📅

Малыш Б.Энхтүвшин: Хүн мөнгө аваад эрх мэдэлтэй болоод ирэхээрээ тэнэг болдог нь тодорхой

🕔 2018/11/22 15:50

Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг, "Малыш” хэмээх Б.Энхтүвшинтэй ярилцлаа.

-Сайн байна уу ? Та сүүлийн үед юу хийж байна даа?

-18 жилийн турш тасралтгүй АНУ-д тэтгэлгээр дунд сургуулийн сурагчдыг илгээж байна. Энэ бол их амаргүй ажил. Маш өндөр шалгууртай байдаг. Тофелийн 60 оноо авч байж дээд сургуульд орох эрхээ авдаг. Бас 87 оноогоос дээш авч байж тэтгэлэг авдаг. Тэтгэлэг нь тэнд ажиллаж байгаа багшийн цалин 60 мянга байдаг бол 60 мянгаас дээш байдаг. Өнөөдөр манайд сургуулийн хамгийн чухал хүн нь багш гэж яриад байна. Тэгвэл тэнд бол сургуулийн хамгийн чухал хүн бол суралцаж чаддаг мэргэжлийн суралцагч хүнийг хэлдэг. Тэрнийгээ Scholarship гэж нэрлэдэг. Scholarship гэдэг чинь одоо судлаачийн гишүүнчлэлд орсон хүнийг хэлж байгаа юм. Тэгэхээр тэр хүмүүс маань сурч чаддаг учраас тэтгэлэгийг нь өгдөг. Бас тэр суралцагчид маань үеийнхэндээ нөлөөлдөг. Мөн багшид нөлөөлдөг.

Тэгэхээр багш бол хэзээ ч тайвширдаггүй. Яагаад гэвэл залуу хүүхдүүд айхтар сураад байнга их юм асуугаад байдаг болохоор тэд ерөөсөө тайвширдаггүй. Тийм болохоор их сургуульд хамгийн чухал хүн нь тэтгэлэг авч байгаа хүн байдаг. Тэр хүүхдүүдийг би бэлдээд өнөөдөр гэхэд 360 хүүхэд хэдийнээ явсан байна. Тофелийн дундаж оноогоор 96 хүрч дэлхийд 3-т явж байна. Бид клуб байгуулаад ингэж явж байгаа болохоор мундаг сонсогдоод байгаа болохоос биш нийт боловсролын хэмжээгээр бол манай улс тааруу талдаа орно. Ерөнхийдөө энэ нь юу гэсэн үг вэ гэвэл хэрвээ би АНУ-д Калифорнийн их сургуульд доктор хамгаалж чадсан бол та нар ч бас чаднаа гэсэн үг юм.

-Танай клубийн сургалтын төлбөр хэд вэ?

-Миний хийж байгаа энэ ажил бол сайн дурын ажил. Монголчууд аливаа юмыг хоёр туйлд хувааж үздэг. Эхнийх нь төрийн сургууль, эсвэл хувийн сургууль гэж хуваадаг. Ямар нэгэн хүнийг сайн дураар ажиллаж байна гэхээр огт ойлгодоггүй. Тэгэхээр зардал нь болохоор хүүхдийн мөнгөөр сургадаг. Ашгүй энэ жил хүүхдэд ямар хөрөнгө оруулалт оруулж байна гэсэн судалгаа хийх гэж байгаа юм байна. Энэ үүднээсээ энэхүү судалгаан дээр манайх ийм үр дүнтэй ажиллаж байна гэдгээ харуулна гэсэн үг . Тэр утгаараа энэ нь их бахдууштай хэрэг юм. Өөрөөр хэлбэл хүүхдийн оногдсон мөнгөөр АНУ-д сургуульд сургаж байна гэсэн үг. Эцэг эхээс ямар ч мөнгө гарахгүй. Онгоцны билет хүртэл энэ тэтгэлгээр орж ирнэ гээд бодоод үз. Ийм болохоор энэ бол маш сайхан боломж гэж ойлгож болно.

-Сүүлийн үед гол сэдэв болоод байгаа олны танил улс төрчдийн баривчилгааны талаар та юу гэж бодож байна. Энэ талаар та санал бодлоо хуваалцахгүй юу?

-Намайг хойно сурч байхад сургуульд заасан ийм нэг юм байдаг юм. Хийсэн гэмт хэргийн хүнд багаас шалтгаална гэж ярьдаг. Хүнд хэрэг хийсэн хүн бол заавал баривчлагдлана. Харин зүгээр хөнгөн хэрэг хийсэн хүнийг бол баривчлах ямар ч шаардлага байхгүй. Хоёрт манайх мөрдөн байцаалтын арга техниктээ өөрчлөлт шинэчлэлт хийх хэрэгтэй. Нэг мөрдөн байцаагч болохоор хэрцгий зан гаргаад байдаг бол хоёр мөрдөн байцаагч болохоор ийм асуудал ерөөс гаргадаггүй юм. Хүний авир нь өөрөө тийм. Түүнтэй адилхан нэг багш хүүхэд загнаад байдаг бол хоёулаа болоод ирэхээр загнахаа байчихдаг. Тийм болохоор мөрдөн байцаагч нар хоёроор явах ёстой. Бас гүйцэтгэх ажил шуурхай байх ёстой. Гэхдээ хүнийг заавал баривчилж тэнд суулгахдаа гол нь биш шударга байдлаар хандах ёстой.

Манайд энэ систем нь одоо арай болоогүй байна. Монгол улс хуучин арга барилтайгаа зууралдсан хэвээр байгаа. Нэг үгээр хэлбэл бүхий л хуулийн байгууллага нь хуучин арга барилаараа явж байгаа, аль аль нь ерөөсөө шат ахиагүй байна. Бас нэг талыг барьж шүүмжлэх явдал хэвээрээ байна. Тэгэхээр энэ асуудлыг хоёр Ерөнхий сайд тэнд орчихоор гэв гэнэт мэддэг, өөр хүмүүс орохоор огт ярьдаггүй ийм байдалтай байгаа нь энэ улсын хоцрогдсоныг харуулж байгаа хэрэг. Ингэж ерөөсөө таарахгүй. Тийм болохоор системээр нь л өөрчлөх хэрэгтэй. Хоёр Ерөнхий сайдын хувьд ноцтой хүнд гэмт хэрэгт холбогдож байгаа учраас тэднийг баривчлан мөрдөн байцаах нь зайлшгүй. Гэхдээ энэ нь манайд анхных болж байна. Тийм учраас энэ дээрээсээ санаа аваад цаашдаа системээ өөрчлөх хэрэгтэй.

-Та өөрөө энэ баривчлагдсан хүмүүсийг юу гэж харж байна?

-Энэ бол золиос. Ямар ч том бизнест золиос зайлшгүй гардаг. Хувь хүн өөрөө шунахай биш байсан бол ийм асуудалд орохгүй байх байсан байх. Бизнесийн технологи нь ердөө л тэр. Бизнест хоёр хүн байдаг юм. Нэг нь түлхүүр хүн. Хоёрдугаарт шийдвэр гаргагч гэж. Шийдвэр гаргагч нь ерөнхий сайд байдаг. Тэр хүн мөнгө авчихаад улайрчихлаа шдээ. Ямар ч юманд зан үйл гэж юм байдаг. Би өөрөө боловсролын хүн ч гэсэн тагнуулын албаны мэргэжилтэй хүн. Хүний зан үйл чинь тухайн хүнийг харуулаад байдаг. тэгээд түлхүүр хүн нь шийдвэр гүйцэтгэгчтэйгээ нөлөөлдөг. Энэ нь бас цар хүрээ нь их өргөн. Энэ улсуудыг илчилдэг юм нь тэр компани өөрөө. Тэгхээр яг л тэр технологиор явж байна гэсэн үг. Миний харж байгаагаар манай улсад бол энэ нь зүгээр сургамж байх юм. Яваандаа ийм юманд манайх их туршлагатай болох байх. Манайд бол их олон уул уурхай бий. Тэр үүднээсээ бүгдээрээ ийм замаар явж хүн хохироод байх биш уул уурахайн нэг компани нь л аваад явчих боломж байгаа гэж бодож байна. Жишээ нь ирээдүйн Оюутолгойг заавал Оюутолгой гэж дангаар нь тусгаарлах биш өргөжсөн Эрдэнэт шиг явж болно. Цаашдаа ийм юм гарахгүй байх бололцоо бий. Гэхдээ аливаа бизнест хохирол гардаг. Тэр хоёр хүн ийм юманд холбогдож орсон нь харамсалтай байна. Гэхдээ хэн гуай чиг ингэх л байсан.

-С.Зоригийн хэргийн талаар янз бүрийн шуугиан өнөөг хүртэл намжихгүй байгааг та мэдэж байгаа байх. Та саяхан гарсан Цензургүй сурвалжлага нэвтрүүлгийг үзсэн үү. Энэ асуудал цаашдаа яаж өрнөх бол?

-Энэ бол илэрсэн хэрэг. Гэхдээ энэ хэргийг яг ил гаргаад тавьчих тийм амар биш. Энэ асуудал өөрөө их даамжирсан. Бас их олон холбогдогч нарыг бий болгосон. Кримналистикийн тактикийн хэмжээнд энэн шиг хэрэг монголд анхных нь гэж ойлгож болно. Гэхдээ манай хэд бас их санаачлага гаргасан байна лээ. Үнэхээр энэ хэргийг тусгаарлах нь зүйтэй. Нэг юм аягүй дэлгэсэн хэлбэрээрээ дараагийн юм руугаа орно гэж байхгүй.

Бас л тодорхой хэмжээний хохирол бий болгож байхыг үгүйсгэхгүй. Эцсийн эцэст захилагч болон энэ холбогдсон хүмүүс үүрэг ролиороо гараад ирэхээр ойлгомжтой болно. Бас энэ хэрэгт албан тушаалын гэмт хэрэг нэмэгдсэн. Тэгэхээр С.Зориг өөрийн үхлээр энэ нийгмийг асар гэрэл гэгээтэй болгож байгаа юм. Гайхалтай. Энэ хэрэг бол Монголын нийгэмд маш том цочроо өгсөн хэрэг болсон. Эндээс хувь хүний авир албан тушаалын авир бас бүлэглэл, мөнгө гэсэн ийм ийм асуудлууд харагдаж байгаа. Энэ хэрэг сунжирна. Гэхдээ С.Зоригийг алсан хэрэг нь бол өөрөө илэрсэн.

-Хууль зүйн сайд Ц.Нямдорж гуай болохоор энэ тал дээр эсрэг байрь суурьтай байгаа. Та үүнийг юу гэж харж байна?

-Ц.Нямдорж бол өөрөө хуучин ЗХУ-д төгссөн хүн. Монгол улс өөрөө энэ задгай нийгэм рүү ороод удаагүй байна. Өнөө үед мөнгөөр юуг л бол юуг шийдэж чадаж байгаа тийм нийгэм учраас ийм асуудалд өөр тактик баримталдаг юм. Тийм болохоор бид барууны орны холбогдох хүмүүстэй холбогдож чиглэлээ авч чадсан нь маш зөв болсон. Өнөөгийн энэ С.Зоригийн хэргийн ажлын хэсгийн баримтлан ажиллаж байгаа тактик бол гайхалтай арга.

-Булганыг яллагдагчаар татсан асуудлыг та юу гэж үзэж байна?

-Тэр нэвтрүүлэг дээр Булганы талаар прокурор их тодорхой гоё хэлж байгаа биз дээ. Эхлээд хамтрагч байсан гэдгээр нь эрүү үүсгэсэн. Эрүү үүсгэсэн гэхээр болсон байсан байгаа биз. Тэгээд тэр хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан гэж гэдгээр нь тухайн үед шалгахаа больсон байсан. Гэхдээ энэ нь уг хэргийн үйлдэл нь хэвээрээ байсан гэсэн үг ш дээ. Тэгэхэээр ийм л тактик харагдаад байна. Тухайн хүн өөрөө хамтрагч нь тодорхой байгаа учраас яллагдагчаар татагдсан. Өөрөөр хэлбэл хэргийг хэрэгсэхгүй болгох гол шалтгаан нь зөвхөн хөөн хэлэлцүүлэх хугацаа байсан байна лээ. Би түрүүн хэлсэн энэ хэрэг их сунжирнаа гэж.

Учир нь манайд бол гэмт хэргийг наймаалцах техник байхгүй. Хүнтэй наймаалцах ёстой. Энэ нь өөрөө маш олон янз байдаг. Иймэрхүү элементүүд одоо манайд хэрэгтэй болж байна. Энэ ертөнц бол өөрөө сонирхлын ертөнц. Тухайн сонирхлоор нь гэмт хэргийг илрүүлэх гэж хүнтэйгээ наймаалцаж байх ёстой юм. Харин манайд энэ ажиллагаа аль аль шатандаа байдаггүй учраас энэ систем явахгүй байна. Зүй ёс нь бол энэ наймаалцлал нь төлөөлөгч нарыг бий болгоод прокурортой ярилцаад тохиролцох ёстой. Прокурор энэ асуудлыг судалж үзээд өөрийнхөө саналыг шүүхэд өгөөд нөгөө хүнд та энэ хэргийг илрүүлж хэлэх юм бол та анхны тооцоогоор ялгүй гарах бололцоо байна гэж хэлдэг. Эсвэл цөөхөн жилээр суудаг ч юм уу ийм байдлаар шийдвэрлэж болдог. Тэр Ц.Нямдоржийн ярьж байгаа үг бол социализмийн үеийн яриа.

Харамсалтай нь манайд одоо ийм практик байхгүй байна. Гэхдээ цаашдаа ийм болно гэж найдаж байна. Үүнийг тун яаруу оруулах хэрэгтэй. С.Зоригийг хэн алсан хэн хэн байсан гэхээр хэд хэдэн улсууд байсан. Би яагаад мэдээд байна гэхээр би өөрөө гадаадаас ирэнгүүтээ гүйцэтгэх ажлын бүх мэдээ баримттай танилцсан. Би өөрөө гүйцэтгэх ажлын баталгаатай тагнуулын ажиллгаанд байнга оролцож байдаг хүн. Тэгээд би гүйцэтгэх ажлыг ахлахаас татгалзсан юм. Түүнээс биш тэд нар над дээр ирээд хэлж байсан. Гурав хоног чамайг цоожлоодохий гэж. Бүх мэдээллийг нь өгий гэсэн. Тэгээд би хэлсэн. Нэгэнт би яг гардаж энэ хэргийг хариуцаж байгаагүй. Хоёрт би өөрөө С.Зориг агсаны дотны найз байсан учраас хүн л юм болохоор таагүй байдал гарах нь тодорхой. Энэ асуудал зүгээр нэг сайхан хэрэг илрүүлчих биш өс хонзон санах юм болохыг үгүйсгэхгүй.

Тэр үүднээсээ би татгалзсан. Тэгээд тэр нь ч болсон. Гэхдээ би энэ хэргийн анхных нь ганц хоёр мэдээллийг аваад л энэ бол илэрсэн хэрэг гэдгийг шууд мэдсэн. Тэгээд ингээд илэрсэн юмыг цааш нь авч яваад яах юм гэж бодсон. Энэ хэрэг дээр чинь Жамьянсэнгээ хурандаа, Л.Батбаяр гээд манай мундаг гурван төлөөлөгч ороцсон ш дээ. Тэд үнэхээр супер. Тэр дундаа тэр хүмүүс намайг тоож үзэж энэ хэрэгтэй танилцуулсан явдалд би бас дотроо баярладаг юм.

-Энэ хэрэг улс төрийн сэдэлтэй юу. Эсвэл ахуйн шинж чанартай юу. Та юу гэж хэлмээр байна?

-Ахуйн чанартай юм улс төрийн өнгөтэй байхыг үгүйсгэдэггүй. Тэгэхээр ахуйн чанартай юм улс төрийн өнгөтэй холбогдчихож болно. Тийм болохоор би үүнийг улс төрийн аллага гэж боддог. Гэхдээ энэ хэрэг өөрөө цаашаа нэлээн явна.

-Ерөнхийлөгч Х.Баттулгын талаар та ямар бодолтой байдаг вэ. Монголчууд зөв хүнээ сонгож чадсан уу?

-Ямар ч хүн чадвартай л байх ёстой. Чадвар гэдгийг өөрөөсөө илүү чадвартай хүнийг олж харж чаддаг хүнийг хэлдэг. Тэгэхээр Ерөнхийлөгчийн хийдэг ажил бол бүгдийг мэдээд яваад байх биш, тэр хүн их чадвартай зөвлөхүүдтэй байх ёстой. Бас асар санаачлагатай байх ёстой. Х.Баттулгын хувьд гэвэл Оростой бий болгох харьцаагаа л шал өөр болгох хэрэгтэй. Тэр нь аягүй энгийн. Оросоос бид нар 50 төгрөгийн бараа авдаг бол буцаад бид нар 50 төгрөгийн бараа зардаг байх ёстой. Тэгтэл Оросууд бид нарт хэлж болно л доо. Та нарын авах юм чинь 10 хан төгрөг л байна ш дээ гэж. Тэгвэл бид хэлнэ. Нөгөө 50-ынхаа 40 хувийг соёл урлагтаа хамруулчихая гэж. Тэр Буриад байна, Алтай байна, Тува байна, Оросын 22 республикийн 11 нь Монголтой холбоотой байна ш дээ.

Манай урлагийнхан тэнд очиж бүжиглээд л тэр мөнгийг чинь хийчихнэ. Тэгэхээр юу хэлэх гээд байна гэхээр бид Оростой аягүй гоё харилцаатай байх ёстой байхгүй юу. Бид тэнд юу зарах вэ гэвэл ааруул зарж болно, эсгий гутал зарж болно, ээмэг зарна, цаана нь адилхан монголчууд байгаа юм чинь. Монголчууд өөрсдөө юм бүтээнэ гэхээр нэг том онгоц бодоод эсвэл сансрын пуужин бодоод байх юм биш шүү дээ. Монголчуудын хийж байгаа юм зөндөө байгаа. Хятадын бодлого болоод ирэхээр салан тусгаарлах үзлийг гаргахгүй байх тийм бодлого байдаг. Харин Оросын бодлого болоод ирэхээр "Панмонголизм”-ийг үүсгэхгүй байх бодлого юм. Зарчим нь ийм энгийн юм байдаг. Түүнээс биш нэг их том дипломат хүн болох гээд байх хэрэггүй. Монгол улс өөрөө их азтай. Хоёр том улстай хиллэдэг. Тэр утгаараа энэ хоёр улстайгаа наймаа хийхэд л болно. Гуравдагч хөрш гэдгийн хувьд бол бид тэдэнтэй үнэт зүйлээрээ л холбогдоно. Тэр нь ардчилал. Ардчилал бол хамтран амьдрах ухаан. Тэр хамтран амьдрах ухааныг эмэгтэй хүн тэргүүлнэ. Ийм л энгийн юм. Чингис хаан өөрөө хэлж байсан.

Наймаа байхгүй бол дайн болно гэж. Хятадууд энэнийг айхтар сурсан байгаа юм. Ийм энгийн гаргалгааг хийж чадахгүй бол хэчнээн сайд дарга хийгээд нэмэргүй. Ерөнхийлөгч өнөөдөр аймгуудаар л явж байна. Хийж байгаа юм ерөөсөө алга байна. Уул нь хөдөөгөө эхэлж хөгжүүлэх ёстой юм. Хоёрт бид соёл иргэншлийг бий болгох гэж байгаа бол "Мөрөн гол”-ыг бий болгох хэрэгтэй. Бүхий л том хотууд мөрөн голтой байдаг. Санаачлагатай байхад мөрөн голыг татаж болно. Монголчууд өөрсдөө сэтгэхгүй байна. Би үүнийг хийж эхлүүлнэ. Дэлхий дээр ингэж хөгжсөн улс орны өчнөөн олон жишээ байна. Өнөөдөр энэ улс төрд байгаа хүмүүс жоохон хүүхдүүдээс долоон дор маш их хоцорогдсон хүмүүс байдаг. Бас хэтэрхий шуналтай хүмүүс. Тийм болохоор энэ улсуудаас холдох хэрэгтэй. Дэлхийн улс орнууд өнөөдөр хөгжлийн гараагаа нэгэнт тодорхойлчихоод явж байхад манайх бахь байдгаараа л байна.

-Та У.Хүрэлсүхийн Засгийн газрыг хэр сайн ажиллаж байна гэж дүгнэх вэ?

-Одоо наадуул чинь удахгүй Орос руу явах юм. Тэндээс нэлээд их юм харагдана, бас тодорхой болно. Харин эд нар тэр боломжийг ашиглаж чадах уу, үгүй юу гэдэг бол өөр асуудал юм.

-Монголд өнөөдөр ардчилал байна уу. Зарим хүмүүс эргээд дарангуйлагч систем рүүгээ орсон гэх юм?

-Яг одоогоор Монгол улс эргээд 1937 он руугаа орсон юм байхгүй байна. Зарим хүмүүс худлаа тийм яриа гаргаад байна. Бид өнөөдөр ардчилалд ороогүй байна. Ардчилалд орох заагт л явж байна. Үгүй ядаж төсвөө ч бүрдүүлж чадахгүй байна. Хамгийн гол нь энэ чадваргүй хүмүүсээс л холдох хэрэгтэй. Тэгвэл энэ улс орон дороо хөгжих боломжтой. Монгол өнөөдөр олигарх гэж бий, мөнгөлөг хүмүүс гэж бий. Олигарх нь хуучин ЗХУ-ын аюулаас хамгаалах тагнуулын сүлжээтэй холбоотой байсан хүмүүсийг хэлээд байна. Нөгөөдүүл нь хятад гаралтай хүмүүс. Өөрөөр хэлбэл цаад хятадуудаас мөнгө авсан хүмүүсийг хэлээд байна. Тэглээ гээд тэр хүмүүсийг үзэн ядаад байх юм ерөөсөө байхгүй. Бид нар ч гэсэн ийм замаар хөгжиж болно ш дээ. Япон болоод ирхээр Жайка гэдгээр ингэж үйл ажиллагаа явуулж байна. Солонгос бол Койка гэдэг байгууллагаар дамжуулж хийж байна. Харин монголчууд ингэж сэтгэхгүй байна.

-Баабар Ардчилсан намыг С.Эрдэнийн нам боллоо, эрүүгийн элементүүдээр дүүрлээ гэж хэлсэн. Та энэ талаар ямар бодолтой байна?

-Эрүүгийн элемент байж болно л доо. Эх орондоо хайртай байгаа ш дээ. Хүнийг ингэж муухайгаар дууддаг нь нөгөө Вышинский л байхгүй юу. Баабар тэгвэл өөрөө жинхэнэ Вышинский л байна ш дээ. Ер нь С.Эрдэнэ, М.Энхболд хоёрт нэг авах юм байдаг. Хоёулаа аягүй их тогтуун хүмүүс. Энэ хоёрын зан ааш ерөөсөө өөөрчлөгдөөгүй байхад бусад нь хачин аймаар өөрчлөгдсөн ш дээ. С.Эрдэнийн хувьд үнэнхүү болохгүй бүтэхгүй хүмүүсийн дунд юм хийгээд явж чадаж байна. Энэ бол чадвар гэж би хэлнэ. Ер нь бол Оросын нэг сэтгэгчийн хэлсэн үг байдаг. Нам бол чадваргүй хүмүүсийн тэжээврийн тогоо гэж. Тэгээд энэ боловсрол мэдлэггүй янз бүрийн хүмүүс энэ улс орныг хойш нь татаад байна.

-Сүүлийн үед улс төрийн зарим намууд Оюутолгойн гэрээг цуцлах хэрэгтэй гэж мэдэгдэж байгаа. Энэ талаар та санал бодлоо хуваалцахгүй юу?

-Ер нь бол аливаа юмыг хөдөлгөж л байх ёстой. Монголчууд өөрсдөө Оюутолгойг аваад явж чадна. Оюутолгойн ачаар монголчууд өнөөдөр банктай харьцаж чадаж байна ш дээ. Хамгийн гол нь шунахай байж болохгүй. Удирдах хүнээ зөв сонгох хэрэгтэй. Харин ногдол ашиг авах хугацаагаа наашлуулах хэрэгтэй. Монголд бол шүүх мөнгөтэй хүнд үйлчилдэг бол дэлхийн шүүх өөрөөр ярьдаг. Тийм учраас Монгол улс эндээс ялаад л гарна.

-Монголд хувьсгал хийхийг уриалсан уриалга их гарах боллоо. Энэ талаар таны бодол санааг сонсъё.

-Аливаа хувьсгалийн мөн чанар нь их хялбархан. Хэн мөнгө гаргав, мөнгө хэнийг хөдөлгөв, үр дүнд нь юунд хүрэв гэсэн ийм л гурван асуулт байдаг. Ардчилсан холбоог анх байгуулж байхад би мөнгийг нь гаргаж байсан. Тийм учраас би сайн мэдэж байна. Гэтэл гэнэт Москвагаас том мөнгө орж ирлээ . Урвагч нар дорхноо бий боллоо. Тэгээд хамгийн түрүүнд хэнийг ачсан. Намайг л холдуулсан ш дээ.

Бүх хувьсгал яг ийм замаар явж ирсэн. Оросын хувьсгал бол Германий мөнгөөр бий болсон байдаг юм. Александр Парус энэ хувьсгалаар саятан болсон. Харин Ленин завшсан. Троцкий гүйцэтгэсэн. Тийм л юм болсон. Тэнд байгаа уриа эд нар бол бүгд Александр Паусынх байдаг юм. Уул нь тэр хүн тохирсон ёсоор сангийн яамны сайд болох ёстой байсан боловч Ленин хэлсэн үгэндээ хүрээгүй. Гэхдээ Монголд хэзээ ч нэг хүний дэглэм тогтохгүй. Монгол улс нэг их удахгүй ардчилалын баян бүрд болно. Энэнд итгэж болно

-Ц.Элбэгдорж, Э.Бат-үүл хоёрыг сүүлийн үед хүмүүс их хараадаг болсон байх шиг. Яагаад тэр вэ?

-Энэ хоёр хоёулаа их шунахай хүмүүс ш дээ. Наад хоёр чинь хамгийн анх над дээр цалин асууж орж ирсэн юм. Гэхдээ би энэ хоёрт тийм муу биш. Бид тухайн үед тангараг өргөсөн. Харин Э.Бат-Үүл тангарагаа зөрчсөн.  Энэ хоёр хүнд маш их асуудал байгаа. Одоо тэр нь дэлбэрэхийн наахнуур байна. Тийм учраас л хүмүүс тэгж хандаж байгаа байх. Эд нар анхнаасаа шунахай байсан юм. Аливаа юм чинь үргэлж эсрэгээрээ байдаг. Муу хүн л юманд хүрдэг байхгүй юу.

-90-д оны үед Оросын тагнуулынхан МАХН-ыг аврах ажиллагаа явуулсан гэж та өмнө нь ярьж байсан. Энэ талаараа та тодруулж ярина уу?

-Ер нь бол манай улсын өөрийнх нь бүтэц оршин тогтнох явц их өвөрмөц юм. Бусад улстай адилхан биш. Сүхбаатар, Чойбалсан нар гээд анхны долоогийн цалингийх нь цэсийг нь аваад үзье л дээ. Хэн тэдэнд цалин өгч байсан юм. Тэгээд цаашаа явсаар байгаад манай улс төрийн товчооны бүх гишүүд зөвлөлийн тусгай албанд батламж гаргасан байдаг. Удахгүй энэ бүх юм түүхээрээ нээгдэнэ. Түүнээс биш би энэ бүх юмыг ганцаараа мэддэгтээ бишээ. Зүгээр дэглэм нь тийм юм. Тэгээд тийм дэглэмтэй улсад хувьсгал гарна гэдэг болдоггүй зүйл. Би өөрөө Орос генерал зөвлөхтэй хамт ажиллаж байсан учраас Монголд ямар нөхцөл үүсвэл хамгийн аюултай вэ гэдгийг сайн мэднэ. Тэр нь Панмонголизм. Ингээд би санамсаргүй хоёр Өвөр монгол хүнтэй таараад тэр хоёр дээр нэлээд удаан ажилласан. Найз нөхдөө ч Өвөр монгол болгоод л, сүүлдээ бүр өөрийгөө ч тэгж хэлээд л эцэст нь тэр хоёрыг Ардчилсан холбооны хуралд оруулсан. Зөвлөлтийн агент байж болзошгүй хүмүүст мэдээлэл тарааж тэд тийшээ хүргүүлсэн нь аз болсон.  Ийм мэдээлэл авахаар Орост шууд конверт задалдаг юм. Тэгээд тэр конвертийг задлаад тэр дотор байсан зааврийн дагуу ажилладаг. Тэгээд тэр зааврын дагуу ажлын групп орж ирнэ. Тэр ажлын групп газар дээр нь шууд мөнгө хайрлахгүй шиддэг. Тэгээд л тэр нь л болохгүй юу.

Тэгээд манай хэсэг хүмүүс мөнгөтэй боллоо ш дээ. Ингээд л шунал үүсч байна ш д.   Тэнд л одоо энэ яриад байгаа МАНАН гэдэг юм чинь үүссэн болохоос биш сүүлд бий болсон юм биш. Тэр үед л энэ МАНАН гэдэг юм чинь үүссэн юм. Гэхдээ тэд нарын орж ирж байгаа номер нэг асуудал бол өөрийнхөө сатилет буюу дагуул намыг аврах л асуудал байсан. Миний хувьд гэвэл Монгол улс тусгаар тогтносон улс болоосой гэж л хүсч байсан. Би цаашаагаа нэг их ингээд өрнөчих нь гэж ерөөсөө бодоогүй. Хэрвээ энэнийг хийж чадаагүй бол биднийг зүгээр л дотоодын хүчээр л дарчих байсан.

Өөрөөр хэлбэл эрх баригчид биднийг нэг бол шоронд суулгах байсан, эсвэл Шар хаданд аваачиж хэвтүүлэх байсан. Эсвэл болохгүй хэдийг нь машинаар дайруулчих гэдэг ийм л юм байдаг байхгүй юу. Их энгийн. Би энэнийг өөрөө цээжээрээ мэднэ. Тэгээд тэр зэрэглэлийг дэд шат руу оруулаад ирэхээр сөрөг намын улсуудаас тэдийг сайд болго, тэгээд тэр намыг нь байгуул гэж зааварладаг байхгүй юу. Би өөрөө АН-ын хамгийн ахны удирдах зөвлөлийн гишүүн хүн. Гэтэл тэд намайг оруулахгүйгээр хуралдаж байсан. Ингээд энгийнээр бод доо. Тэгээд манай намд орж ирээгүй Э.Бат-Үүл энэ намын дарга болж байсан. Ердөө л энэ. Тэгэхээр энэ АН чинь зүгээр л зохиомол АН болчихож байгаа юм. Тэглээ гээд яахав дээ муу юм байхгүй ш дээ. Тэгээд бид олон улстай харьцаж чадсан, дэлхийн банктай харьцаж чадсан. Монгол гаргалгаа нь гарсан. Одоо бол Монгол улс яг өөрийнхөө замыг сонгох ёстой. Тухайн үед ЗХУ манай төсвийн 60 хувийг бүрдүүлж байсан. Тэгэхээр яаж ч бодсон мөнгөний эзэн улс юмаа мэддэг юм байгаа биз дээ. Гэхдээ тэр хувьсгал их дажгүй хувьсгал болсон.

-Э.Бат-үүл нэг удаа таныг тухайн үед хүүхэд, эмэгтэйчүүдийг цагдаа нар луу турхирч аймшигтай юм хийх гэж байсан гэж ярьж байсан. Энэ үнэн үү?

-Тэр өөрөө их гэмтэй болоод л тийм юм сэтгэж ярьж байна ш дээ. Тэрнийг би уншсан,уншсан. Тэгээд би удирдагчийгаа өшиглөөд ч гэх шиг их сонин юм ярьсан байсан.  Би хэзээ ч тийм юм хэлээгүй. Би өөрөө НАХЯ-нд байхдаа сайдын резевер байсан тул сайдтай шууд харьцдаг байсан.  Бидний тухайн үед зорьж байсан юм бол тэр үеийн дэглэмийг л нураах л зорилготой байсан. Тэгээд тэр зорилгодоо хүрсэн. Тухайн үед би анхнаасаа АНУ явна гэдгээ тэдэнд хэлж байсан. Харин намайг АНУ-аас ирэхэд нөгөө нөхдүүд намайг их эвгүй зүйлээр оролдож,түүнээс болж би хоёр сар гаруй хугацаанд Ганц худагт суусан. Гэхдээ би тэд нарт нэг их өс хонзон санадаггүй. Гэхдээ нэг юмыг хэлэхэд "Хүн мөнгө аваад эрх мэдэлтэй болоод ирэхээр тэнэг болдог нь тодорхой”. Тэр тусмаа тиймэрхүү хүмүүс бүр тэгдэг. Бүтээлч байх бол их өөр шд. Тэр утгаараа эх орныхоо төлөө сайн юм хийх бүр сайхан. Харин тэр урваач шарваач муу хүмүүс үүнийг ерөөсөө ойлгодоггүй бөгөөд ойлгохыг ч хүсдэггүй. Ийм л юм.

-Ярилцсанд баярлалаа.

 

Ж.Батдорж

 


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?