Авлига Монголд 2020 он хүртэл буурахгүй
Монгол Улс 2015 оны авлигын үзүүлэлтээр ("Транспаренси интернэшнл” байгууллагын) 100 онооноос 39-ийг авч 168 орноос 72, урд хөрш 37 оноогоор 84, хойд хөрш 29 оноогоор 119 дүгээр байрт жагсав.
Жагсаалтыг Дани 91 оноогоор тэргүүлж, Финланд, Швед, Шинэ Зеланд удааллаа. Манай улс 2012 онд 36, 2013 онд 38, 2014 онд 39 оноо авсан нь Монголын авлигын түвшин буурахын оронд гацчихаад буйг харуулж байна. Энэ нь авлигад холбогдсон өндөр албан тушаалтнуудтай хариуцлага тооцож чадахгүй байгаатай холбоотой гэж "Транспаренси интернэшнл” онцолжээ.
Монголд өндөр албан тушаал, төр, засагт удирдлагын алба хашиж байсан болон одоо ч байгаа авлигачидтай холбоотой олон хэрэг сүр дуулиантай эхэлдэг ч төдөлгүй замхардаг болоод удаж байна. Энэ бол өнөөгийн төр, засгийн эрх баригчид, улс төрийн сөрөг хүчин харилцан бие биенээ барьцаалсан буюу төр, засаг өөрөө байгууллын хувьд авлигад хүлэгдсэн гэсэн үг.
Өндөр түвшний авлига гэдэг нь төр, засгийн эрх мэдлийг атгадаг цөөнх нь нийтийн хөрөнгийг албан тушаалаа ашиглан завших замаар баяжиж, олонх нь ядуу тарчиг амьдралаасаа салж чадахгүй байгаа нөхцөл байдлыг хэлдэг. Авлигатай оронд эдийн засгийн хөгжил тогтворгүй, хямрал тасрахгүй, хувийн хэвшлийн салбар нь өрсөлдөх чадвар сул, баян, ядуугийн ялгаа ихээс гадна дотоодын аюулгүй байдлын зардал их болдог.
Монгол Улс авлига хэмээх аймшигт дайснаас хэзээ, яавал салах юм бэ? Авлига хаанаас эхтэй, түүнийг яаж зогсоох тухай эдүгээ нийгэм даяар тодорхой мэдлэгтэй болж байгаа бөгөөд одоо харин зөв аргачлалаар тасралтгүй тэмцэх цаг нь болжээ.
МОНГОЛЫН АВЛИГЫН ЭХ БУЛАГ
Монголчууд бид авлига гэдэг чинь нийгмийн хорт хавдар, хөгжлийн хамгийн хүчтэй чөдөр тушаа болохыг, авлигын эх үүсвэр нь явж явж улс төрийн намууд, тэдний санхүүжилттэй холбоотойг ардчиллын замаар 25 жил замнаж, олон сонгууль давсны эцэст нэг юм ойлгов.
Өнөөдөр архи, тамхи, уул уурхай, барилга, банкны салбар хууль тогтоогчид болон засгийн газрын эрх баригчдын гарт байна.
Монголын түүхэнд анх удаа буюу сарын өмнөхөн төрийн эрх олон жил барьсан улс төрийн том намын удирдлагын нэг нь намын даргадаа 50 мянган ам.доллар өгснөө, мөн 120 мянган ам.доллар өгөхөөр бэлдэж байгаад баригдсанаа өөрөө мэдээлэв. МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Эрүүл мэнд, спортын сайд байхдаа баривчилагдсан Г.Шийлэгдамбын энэхүү мэдэгдэл бол үнэндээ Монголын улс төрийн намуудын үнэн дүр төрхийг илчилсэн хэрэг.
Эд хөрөнгө ихтэй, бизнес эрхэлдэг хүмүүс улс төрд их оролцсоноор тухайн бизнесийн салбарт чөлөөт өрсөлдөөн устдаг. Өнөөдөр архи, тамхи, уул уурхай, барилга, банкны салбар хууль тогтоогчид болон засгийн газрын эрх баригчдын гарт байна. Энэ гол салбаруудад чөлөөт өрсөлдөөн алга болохын хэрээр гадаадын томоохон компаниудын хөрөнгө оруулалт орж ирэхгүй болсон.
Авлига буурахгүй байгаа нь улс төрийн намууд өөрсдөө авлигажсан, засгийн эрх авч буй намаар дамжаад Монголын нийтийн засаглал (төр засаг) байгууллын хувьд мөн л авлигад идэгдэж, төр, засгийн чадвар сул, тогтворгүй, хуулийн байгууллагууд нь улстөрчдөөс хараат, хэвлэлийн эрх чөлөө, чадвар сул байгаатай холбоотой.
НАМУУДААС ЭХЛЭЛТЭЙ АВЛИГЫГ TACЛАН ЗОГСООХЫН ТУЛД ӨНӨӨДӨР
Сонгуулийн, Намын, Төрийн албаны тухай хуулиудыг шинэчлэх шаардлагатайг одоогийн УИХ гишүүд сайн мэдэж байгаа ч тэгэхийг яарахгүй цаг хожиж байна. Энэ хуулиудын процессын болон дүгнэх, тайлагнах, хянах, хариуцлага тооцох заалтууд нь бүрэн, тодорхой биш гэдгийг амьдрал харуулав. Тэрхүү цоорхойгоор далимдуулан, улс төрийн намууд янз бүрийн аргаар асар их мөнгө татан төвлөрүүлж, улс төрийн эрхийг авмагцаа албан тушаал, төсвийн тендерт шалгаруулах замаар өрөө эргүүлэн төлж ирлээ.
Он гарахын өмнөхөн ядаж Сонгуулийн хуулиа өөрчлөн баталж амжсан нь улс төрийн намуудын сонгуультай холбоотой авлигыг багасгах нэг алхам болсныг тэмдэглэх хэрэгтэй.
Намдаа "оруулсан” мөнгөний хэмжээгээрээ л ялгаатай, фракц нэртэй улс төр-бизнесийн бүлэглэлүүд төр, засгийн эрхийг ээлжлэн барих боллоо.
Намдаа болон сонгуульд зарцуулсан хөрөнгө нь өндөр ашигтайгаар эргэн төлөгдсөн эсэхээс хамаарч, бүлэглэлүүдийн хүчний харьцаа тэнцэж, эсвэл алдагддаг. Харьцаа алдагдсан тохиолдолд Засгийн газраа элдэв шалтгаар огцруулж, дараачийн фракц төрийн эрх авдаг зуршил тогтов. Шинэ Засгийн газар нь бүтцийн өөрчлөлт хийх замаар албан тушаал, эрх мэдлийн дахин хуваарилалт явуулдаг учраас төр, засгийн бүтэц, үйл ажиллагаа тогтворгүй болов.
Он гарахын өмнөхөн ядаж Сонгуулийн хуулиа өөрчлөн баталж амжсан нь улс төрийн намуудын сонгуультай холбоотой авлигыг багасгах нэг алхам болсныг тэмдэглэх хэрэгтэй. Харамсалтай нь, Улс төрийн намын тухай хуулийг энэ УИХ баталж чадаагүй учир 2016 оны сонгуулийн дараа шинэ Засгийн газар бүрэлдэхэд намд хамгийн их мөнгө хандивласан этгээдүүд төр, засгийн өндөр албан тушаалыг урьдын адил худалдан авах боломжтой хэвээрээ үлдэв. Тийм учраас шинэ УИХ Намын тухай шинэ хуулийг батлах, хэрэгжүүлэх гэсээр байтал ирэх дөрвөн жилд Монголын авлига буурахгүй ажээ. Яг энэ логикоор Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн өөрчилж амжихгүй, өөрчлөхийг ч хүсэхгүй байна.
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГОЛ АЛХАМ
Улс төрийн намуудаас эхтэй авлигыг таслан зогсоохын тулд дээрх хуулиудаас гадна Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах цаг болжээ. Анхны хөтөлбөр нь 2010 оноор дууссан бөгөөд энэ хөтөлбөрийн дагуу байгуулагдсан Авилгатай тэмцэх газар эдүгээ "авилгажсан” эрх мэдэлтнүүдийн зэвүүцлийг хамгийн их хүргэдэг болов. Ууртай түшмэд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг санаатайгаар батлахгүй, Авилгатай тэмцэх үндэсний зөвлөл байгуулахаас эмээсээр байна.
Энэ байдал нь иргэдийн тэгш эрхийн зарчмыг алдагдуулж, эдийн засгийн эрх мэдэлтэй хэсэг нь улс төрд илүү нөлөөлөх нөхцөл бүрдүүлж байна.
Энэ зөвлөлд уг нь төр, иргэний нийгмийн төлөөллийг оролцуулж байж, үндэсний хэмжээнд авлигыг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх нөхцөл бололцоо бүрдүүлэх ёстой юм. Энэ тухай Эдийн засгийн хамтын ажиллагаа болон хөгжлийн байгууллагын (OECD) Монголын авлигын тухай 2015 оны тайланд ч бас тодорхой дурджээ.
Улс төрийн намуудын санхүүжилтийн өнөөгийн байдал, аль хэсэгт нь онцгой анхаарах шаардлагатай байгаа талаар мөн "Нээлттэй нийгэм форум”, "Транспэрэнси интернэшнл” хамтран, олон улсын "Кринис” аргаар саяхан нэг судалгаа хийжээ. Монголын улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгохын тулд сонгуулийн ба сонгуулийн бус жилүүдэд намын санхүүжилтийг зохицуулж байгаа хууль тогтоомжуудыг хэрэгжүүлсэн байдалтай нь харьцуулан судлаад "Намуудын санхүүжилтийн ил тод байдлыг хангахад нэг талаас хууль эрх зүйн орчин буюу дүрэм журам нь хангалттай биш, нөгөө талаас эдгээр хууль, журмыг мөрдүүлэх үүрэг бүхий байгууллагуудын хянах ажиллагаа хангалтгүй байгаа учир Монголын улс төрд мөнгөний томоохон урсгал бий болсон” гэжээ.
Энэ байдал нь иргэдийн тэгш эрхийн зарчмыг алдагдуулж, эдийн засгийн эрх мэдэлтэй хэсэг нь улс төрд илүү нөлөөлөх нөхцөл бүрдүүлж байна. Мөн санхүүгийн чадвар сайтай нэр дэвшигчдэд илүү боломж олгож, намуудын дунд шударга бус өрсөлдөөн үүсгэж буй. Сонгогдсон улстөрчид хандивлагчтай авлигын эрсдэлт харилцаанд орох зэрэг нөхцөл байдал бий болж, хандивлагч нь сонгогдсон улстөрчдөөс "давуу байдал” нэхэх дарамт үүсгэдэг. Хууль гаргах нь хангалттай бус, түүнийг биелүүлэхгүй байгаад асуудлын гол нь байна гэсэн дүгнэлтийг энэ судалгаагаар гаргажээ.
Холбогдох төрийн байгууллагуудад хуулийн хэрэгжилтэд хяналт тавихгүй, судалгаа дүгнэлт хийхгүй, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сөрөг хүчин, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид болон иргэд ч системтэй хяналт тавьж чадахгүй байгааг судалгаа харуулав.
Авлигын эсрэг хууль эрх зүйн орчныг сайжруулах, хууль тогтоомж зөрчсөн буруутай этгээдэд хариуцлага ногдуулдаг механизм бүрдүүлэхгүйгээр, юуны түрүүнд улс төрийн намуудын санхүүжилтийг ил тод болгохгүйгээр Монгол Улс авлига гэдэг аймшигт мангасаас хэзээ ч салахгүй юм.