Иргэд “Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрийн талаар хамгийн их асуулт тавьжээ
Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболд долоо хоног бүрийн баасан гарагт иргэдийг хүлээн авч уулзан санал хүсэлтийг нь сонсдог. Энэ удаа аймгийн Нутгийн удирдлагын ордны "Бага танхим”-д 20 гаруй иргэдийг хүлээн авч зарим асуудлыг нь шийдвэрлэв.
Уулзалтын үеэр иргэд ажилгүйдэл, тэтгэмж, төслийн санал зэргийг тавьж ялангуяа ТОСК-ийн "Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөртэй холбоотой асуудлууд яригджээ. Тус аймагт 83 айлын орон сууцыг түрээслэхээр төлөвлөсөн нь түрээсийн орон сууцад хамрагдах хүсэлтэй иргэдийн тоотой харьцуулбал тун бага тоо аж.
Энэ үеэр аймгийн Засаг дарга А.Энхболд хэлсэн үгэндээ:-"ТОСК-ийн дотоод журам батлагдахаар журмын дагуу ИТХ болон холбогдох албаны хүмүүстэй хамтарч түрээсийн орон сууцыг зорилтот бүлгийн иргэдэд шударга зарчмаар өгөх болно” гэлээ.
Энэ үеэр яригдсан зарим асуудлаас дурдвал: Иргэн н.Бүрэнбат жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих зорилготой "Дархан брэнд дэлгүүр”, залууст эх оронч үзлийг бий болгох зорилго бүхий "Хүн төв” гэсэн хоёр төсөл танилцуулав. Аймгийн Засаг дарга дээрх хоёр төслийг боломжтой бүх талаар дэмжихээ илэрхийлээд "Хүүхэд хөгжлийн ордон” байгуулахтай холбоотой төслийн сонгон шалгаруулалт болно. Тэр үеэр "Хүн төв” төслөө улам боловсронгуй болгож шалгаруулалтад оролцохыг санал болгов.
Мөн иргэн А.Шүрэнцэцэг түрээсийн байргүй, гар дээрээс шууд худалдаа хийж байгаа иргэдэд зориулсан "Стандартын шаардлага хангасан ТҮЦ” бий болгох хүсэлтээ байгаагаа хэллээ. Энэ асуудлаар аймгийн Эрүүл Мэндийн газар, Мэргэжлийн Хяналтын газар, Цагдаагийн газар зэрэг холбогдох газруудтай хэлэлцэж эргэж хариу өгөхөөр боллоо.
Б.Норовсамбуу