Умард Солонгос тив алгасагч баллистик пуужин боловсруулах ажлаа бүрэн дуусгаагүй гэж АНУ үзэж байна
БНАСАУ тив алгасагч баллистик пуужин боловсруулах ажлаа одоогоор бүрэн гүйцэд дуусгаагүй гэж АНУ үзэж байгаа тухай тус улсын зэвсэгт хүчний Жанжин штабын дарга нарын нэгдсэн хорооны орлогч генерал Пол Селва өнөөдөр мэдэгдлээ.
Пхеньянд одоог хүртэл тив алгасагч баллистик пуужин иж бүрнээр бүтээх бүх эд анги байхгүй гэдгээс үүдэж Вашинтон ийм дүгнэлтэд хүрсэн ч энэ тал дээр тодорхой дэвшилд хүрсэн гэдгийг генерал онцолж байна.
Пол Селва "Тэд тодорхой амжилтад хүрсэн. Гэхдээ тэдэнд тив алгасагч баллистик пуужин бүтээх, харвах бүх эд анги байхгүй” гэдгийг онцолж, "Умардын пуужин АНУ-ын нутаг дэвсгэрт хүрэхийн тулд Пхеньяны пуужингийн нислэг тогтвортой байх чадамжтай байх ёстой. Дээрээс нь пуужингийн нислэгийг хянах, чиглэлийн тогтворжуулагч механизмтай байх ёстой. Ингэснээр пуужинд АНУ-д хүрэх чиглэлийг зааж өгөх боломжтой болно” гэлээ.
Умардуудад дутагдаж байгаа гурав дахь эд анги бол таяг, тойргийн төгсгөл хэсэгт пуужинг чиглүүлэх систем байхгүй. Үүнгүйгээр пуужинг бай руу чиглүүлэх боломжгүй болоод зогсохгүй цэнэгт хошууны цэнэгийг тэслэх боломжгүй болдог юм байна. Генералын хэлж байгаагаар пуужинг чиглүүлэх систем пуужингийн байлдааны хэсэгт байрлах бөгөөд агаар мандлыг даван туулах үед задран унахгүй байх ёстойгоос гадна өндөр температур, чичиргээ гэсэн ачааллыг даах ёстой юм байна.
Иймээс л БНАСАУ-д одоогоор агаар мандлыг даван туулах чадамжтай байлдааны хошуу байхгүй гэж АНУ үзэж байна гэж Селва тайлбарлалаа. Тэрээр "Хэрвээ Ким Жон Ун-д ийм систем байсан бол тэр бидэнд үзүүлж харуулах байсан. Хамгийн гол нь тэрбээр пуужин харвахдаа хэзээ ч агаар мандлыг давах өндөрт нисгэж байгаагүй. Өнөөг хүртэл бид ийм зүйл огт хараагүй” гэж АНУ-ын генерал хэллээ.
БНАСАУ-ын удирдагч шинэ оны нэгдүгээр сарын 1-нд хийсэн мэдэгдэлдээ "Цөмийн хүчин байгуулах ажлаа дуусгасан. Цөмийн цохилт өгөх товчлуур байнга түүний ажлын ширээн дээр бий. АНУ-ын газар нутаг Умардын тив алгасагч баллистик пуужингийн хараанд байна" гэж мэдэгдсэн. Мөн БНАСАУ өнгөрсөн оны 11 дүгээр сард шинжээчдийн нотолж байгаачлан 13 мянган километр алс нисэх чадамжтай "Хвасон-15” баллистик пуужин туршсан. Тэр үед Пхеньян энэ пуужинд цөмийн цэнэгт хошуу байрлуулах боломжтой бөгөөд АНУ-ын нутаг дэвсгэр хараанд байна гэж мэдэгдсэн юм.