Зэсийн ханшийн уналтыг шинжээчид чөлөөт уналттай зүйрлэж байна
Биднийг орлого өслөө хэмээн хөөрч, олсон хэд дээрээ найрлаж суух зуур таваарын ханш нүд ирмэхийн зуур уруудаж эхэллээ. Он гарсаар тогтмол өсөж, тооцооноос давж байсан төсвийн орлого энэ оны сүүлчээр хүндрэх эрсдэлтэй нүүр тулав. Олон улсын зах зээл биднийг тийм ч удаан дураар нь дургиулахгүй бололтой. Оны эхний хагасыг тун томоотой үдсэн таваарын зах зээл хоёрдугаар хагасаас тонгочиж эхлэв. Дэлхийн эдийн засгийн өсөлт, уналтыг илтгэдэг үндсэн түүхий эдүүдийн ханш уруудлаа. Таваарын үнийн зэрэгцсэн хямдралуудыг шинжээчид хүндийн хүчний "чөлөөт уналттай” зүйрлэсэн нь учиртай. лондоны металлын биржид гурван сарын хугацаатай зэсийн ханш сүүлийн нэг сард 1100-1200 ам.доллараар уруудаж, 2015 оноос хойших нэг сарын хамгийн огцом уналтаа үзүүлжээ. Үүгээр ч зогсохгүй лондоны металлын биржид пүрэв гарагт зэсийн ханш 2.6 хувиар буурч, 5000 ам.доллар руу гулсаад амжив. Уналтын давалгаанаас алт, мөнгө, цайр, хар тугалга ч хоцорсонгүй. Нью-Йоркийн биржид алтны ханш бараг 100 гаруй ам.доллараар хямдраад байна. Уг нь таваарын зах зээл 2017 оны босгон дээр өндийж, түүнээс хойш тасралтгүй өссөн. Гэвч өнгөрсөн зургадугаар сараас эхлэн алт, зэс зэрэг металлуудын ханш буурсан юм.
Энэ бол худалдааны шинэ тариф тогтоох Америкийн дуу хоолой улам чангарч эхэлсэн үе. Хойд Америкаас Ази руу үлээсэн, Хятадын бүтээгдэхүүнд хориг саад тогтоох шийдвэр хоёр улсаар зогсохгүй дэлхийн бараа эргэлтэд нөлөөлж мэдэхээр байна. Дэлхийн худалдааны тэнхлэгийн хоёр том хүч болох АНУ, БНХАУ өмнө нь зөвхөн үгээр дайтаж байсан бол өнгөрсөн сараас эхлэн үйлдлээрээ эсэргүүцлээ илэрхийлсэн нь зах зээлд хүчтэй нөлөөлж, таваарын ханш унахад хүргээд байна. Учир нь сүүлийн бараг 30 жилийн хугацаанд дэлхийн эдийн засаг урьд өмнө нь байгаагүйгээр хурдтай өсөхөд хүчтэй түлхэц болсон нээлттэй худалдаа хумигдаж мэдэхээр байгаа нь цэнхэр гарагийн эдийн засгийн өөдрөг ирээдүйг бүүдгэр болголоо."Таваарын зах зээлд тодорхойгүй байдал ноёрхож, АНУ, БНХАУ-ын худалдааны хариу арга хэмжээ нь хөрөнгө оруулагчдыг няхуур хөдлөхөд хүргэж байна” гэж ABN Amro банкны ахлах эдийн засагч Каспер Бургеринг тайлбарлаж байна. Түүхий эд ялангуяа, зэсийн зах зээлийг жолооддог гэхэд хилсдэхгүй Хятад улс худалдааны зөрчлөөс богино хугацаанд хохирч магадгүй байгаа нь зэсийн ханшийг ийнхүү доргиогоод байна.
Зэсийн зах зээлийн эрэлтэд эрсдэл учраад буй бол нийлүүлэлт богино хугацаанд харьцангуй тогтворжих төлөвтэй. АНУ, Хятадын хоорондох худалдааны хурцадмал байдал богино хугацаанд зэсийн ханшийг багагүй доош татна. Худалдааны зөрчил улам даамжирвал зэсийн ханшийн түвшин одоогийнхоос ч уруудаж магадгүй хэмээн Citigroup шинэхэн тайландаа анхааруулжээ. Мөн энэ нь өндөр өртөгтэй уурхайнуудад хүндхэн тусах бөгөөд бэлэн байхыг сануулжээ. Хэрэв зэсийн ханш 6000 ам.доллараас буурч эхэлбэл, баяжмал дахь зэсийн агууламж бага, өндөр өртөг зардлаар түүхий эд олборлож, тээвэрлэдэгуурхайнуудын нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байна. Түүхий эдийн ханш уруудаж буй цөвүүн цагт зөвхөн орд уурхай гэлтгүй улс орнууд ч бэлтгэж эхэлжээ. Зэсийн томоохон экспортлогч болох Чили эрдсийн үнийн уналтад бэлтгэж, төсөв, санхүүгийн байдлаа чамбайруулж буйгаа мэдэгдэж байна. Гэтэл уул уурхайгаас хамаарах хамаарлаараа Чилиэс ч илүү манай улсын сангийн бодлого тодорхойлогчид таваарын зах зээлд уналтын улаан гэрэл асаад бүтэн сар өнгөрч байхад анзаарч байгаа юм алга, зардлаа чимээгүйхэн өсгөсөөр.
Түүхий эдийн ханш ёроолын цэгээсээ сэргэж, төсвийн орлого овоо өсөж эхэлмэгц олсныхоо хэрээр үрдэг төр засгийн олхиогүй зан сэдэрчээ. Эдийн засаг хүнд байхад хумьж болоод байсан төсвийн зарлага өдгөө 170 тэрбум төгрөгөөр өсчихсөн явна. Манай улс төсвийн орлогынхоо долоо хуваасны нэг буюу бараг нэг их наяд төгрөгийг зөвхөн зэсийн орлогоос олно. Энэ онд тонн зэсээ 6430 ам.доллараар борлуулахаар төсөвтөө тусгачихсан суугаа. Гэтэл Сангийн яамныхны байж болох хамгийн хямдаар тооцсон нь энэ хэмээн тайлбарлаж байсан үнийн дүнгээс нь даруй 300 ам.доллараар зэсийн ханш буурчихаад байхад үл тоож, үрэлгэн зангаа гээхгүй байж болох уу. 2018 оны эхний хагас жилийн байдлаар 170 гаруй тэрбум төгрөгөөр хэмжигдсэн төсвийн зарлагын өсөлт энэ оны эцэст 671 тэрбум төгрөг хүртлээ өснө хэмээн Монголбанк тооцжээ. Зарлагаа сул тавьсаар суутал орлого нь буураад эхэллээ. Орлого, зарлагын зөрүүгээр улсын төсөвт томоо гэгчийн цоорхой үүсмэгц түүнийг өр тавьж нөхсөөр өнөөг хүрсэн. Олсон орлогоо үр ашиггүй зарцуулсныхаа горыг өнөөдөр ч бид амсаж байгаа. Энэ жил ч давтагдаж магадгүй байна. Ялангуяа, эрдсийн үнийг өөдрөгөөр төсөөлсөн төсөв болон өндөр өртөгтэй олборлолт хийдэг уурхайнууд уналтын цэгээ одооноос онилж эхлэхгүй бол энэ оны эцэст хүндхэн газардаж магадгүй байна.