ болчихлоо. Харамсал төрөм.
П.Ундрал
olloo.mn
olloo.mn
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих