УИХ-ын дарга З.Энхболд “Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах өдөр”-ийг тохиолуулан мэндчилгээ дэвшүүлэв
Монголынхоо
нийт эмэгтэйчүүд та бүхэндээ Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах
өдрийн баярын мэндийг Өмнийн цэнхэр говиос хүргэн мэндчилье.
Дэлхийн
дээд амжилтыг шинэчлэн тогтоох 1000 тэмээний баярын арга хэмжээ
Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд болж байнаа. Монгол Улсын
хөгжлийн салшгүй хэсэг нь мал аж ахуй бөгөөд малчин эмэгтэйчүүд маань
үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл хөдөлмөрлөн, эр нөхрийнхөө халамжит
хань, өрх гэрийнхээ тулгуур нь болж ирсний үр дүнд бид дэлхийд
гайхуулах бахархалтай болж чадлаа. Энэ сайхан үйл явдалтай зэрэгцэн төр
засгийн зүгээс малчидаа, малчин эмэгтэйчүүдээ дэмжин 8 хувийн орон
сууцны зээлийн хүүг 5 хувь болгон буурууллаа. Мөн уламжлалт мал ахуйгаа
эрхлэн суугаа малчдын үйлдвэрлэл эрхэлж, амьдралаа дээшлүүлэх боломжийг
хангахын тулд малчны зээлийн хүүг жилийн 18 хувь хүртэл бууруулаад
байгаа. Тэгвэл Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Сайн малчин”
хөтөлбөрийн дагуу малаа эрүүл байлгаж, нийгмийн даатгалын шимтгэлээ
төлдөг, малчин дансаа ашигладаг сайн малчны зээлийн хүүг дахин бууруулж
жилийн 10 хувь, сарын 0,8 хувь хүртэл бууруулахаар шийдвэрлэлээ.
1000
тэмээний баярт оролцож буй малчид маань бүгд сайн малчин болохын төлөө
ажиллана гэдгээ ч итгэлтэйгээр хэлж байна. Цаашид малын гаралтай
бүтээгдэхүүнээ дэлхийд данстай бренд болгож, эдийн засгийн хөгжлийн
тулгуур болгох эх үйлсдээ малчин түмэн маань ихээхэн хувь нэмрийг
оруулна гэдэгт итгэлтэй байна.
Монгол
орны өнцөг булан бүрт суугаа эхчүүд, эмэгтэйчүүд бүсгүйчүүд та бүхэндээ
Эмэгтэйчүүдийн баярын мэндийг хүргэж, эрүүл энх, аз жаргал, хамгийн
сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА, АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА
ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД
Өмнөговь аймаг, Даланзадгад сум
2016.03.08
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих