Трампын явуулж буй худалдааны дайнаас дэлхийн эдийн засагт учрах хохирлыг тооцон гаргажээ
Ерөнхийлөгч Дональд Трампынх нь эхлүүлсэн АНУ-ын худалааны дайн дэлхийн эдийн засагт 1 их наяд 52 тэрбум ам.долларын алдагдал учруулах бөгөөд үүний дийлэнхийг АНУ хүлээнэ гэж Испанийн "АВС" сонинд Олон Улсын Валютын Сангийн /ОУВС/ жил тутмын хуралдааны мэдээллээс иш татан бичжээ.
ОУВС-гийн мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, үйл явдал хамгийн муугаар эргэлээ гэхэд дэлхийн зах зээл 17 хувиар, харин дэлхийн Дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ хэмжээ 1,9 хувиар буурах аж. Үүнээс харахад дэлхийн эдийн засагт 2008-2009 онд болсон санхүүгийн хямралаас илүү том цар хүрээтэй хямрал нүүрлэж болзошгүй байна.
Үүнээс гадна, Трампын засаг захиргааны явуулж буй дотоодын зах зээлийг гадаадын өрсөлдөгчдөөс хамгаалах бодлогоос учрах үр дагаврыг дэлхийн эдийн засаг бүрэн мэдрээгүй байна гэж ОУВС-гийн шинжээчид үзэж байгаа аж. Чухам 2019 онд олон улсын худалдаа томоохон асуудлуудтай тулгарна.
Одоогийн байдлаар, дэлхийн эдийн засгийн урьдчилан таамаглаж буй өсөлт 3,9 хувьтай байгаа нь өнгөрсөн оныхоос тал хувиар буурсан үзүүлэлт аж. Гэхдээ энэ үзүүлэлт дахин 0,2 хувиар буурна ОУВС-гийн шинжээчид таамаглаж байна.
Хэрэв АНУ, Хятад хоёр худалдааны дайнаа зогсоохгүй бол дэлхийн эдийн засаг 1 их наяд 52 тэрбум ам.долларын алдагдал хүлээнэ гэж шинжээчид үзэж байна. Түүнчлэн Их Британи Европын Холбооны бүрэлдэхүүнээс гарах асуудлын эргэн тойрон дахь тодорхойгүй байдал нь дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж байна.
Худалдааны дайнаас Хятад улс ойрын хугацаанд хамгийн их хэмжээний хохирол амсах бол алсдаа татварын хариу арга хэмжээний улмаас чухам АНУ бүр их хохирол хүлээнэ гэж шинжээчид онцлон тэмдэглэжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих