📅

Улс төрд хариуцлагын шинэ шугам татагдлаа

🕔 2018/08/13 08:32

Улс төрд хариуцлагын шинэ шугам татагдлаа

 

Төрийн байгууллагын дарга нар ажлын байрандаа архи ууж маргалдан, улмаар нэгнийхээ амь насанд хүрсэн хэрэг олныг цочирдуулав. Магадгүй, төрд зүтгэж, төрийн алба хашиж, бодлого тодорхойлж буй дарга нар ийм балмад хэрэгт холбогдсон нь олныг цочирдуулаад зогсохгүй эгдүүцлийг хүргэсэн байх. Тиймээс энэ салбар яамыг удирдаж буй ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийг огцрохыг шаардаж, түүнээс хариуцлага нэхэж байлаа. 

Гэтэл энэ хэргийн дуулиан намжаагүй байтал хоёр хоногийн дараа буюу өчигдөр үүрээр Улаанбаатараас Сайншандыг зорьж явсан 328 зорчигчтой галт тэрэг онхолдож, 9 хүн хүнд, хөнгөн бэртэж гэмтжээ. Хэдийгээр энэ ослыг хүчтэй орсон аадар борооноос болсон, байгалийн давагдашгүй хүчин зүйл хэмээн өмөөрмөөр байвч нөгөө талаасаа замуудад байнгын шалгалт хийж, хэрэв үнэхээр хүчтэй борооны ая даахааргүй зам байсан бол цаг агаарын нөхцөл байдлаа харж байж, галт тэргийг хөдөлгөх байлаа. Тэгэхээр энэ бол яалт ч үгүй энэ салбарынхны буруутай үйлдэл болж байна. 

Шилээ даран гарсан энэхүү таагүй хэргүүдэд харин ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ "Хариуцлагаа хүлээе" хэмээн сайдын суудлаа өгч, түүний араас дэд сайд нь мөн ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн нь улстөрд байгаагүй хариуцлагын жишгийн эхлэлийг тавьсан үйлдэл боллоо. 

Хэдийгээр сайд, дэд сайд нь ажлаа өглөө гээд асуудал шийдэгдэхгүй хэмээн өмөөрөх, эгдүүцэх, шүүмжлэх хүн олон байгаа ч энэ нь нөгөө талаасаа улс төрд сайн жишиг тогтоож, мартагдсан улс төрийн соёлыг сануулсан том алхам юм. Албан тушаалд томилогдож болно. Хэрэв хийж чадахгүй, тухайн салбараа удирдлагаар хангаж чадахгүй, ажил нь урагшлахгүй, хөгжил дэвшил хийгдэхгүй бол өөрийн ухамсараар чөлөөлөгдөж, хийж чаддаг хүнд нь зайгаа тавьж өгч байгаа том ухамсар хийгээд соёл юм. 

Өмнө нь яамдуудтай холбоотой ямар нэгэн асуудал гарахад үүн шиг ажлаа өгөөд хариуцлагаа хүлээж байсан тохиолдол АН-ын үед, МАН-ын үед ч аль ч засгийн үед гарч байсангүй. Тэгэхээр ЗТХЯ-ны удирдлагуудын эл үйлдэл манай улстөрд дутагдаад зүйлийг авчирч, ёс зүйн, хариуцлага, жудагийн шинэ шугамыг Монголын улс төрд татаж чадав. Цаашид ч сайд, ноён, дарга, цэрэг бүгдийнх нь хариуцлагыг энэ татагдсан шугамтай байнга харьцуулахад болохоор боллоо. Магадгүй хэн нэгэн том даргын шахалтаар ажлаа өгөхдөө ийнхүү өөрийн хүсэлтээр гэж хэлсэн ч хариуцлагын тогтолцоог бий болгоно гэдэг хамгийн чухал.

Ард түмэн ч гэсэн өнөөдрөөс эхлээд хариуцлагыг нэхэж болдог юм байна гэдгээ улам бүр ойлгох болно. Үүнийхээ хэрээр улам бүр хүчтэй хариуцлага, ажил, үр дүн эрх баригчдаас болон эрх мэдэлтэнгүүдээс нэхэх болно. Харин нөгөө талд эрх баригч, эрх мэдэлтэн та хариуцлага гэгчийг шинэ шугамд хүрч ажиллахыг хичээх хэрэгтэй буй за. Гэхдээ энэ нь хариуцлага гэдэг зүйл нь дан ганц сайд, дарга нарт хамаатай биш Монгол хүн бүрт хамаатай гэдгийг алхам тутамдаа анхаарч, хэрэгжүүлэх цаг болжээ.

Б.Анир 

 

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?