📅

Эхнэрээ гурав сольсон эр хүнд хэн итгэх вэ

🕔 2015/10/12 10:11
Эхнэрээ гурав сольсон эр хүнд хэн итгэх вэ
"Нээлттэй нийгэм форум”-аас Дэлхийн өрсөлдөх чадварын 2015-2016 оны тайланг танилцуулав. Энэхүү тайлан нь улс орнуудын хөгжлийн төвшин, эдийн засаг дахь бизнесийн эрүүл орчин ямар төвшинд байгаа зэрэг 12 гол үзүүлэлтийг чиглэлээ болгон танилцуулдаг уламжлалтай. Дэлхийн улс орнууд энэ тайланд ихээхэн анхаарал хандуулдаг. Тайланд хойгуур үнэлгээ авсан бол хэрхэн сайжруулах, мөн үнэлгээ өндөр байвал хэрхэн тэргүүлэх талаараа судалгаа хийдэг учиртай. 
Манай улс 2005 оноос энэхүү тайланд нэгдэж, өрсөлдөх чадварын тайлангаа бусад улс орнуудтай нэгтгэн судлах болсон юм. Харамсалтай нь 2005 оноос хойш бид өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх талаар огтхон ч ахиц гаргаагүй аж. 2015 оны байдлаар 140 орноос 104-д орсон байна. Авбал зохих онооны 3.8 буюу 50 гаруй хувьтай байжээ. Өрсөлдөх чадвараа үнэлүүлдэг болсноос хойш Монгол Улс үргэлж 3.5-3.9 хувьтай байсан нь шат ахидаггүй гэдгийг харуулж байгаа юм. Яагаад жил бүхэн эдийн засгаа сайжруулж, бодлогоо тодорхойлж, хууль баталж, улсын эдийн засаг тэрбум тэрбумаар өсч байхад энэ тайланд өөрчлөлт орохгүй байна вэ гэж уншигч та асууж мэдэх юм. 


Мэдээж эдийн засгийн суурь өөрчлөлтөд энэ хугацаанд ахиц гарсан байж болох ч төр засгийн тогтворгүй байдал өрсөлдөх чадвараа үнэлүүлэхэд үргэлж хойш татаж ирсэн байх аж. Бизнесийн эрүүл орчинг бий болгоход мөн л төрийн тогтворгүй байдал нөлөөлсөн байна. Урт хугацааны хөгжлийн бодлого гэж байхгүй, засаг төр байсхийгээд л солигддог, нэг жилийннастай сайд, нэг хоёр жилийн хугацаатай яам байгуулдаг бидний энэ солиорол дэлхийтэй хэзээ ч мөр зэрэгцэн урагшилж чадахгүй гэдгийг маань батлаад өгчихлөө. 


Эмгэнэл гэж хэлэхээс яахав. Нэг онигоо ч гэмээр зүйл ярьж өгье. Японы нэг эрдэмтэн Монгол Улсад иржээ. Эдийн засгийн хөгжлийн яамаар орж хамтарч ажиллах талаар ярилцаж, гэрээ контакт байгуулаад эх орондоо буцсан аж. Улсдаа очоод хөрөнгө оруулалтын асуудлаа яг таг шийдчихээд эргээд мөнгөө аваад Монголд ирэхэд өнөөх яамных нь байранд тэс өөр яам ороод суучихсан байж гэнэ. Япон бизнесмэн өөр газраар яамаа хайсан ч яам нь ор сураггүй, сайдынх нь сураг ч алдарсан байсан гэдэг. 
 
 
 
Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болж хамтын ажиллагааны үр дүнгээ харж чадаагүй Япон бизнесмэн дараагийн удаа Эдийн засгийн хөгжлийн яам байгуулагдахыг хүлээхээр шийдэж мөнгөө аваад явсан гэнэ лээ. Японд төрийн алба нь тогтвортой мэргэшсэн байдаг. Сонгуулийн үр дүнгээр очсон нам урт хугацаанд батлагдсан хөгжлийн бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийн зэрэгцээ удирдлагын баг л тухайн яаманд очдог. Түүнээс бөөнөөр халаад байдаггүй. Харин манайд бол сайд солигдлоо, яамны бүтэц тэр чигээрээ өөрчлөгддөг гаж тогтолцоо бий. Онигоо ч гэмээр, эсвэл эмгэнэл ч гэмээр үйл явдал Монгол Улсыг тэр чигт нь нөмөрч байна. Хөрөнгө оруулах сонирхолтой хүн бүхэнд иймэрхүү үйл явдал тохиолдож байгаа. Томилогдсон сайд, дэд сайд нарынхаа нэрийг ч тогтоож амжаагүй байхад дараагийнх нь солигддог болчихлоо. 


Дөрвөн жилийн циклээр намууд мөрийн хөтөлбөр боловсруулж, зүүний, барууны чиглэлээрээ хоёр хувааж хөгжүүлдэг улс манайхаас өөр хаана ч байхгүй учраас бид өрсөлдөх чадвараа үнэлүүлнэ гэсэн үлгэр ярьж суугаад яах ч билээ. 25 жилийн хугацаанд бид 10 гаруй төрийн нүүр үзчихлээ. Дөрвөн жил тутамд бид хоёр ч удаа Засгийн газраа сольдог болсон.Дөрвөн жил тутамд яамдын бүтэц өөрчлөгдөж, агентлаг нэмж хасдаг. Энэ "галзуурал” 2012 оноос хойш бүр эрчээ авчихаад байна. АН төрийн эрх барьсан хугацаандаа хоёр ч удаа энэ Засгийн газрыг унагалаа. 
 

Одоо гуравдах удаагаа Засгийн газраа унагавал дахин сонгууль явуулахаас өөр аргагүй байдалд орно. АН-ынхан Монгол Улсын хувь заяагаар тоглох гээгүй л бол энэ удаад эрхбиш улсаа бодно гэж найдъя. Жишээ аваад үзье. 2012 оноос хойш Сангийн сайдаар гуравдахь хүн нь сууж байна. Ч.Улаан, Ж.Эрдэнэбат, Б.Болор нар. Дунд нь хоёр сарын хугацаанд үүрэг гүйцэтгэсэн С.Баярцогтыг нэмчихвэл дөрөв. Улсын мөнгө санхүүгийн асуудлыг атгаж суугаа хүн гурван удаа өөрчлөгдөх эрүүл үзэгдэл мөн үү, та минь ээ. Нэг байгууллагаар бодоход Ерөнхий нягтлан бодогчоо гурван жилд гурван өөр хүнээр тавьж байгаагаас ялгаагүй. Энэ тохиолдолд тэр байгууллага найдвартай түнш байгууллага, санхүүгийн хувьд бие даасан байж чадах уу. Төсөв барьдаг хүнээ байнга солиод байхад төсөв мөнгөний бодлогын уялдаа хангагдахгүй нь тодорхой байгаа. 


Төсөв алдагдалтай гарч, төрд засаглалын хямрал нүүрлэхээс өөр яах юм бэ. Шинэ болсон сайд болгонд асуудлаа тайлбарлаж, хичээл шиг юм болно. Нөгөөх нь бодье, үзье, харъя, судалъя гэсэн хэзээ ч биелэхгүй мөрөөдөл ярина. Өмнөх сайдын үед ажил хэрэг болгож байсан асуудлыг дахиад л эхнээс нь эхлүүлнэ. Яагаад гэвэл МАН-ын сайдын ажлыг АН-аас томилогдсон сайд үргэлжлүүлж болохгүй гэх тэнэглэл энэ төрд суугаа улстөрч бүхний оюун ухаанд суучихсан. Сангийн яам, Барилгын яам, Хүнс хөдөө аж ахуйн яам, Зам тээвийн яам гээд бодлогын яамд тогтворгүй олон толгойтой байсан учраас эдгээр яам жил болгон үйл ажиллагаа нь доголдож, чиг үүргээ ойлгохгүй завхарсаар байна. 


Дээрээс нь Ерөнхий сайдаа байсхийгээд л солиод байхаар бид ямар нүүрээрээ хөрөнгө оруулагчдад тогтвортой байдал амалж хөрөнгө оруулалт гуйх хэрэг вэ. Хэзээ хаана үйлдвэр барьж, импортыг багасгаж экпортоо дэмжинэ гэж хүлээж суухав. Өргөн нарийн цариг, газар тариалангийн бодлого, төсвийг тэлсэн үрэлгэн бодлого гээд толгой нь олон солигдсоны хар гайгаар бид өнөөдрийг хүртэл бодлогын алдаагаа нөхөж чадахгүй сууж байна. Энгийн амьдралд наалдуулаад үзвэл эхнэрээ гурван удаа сольсон эр хүнд өөр эмэгтэй хүн итгэх үү. Яг л түүн шиг Сангийн сайдаа гурван удаа сольж, Ерөнхий сайдаа нэг жил тутамд огцруулдаг улсад тэнэг хүн ч итгэхгүй. Хөрөнгө оруулахыг хүсэхгүй, эхлүүлсэн ажил нь нэг сайд, нэг яамтай хамт ор сураггүй болохоос өмнө мөнгөө аваад дансандаа хийхийг л илүүд үзэх биз. Мөнгөний бодлого өнөөдөр Монгол Улсад хамгийн хатуу байгаа. 


Бодлогын хүүгээ 13 хувьд хүргэж, хувийн хэвшлээ дарамталж сууна. Гэтэл төрд суугаа төлөөллүүд байсхийгээд л ээлжээр хоолонд орж нэг жил сайдаар ажиллахын тулд цусгүй дайн өрнүүлсээр. Төсвөө жил бүхэн хөөсрүүлж, үлгэрт итгэсэн монголчууд нээрээ л ирэх жил амьдрал сайхан болно хэмээн хошгирсоор л. Энэ хооронд дэлхий биднийг улам бүр л үнэлэхээ больж, Монгол Улсын гурван сая хүн бүгдээрээ сайд, дарга болох нь цаг хугацааны л асуудал болчихлоо. Намын мөрийн хөтөлбөрөөр хөгжиж байгаа улсаас юу ч хүлээх хэрэггүй гэсэн мессеж дэлхий дахинд улсаас улс дамжин яригдсаар. 


100-300 гаруй ажилчинтай яам ор сураггүй арчигдаж, арайхийн эхлүүлсэн ажил хэрэг агаарт замхардаг "ид шидийн” Монгол Улсын ард түмэн өнөөдөр ч үлгэрт итгэсээр, улстөрчид нь ид шид хэзээ нэг өдөр биелэнэ хэмээн ард түмэндээ үлгэр ярьж өгсөөр л байгаа. Үлгэрийн амьдралд цэг тавихыг хүссэн хэн нэгэн гарч ирэхгүй л бол, урт хугацааны хөгжлийн бодлогоор энэ улс урагшлаагүй цагт Монгол Улс хэзээ ч хөрсөндөө буухгүй биз ээ. Бодлогоо урт хугацаагаар төлөвлөж, УИХ-ын бодлого үйл ажиллагаа зургаан жилээр үргэлжилдэг болоосой...
 

Эх сурвалж: www.mminfo.mn
Б.Өнөртогтох

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?