📅

Т.Ганболд: Дархан-Уул аймагт 500 гаруй га газар эвдэрч, орхигдсон

🕔 2018/11/20 11:30

Т.Ганболд: Дархан-Уул аймагт 500 гаруй га газар эвдэрч, орхигдсон

 

Дархан-Уул аймагт алт олборлох эрх авсан 22 нөхөрлөл байдаг байна. Үүнээс таван нөхөрлөл орон нутагтай гэрээ байгуулж, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг гэнэ. Гэвч нөхөн сэргээлт төдийлөн сайн хийгдэхгүй байгааг нутгийн иргэд хэлж байсан юм. Түүнчлэн бичил уурхайчдыг журамд оруулах зорилготой Засгийн газрын 151 дүгээр тогтоолд засаж, сайжруулах олон асуудал байгааг холбогдох албаныхан хэлж байгаа. Бид Дархан-Уул аймгийн Засаг даргын Үйлдвэрлэл, дэд бүтэц, хот төлөвлөлт, хууль эрх зүйн асуудал хариуцсан орлогч Т.Ганболдтой уулзаж, дээрх сэдвийн хүрээнд ярилцлаа.

-Танай аймаг орон нутгийн тусгай хэрэгцээнд хэдэн га газар олгосон байдаг вэ. Биднийг Шарын гол сумын нутгаар явж байхад газрыг нь сэндийчсэн дүр зураг олон таарсан. Нөхөн сэргээлт хийгдэж байгаа юу?

-Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны хөтөлбөрт "Нөхөн сэргээлт хийгдээгүй орхигдсон газарт нөхөн сэргээлт хийх нөхцөлтэйгөөр бичил уурхайн зориулалтаар ашиглуулна” гэдэг зорилт туссан байдаг юм. 2017 онд Засгийн газраас гаргасан 151 дүгээр тогтоол болон бичил уурхайгаар алт олборлох журмыг гаргасан. Энэ хоёр журмын хүрээнд манай аймагт тодорхой ажил хийгдээд явж байна. Дархан-Уул аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хоёр удаагийн тогтоолоор нийтдээ 23 орчим га газар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байгаа.

 

de37ec_e80bd04978b604a6c6b5c9aa3e46f806_x974 Т.Ганболд: Дархан-Уул аймагт 500 гаруй га газар эвдэрч, орхигдсон
 
 
 

 

Энэ 23 орчим га газрыг бичил уурхайн зориулалтаар ашиглуулж нөхөн сэргээлт хийлгэх зорилготой юм. Манай аймаг нөхөн сэргээлт хийгдээгүй газрын тооллого хийсэн. Тооллогоор нийтдээ 500 орчим га газар эвдэрч, орхигдсон гэдэг судалгаа байдаг. Үүнээс иргэдийн хүсэлтийг харгалзаад эхний ээлжид хоёр удаагийн тогтоолоор 50 жилийн хугацаатай орон нутгийн тусгай хэрэгцээнд 22.94 га газрын талаар АМГТГ-аас лавлагааг нь аваад бусад ашигт малтмал олборлогчдын тусгай зөвшөөрөлтэй газартай давхцаж байна уу, үгүй юу гэдгийг тогтоолгосон.

Журмаараа сумын Засаг дарга нөхөрлөлүүдтэй гэрээ байгуулж, ашиглуулах эрх зүйн үндэслэлтэй. Одоогоор манай аймагт нийт 22 нөхөрлөл сумдын Засаг даргатай гэрээ байгуулсан. Үүнээс идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа таван нөхөрлөл байна. Шарын гол суманд дөрөв байгаа. Хонгор суманд нэг нөхөрлөл бичил аргаар алт олборлох үйл ажиллагаа явуулаад газраа нөхөн сэргээсэн. Нөхөн сэргээлт нь жаахан дутуу байгаа. Олборлох үйл ажиллагаа нь дууссан.

Бусад нь хоёр жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Яг ажлаа эхлүүлээгүй байна. Янз бүрийн шалтгаан байдаг бололтой юм. Гэрээний дагуу олборлолтоо хийгээд, дараа нь нөхөн сэргээлтээ хийгээд сумын Засаг даргад хүлээлгэж өгөх ёстой. Бид ажлаа эхлэхийг нь хүлээгээд байж байна. Биологийн болон техникийн нөхөн сэргээлтийг хийхэд сумдын байгаль орчны байцаагчид тогтмол шаардлага тавьж ажилладаг. Техник, тоног төхөөрөмж нь хэр байгаад нарийн хяналт тавьдаг.

-Хувиараа алт олборлодог иргэдийг цэгцэлж, нөхөрлөлийн систем рүү оруулсан гэдгийг холбогдох байгууллагууд хэлдэг. Танай аймагт энэ үйл явц ямар хэмжээнд явж байна вэ?

-Бичил уурхайчид нөхөрлөл болоод явах нь ямар ач холбог-долтой юм, хэрхэн зохион байгуулалтад оруулах уу гэх зэргээр манайх олон удаагийн сургалт явуулсан. Ер нь Дархан-Уул аймагт хувиараа ашигт малтмал олборлож байсан иргэд үндсэндээ зохион байгуулалтад орчихоод байж байна. Бусад аймаг, сумаас иргэд ирж хувиараа олборлолт хийдэг. Журмаараа бид нөхөрлөлийн зохион байгуулалтад тэднийг оруулаагүй. Буцаах бодлого барьж ажиллаж байна. Манай нөхөрлөлүүд эрх зүйн орчныг дахин сайжруулах хэрэгтэй байна гэдэг байр суурийг илэрхийлж байгаа.

Энэ жил аймгийн төсвөөс 16.8 сая төгрөгийн зардал гаргаж Стандарт, хэмжил зүйн хэлтсийн байрыг засварласан. Мөн Швейцарын хөгжлийн агентлаг болон Монголбанкнаас 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, Дархан-Уул аймагт алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээг өнгөрсөн сард байгуулсан. Нээгдсэнээс хойш гурван аж ахуйн нэгж, 12 иргэн, 14 ширхэг гулдмай хайлуулж сорьцлуулсан байна. Бохир жингээрээ 99 кг алтыг тушаасан байна. Өмнө нь Улаанбаатар хотод ганцхан алтны сорьц тогтоох газар байсан бол энэ жил төвийн бүс буюу Дархан-Уул аймагт, Баруун бүс буюу Баянхонгор аймагт байгуулаад байгаа юм. Ингэснээр бичил уурхай эрхлэгчид дундын ченжээр дамжуулахгүй, хүндрэл чирэгдэлгүй алтаа сорьцлуулж, тушаадаг болсон. Ер нь Дархан-Уул аймаг бичил уурхай хөгжүүлэх телөвлөгөе гаргасан. Төлөвлөгөөний дагуу ажлаа хэрэгжүүлээд явж байна.

-Бичил уурхайчдын орлого хэр байдаг вэ. Нийгмийн шинж-тэй арга хэмжээнд хамрагдаж чаддаг уу?

-Нэг нөхөрлөл есөн гишүүнтэй. Зарим нөхөрлөл нь ажилгүй иргэдийг авч ажиллуулж байна. Тиймээс доод тал нь 100 гаруй хүн ажлын байраар хангагдаж байна гэсэн үг. Нэг хүний ард таван хүн байдаг гэж бодохоор олон хүний амьжиргааг хангаж байна. Манай аймгийн хэмжээнд бичил уурхайчид хууль, журмынхаа дагуу нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалдаа хамрагддаг. Засаг даргын Тамгын газар, Байгаль орчны газар Швейцарын хөгжлийн агентлагтай хамтарч олон удаагийн сургалтыг зохион байгуулсан. Орлогын хувьд сайн мэдэхгүй байна. Өнөөдрийн байдлаар сарын дотор тушаасан 99 кг алтны хувь хэмжээ бичил уурхайчдад зохих хэмжээгээр очсон л байж таарна.

-Засгийн газрын 151 дүгээр тогтоолоор бүртгэгдсэн болон бүртгэгдээгүй нөхөрлөл үйл ажиллагаа явуулж болно гэсэн байдаг. Тэгээд бүртгэгдсэн гэдэг нь ес хүртэлх гишүүнтэй, бүртгэгдээгүй нь тэрнээс олон хүнтэй байдаг. Гол зөрчил үүсгэдэг асуудал нь бүртгэгдсэн нөхөрлөлүүд нь маш том техникээр байгаль орчинд хортой үйл ажиллагаа явуулдаг гэж танай зарим бичил уурхайчин хэлж байсан. Үүн дээр орон нутгийн удирдлага ямар байр суурьтай байгаа вэ?

-Тийм ээ. Журмандаа бүртгэгдсэн болон бүртгэгдээгүй гэж заасан байдаг. Орон нутагтай гэрээ байгуулсан 19 нөхөрлөл бүгдээрээ бүртгэгдсэн. Бүртгэгдсэн нөхөрлөлийн гэрээ хийсэн газар дээр бүртгэгдээгүй нөхөрлөл ажиллуулдаг тал байдаг юм билээ. Бид аль болох бүртгэгдсэн нөхөрлөлөө ажиллуулах сонирхолтой байгаа юм. Зорилго нь хувиараа алт олборлогчдыг зохион байгуулалтад оруулах шүү дээ. "Бүртгэгдээгүй нөхөрлөлтэй ажиллахад зовлонтой байна”гэж манай сумдын Засаг дарга нар хэлдэг. Гэхдээ нэгэнт өнөөдөр ажиллаж байгаа бүртгэгдээгүй нөхөрлөлийг зогсоогоод, хөөгөөд байх бодлого байхгүй.

Гагцхүү хуулийн хүрээнд зөвшөөрөгдсөн газарт, зөвшөөрөгдсөн аргаар ажлаа явуулах ёстой гэдэг шаардлага тавьж байгаа юм. Одоогоор бүртгэлтэй нөхөрлөлийн үйл ажиллагаанд сөрөг нөлөөлөл бүртгэгдээгүй байна. Малчдаас "Байгаль орчинд сөрөг нөлөөлөл байна уу” гэдэг сануулга асуулга авсан. Ингэхэд санал гомдол ирээгүй. Мөн ямар нэгэн урсгал усанд нөлөөлсөн гэх гомдол ирээгүй. Дээр нь хууль зөрчсөн, байгаль орчинд хортой нөлөөлсөн зүйл мэдэгдээгүй байна.

-Зарим нэг аймагт хуулийн цоорхой ашиглаад нөхөрлөл нэрээр том, том техник оруулж ирээд байгаль орчин сүйтгэдэг жишээ бий. Биднийг танай Шарын гол сумын нутгаар очиход зарим бичил уурхайчид ийм асуудал байгаа гэж хэлж байсан шүү дээ?

-Энэ сарын сүүлээс эхлээд нөхөн сэргээлтийг хүлээж авах төлөвлөгөөтэй байгаа. Үүнээс ямар нөхөрлөлүүд хэдий хэр хэмжээний нөхөн сэргээлт хийсэн нь тодорхой болно. 2018 онд нөхөрлөлүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж, тодорхой хэмжээний мэргэжлийн байгууллагын шалгалтыг 4-5 удаа зохион байгуулсан. Хяналт шалгалтын ажлаар хууль бус үйл ажиллагаа явуулж, байгаль орчны эсрэг үйл ажиллагаа явуулсан хоёр уурхайн үйл ажиллагааг зогсоосон.

Бүртгэгдээгүй буюу Шарын гол сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа "Буянтын хөндий” нөхөрлөл хэвийн үйл ажиллагаа явуулж байна. Бусад дөрвөн нөхөрлөл нь бүртгэгдсэн. Техникийн асуудал дээр Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид өөрсдөө шалгалтаа хийдэг. Байгаль орчин бодлогын газраас хууль журам, бодлогын асуудлаа шийдэж, цагдаагийн газраас зөрчлийг хянадаг.

-Мэргэжлийн байгууллагуудын зүгээс Засгийн газрын 151 дүгээр тогтоолын зарим зүйл заалтыг өөрчилж, сайжруулна гэж яриад байгаа шүү дээ. Үүнийг өөрчлөх талаар та бүхнээс санал авсан уу?

-Би дээр хэлсэн. 17 нөхөрлөл гэрээ хийчихээд өнөөдрийн байдлаар ажлаа эхлүүлээгүй байна. Үүн дээр шахаж шаардах эрх зүйн орчин хэрэгтэй байна л даа. Үндсэндээ гэрээ хийчихээд ажлаа эхлэхгүй байна. Гэрээний хугацаа нь дуусахын алдад "Ажлаа эхэлье, сунгаад өгөөч” гэдэг асуудал ярих гээд байх шиг байгаа юм. Техникийн тал дээр манайхан ойлгомжгүй зүйл ярьдаг. Нэг нөхөрлөл тав хүртэлх га газар эзэмшинэ гэдэг хэмжээ бий. Нэг суманд нэг жилд 10-аас илүүгүй олборлох га талбай олгоно гээд заачихсан.

Гэтэл манай Дархан-Уул аймагт бүртгэлтэй 22 нөхөрлөлийн 19 нь Шарын гол суманд байгаа. Эхний арав нь гэрээ хийж олборлох талбайгаа эзэмшээд, дараагийнх нь хүлээгээд сууж байх нь л дээ. Үүн дээр заавал ингэж тоо заах ёстой юм уу, эсвэл нэгэнт бичил уурхайгаар алт олборлоод нөхөн сэргээх газар нь байхад заавал 10-аас ихгүй гэж заах нь нийцэхгүй юм болов уу гэж бодож байгаа юм. Газар авахаар хүсэлт гаргасан нөхөрлөл хагас жил болж хариугаа авдаг.

Маш олон шат дамжлага давдаг жишээтэй. Манай аймагт нөхөн сэргээлт хийх шаардлагатай, орхигдсон 500 гаруй га газар бий. Одоогоор 20-30 га газар нөхөн сэргээлтэд хамрагдаж байна. За яах вэ, яамны шугамаар нөхөн сэргээлт жил болгон тодорхой хэмжээгээр хийдэг. Энэ хэмжээ нь маш бага.

-Бүргэгдсэн нөхөрлөл нэрээр том,том техник оруулж ирдэг асуудлыг танай аимаг хэрхэн шийддэг вэ. Ер нь журмандаа юу гэж заасан байдаг юм бэ?

-Засгийн газрын 151 дүгээр тогтоол бага зэргийн алдаатай байгааг Монгол Улс даяар ойлгочихлоо. БОАЖЯ, УУХҮЯ-ны зүгээс орон нутгаас саналыг нь авчихсан. Энэ хоёр яаман дээр төслийн хэлбэрээр 151 дүгээр тогтоол дахин өөрчлөгдөхөөр явж байгаа юм. Үүн дээр бас нэг түвэгтэй асуудал байдаг. "Үйлдвэрлэлийн аргаар ашиглахад эдийн засгийн үр ашиг багатай орд” гээд заачих-сан газар байдаг юм. Дархан-Уул аймагт яг ийм газарт 4-5 бичил уурхай таарсан байдаг юм. Нэг ёсондоо эрүүл газар болж таарах гээд байгаа юм. Орд байгаа боловч үйлдвэрлэлийн аргаар ашиглахад эдийн засагт үр ашиг багатай гэсэн үг.

Бид байгалийн тодорхой хэмжээний үр ашгийг нь хүртэх л ёстой. Энэ газар дээр бичил уурхайн зөвшөөрөл өгөхөөр иргэд, олон нийтийн зүгээс маш их эсэргүүцэлтэй тулгардаг. Эдийн засгийн үр ашиг багатай орд гэдгийг 151 дүгээр тогтоолын шинэчилсэн хувилбарт байхгүй болгох гэж байгаа юм билээ. Үүнээс гадна техникийн асуудал бий. Бичил уурхайн үйл ажиллагаа явуулахад дотоод шаталтад хөдөлгүүр нь 3,500 куб метр техник ашиглах ёстой гэж заасан байдаг. Бүртгэгдсэн бичил уурхайчдын ашигладаг техник энэ шалгуурыг хангаж байгаа ч турбин нэмж хүч оруулдаг. Энэ турбин нь байгаль орчинд асар их хор хохирол учруулдаг. Үүнийг нь тогтоолд тодорхой оруулж өгөөгүй. Тиймээс алдаатай, эргэлзээтэй зүйлс их гараад байгаа юм л даа. Нэг ёсондоо овор хэмжээг нь зааж өгөөгүйгээс иргэдийн эсэргүүцэлтэй тулгардаг. Үүнийг шийдэх байх гэдэг хүлээлттэй байгаа.

Эх сурвалж: "Үндэсний шуудан” сонин

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?