📅

Ц.Шаравжамц: Спорт бол нийгмийн зүрх юм

🕔 2018/02/12 09:52
 
"Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг "Leader ships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар  ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл  санаануудыг уншигчдадаа хүргэж  байгаа билээ. Энэ удаагийн зочноор  Биеийн тамир, спортын газрын дарга, гавьяат тамирчин Ц.Шаравжамцыг урилаа.
 
БИДЭНД ЭВ НЭГДЭЛ ХЭРЭГТЭЙ БАЙНА
 
-Спортын салбарт хэдэн үеэрээ зүтгэж байна. Миний өвөө морь уядаг, шагай харвадаг хүн байсан. Аав маань сагсан бөмбөгийн анхны шигшээ багийн тамирчин. Ээж минь биеийн тамирын багш байсан болохоор  өлгийтэй байхаасаа л зааланд матрас дээр хэвтэж байсан гэдэг.
Одоо хүүхдүүд маань сагсан бөмбөгийн спортоор хичээллэж эхэллээ.  Бид одоо 44 нас хүрч байна.  Энэ амьдрал маань тэр л чигээрээ спорт юм даа.  Анх 11 настай хүүхэд Эрдэнэт хотоос цүнхээ үүрээд тамирчин болно гээд Улаанбаатар хотыг зорьж байсан. Хотод ирээд дотуур байранд амьдраад бэлтгэл сургуулилт хийж байлаа.  Энэ мэтчилэн спортод хөл тавьсан он  жилээ яривал нэлээд хугацаа шаардана. Одоо бол тамирчныхаа замналыг дуусгасан. Чингэлтэй дүүргийн Биеийн тамир спортын хорооны даргаар ажиллалаа. Тухайн үедээ 13 төрлийн спортоор өсвөрийн шигшээ баг гаргаж байсан.  Дасгалжуулагчтай, цалинтай болгож, монголдоо анх удаа ийм ажил зохион байгууллаа.  Харин БТСГ-ын даргаар ирээд  ажлаа эв нэгдлээс эхэлсэн. Спортын удирдах төвшиний байгуулагууд эв нэгдэл муутай байсан. Тиймээс  эв нэгдлийн жил болгон зарлаж,  ажиллалаа.  Одоо салбарын яам, МҮОХ, спортын холбоод хамтраад ажиллаж байна.  Үүнээс гадна хагаралтай зөрчилтэй байсан долоон холбоо хоорондоо эвлэрэх нэгдэх хамтран ажиллах алхмуудаа хийгээд эхэллээ. Ер нь ганц спорт биш Монгол Улсад эв нэгдэл хэрэгтэй байна. Дандаа л хагарсан задарсан, бутарсан нам болж хуваагдсан талцсан байдал газар авлаа. Энэ нь Монгол Улсын хөгжилд, цаашлаад Үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна. Тэгэхээр спортоор дамжуулаад монголчууддаа эвтэй байвал ямар амжилтад хүрдэг юм бэ гэдгийг харуулахыг хүсч байна.
 
"СПОРТЫН ТҮҮХЭН ДЭХ АМЖИЛТ НЭМЭГДСЭЭР БАЙНА”
 
-Зах зээлд орсноос хойш нэгэн үед спортын хөгжил уналтад орсон.  Тамирчид цалин мөнгөгүй байсан үе бий. Бүр шигшээ баг татан буугдаж байлаа.  Энэ бүгдийг ямар ч байсан даваад л гарлаа. Мөн   сүүлийн дөрвөн жилд олон дарга солигдсон учраас энэ салбар нилээн ганхсан. Ойр ойрхон дарга нар солигдохоор үзэл бодол нь өөрчлөгддөг.  Ер нь бол сонин системд орчихсон байсан. Одоо ерөнхийдөө тогтож байна. Урд нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр гуравхан медаль авдаг байсан бол 2015 онд найм, 2017 онд 14 медаль авлаа.  Спортын түүхэн дэх амжилт нэмэгдсээр байна. Энэ амжилтыг ахиулахын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байна. Ер нь улс орны нийгмийн тархи нь боловсрол, шинжлэх ухааны салбар юм.  Харин зүрх нь спорт урлаг юм. Спортыг үзэж хүний сэтгэл тайвширдаг.  Мөн   хоорондоо эв нэгдэлтэй байдаг. 2008 оны олимпийг санацгаая л даа. Долдугаар сарын 1-нд ямар үйл явдал боллоо. Улс орон хагарал бутралд живж эвгүй байдалд орсон.   Олимпийн аварга төрснөөр яаж намжлаа, ард түмэн маань яаж баярлаж байлаа. Энэ жишээнээс харахад ч гэсэн спорт нийгмийн зүрх нь юм.   Мөн улс орны нүүр царай болж байна. Монгол Улсыг дэлхийд таниулж байна. Спортын салбарыг илүү сайжруулж дэмжиж өгөх хэрэгтэй гэж боддог.
 
"ӨВЛИЙН СПОРТЫН ТӨРӨЛ ОРХИГДОЖ БАЙНА”
-Улс орны эдийн засаг хүнд байна. Эдийн засаг сайжрахаар спортын салбарыг илүү дэмжинэ гэж найдаж байгаа. Ганцаарчилсан, багийн, үндэсний спорт, нийтийн биеийн тамир гээд нэг ч төрлийг орхихгүй дэмжих ёстой. Үндэсний спорт үндэсний дархлааг бий болгоно. Манай түүхийн нэг хэсэг. Багийн спорт нь тамын тогооны үлгэр гээд амин хувиа хичээсэн энэ үзлийг үгүй болгоно.  Нэгдэж ажиллах нэгнээ хүндлэх хүмүүжлийг багийн спорт олгодог.  Харин ганцаарчилсан төрлийн спортууд хамгийн өндөр амжилт үзүүлж байгаа нь улсын нэр хүндийг өөд нь татна. Олимп дэлхийн аваргууд олон төрөх тусам Монгол гэж ийм улс байдаг юм байна. Ийм мундаг авьяас чадвартай орон гэдгийг дэлхий даяараа мэдэж авна.  Мөн өвлийн спортын төрөл нэлээн орхигдсон байна. Өвлийн олимпод хоёрхон тамирчин орж байх жишээтэй. Уг нь манай орон жилийн бараг зургаан сард нь цастай байдаг. Энэ хугацаанд өвлийн спортыг хөгжүүлэх боломж харагдаад байгаа.  Ер нь энэ олон төрлийн ганцыг ч орхиж болохгүй. Бүгдийг нь нэгэн зэрэг аль болох өндөр төвшинд хөгжүүлэхийн төлөө зүтгэх учиртай.  Нийтийн биеийн тамир ч гэсэн хүний  эрүүл мэндтэй холбоотой. Бүх төрлийн өвчин тусахгүй байх, эдгээх ганц  зам нь хөдөлгөөн юм.  Эрүүл мэнд гэхээр манайхан өвчилсөн хойно нь эмчлэх эдгээх талыг  ярьдаг.  Өвчлөлөөс урдчилан сэргийлэх асуудалд санхүүжилт ч маш муу байна. Үүнийг өөрчлөх хэрэгтэй.  Хөдөлгөөнтэй эрүүл байж хүний ажиллах чадвар, ажлын бүтээмж нэмэгдэнэ. Тэр эм тарианд зарцуулах мөнгийг хэмнэнэ.  Манайхан одоо яаж олон эмнэлэгтэй болох уу гэж боддог. Энэ буруу. Харин урьдчилан сэргийлэлт  сайн хийж чадвал эмнэлэгт очих шаардлагагүй. Хөдөлгөөн нийтийн биеийн тамирыг хөгжүүлснээр эмнэлгийн ачаалал ч багасна.
 
БЛИЦ
1991 онд Эрдэнэт хотын 10 жилийн дунд сургууль,
1997 онд Эрдэнэт хотын Гадаад хэлний дээд сургууль
2002 онд "Отгонтэнгэр” их сургууль,
2014 онд "Чингис хаан” дээд сургуулийг төгссөн
 Орчуулагч, түүхч, эрх зүйч мэргэжилтэй. Түүхийн ухааны магистр зэрэгтэй. Орос, англи, словак хэлний мэдлэгтэй.
1993-2001 онд Сагсан бөмбөгийн "1+11” клубд тамирчин,
2005-2007 онд "Цаст” дунд сургуульд маркетингийн менежер,
2008-2010 онд "Кингс кидс” дунд сургуульд багш,
2010-2012 онд Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга,
2012-2014 онд "Шаравжамц старс” сагсан бөмбөгийн клубийн захирлаар ажиллаж байсан.
2015 оноос Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирлын зөвлөхөөр ажилласан.
2016 оноос Чингэлтэй дүүргийн БТСГ-ын дарга
2017 оноос БСШУСЯ-ны харьяа  БТСГ-ын даргаар ажиллаж байна.
 
"АМИН ХУВИА БОДСОН ҮЗЛЭЭ ХАЯСАН ЦАГТ ХӨГЖИНӨ”
-Өнгөрсөн нэгдүгээр сарын 1-нээс Биеийн тамир, спортын тухай шинэ хууль хэрэгжиж эхэллээ.  Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс санхүүгийн зохицуулалттай заалтууд нь хэрэгжинэ. Нэг чухал заалт нь ЭМД-аас спортын клубын төлбөрийг тодорхой хэмжээнд  даахаар болсон.  Төр засгаас нийтийн биеийн тамир спортыг дэмжиж буй нэг хэлбэр юм. Төр засаг багийн спортыг дэмжих тал дээр илүү анхаарах шаардлагатай байна.   Амин хувиа бодсон үзлээс иргэдээ салгаж авахгүй л бол хөгжинө гэдэг үнэндээ хэцүү. Багийн спортоор хичээллэж байгаа хүн нэгийгээ татаж унагах биш доороос нь ивэж өгөөд дээш нь гаргахын төлөө л зүтгэнэ.   Энэ сэтгэлзүйг хүүхдэд суулгах хэрэгтэй. Тэгэж байж амжилтад хүрнэ, илүү хөгжинө.   Тухайлал намайг БТСГ-т ирэхэд байгууллага 700 гаруй сая төгрөгний өртэй, нэлээд уналтад орсон байлаа. Бүх өрийг дараад дууссан. Ер нь энэ уналтыг зогсооход эв нэгдэл чухал байсан. Удирдах төвшиний байгууллагууд эв нэгдэлтэй болж бие биенийгээ ойлгож,  хүндэлж хамтарч ажилладаг болсон. Миний баримталдаг нэг зарчим нь эв нэгдэл юм. Бие биенээ тусалж дэмжье, хамтдаа хөгжье, хамтдаа амжилтанд хүрье гэдгийг байнга хэлдэг. Бүхий л амьдралынхаа турш хэлсээр ирсэн.  Сагсан бөмбөгөөр хичээллэж байх үед багийн ахлагч байлаа.  Тийм учраас  хүмүүсийг яаж нэг сэтгэл зүрхтэй, нэг зорилготой болгох вэ гэдэг туршлага надад хангалттай бий.  Намайг анх энд ирэхэд  өрөө өрөөндөө ороод бие биенийгээ муулаад сууж байдаг л байгууллага байсан. Одоо бол тийм юм байхгүй.  Манайхан нэг баг болж чадсан. Нэг баг болоод хамтраад ажиллаж байхад ажил ч хурдацтай сайхан бүтэж байгаа. Ингэж их зүтгэж байхад амжилт ирэх нь цаг хугацааны асуудал юм даа.
 
"АШИГГҮЙ БОЛ УЛСТӨРЧИД ХЭЗЭЭ Ч СПОРТ РУУ ИНГЭЖ УЛАЙРАХГҮЙ”
-Сүүлийн үед спортын салбар руу улстөрчид дайрч орж ирдэг боллоо. Үүнийг зогсоох цаг нь болсон. Спорт  бол улс төржилтөөс хол байх ёстой салбар юм. Олон улсын олимпийн хорооны харьцаагаа бодоход ч тэр шүү дээ.   Одоо сагсан бөмбөгийн холбоонд яг л ийм зүйл болоод байна. Сүүлдээ бүр насанд хүрээгүй хүүхдүүдийг жагсаал цуглаанд ашиглаж байгаа нь маш том хариуцлагын асуудал юм. Сагсан бөмбөг бол хамгийн олон сонирхогчтой спорт.  Яг юунд ашиглаж хэн нь нэр хүндээ өсгөх гээд байна гэдгийг ард түмэн хараад ойлгож л байгаа байх. Хэрэв өөрт нь ямар нэгэн ашиг байхгүй бол улстөрчид хэзээ ч спорт руу ингэж улайрахгүй. Тэгэхээр цаана нь ямар нэгэн ашиг сонирхол байж таараад байна.  Мөн хүмүүс өвлийн олимпийн тамирчдын хувцас, бүрэлдэхүүний талаар яриад байна.   311 сая төгрөгөөр хэдхэн хувцас хийлгэлээ гэж ойлгоод байна. 311 сая төгрөгөөр 280 гаруй тамирчинтай  шигшээ багийн гишүүдэд бүгдэд нь хувцас хийж өгсөн.  Загварын хувьд их урт , зузаан байна гэж байна.  Аргагүй  шүү дээ. Өвдөг нуруу даарах бол тамирчин хүнд  өвчний суурь болдог.  Тийм учраас урт зузаан хувцас хийлгэсэн юм. Ихэнх хувцсыг үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж хийлгэсэн. Үндэсний үйлдвэрлэгчид ямар ч ашиггүйгээр биднийг дэмжиж ажилласан.  Өвлийн олимпийн наадмын бүрэлдэхүүний хувьд манай улсаас хоёр тамирчин, нэг дасгалжуулагч, салбарын сайд, дагалдах таван хүний төсөв гарч байна.  Бусад нь Олон Улсын олимпийн хорооноос гаргаж байна.  Гэтэл манайхан хоёр тамирчин дагуулаад олон хүн явж байна.  Төсөв их гарлаа гэнэ.  Төрийн албанаас ганцхан сайд л явж байгаа.  Зардал хэмнэх үүднээс би ч яваагүй. 2017 оны Дэлхийн аваргад бид түүхэн дэх хамгийн өндөр амжилтаа үзүүллээ. Ирэх 2020 оны олимпод 2008 оны олимпод гурван алтан медаль авч байсан амжилтыг эвдэхийн төлөө ажиллаж байгаа. Спортоо илүү дэмжээд олон төрлөөр оролцдог болж илүү олон алтан медаль авдаг болохын төлөө манай баг хамт олон ажиллаж байна. Би спортын эрдэм шинжилгээ анагаах ухааны төв байгуулна гэж мөрөөддөг. Ер нь дэлхийн чиг хандлагыг харахад спорт эрдэм шинжилгээ, шинжлэх ухаангүйгээр амжилтад хүрнэ гэдэг маш хэцүү болоод байна. Тиймээс өөрийн хэмжээнд Спортын анагаах ухааны төвийг байгуулах алхмыг хийж байна. Эдийн засаг өсөөд ирэхээр Спортын анагаах ухааны чиглэлээр өөрийн бие даасан төвтэй болно.
 
Т.Батсайхан
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?