📅

Хүнээр “туг тахигчид”

🕔 2018/04/20 09:13

 

Эмгэнэлтэй, инээдэм­тэй, итгэхэд бэрх зүйл болгон л Монголоос гарах болж дээ. Халдашгүй байд­лыг нь хуулиар хам­гаалсан УИХ-ын гишүүн, төрийн сайд хүнийг гэрт нь хөнөөчихөөд ир гэж 16 настай хүүхэд, хөхүүл хүүхэн, малчин залуу гурвыг явуулж байдаг толгой нь эргэсэн "захиалагч” Монголд байдаг юм уу?!

С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэлгүй хориод жил болсны дараа Монголын тагнуул, шүүх, прокурорын байгууллага ийм шийдвэр гаргасан. Захиалгаар алсан гэх зүйл ангиар гурван хүнд эрүүгийн хуулийн дээд хэмжээний ял оноосон ч, захиалагч нь байдаггүй. Шүүх хурлын дараа захиалагчийг нь "эрэн хайх” ажлын хэсэг томилж байх жишээтэй "бантан” Монголоос өөр газар байдаггүй байх л даа. Ард түмэн энэ шийдвэрт итгэж ядан дотроо эсэргүүцсээр өнөөг хүрлээ.

Миний хувьд, С.Зоригийг хөнөөсөн, захиал­сан эзэд үнэн мө­нөөр тодорч, Монголын ард түмний сэтгэлийн хүлээсийг тайлах болов уу хэмээн хүлээж байсан хоёр зүйл бий. Эхнийх нь Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.Хурцыг чөлөөлж, оронд нь Д.Гэрэлийг томилсон явдал байлаа. Энэ хүн л бүхнийг шийднэ, С.Зоригийг хөнөөсөн захиалагчийг дор нь илрүүлж, ард түмэнд мэдээлнэ гэж харж байлаа. Энэ хэргийг эхнээс  нь нарийн үзэж шалган, тэр худал хуурмаг шүүн таслах ажиллагааг дахин задалж, магадгүй Чимгээ, Содномдаржаа хоёр нар салхинд гарах байх гэж бодож байсансан. Олон түмэн ч ийм бодолтой байсан байх. " Их санасан газар есөн шөнө хоосон” гэгчээр Тагнуулын байгууллага, өнөөх шинэ дарга таг чиг!  Монголдоо байдаг ч юмуу,  үгүй ч юмуу бүү мэд. Лав Д.Гэрэл гэж хүнд олон түмэн итгэл алдрах шиг боллоо. Саяхан болж өнгөрсөн "Ард түмний онц түр зөвлөл”( АТОЗ) -ийн уулзалт хэлэлцүүлэгт оролцсон олон зуун хүн гарын үсгээ цуглуулан төрийн өндөрлөгүүдэд явуулсан  "Тулган шаардах” бичгийн дотор дав даруй огцруулах шаардлагатай хүмүүсийн нэрс дунд Гэрэл гэж хүний нэр цохиж  явна билээ. Түүнийг, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын  Их хурал л  мэдэх юм байгаа биз дээ.

Миний итгэж, хүлээж байсан зүйлийн нөгөө нь Олон улсын парламентын холбооны Женевт болсон хурал.  Энэ хурлаас гарах шийдвэрийг монголчууд тэсэн ядан хүлээж байсан нь нууц биш. Яагаад гэвэл өнгөрсөн жил Олон улсын парламентын холбооноос ажлын хэсэг ирж С.Зоригийг хөнөөсөн хэргийг олон талаас нь нягтлан үзсэн. Олон ч хүнтэй уулзаж, хангалттай материал цуглуулсан байх. Манайхнаас саяны ОУПХ-ны хуралд нэлээн өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид оролцсонд бид итгэлтэй харж байсан. Тэгтэл энэ хурлаас гарсан тогтоол нь манай ард түмэнд төдийлэн таалагдсангүй. ….ОУПХ С.Зоригийн хэрэгтэй холбоотойгоор ажлын хэсэг ажиллуулаад намрын чуулганаараа дахин хэлэлцэнэ гэнэ… Уг  хуралд оролцсон УИХ-ын гишүүн Л.Болдын ярианаас үзвэл " Манайх нээлттэй, ойлгомжтой, бүх асуултад нь хариулт өгсөн байдлаар ажлын хэсгийг хангалттай ажиллах нөхцлөөр хангаж чадаагүй байна лээ…” гэв. Эндээс үзвэл манай эрх мэдэлтнүүд өнөөх  л бидний тархи угаадаг байдлаараа Олон улсын парламентын холбооны ажлын хэсгийнхэнд хандсан бололтой юм. Цаадуул нь ч бидний адил тархиа угаалгаад ОУПХ-ны удирдлагадаа танилцуулчихсан, тэгээд дахин "хүчтэй” ажлын хэсэг гаргаж байгаа бололтой юм. Юутай ч , бидний хүсэн хүлээж байсан хоёр дахь асуудал хойшлогдлоо. Захиалагч нь одоо хүртэл илрээгүй, олон түмэнд мэдээлэгдээгүй хэрэгт "Захиалгаар” гэсэн зүйл ангиар ял тулгагдаад байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёр гянданд хүнд бэрх ял эдлээд, ар гэрийнхэн нь нулимсаа бараад, хэдий хүртэл суух юм бэ гэсэн асуудал зайлшгүй  сөхөгдөж байгаа биз?!

Саяхан УИХ-ын ги­шүүн Л.Болд, Ж.Бат­зандан хоёр гянданд ял эдэлж байгаа Б.Содном­даржаа, Т.Чимгээ нартай биечлэн уулзаж санаа бодлыг нь сонссон. Хоригдож байгаа нөхцөл байдалтай нь танилцсан. Тэд дор бүхнээ дүгнэлт хийн эрхэм гишүүн Л.Болд ОУПХ-ны хуралд ч чин үнэнээр танилцуулсан нь мэдээж. Үүнээс гадна ялтан Б.Содном­даржаагийн гяндангаас бичсэн, сонины хэдэн нүүр захидал "Хүү нь хэзээ ч энэ худалч хуулийн өмнө бөхийхгүй. Намайг бөхийнө гэж бодож байвал эндүүрэл” гэсэн гарчигтайгаар нийтлэгдсэн. Сошиал ертөнцөөр цацагдсан. Энэ захидал олон түмэнд их зүйлийг хэлж өгсөн дөө. Зарим хүн уйлаад л уншаад байна гэсэн. Боловсрол багатай, жирийн нэг малчин залуу, яг үнэнийг бичиж дээ хэмээн хэнд ч ойлгогдохоор захидал байна билээ. Захидалд бичсэнээс үзвэл энэ хэргийг хүлээлгэхийн тулд тагнуулын ерөнхий газрын байцаагчид яаж тамлан зовоосон нь илт байна.   Б.Содномдаржаа захидалдаа "Гяндангийн хоол хүн идэх арга байхгүй, харанхуй, хааш хаашаа хоёр метр газар цонх байхгүй өрөөнд, хүн оруулж худлаа сэтгэл санааны дарамт шахалт хийх, өрөөнд хүн оруулж өөдөөс нь дайр гэж ятгах, хажуугийн өрөөнд хүн оруулж худлаа сэтгэл санааны дарамт хийх, эхнэр маань төрөөгүй байхад эхнэр чинь төрсөн, энэ хүмүүсийг хэлчихээд эхнэр хүүхэддээ оч гэхчлэн янз янзын сэтгэл санааны болон эрүүл мэндээр хорлох ажиллагаа маш их явуулдаг юм байна даа гэж яс махандаа шингэтэл дотроо бодож суудаг юмаа” гэж бичсэн байна лээ. Тэр битгий хэл эм өгөөд, тоть шиг дагаж яриулдаг болгочихдог тухай бичиж билээ. Эндээс үзвэл хилс хэрэг хүлээлгэхийн тулд хүнийг ингэж л тамлан зовоодог юм байна гэж өөрийн эрхгүй бодогдмоор.

Энэ захидалд Б.Содном­даржаа өмгөө­лөгч эмэгтэй Л.Мөнх­төрийнхөө тухай, тэр хүн байцаагч прокуроруудтай яаж үгсэн хуйвалддаг талаар дэлгэрэнгүй бичсэн бий.  "…  Манай өмгөөлөгч энэ хүмүүстэй анхнаасаа үгсэн нийлээгүй бол би аль хэдийн та бүгдийнхээ дэргэд очоод хөдөлмөр хийж, хөлсөө гаргаж, тэр хөлснийхөө дуслаар талхаа олоод, хүүхдүүдээ тэжээгээд явах байв…” гэж өмгөөлөгч эмэгтэйдээ гомдсон сэтгэлээ ний нуугүй бичиж билээ. Үүнийг уншсан хүмүүс, шүүх хурлыг хаалттай хийгээд байдгийн нэг гол шалтгаан нь өөрсдийнхөө талд эхнээсээ үйлчилсэн "өмгөөлөгч”-өө нууцлах зорилготой байсан юм болов уу гэх хардлага төрөх тал бий.

Захидал бичигч маань, бүр арга тасарсан байдлаар "… Хүнд хорлуулахдаа, ялангуяа би араатанд бариулж идүүлсэн бол яахав. Тэгэхэд хуулийн доор ажиллаж байгаа тангараг өргөсөн байцаагч, прокурор хүмүүст л хорлуулж байна… гээд цааш нь …. "хуулийг буруу замаар ашигладаг энэ  тагнуулын Бархасбадь, Болд, Бямбажав, Баттөмөр ба энэ хүмүүстэй үгсэн нийлсэн прокурорын газрын Батжаргал, Сандагсүрэн болон намайг худлаа өмгөөлж байгаа өмгөөлөгч Л.Мөнхтөр гэдэг хүмүүст итгэх үү гэдгийг Монгол Улсын шүүх үнэн зөвөөр нь шүүнэ гэдэгт цаг ямагт итгэдэг билээ, би. Хүү нь 2015 оноос өдийг хүртэл намайг байцааж байгаа, өмгөөлж байгаа, хянаж байгаа прокурор, харж байгаа албан хаагч, дарга цэрэг, хоригдол, хуульч хүмүүсийн яриаг энэ хүмүүс юуны тухай яриад, намайг яагаад хийгээгүй хэрэгт холбоод байгааг яс махандаа шингэтэл мэдээд, гомдоод л  сууж байдаг юмаа…” гэж бичсэн байна билээ.

Энэ захидалд хам­гийн ноцтой нэг зүйл бий. Т.Чимгээ, Б.Содном­даржаа хоёрыг Тагнуул, хуулийнханд барьж өгсөн Амгаланбаатар гэгч рецедив гэмт хэрэгтэн нь Б.Содномдаржаатай хэд хэдэн удаа уулзаж ярилцсан байх юм. Эхлээд хоёул муудаж сайддаг л байж. Хамгийн сүүлд 2018 оны нэгдүгээр сарын 25-нд гэрийнхэн нь эргэсний дараа хоёул уулзаж жинхэнэ эр хүмүүсийн яриа өрнүүлж. Тэгэхэд Амгаланбаатар "…Таны хүүхдүүдийн дууг би гурав хоног сонслоо. Дүү нь маш олон хүнийг гомдоож, уйлуулж, маш муухай хорон санаа гаргасан. Засдаггүй алдаа гэж байхгүй. Миний зүрх сэтгэл яг одооноос санаа сэтгэл маань цав цагаан болсон шүү. Би одоо аав ээжтэйгээ уулзана…” гэсэн байгаа юм. Б.Содномдаржаа ч их баярласанаа бичсэн байна билээ. Энэ чинь, би та хоёрыг гүтгэсэн юм гэдгээ хэлчихэж байгаа юм биш үү. Хэнд ч гэсэн уярч хайлан ухаарч сэрэх, оюун ухаан  гэж юм бий шүү дээ. Амгаланбаатар тэр хүүхдүүдийн дуунд уяраад үнэнээ хэлчихлээ гэж би бодож байна. Ухаарал гэдэг юм, уул нь ингэж ирдэг л юмдаа.

Гэтэл!!!   Энэ хэргийг эхнээс нь  мөрдсөн, шал­гасан, хянасан, шүүсэн, Тагнуулын Ерөнхий газар, Улсын Ерөнхий прокурор, гурван шатны шүүх, уучлал гуйсан өргөдлүүдийг нь хүлээж авсан Монгол Улсын Ерөнхийлөгч, бүгдээрээ яагаад дуугаа хураачихав?!  Энэ хэргийн захиалагчийг хэдий хүртэл нууцлах юм? Захиалагч байгаа бол, төрийн сайдыг хөнөөлгөхийн тулд 16 настай хүүхэд, хөхүүл хүүхэн, малчин залуу гуравт хэдий хэмжээний ямар хөлс шан амласан юм. Хэд хичнээн зүйл өгсөн юм. Энэ бүхнийг тодорхой болгож, ард түмэндээ ил тод мэдээлээч. Юманд чинь хэмжээ хязгаар, цаг хугацаа гэж бий. Амьд гэрчтэй, ил цагаан энэ хэргийг Монголын тагнуул, цагдаа, хууль хяналтын байгууллагууд захиалагч, гүйцэтгэгчтэй нь илрүүлж чадаагүй хориод жил боллоо гэхэд хэн үнэмших юм. Одоо Олон улсын парламентын холбоотой эвсээд ч үнэнийг нь олж чадахгүй байна гэвэл дэндүү ичгэвэртэй биш үү. Ард түмний дунд бол олон таамаг бий. Үлгэр шиг ярьдаг, ханцуй дотроо шивнэлддэг, тэр таамгуудыг нягталж үздэг байгууллага хүмүүс бий юу.  Хамгийн гол нь ард түмэн үнэн учрыг нь мэдье гэж хориод жил хүлээж байгаа энэ хэргийн гурван шатны шүүх хурлыг гурвууланг хаалттай хийж, олон түмнээс нууцлаад байгаад л хүмүүс бухимдаад байгаа юм.

Д.Гэрэл даргаа!  С.Зоригийг хөнөөсөн хэрэгт захиалагч байгаа юм бол, одоо ний нуугүй дэлгээд тавьчих. Байхгүй юм бол Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг суллаж тавиад шаналж зовсон олон хүний  сэтгэлийг амраачих юм биш үү?!

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?