У.Хүрэлсүх намынхаа удирдах зөвлөлийг атгаж чадаж байгаа юу
Эрх баригч намын удирдах зөвлөлийн хурал улс төрийн хүрээнд анхаарал татах нь аргагүй. Өнгөрсөн сарын 31-нд болох байсан ч Тусгаар тогтнолын ордон засвартай учраас Төрийн ордонд наймдугаар сарын 1-нд болох талаар зар тараасан. Харин өчигдөр удирдах зөвлөлийн хуралдаан үдээс хойш 16.00 цагийн үед боллоо. Хурлаар Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуулийн талаар ярилцсан байна. Хуралдаан маш товчхон болсон бөгөөд Удирдах зөвлөлийн гишүүд МАН-ын Бага хурлыг зарлах нь зүйтэй гэж үзжээ. Тэд намын Бага хурлыг наймдугаар сарын 6-нд товложээ. Энэ удаагийн хурлаар намын гишүүдийн ёс зүй, 60 тэрбумын асуудлыг огт ярьсангүй. Уг нь энэ намд хэлэлцэх асуудал олон л байгаа юм сан. Намын дарга У.Хүрэлсүх нь удирдах зөвлөлийн гишүүдээ атгаж чадаж байгаа юм болов уу. Удирдах зөвлөлийн 29 гишүүн нь сонгогдоод удаагүй даргынхаа үгэнд орж байгаа юм уу даа гэсэн асуудал яах аргагүй гарч ирж байна. Ер нь МАН-ын дотоод уур амьсгал их л эвгүй байгаа.
Гишүүдийн ёс зүй, 60 тэрбумын асуудал, парламентын гишүүдийн хуваагдал гээд энэ нам орших уу, эс орших уу дээрээ тулаад байна. Уг нь энэ асуудлаас гарц хайх гэж Удирдах зөвлөлөө хуралдуулахаар зарласан байх. Гэтэл удирдах зөвлөл нь бага хурлынхаа товыг зарлаад таржээ. МАН-ын бага хурал өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болж, Удирдах зөвлөлийн гишүүдээ шинээр томилсон байдаг. МАН-ын Удирдах зөвлөлийг Д.Амарбаясгалан даргалж байгаа. Шинэ бүрэлдэхүүнд У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Ц.Бат-Энх, М.Энхболд, Л.Энх-Амгалан, Д.Хаянхярваа, Я.Содбаатар, Б.Саранчимэг, Ө.Энхтүвшин, Г.Занданшатар, Ц.Цогзолмаа, Ж.Эрдэнэбат, С.Батболд, Т.Аюурсайхан, Г.Солтан, С.Бямбацогт, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр, Д.Тогтохсүрэн, Ж.Мөнхбат, Ц.Гарамжав, М.Оюунчимэг, Г.Мөнхцэцэг, Д.Сарангэрэл, О.Содбилэг, Ж.Ганбаатар, Д.Оюунхорол, Сү.Батболд, Ч.Улаан, Ц.Нямдорж нарыг сонгожээ. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Г.Солтан, Л.Оюун-Эрдэнэ, Б.Саранчимэг нарын дөрвөн гишүүнийг шинээр Удирдах зөвлөлд багтаасан байдаг. Бүрэлдэхүүний хувьд У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Ц.Бат-Энх, С.Батболд нараас бусад нь парламентад сууж байна. Харин энэ Засгийн газраас Ерөнхий сайд, Шадар сайд, ЗГХЭГ-ын дарга гээд долоон сайд намын удирдах зөвлөлд багтаж байна. Харин энэ Засгийн газрын унагаж гарч ирсэн шийдлийн гэх Ж.Эрдэнэбатын Засгийн газраас таван сайд багтаж байна. Ийм бүрэлдэхүүн эрх баригч намыг базаж байна. Харин тэднийгээ намын дарга У.Хүрэлсүх нь атгаж чадаж байгаа юм болов уу даа.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Т.БАТСАЙХАН